Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 129/ШШ2020/00962

 

 

 

129/ШШ2020/00962

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт С.О-д холбогдох ,

Зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 4,493,900 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 886,199 төгрөг, нийт 5,380,099 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22045716 тоот гэрээ байгуулан 95860707 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Iphone XS /512gb space gray/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч С.О-с зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 4,493,900 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 886,199 төгрөг, нийт 5,380,099 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.О нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 95860707 гар утасны дугаараар 4,799,000 төгрөгийн Iphone Xs-max гар утсыг зээлээр худалдан авах гэрээ байгуулж, хүүгүй лизингээр 2 жилийн хугацаатай авсан. Тухайн гар утсыг ямар нэгэн урьдчилгаа төлбөргүйгээр 24 сарын хугацаанд гар утасны төлбөрөө хувааж төлөх буюу сард 199,959 төгрөгийн төлбөр төлөх байсан. Мөн гар утсандаа дараа төлбөртийн багц буюу миний моби 54,700 төгрөгийн багцыг өөрийнхөө хүсэлтээр авсан байгаа. Сая бол хариуцагч М ХХК-иас гар утсанд мессэж ирэхээр нь очоод гар утас авсан гэж ярьж байна, гэхдээ хэрэглэгчийн гар утас авах, авахгүй гэсэн сонголт нь өөрийнх нь эрхийн асуудал байгаа. Хэрэглэгч нь манай гэрээний нөхцөлтэй танилцаж, гэрээний нөхцлийг өөрөө хүлээн зөвшөөрөөд гар утсыг авсан. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гар утсанд нь ирсэн мессэжинд 238,000 төгрөг нэхэмжилсэн билл очсон байгаа. М ХХК-ийн харилцагчийн гүйлгээн дээр 240,000 төгрөг харин хариуцагчийн гар утсанд ирсэн мессэжинд 238,000 төгрөг гэж хоёр зөрүүтэй нэхэмжилсэн үнийн дүн байна гэж хэлж байна. Энэ нь болохоор 95860707 дугаар өмнө нь нэгж хийдэг дугаар байсан боловч 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дараа төлбөрт багц руу шилжиж, хэрэглэгчийн дансанд байсан 2388 төгрөгийн нэгж нь тухайн 5 дугаар сарын билл буюу 06 дугаар сарын 01-ний өдөр ирсэн дүнгээс хасагдаад хэрэглэгчид очсон байна гэсэн үг. Тэгэхээр өмнөх сарын билл, хэрэглэгч илүү дутуу төлбөрийн үлдэгдэлтэй байвал манай байгууллага хасаад хэрэглэгчид үнийн дүнг мессэжээр мэдээлдэг. Хэрэглэгч 6, 7, 8 дугаар саруудад төлбөрөө төлөөгүй учраас 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөрөө бүтнээр нь нэхэмжилсэн. Хариуцагч С.О-н гар утсанд мессэжээр ирсэн 2019 оны 09 дүгээр сард гарсан билл буюу 5,119,180 төгрөгийн задаргааг сая өөрт нь тайлбарлаж өгсөн. Утасны үлдэгдэл төлбөр дээр торгуулийг бодохдоо 4,799,000 төгрөгийн үнэтэй утсыг 24 сарын хугацаанд тэнцүү хувааж төлнө гэж гэрээ байгуулсан байгаа. Хэрэглэгч эхний сарын төлөлтийг хийгээгүй, төлөлт огт хийгдээгүй учраас 2019 оны 09 дүгээр сард гэрээ дуусгавар болгож, хэрэглэгчээс төлбөрөө бөөн дүнгээр нэхэмжилсэн. Мөн 23 сар торгуулийг бодож тооцсон байна лээ. 4,799,000 төгрөгөөс 199,000 төгрөгөө хасаад үлдэгдэл мөнгөн дүн дээр торгуулийн 20 хувиар бодож тооцохоор нийт 919,000 төгрөгийн торгууль бодогдсон. Хэрэглэгчийн билл дээр нэхэмжилсэн 3 сарын биллийг хасаад утасны үлдэгдэл 4,199,123 төгрөг дээр торгуулийн 919,811 төгрөг нэмж нэхэмжилсэн. Үүнийг гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээний 3.10 дээр хэрэглэгч 2 сараас дээш хугацаанд төлбөрөө төлөхгүй бол торгуулийн дүнг 20 хувиар тооцно гэж заасан байгаа. Тэгэхээр эхний 3 сарын билл дээрээ 5,119,180 төгрөгөө нэмээд хэрэглэгчид нийт 5,874,540 төгрөгийн билл гарсан байгаа. Хэрэглэгч С.О-н шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл төлсөн нийт 622,227 төгрөгийг хасахаар үлдэгдэл 5,249,900 төгрөг гарч байгаа. Иймд 5,380,099 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5,249,900 төгрөгийг С.О-с гаргуулж өгнө үү. Гар утас, нэмэлт төхөөрөмж худалдан авах нэмэлт гэрээний 3.10, 3.11 дэх нөхцлийн дагуу нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 4,799,000 төгрөгийн үнэтэй гар утсыг 24 сарын хугацаатай гэрээ байгуулж зээлээр авсан. Надад багцын санал ирсэн. Би өмнө нь М ХХК-иас 470,000 төгрөгийн үнэтэй гар утсыг 12 сарын хугацаатай гэрээ байгуулж, гар утас авч байсан найдвартай хэрэглэгч байсан. Тэгээд би өвчтэй зовлонтой байсан болохоор эхний гурван сарын утасны төлбөрөө төлж чадаагүй. Би М ХХК дээр төлбөрөө төлнө гэж өөрөө ирж уулзсан. Төлбөр төлж байх хугацаанд төлбөрийн зөрүү маш их гараад байгаа. М ХХК гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа ч гэсэн намайг Монгол банк-д ямар ч санхүүгийн харилцах боломжгүй болгосон. Мөн 20 хувийн торгуулиа нэхэмжилсэн, бүх хэрэглээг маань хаасан байгаа. Миний ********* дугаарыг шууд хаасан. Миний хувьд 24 сарын хугацаанд төлбөрөө төлж дуусгана гэсэн ойлголттой байсан. Анх 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр утсанд ирсэн мессэж, М ХХК-ийн санхүүгээс гаргаж өгсөн баримт хоёр анхнаасаа эхлээд илүү төлөлттэй байгаа учраас дараагийн төлөлт илүү төлөлттэй байна лээ. Ийм болохоор надад гомдолтой байна. Би өөрөө М ХХК дээр очиж уулзахад 5,800,000 гаран төгрөг бодогдсон байсан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс би төлөлт хийж эхэлсэн. Төлөлт хийж байх явцын дунд тооцоо хийхэд эхний 3 сарын тооцоо хийгдсэн байсан. Дунд нь тооцооны зөрүү гараад байсан. Би гэрээний 24 сарын хугацаандаа төлбөрөө төлж дуусгах хүсэлттэй байна. Мөн ямарч байсан 100,000 гаран мянган төгрөгийн зөрүү байгаад байна. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч С.О-д холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 4,493,900 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 886,199 төгрөг, нийт 5,380,099 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,380,099 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 130,199 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, үлдэх 5,249,900 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч С.О нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр М ХХК-ийн Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22045716 тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 4,799,000 төгрөгийн үнэтэй Iphone XS /512gb space gray/ гар утсыг сард 199,959 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр 24 сарын хугацаатай зээлээр худалдан авсан ба энэ талаар зохигч маргаагүй. /хх-н 4-7 ху/

 

Зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Хариуцагч С.О нь гэрээг ялимгүй зөрчсөн тул хугацаанаас өмнө гэрээ цуцалж, төлбөр гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийг төлж барагдуулна гэж маргаж байх боловч талуудын хооронд байгуулсан Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.10-т Зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж худалдан авсан хэрэглэгч төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ нь хаагдсан өдрөөс хойш 2 сарын дараа зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийг нэмсэн дүнгээр үйлчилгээ үзүүлэгч нэхэмжилснээр энэхүү гэрээ цуцлагдаж, тухайн дугаарыг цаашид ашиглах боломжгүй болно гэж, 3.11-д хөнгөлөлттэй нөхцөлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ нь хаагдсан өдрөөс хойш 2 сарын дараа гар утасны үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээс зөрүүг тооцож үйлчилгээ үзүүлэгч нэхэмжилснээр энэхүү гэрээ цуцлагдаж, тухайн дугаарыг цаашид ашиглах боломжгүй болно. гэж тус тус заасан байх ба 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гар утас зээлээр худалдан авсан өдрөөс эхлэн одоог хүртэл график зөрчигдсөн зөрчил арилаагүй, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөх гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д хэрэглэгч нь 2 сараас илүү хугацаагаар зээлийн, багцын төлбөрийг төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийн дүнг нэмж эсхүл гар утас, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээс тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасан ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232 дугаар зүйлийн 232.4-т ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан ба нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн алданги нь 50 хувиас хэтрээгүй тул нэхэмжлэгч торгууль 886,199 төгрөгийг хариуцагч С.Оюунгэрэлээс шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч С.О ...Би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс төлөлт хийж эхэлсэн. Төлөлт хийж байх явцын дунд тооцоо хийхэд эхний 3 сарын тооцоо хийгдсэн байсан. Дунд нь тооцооны зөрүү гараад байсан. Би гэрээний 24 сарын хугацаандаа төлбөрөө төлж дуусгах хүсэлттэй байна. Мөн 100,000 гаран мянган төгрөгийн зөрүү байгаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарлаж, маргаж, мэтгэлцэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлйн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.О-с зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр, торгуулийн үлдэгдэл төлбөр, нийт 5,249,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч С.О-с улсын тэмдэгтийн хураамжид 98,948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х овогт С.О-ээс зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр, торгуулийн үлдэгдэл төлбөр, нийт 5,249,900 /таван сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,032 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-с 98,948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА