Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01101             

 

 

                              “М к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2020/00962 дугаар шийдвэртэй,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр магадлалтай,

“М к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.О-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,249,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.О-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М к” ХХК нь хариуцагч С.О-д холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөр, торгуульд нийт 5,380,099 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 5,249,900 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2020/00962 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хаад боржигон овогт С-ын О-ээс зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр, торгуулийн үлдэгдэл төлбөр, нийт 5,249,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М к” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М к” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,032 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-ээс 98,948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М к” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2020/00962  дугаар  шийдвэрийг  хэвээр  үлдээж,  хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 98,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч С.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 962 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.23-ны өдрийн 44 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. “М к” ХХК нь нэхэмжилж байгаа дүн нь тооцооноос хэт зөрүүтэй байгааг анхан шатны шүүхээс тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Зөрүүтэй байгаа төлбөрийн энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзахаар байсан төдийгүй дахин тооцооллын зөрүү гараад байгааг шүүх хуралд тодорхой тайлбарласан байтал давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж намайг хохироосон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль бус юм гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “М к” ХХК-аас хариуцагч С.О-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,249,900 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгчээс “...Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээ байгуулан 95860707 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн нэмэлт гэрээ байгуулан Iphone XS /512gb space gray/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 4,493,900 төгрөг, торгуулийн төлбөр 886,199 төгрөг, нийт 5,380,099 төгрөг болно. Энэ хугацаанд хариуцагч 622,227 төгрөг төлсөн тул үлдэгдэл 5,249,900 төгрөгийг нэхэмжилж байна...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Анх 2019.06.01-ний өдөр утсанд ирсэн мессеж, “М к” ХХК-ийн санхүүгээс гаргаж өгсөн баримт хоёр анхнаасаа зөрүүтэй учраас дараагийн төлөлт илүү төлөлттэй байгаа тул гомдолтой. Би өөрөө “М к” ХХК дээр очиж уулзахад 5,800,000 гаруй төгрөг бодогдсон байсан. 2019.11.30-ны өдрөөс төлөлт хийж эхэлсэн. Төлөлт хийж байх явцын дунд тооцоо хийхэд эхний 3 сарын тооцоо хийгдсэн байсан. Дунд нь тооцооны зөрүү гараад байсан. Гэрээний 24 сарын хугацаандаа төлбөрөө төлж дуусгах хүсэлттэй байгаа. Мөн 100,000 гаруй төгрөгийн зөрүү байна. Иймд хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь 2019.05.13-ны өдөр “М к” ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22045716 тоот гэрээ байгуулан 95860707 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах, үйлчилгээний багц ашиглах” хугацаатай гэрээ байгуулан 4,799,000 төгрөгийн үнэтэй Iphone XS /512gb space gray/ гар утсыг сард 199,959 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр, 24 сарын хугацаатай зээлээр худалдан авсан, хариуцагч гар утас худалдан авсан өдрөөс эхлэн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, иймд гар утасны үлдэгдэл төлбөр 4,363,701 төгрөгийг төлөх үүрэгтэй. Мөн нэхэмжлэгчээс торгуульд шаардсан 886,199 төгрөг нь гэрээний 3.7, 4.1 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус нийцсэн, хариуцагч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

10. Хариуцагчийн “... “М к” ХХК нь нэхэмжилж байгаа дүн нь тооцооноос хэт зөрүүтэй байгааг анхан шатны шүүхээс тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзахаар байсан төдийгүй дахин тооцооллын зөрүү гараад байгааг шүүх хуралд тодорхой тайлбарласан байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж намайг хохироосон...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлсөн төлбөрийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх тул уг гомдол үндэслэлгүй.

11. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2020/00962 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч С.О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч С.О-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            Б.МӨНХТУЯА