Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2019/00590

 

129/ШШ2019/00590

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 3-36 дугаар байр 302 тоотод оршин суух, Б овгийн Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын А ХХК-д холбогдох

1.600.000 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагч А ХХК-иас өмгөөллийн хөлсний дутуу үлдэгдэл 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгч нь 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 109/ШЗ2017/0228 дугаартай гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжаар тус компаний захирлаар ажиллаж байсан М.Батболдыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан юм байна. М.Батболд нь тухайн үед А ХХК-ний захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа өмгөөлөгч Ц.Б-тэй Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай 15 дугаартай гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх даргын байгуулсан гэрээ учраас компанид холбогдуулан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч миний бие 2017 оны 08 сарын 24-ний өдөр Ар Ус Ундарга компаний захирал М.Б-той эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах болсон үндэслэл нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0228 дугаартай гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжаар А компаний захирал албан тушаалтай М.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэсэн үндэслэлээр А компаний захирал гэдэг албан тушаалынх нь хувьд М.Б-той эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Эрх зүйн туслалцааны нийт хөлсийг 1.500.000 төгрөг гэж тохирсон. М.Б-той тохиролцоод уг маргаан нь захиргааны хэрэг учраас анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцох хөлсийг Архангай аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлөөс 2017 оны 08 сарын 17-ны өдөр баталсан эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний тарифын дагуу тохирсон. Захиргааны хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний тариф 1.500.000-2.500.000 төгрөг байдаг. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралд оролцоход 300.000 төгрөг байдаг. Ингээд захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд 1.500.000 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралд оролцох бүрт 300.000 төгрөг авахаар М.Батболдтой тохирсон ба энэ зардалд замын болон бусад зардал багтдаг. Ар Ус Ундарга компаний захирал албан тушаалтай М.Батболд, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гээд гарын үсгээ зураад, тамгаа дараад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, дээрх хөлсийг төлөхөөр тохиролцсон. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд би 9 удаа шүүх хуралд оролцсон. Захиргааны хэргийн анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол шүүгчийн захирамжийг хэрэгт өгсөн. Эдгээр нотлох баримтанд хэзээ, ямар байр сууринаас шүүх хуралд оролцсон талаар тодорхой байгаа. 2017 оны 08 сарын 24-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаанд 4 удаа, хяналтын шатны шүүх хуралдаанд 3 удаа оролцсон. Гэрээний дагуу нийт 3.600.000 төгрөг төлөхөөс 2.000.000 төгрөгийг төлсөн одоо 1.600.000 төгрөгийг төлөөгүй байгаа юм. А компаний захирал нь солигдсон ч гэсэн А компаний захирал М.Батболдыг төлөөлж захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүх хуралд оролцсон. А компаний захирал М.Б нь өмгөөлөгч Ц.Б-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хөлс, зардал зэрэг дээр тохиролцож, гарын үсгээ зураад, тамга тэмдгээ дарсан учраас гэрээний дагуу төлөөгүй үлдсэн 1.600.000 төгрөгийг Ар Ус Ундарга компани төлөх ёстой гэж үзэж байна. Иймд А компаниас өмгөөллийн үйлчилгээний хөлс болох төлөгдөөгүй байгаа 1.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А компаний захирлаар ажиллаж байсан М.Б нь өмгөөлөгч Ц.Б-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу 1.600.000 төгрөгийг А компаниас өмгөөлөгч Ц.Б нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл А компаний захирлаар ажиллаж байсан М.Б-ын байгуулсан гэрээ учраас А компани энэ гэрээний хариуцлагыг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч А ХХК-иас эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 1.600.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2017 оны 08 сарын 24-ний өдөр өмгөөлөгч Ц.Б нь А ХХК-ий захирал М.Б-д эрх зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцож зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шаардлагатай эрх зүйн туслалцааг үзүүлж анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон нь хэрэгт авагдсан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудаар тус тус тогтоогддог.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 109/ШЗ2017/0228 дугаар захирамжаар маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллаж байгаа иргэн М.Батболдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэж иргэн М.Батболдыг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

Хэдийгээр талуудын байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Ундарга ХХК гэсэн тамга дарагдаж гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэрт Ундарга ХХК-аас орлого орж байсныг тэмдэглэсэн байх боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүх гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа Ар Ус Ундарга ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзээгүй, харин тус компаний захирлаар ажиллаж байсан этгээдийн эрхэлж буй ажил, албан тушаалын хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж иргэн М.Батболдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх тул 2017 оны 08 сарын 24-ний өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг биелүүлэх үүргийг хариуцагч Ар Ус Ундарга ХХК хүлээхгүй гэж үзнэ.

Иймд Иргэний тухай хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын А ХХК-иас эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний тухай хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын А ХХК-иас эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ийнн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг, ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА