Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00083

 

И.Е-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00062 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2019/00018 дугаар магадлалтай,

И.Е-ы нэхэмжлэлтэй,

Б.Н-д холбогдох

Ажлын хөлс 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч И.Е-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие И.Е- сантехникийн ажил үйлчилгээг хоёр хүүхдийн хамт хийж гүйцэтгэдэг. Би 2013 оны 10 дугаар сард Дострой ХХК-ийн захирал болох иргэн Б.Н-тай харилцан тохиролцож Булган сумын халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, уг ажлыг миний бие хоёр хүүхдийн хамт хийж гүйцэтгэсэн. Урьд нь Б.Н-тай байнга хамтран ажиллаж байсан ба түүний бариулсан гэх Өлгий сумын 3 дугаар багт байрлах шинэ захын хажуу дахь халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэж мөнгийг нь тухайн үед авч байсан. Үүний дараа Булган сумын халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхээр болж бид 2.000.000 төгрөгөөр ажлыг үнэлэн тохиролцсон. Би түүнд итгэж ажлыг ямар нэгэн гэрээ хэлэлцээргүй, урьдчилгаа хөлс авахгүйгээр эхлүүлэн хийж гүйцэтгэсэн. Манай талын зүгээс бүх ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэрээр ажлаа хийж гүйцэтгэсний дараа төлбөрөө дараа нь өгнө гэсэн. Би түүнд итгэж дараа авна гэж бодож тухайн үед мөнгөө асуухгүйгээр хүлээцтэй хандаж ирсэн. Мөнгө асуух үед өгнө гэсээр байгаад миний бие Казакстан улсад явахаар болж мөнгөний шаардлага гарч түүнээс мөнгөө асуухад тэрээр 2015 оны зун 200.000 төгрөгийг надад өгсөн. Дараа нь өгнө хүлээж бай гэсээр байгаад өгөхгүй болохоор нь би 2015 оны 11 дүгээр сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уригдагч тал болох Б.Н-ыг эвлэрүүлэх ажиллагаанд удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр дуусгавар болгосон шийдвэр гаргаж байсан. Миний бие одоо хүртэл дээрх мөнгөө авч чадахгүй байгаа учраас шүүхэд хандаж байгаа. Иймд иргэн Б.Н-аас 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...И.Е-тай 2013 онд аман гэрээ хийж, Өлгий сумын 10 дугаар баг болон Булган суманд 6 хүний халуун усыг нийтэд нь 2 сая төгрөгийн хөлсөөр хийлгэхээр тохирч, уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Намайг 2015 оны 11 дүгээр сарын үед аймгийн шүүхээс дуудсан нь үнэн бөгөөд би тухайн үед Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байсан тул хүрэлцэн ирж чадаагүй, ямар учраас намайг шүүх дуудсаныг би тухайн үед мэдээгүй байсан. Харин И.Е- нь “...би Казахстан руу явах болж байна, мөнгөний боломж байвал 200.000 төгрөг өгөөч” гэсний дагуу би түүнд гуйсан мөнгийг нь өгсөн. Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн мөнгөөр баригдсан халуун усны төсөвт сантехникийн ажлын хөлсийг тодорхой тусгаж өгсөн байгаа тул би уг төсөвт тусгасны дагуу цалин хөлсийг нь олгосон. Тухайн үед би ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан байсан, одоо олон жилийн дараа ямар мөнгө надаас нэхэж байгааг нь ойлгохгүй гайхаж байна. Мөн Булган суманд баригдсан халуун усны халаалтын шугамаас доголдол гарсан тул сумын Засаг даргын Тамгын газраас дуудсан тул бид дахин очиж, засвар, өөрчлөлт хийж, илүү зардал гаргасан. Иймд И.Е-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00062 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Харахас назар овогт Бухарапын Нурланаас 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ители күйк овогт Илиясын Ерланд олгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч И.Е-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Н-аас 43750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Е-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч И.Е-аас 50 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2019/00018 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч И.Е-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие хүүхдүүдийн хамт барилгын сантехникийн ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд 2013 оны 10 дугаар сард Өлгий сумын иргэн Досстрой ХХК-ийн захирлаар ажилладаг Б.Н-тай харилцан тохиролцож, Булган сумд баригдаж байгаа Халуун усны барилгын сантехникийн ажлыг нийт 2.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хөлсийг нь дараа өгөхөөр амаар харилцан тохиролцож, миний бие уг сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Улмаар би Казакстан улс руу явах гэж байхад мөнгөний хэрэгцээ гарахад Б.Н-аас сантехникийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг асуухад надад 200.000 төгрөг өгч, үлдсэн мөнгийг дараа нь өгнө гэж хэлсэн боловч ямар нэгэн шалтаг зааж, өгөхгүй байсан тул аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Б.Н-тай харилцан тохиролцож, Өлгий сумын төвд баригдсан халуун усны барилгын сантехникийн ажлыг 2.000.000 төгрөгөөр хийж, гүйцэтгэн мөнгийг нь тухайн үед бүрэн авсан ба улмаар Б.Н- надтай дахин холбогдож, “Та өмнөх халуун усны барилгын сантехникийн ажлыг сайн гүйцэтгэсэн тул одоо Булган сумд баригдаж байгаа барилгын сантехникийн ажлыг хийж өгөх үү” гэж хэлэхээр нь би Б.Н-тай харилцан тохиролцож, уг сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Миний дээрх Булган сумд баригдсан сантехникийн ажлыг Б.Н-тай нийт 2.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож, хийж гүйцэтгэсэн боловч уг мөнгийг аваагүй болох нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн И.Батырбек, Е.Өзгерисбек, И.Хуланмерген, А.Азатхан, Х.Кенпейл нарын мэдүүлгээр бүрэн тогтоогдсон бөгөөд хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд зөв дүгнэлт хийж, “...зохигч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан”, мөн Иргэний хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1-т зааснаар нэхэмжлэгч И.Е-, хариуцагч Б.Н- нар нь амаар хэлэлцэн тохиролцож, аман хэлцэл хийсэн байна гэж зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс “...халуун усны барилгын ажил нь улс орон нутгийн төсвөөс тендер сонгон шалгаруулалтаар баригдсан учраас аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс уг хоёр барилгын тендерийн баримт, төсөвт өртөгтэй холбоотой хэсгийг шүүхийн журмаар хэрэгт хавсаргуулах тухай хүсэлт гаргасныг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/Ш32019/00067 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийн агуулга, зорилго, үндэслэлийг нягтлан тодруулахгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж заасныг үндэслэн талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудад дүгнэлт хийх онцлогтой юм. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй билээ. Гэтэл хариуцагч нь өөрийн гарт явж байсан нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөлгүйгээр уг тендерийн баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан байх ба уг тендерийн баримтын нэг хувь нь хариуцагчийн өөрт нь байгаа гэдгийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч тайлбарласан юм. Үүнээс үзэхэд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлээр миний нэхэмжлэлийн шаардлагад зөв дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Б.Н-аас Баян-Өлгий аймгийн Булган сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлс 1.800.000 төгрөг гаргуулах И.Е-ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.

            Хариуцагч Б.Н- нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “...аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, 2 сумын халуун усны барилгын ажлыг гүйцэтгэхдээ сантехникийн ажлыг нь нэхэмжлэгчээр гүйцэтгүүлж, тохиролцсоны дагуу ажлын хөлсөнд 2.000.000 төгрөг И.Е-д төлсөн. Сантехникийн ажил нь нийтдээ 2.000.000 төгрөгийн төсөвтэй атал дахин мөнгө нэхсэн нь үндэслэлгүй” гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсээс барилгын тендерийн баримт, төсөвт өртөгтэй холбоотой хэсгийг нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна.

            Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд Б.Н-ы хүсэлтийг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгч 2019.01.03-ны өдрийн 130/ШЗ2019/00067 дугаар захирамжид “хүсэлтийн агуулга тодорхойгүй” гэж заасан нь үндэслэл муутай болсноос шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ. Энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч И.Е- 2013 оны 10 дугаар сарын гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх эрх зүйн бүрэн дүгнэлт өгөөгүй тухай магадлалд заасан нь үндэслэлтэй болжээ.

            Магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2019/00018 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Е-ы гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 43.750 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ