Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 22

 

Ц.Б-ий  нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 129/ШШ2019/00590 дүгээр шийдвэртэй

Ц.Б-ий нэхэмжлэлтэй 

“А У У” ХХК-д  холбогдох 

хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

нэхэмжлэгч Ц.Б-ий давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов. 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Өмгөөлөгч Ц.Б би Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 109/ШЗ2017/0228 дугаартай гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжаар маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллаж байгаа иргэн М.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан “Ундарга” /одоо нэршил нь “А У У”/ ХХК-ийн захирал М.Б-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай 15 дугаартай гэрээ байгуулан оролцсон юм. Уг 15 дугаартай гэрээг байгуулахдаа үйлчилгээний хөлсийг Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн үйлчилгээний тарифт зааснаар төлөхөөр харилцан тохиролцсон. Өмгөөлөгч миний бие дээрх захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны нийт 9 удаагийн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд эрх зүйн туслалцаа авагч тал нь үйлчилгээний хөлсийг дутуу төлсөн байна. Захиргааны хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний тариф 1 500 000-2 500 000 төгрөг байдаг. Гэрээ ёсоор бол гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 1 500 000 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход нэг удаагийн үйлчилгээний хөлсийг замын зардал, томилолтын зардлын хамтаар 300 000 төгрөгөөр тохиролцсон юм. Хариуцагч тал 2017.09.22-ны өдөр 450 000 төгрөг, 2017.11.29-ний өдөр 350 000 төгрөг, 2018.02.13-ны өдөр 300 000 төгрөг, 2018.06.22-ны өдөр 300 000 төгрөг, 2018.07.16-ны өдөр 300 000 төгрөг, 2018.10.25-ны өдөр 300 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг өмгөөллийн хөлс болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд Улаанбаатар хотод оролцох замын зардал, томилолтын хөлсөнд төлсөн байна. 

Өмгөөлөгч миний бие нь нийт 9 удаагийн шүүх хуралдаанд оролцсоноос 7 удаагийн шүүх хуралдаан нь Улаанбаатар хотод болсон юм. Тухайлбал:

1. 2017.09.05-ны өдөр Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд, 

2. 2017.11.02-ны өдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд /Улаанбаатар хотод/,

3. 2018.01.15-ны өдөр хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд /Улаанбаатар хотод/,

4. 2018.04.17-ны өдөр Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд, 

5. 2018.06.20-ны өдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд /Улаанбаатар хотод/,

6. 2018.07.04-ний өдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд /Улаанбаатар хотод/,

7. 2018.07.18-ны өдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд /Улаанбаатар хотод/,

8. 2018.10.24-ний өдөр хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд /Улаанбаатар хотод/,

9. 2018.11.14-ний өдөр хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд /Улаанбаатар хотод/ тус тус биечлэн оролцсон болно. 

Гэрээ ёсоор хариуцагч “А У У” ХХК нь өмгөөллийн хөлсөнд 1 500 000 төгрөг дээр давж заалдах болон хяналтын шатны 7 удаагийн шүүх хуралдааны хөлс 2 100 000 төгрөг, нийт 3 600 000 төгрөг төлөхөөс одоогийн байдлаар 2 000 000 төгрөг төлсөн байна. Захиргааны хэргийн анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамжийг хэрэгт өгсөн. Эдгээр нотлох баримтанд хэзээ, ямар байр суурьнаас шүүх хуралдаанд оролцсон талаар тодорхой байгаа. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсанаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаанд 4 удаа, хяналтын шатны шүүх хуралдаанд 3 удаа оролцсон. “А У У” ХХК-ийн захирал нь солигдсон ч гэсэн тус компанийн захирал М.Б-ыг төлөөлж захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон. “А” ХХК-ийн  захирал М.Б нь өмгөөлөгч Ц.Б-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хөлс, зардал зэрэг дээр тохиролцож, гарын үсгээ зураад, тамга тэмдгээ дарсан учраас гэрээний дагуу төлөөгүй үлдсэн 1 600 000 төгрөгийг “А” ХХК төлөх ёстой гэж үзэж байна. Иймд “А У У” ХХК-аас өмгөөллийн үйлчилгээний хөлс болох төлөгдөөгүй байгаа 1 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 109/ШЗ2017/0228 дугаартай гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжаар тус компаний захирлаар ажиллаж байсан М.Б-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан юм байна. М.Б нь тухайн үед “А У У” ХХК-ийн захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа өмгөөлөгч Ц.Б-тэй 15 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай  гэрээ байгуулсан байна. Уг гэрээний дагуу 1 600 000 төгрөгийг “А У У” ХХК-аас өмгөөлөгч Ц.Б нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл “А У У” ХХК-ийн  захирлаар ажиллаж байсан М.Б-ын байгуулсан гэрээ учраас тус компани энэ гэрээний хариуцлагыг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 129/ШШ2019/00590 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “А У У” ХХК-аас эрх зүйн туслалцаа үзүүлсэний хөлс 1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч Ц.Б-ий давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 590 дугаартай шийдвэрийг 2019.10.04-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б миний нэхэмжлэлтэй хариуцагч “А У У” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ талуудын гэрээний нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь өмгөөлөгч миний бие “А У У” ХХК-ийн захирал М.Б-той харилцан тохирч эрх зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу өмгөөллийн хөлсийг төлсөөр байтал шүүх гэрээний нөхцөл, үр дагавар, үүрэгт хөндлөнгөөс дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хүчин төгөлдөр гэрээний дагуу өмгөөллийн хөлсний үлдэгдэл төлбөрийг “А У У” ХХК төлөх үүрэгтэй. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 590 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх хүсэлттэй байна” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “А У У” ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 1 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “хариуцагч биш тул нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ. /хх-65/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.  

2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг “А У У” ХХК хариуцахгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ. 

Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 228 дугаар захирамжаар “...маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллаж байгаа иргэн М.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байна... иргэн М.Б-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байх ба энэ захирамжаар “А У У” ХХК-ийг бус М.Б-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсанаас гадна үүнээс хойш 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг “А У У” ХХК-ий захирал М.Б өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар байгуулсан болохоос компаний эрх ашгийг төлөөлж байгуулаагүй, энэ гэрээгээр М.Б-ын хүлээх үүргийг компани хариуцах үүрэгтэй болохыг нэхэмжлэгч хангалттай баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг шүүх хангаагүй учир түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 550 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 129/ШШ2019/00590 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 40 550 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ДАВААСҮРЭН

                                                                              ШҮҮГЧИД       В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                     Д.БЯМБАСҮРЭН