Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2020/00391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунбилэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар баг, ........... тоот хаягт оршин суух, Б овогт Э С /РД:.........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг, .............. тоот хаягт оршин суух, М С /РД:................/,

Хамтран хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сум, ... дугаар багт оршин суух, А овогт Х Б /РД:........../ нарт холбогдох гэм хорын хохирол 9,861,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.С, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагч М.С, түүний өмгөөлөгч М.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Г, гэрч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад эхнэр С болон 6 зорчигчийн хамт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг Хэрлэн сум руу өөрийн эзэмшлийн DELIKA-D5 маркийн 08-79 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гарсан. 2019 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цаг 45 минутад Хэнтий аймаг, Хэрлэн суманд орж ирээд эхний зорчигчийг гэрт нь хүргэж өгөх гэж Хэрлэн сум 4 дүгээр баг А-27 дугаар байрны урд талын засмал замаар баруунаас зүүн тийш яваад туслах уулзвараар дохио өгөөд эргэх гэтэл тас гээд мөргөсөн. Тухайн үед замын зорчих хэсэгт гэрэл гэрэлтүүлэг байхгүй байсан. Тухайн машин ямар ч гэрэл асаагаагүй байсан. Тэгээд машинаас бууж ирээд хартал хар өнгийн приус-20 маркийн машины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, дараа нь түргэн дуудаж жирэмсэн 2 хүнийг /нэг нь миний эхнэр байсан/ эмнэлэг рүү авч явсан. М.С нь тухайн үед жолооны үнэмлэхгүй, алга болгосон гэж байсан. Тэр шөнө би 84-10 ХЭА улсын дугаартай автомашинаар зорчигчдыг зөөж эмнэлэгт үзүүлж, гэрт нь буулгах, М.С эрүүлжүүлэхэд хүргэж өгөх, ачигч машин дуудаж өөрийн машинаа болон хар өнгийн приус-20 маркийн машиныг журмын хашаа руу ачуулсан. Цагдаагийн байгууллагаар хэн буруутай нь тогтоогдож, хохирлыг Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Тээвэрчдийн 03-02 тоотод оршин суух, М овогтой С төлж барагдуулахаар шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл надтай холбогдоогүй байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийг HINO маркийн 59-97 ХЭА улсын дугаартай автомашинаар ачиж, Улаанбаатар хотод Ипомарк мастер ХХК-д очиж оношилгоонд оруулж Хэнтий аймаг Вендо ХХК-аар үнэлгээ хийлгэж, машины эвдрэл гэмтлийг тогтоолгосон. Би 2018 оноос эхлэн Улаанбаатар хотын аялал жуулчлалын Агудам ХХК-тай гэрээ хэлэлцээр хийж зорчигчдийг тээвэрлэдэг. Энэ удаа Агудам ХХК-ийн захиалгаар 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрүүдийн хооронд зорчигч тээвэрлэх үйлчилгээг Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сум хооронд гүйцэтгэхээр 29 хоногийн томилолт аван өдрийн 80,000 төгрөгийн хөлстэй нийт 2,320,000 төгрөгний ажил үүрэг гүйцэтгэхээр гэрээ хийсэн ба машин техникийн бүрэн бүтэн байдлыг бэлэн болгож, зорчигч тээвэрлэхэд аюулгүй байх ёстой учраас дээрх компаниас гэрээний дагуу 40 хувь буюу 928,000 төгрөгийг бэлнээр авч тос тосолгоо, засвар үйлчилгээг хийнэ гэсэн байсан. Миний бие тахир дутуугийн групптэй байдаг. Ажилтай, орлоготой байлгахын тулд миний аав Э, ах Ур нар нь цалингийн зээл авч унаатай болгож өгөөд, цалингийн зээлийг сар бүрийн 25-ны өдөр 5935161404 тоот ХААН банкны ахын дансанд хийдэг байгаа. Би өөрийн тээврийн хэрэгслээр гэр бүлээ тэжээж ажилтай орлоготой байдаг. Уг машинаа 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 24,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд миний эхнэр Сарюна нь тэр ослын улмаас урагт бага зэргийн доргилт өгч доошилсон байна гээд эм тариа авсан. Шүүх шинжилгээний албанд үзүүлэх шаардлагатай гэж үзлэгт мөн хамрагдсан. Буруутай этгээд М.С болж өнөөдрийг хүртэл орлогогүй, сар бүр төлдөг зээлийг төлж чадахгүй, машин тэргээ янзлуулах боломжгүй байна. Иймд хариуцагч М.С, Х.Б нараас машинд хамт явсан миний эхнэр С учирсан хохирол болох эм тарианы үнэ 41,460 төгрөг, шүүх шинжилгээний үзлэгийн төлбөр 8,000 төгрөг, Иномарк мастер ХХК-ний төлбөр 65,000 төгрөг, үнэлгээний Вендо ХХК-ний төлбөр 178,000 төгрөг, миний машины гэмтсэн эд ангид үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,083,600 төгрөг, тээврийн үйлчилгээний 40%-ийн урьдчилгаа 928,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 500,000 төгрөг, бензин 305,600 төгрөг, банкны зээл 360,200 төгрөг, ажлын хөлс 1,392,000 төгрөг, нийт 9,861,860 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.С нь Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл гэмтлийн үнэ 6,083,600 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн байна. Ипомарк мастер ХХК-д Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай автомашиныг оношилгоонд оруулахад 16 төрлийн эд анги эвдэрсэн гэсэн дүгнэлт гарсан байтал Вендо ХХК-иар хохирлын үнэлгээ тогтоолгоход 32 төрлийн эд анги эвдэрч гэмтсэн гэж үнэлгээ гаргуулсан тул Э.С нэхэмжилж байгаа 6,083,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бусад зардал болох Агудам ХХК-тай 2,320,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ хийж урьдчилгаанд 928,000 төгрөг авсан, ах Э.У цалингийн зээлийг тус тус төлөх үндэслэл байхгүй. Тээврийн цагдаагийн албаны шинжээчдийн дүгнэлтээр Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай автомашины жолооч зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж гарсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хамтран хариуцагч Х.Б нь шүүхэд ирүүлсэн гаргасан хариу тайлбартаа: Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шөнийн 02 цаг өнгөрч байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн үед М.С нь 2-3 хундага архи уусан байсан. Миний бие машин барих чадваргүй байсан учраас жолоодлогыг М.С шилжүүлэн, Чингис цамхгийн баруун талаас хөдлөхөд миний өөрийн эзэмшлийн 09-08 ХЭҮ улсын дугаартай приус-20 маркийн автомашин бүрэн бүтэн байдал хэвийн ажиллагаатай байсан тухайн үед гудамжинд ямар ч гэрэлтүүлэггүй байсан учраас гэрлээ асаагаад хөдөлсөн. Түц рүү тамхинд явсан. Би эрчмийн талын зам хүртэл явж байсныг санаж байна. Тэгээд гэнэт ухаан ороход осол гарчихсан байсан. Ямар машин хаанаас яаж гарч ирж мөргөснийг би мэдэхгүй байна. Тэгээд осол болсны дараа би гарах гэтэл миний талын хаалга гажсан байсан учраас хаалгыг өшиглөөд гарсан. Буугаад иртэл зүүн гар талын гэрэл унтарсан, машины аржатрын тосол асгарч байсан. Би машиныг power товчоор унтрааж М.С дээр очиж загнаж байтал цагдаа ирсэн. Миний бие их муу байсан учраас намайг эмнэлэг рүү аваад явсан. Иймд ослоос үүдсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн гэм бурууг нь тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч М.С, Х.Б нарт холбогдуулан гэм хорын хохирол 9,861,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2019 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвсгэр дээр М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ приүс 20 маркийн 09-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож иргэн Э.С жолоодож явсан Delica маркийн 08-79 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан осол гарсан газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар /хх-ийн 67-69/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчийн хуулбар /хх-ийн 70/, 0018605 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар /хх-ийн 103/, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар /хх-ийн 132/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 133/, гэрч, холбогдогч, хохирогчийн мэдүүлэгийн хуулбар /хх-ийн 134-143/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Тээврийн цагдаагийн албаны шинжээчдийн дүгнэлтээр Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай автомашины жолооч зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч Э.С нь осолд орсон Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай автомашины өмчлөгч болох нь түүний тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул тэрээр эд хөрөнгөндөө учирсан хохирлоо нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зохигчид осол гарахад нөлөөлсөн гэм буруугийн талаар маргах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд

-Хэнтий аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Б гаргасан дүгнэлт /хх-ийн 73/-ээр ...приус 20 маркийн 09-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч М.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/... гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй гэж,

-Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 542 дугаартай дүгнэлт /хх-ийн 101-102/-ээр ...Тоёота приус-20 маркийн 09-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, согтууруулах мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ заалт нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан болохгүй. /Согтууруулах ундаа хэрэглэсэн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байх ба жолоочийн самбаачлах хугацаанд тодорхой хэмжээгээр нөлөөлнө./ Харин Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ заалт нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан болно гэж,

-Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 228-229/-ээр ...Тоёота приус-20 маркийн 09-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, согтууруулах мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ заалт нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан болохгүй. /Согтууруулах ундаа хэрэглэсэн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байх ба жолоочийн самбаачлах хугацаанд тодорхой хэмжээгээр нөлөөлнө./ Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг зам дагуу яваа хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ заалт нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан болно. Тухайн зам тээврийн осол нь Delica маркийн 08-79 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг зам дагуу яваа хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна гэжээ.

Мөн хариуцагч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан заалтыг зөрчсөн гэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 0018605 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар /хх-ийн 103/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Иймд 2019 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвсгэр дээр гарсан зам тээврийн осол гарахад Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.С, Тоёота приус-20 маркийн 09-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.С нар нь хоёулаа нөлөөлсөн, хоёулаа буруутай байх тул уг ослоос учирсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой.

Нэхэмжлэгчийн Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн Тоёота приус-20 маркийн 09-08 ХЭҮ улсын дугаартай автомашиныг М.С жолоодож явсан нь тогтоогдсон боловч ийнхүү автомашиныг жолоодож явсан байдал нь М.С тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар эд юмсын эзэмшил нь хүсэл зоригийн дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар үүсдэг байна.

Тоёота приус-20 маркийн 09-08 ХЭҮ улсын дугаартай автомашины эзэмшигч буюу өмчлөгч нь хариуцагч Х.Б болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 71/, хариуцагч М.С шүүх хуралдаанд өгсөн приус-20 маркийн 09-08 ХЭҮ улсын дугаартай автомашин нь Х.Б эзэмшлийн машин мөн ... гэх тайлбар зэргээр нотлогдож байна. Х.Б нь осол гарах үед цуг машинд байсан, согтууруулах ундаа уусан учраас жолоогоо М.С шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул бусдад учруулсан хохирлыг хариуцагч Х.Б хариуцан арилгах үүргийг хүлээж байна. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг хохирол учруулсан этгээд хариуцах ба харин уг этгээдэд тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй, ийм боломжийг олгоогүй гэдгээ өмчлөгч буюу эзэмшигч нотлоогүй бол хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд гэм хор учрах үед тухайн тээврийн хэрэгслийг ашиглаагүй өмчлөгч, эзэмшигч нь тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулах хүсэл зориггүй байсан, бусдын ашиглалтыг зөвшөөрөөгүй болохыг нотлохын зэрэгцээ өөр этгээд тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй ашиглахад боломж олгоогүйгээ давхар нотлох үүрэгтэй юм.

Мөн уг осол гарах үед Тоёота приус-20 маркийн 09-08 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан М.С гэм буруутай болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул гэм хор учруулсны хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хамтран хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Э.С нь дээрх хууль зүйн үндэслэлээр өөрт учирсан хохирлын тал хувийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлага болох:

-Д.С учирсан хохирол болох эм тарианы үнэ 41,460 төгрөгийг нэхэмжлэгч Э.С нь нэхэмжлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

-Шүүх шинжилгээний үзлэгийн төлбөр 8,000 төгрөгийн баримтын огноо 2019.04.14 гэсэн дардас дарагдсан байх бөгөөд зам тээврийн осол 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарсан тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

-Иномарк мастер ХХК-ний төлбөр 65,000 төгрөгийн баримт нь мөнгө тушаасан болон хүлээн авсан этгээдийн гарын үсэггүй /хх-ийн 24/,

-Үнэлгээний Вендо ХХК-ний төлбөрийн 178,000 төгрөгийн баримт нь тамгагүй,

-Тээвэрлэлтийн зардалд 500,000 төгрөг, бензинд 305,600 төгрөг зарцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй,

-Иргэн Э.У нэр дээрх банкны зээл нь тус зам тээврийн осолд хамааралгүй байна.

Нэхэмжлэгч нь тээврийн үйлчилгээний 40%-ийн урьдчилгаа 928,000 төгрөг, ажлын хөлс 1,392,000 төгрөгийг нэхэмжилсэнээ нотлохоор шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А ХХК, Э.С нарын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ хавсаргасан боловч нэхэмжлэгч Э.С нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд тасралтгүй явах эсэх, эсхүл дээрх хугацааны хэдэн хоногт нь явах эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Э.С нь өөрийн эзэмшлийн Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай автомашины гэмтсэн эд ангид үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,083,600 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг осол гарахад нэхэмжлэгч Э.С буруутай үйлдэл мөн нөлөөлсөн, тэрээр уг ослоос учирсан хохирлын тал хувийг нэхэмжлэх эрхтэй боловч үүнийгээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.С нь өөрийн эзэмшлийн Delika маркийн 08-79 ХЭА улсын дугаартай автомашинд учирсан хохирлын талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө бүрдүүлж, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.С нэхэмжлэлтэй хариуцагч М.С нарт холбогдох 9,861,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хамтран хариуцагч Х.Б шүүхээс шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд мэдэгдсэн атал тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хамтран хариуцагч Х.Б эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С нэхэмжлэлтэй хариуцагч М.С нарт холбогдох 9,861,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Б.МАРИНА

ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ