Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 226/МА2020/00011

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 6 сарын 30 өдөр          Дугаар 226/МА2020/00011                                Хэрлэн сум

 

  С-ын нэхэмжлэлтэй,

С-, Х. Б- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00011/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,    

Нэхэмжлэгч С-, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг, 

Хариуцагч Со-, түүний өмгөөлөгч М.Биязхан нарыг оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 391 дугаар шийдвэртэй С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Со-, хамтран хариуцагч Б- нарт холбогдох “гэм хорын хохирол 9861860 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч С-, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлоор 2020 оны 6 дугаар 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 8 дугаар сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байхад эхнэр С болон 6 зорчигчийн хамт Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сум руу өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож гарсан. 2019 оны 8 дугаар сарын 29-ний шөнө 02 цаг 45 минутад Хэнтий аймгийн Хэрлэн суманд орж ирээд эхний зорчигчийг гэрт нь хүргэж өгөх гээд Хэрлэн сумын 4 дүгээр баг А-27 дугаар байрны урд талын засмал замаар баруунаас зүүн тийш яваад туслах уулзвараар дохио өгөөд эргэх гэтэл “тас” гээд юм мөргөх шиг болсон. Тухайн үед замын зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, миний машиныг мөргөсөн хар өнгийн “П” маркийн автомашин гэрлээ асаагаагүй, жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, дараа нь түргэн дуудаж жирэмсэн хоёр хүнийг эмнэлэг рүү авч явсан. Со- нь тухайн үед жолоочийн үнэмлэхгүй алга болгосон гэж байсан. Цагдаагийн байгууллагаар хэн буруутай нь тогтоогдож, хохирлыг Со- төлж барагдуулахаар шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл надтай холбогдоогүй байна. Энэ хугацаанд би өөрийн эзэмшлийн автомашиныг “N” маркийн автомашинаар Улаанбаатар хот руу ачиж очоод “И” ХХК-д оношлогоонд оруулж, Хэнтий аймгийн “В” ХХК-иар үнэлгээ хийлгэж машины эвдрэл гэмтлийг тогтоолгосон.

            Миний бие 2018 оноос эхлэн Улаанбаатар хотод аялал жуучлалын үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-тай гэрээ байгуулан зорчигч тээврийн ажил хийж байна. “А” ХХК-ийн захиалгаар 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Улаанбаатар, Замын-Үүд чиглэлд зорчигч тээврийн ажил хийж гүйцэтгэхээр 29 хоногийн томилолт авч, өдрийн 80000 төгрөгийн хөлстэй, нийт 2320000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу урьдчилгаа 40 хувь буюу 928000 төгрөгийг бэлнээр авч машиныхаа тос тослогоо, засвар үйлчилгээг хийгээд байсан. Би тахир дутуугийн группд байдаг. Намайг ажилтай, орлоготой байлгахын тулд аав Э, ах У нар нь цалингийн зээл авч өгч намайг унаатай болгосон бөгөөд цалингийн зээлийг сар бүрийн 25-ны өдөр ХААН банкны дансанд хийдэг. Би “Д” маркийн автомашинаа 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 24800000 төгрөгөөр худалдан авсан. Ослын үеэр урагт бага зэргийн доргилт өгч доошилсон гээд эхнэр С эм тариа авч эмчилгээ хийлгэсэн. Мөн Шүүхийн шинжилгээний албанд үзүүлэх шаардлагатай гээд үзлэгт хамрагдсан. С-аас болж өнөөдрийг хүртэл орлогогүй, зээлээ төлж чадахгүй, машинаа янзлуулах боломжгүй байна. Иймд С-, Б- нараас эхнэр С-д учирсан хохирол болох эм тарианы үнэ 41460, шүүх шинжилгээний төлбөр 8000, “И” ХХК-ийн төлбөр 65000, “В” ХХК-ийн төлбөр 178000, машины эд ангид үнэлгээгээр тогтоогдсон дүн 6083600, тээврийн үйлчилгээний 40 хувийн урьдчилгаа 928000, тээвэрлэлтийн зардал 500000, бензин 305600, банкны зээл 360200, ажлын хөлс 1392000 төгрөг, нийт 9861860 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С- нь өөрийн “D” маркийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлийн үнэ 6083600 төгрөгийг нэхэмжилсэн. “И” ХХК-иар “D маркийн автомашиныг оношлуулахад 16 төрлийн эд анги эвдэрсэн гэсэн дүгнэлт гаргасан. Харин “В” ХХК-иар хохирлын үнэлгээ тогтоолгоход 32 төрлийн эд анги эвдэрч гэмтсэн гэсэн үнэлгээ гарсан тул С-ын нэхэмжилж байгаа 6083600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн “А” ХХК-тай ажил гүйцэтгэж гэрээ байгуулж урьдчилгаанд авсан гэх 928000 төгрөг, У-н цалингийн зээлийг төлөх үндэслэл байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө гурилын үйлдвэрийн хойд 4 замын уулзвар дээр явж байхад гэнэт урдаас машин орж ирээд миний жолоодож явсан машиныг мөргөсөн, осол гарахад миний буруутай үйлдэл нөлөөлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

. Хамтран хариуцагч М.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 02 цаг өнгөрч байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, машин барих чадваргүй байсан учир жолоогоо С-т шилжүүлсэн. Тухайн үед С- 2-3 хундага архи уусан байсан. Чингис цамхгийн баруун талаас хөдлөхөд миний эзэмшлийн “П” маркийн автомашин хэвийн ажиллагаатай байсан. Тухайн үед гудамж ямар ч гэрэлтүүлэггүй байсан учраас гэрлээ асаагаад хөдөлсөн. Би эрчмийн зам хүртэл явж байсныг санаж байна. Ямар машин хаанаас гарч ирээд мөргөснийг хэлж мэдэхгүй. Осол болсны дараа машинаас гарах гэтэл хаалга гажсан байсан учир хаалгыг өшиглөөд гарсан. Бууж харахад машины зүүн гар талын гэрэл унтарсан, артажрын тосол асгарч байсан. Би машинаа “power” товчоор унтраагаад Со- дээр ирээд загнаж байтал цагдаа ирсэн. Миний бие муу байсан учраас намайг эмнэлэг рүү аваад явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С-, хамтран хариуцагч Б- нарт холбогдох 9861860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч С- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны орой Улаанбаатар хотоос эхнэр С болон 6 зорчигчийн хамт гараад шөнийн 02 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн төвд орж ирээд цагдаагийн байранд хүн буулгах гээд гол замаар явж байтал өөдөөс машины гэрэл тусахаар нь тэр машиныг өнгөрөөгөөд машин байхгүй, гэрэл ч тусахгүй болохоор нь гарцаар гарах гээд дохио өгөөд эргэх үйлдэл хийж 1 дүгээр эгнээнд орсон хойно гэнэт “тас” гээд юм мөргөх шиг болсон. О бид хоёр бууж харахад гэрэлгүй хар өнгийн “П” маркийн автомашин дотор хоёр согтуу залуу байсан. Тэр машин замын боржур давж замаас гараад зогссон байсан. Би 2010 оноос хойш аймаг, хот хооронд тээвэр хийж байна. Иймээс ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг харсаар байж тооцоолж баримжаалахгүй урдуур нь орохгүй. Гэтэл бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн намайг адил буруутай гэж үзсэн. Би гэрч О-г тухайн үед таньдаггүй байсан, Улаанбаатар хотоос  Хэнтий аймагт ирснийхээ дараа манай хашаанд буусан залуугийн эхнэр болохыг мэдсэн. Зөрчлийн материалаас баримтууд шүүхэд ирсний дараа О-тэй танилцаад “та сэрүүн байсан атлаа яагаад унтаж явсан гэж мэдүүлсэн юм бэ” гэж асуухад “тэгээд биччихсэн байна уу, яаруу ирж мэдүүлэг өгсөн учир уншаагүй, цаас тавиад шууд гарын үсэг зур гэсэн, шүүхэд болсон зүйлээ хэлж мэдүүлэг өгье” гэхээр нь хүсэлт тавьж мэдүүлэг өгүүлсэн. Гэтэл О-н мэдүүлгийг үнэлж үзээгүй. С-ын хувьд архи уусан, 2019 оны 3 дугаар сард жолооны үнэмлэхтэй болсон, жолоо барих туршлагагүй, анх гарсан шинжээчийн дүгнэлтээр “согтуу жолоо барьсан нь осол гарахад нөлөөлсөн” гэсэн дүгнэлт гарсан байхад сүүлийн дүгнэлтүүдийг үндэслэж намайг буруутгасан. Эдгээр дүгнэлтүүд нь бүгд цагдаагийн албан хаагч нарын гаргасан дүгнэлтүүд бөгөөд баримтуудыг тал бүрээс нь харьцуулж дүгнээгүй. Мөн миний бүрдүүлсэн хохирлын баримтуудыг бүхэлд нь шаардлага хангахгүй гэж үгүйсгэсэн. Миний бие Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу зорчигч тээвэрлэхээр болж “А” ХХК-тай гэрээ байгуулж урьдчилгаа 40 хувийг авсан байсан бөгөөд хөлсөөр ажиллах гэрээ /тамга, гарын үсэгтэй/, урьдчилгаа авсан баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн. Улаанбаатар хот руу миний машиныг ачсан жолооч Э нь миний эцэг мөн хэдий ч өөрөө тусдаа амьдралтай ачааны машинаараа хот хооронд тээвэр хийж орлого олдог тул тээврийн хөлсний талаар тодорхойлолт гаргаж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлж өгсөн, мөн бензиний баримт нь 9 дүгээр сарын 03-ны өдөр гээд он сар өдөр нь тохирч байна. “И” болон “В” ХХК-д үйлчилгээний хөлс төлсөн баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн. Миний эхнэр С осол гарах үед жирэмсэн байсан тул эмнэлэгт үзүүлж эм тариа хэрэглэсэн. Ослын улмаас гарсан эдгээр зардлуудыг би өөрөө төлсөн. Миний зүгээс “П” маркийн автомашины эзэмшигч Б-ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангасан атлаа шүүх хуралдаанд оролцуулаагүй, хамтран хариуцагч Б- хариуцагч С-ын нэгэн адил шүүх хуралдаанд оролцох ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Зээлийн гэрээний баримт хохиролд шууд хамааралгүй байж болох тул 9, 10 сарын төлөлтийн мөнгө 360200 төгрөг нэхэмжилснээ хасч тооцож тэмдэгтийн хураамжийг төлсөн гэжээ.  

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б-ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж, шүүхээс хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б- нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн материалтай танилцсан /1хх-ийн 59, 195х/, үүнээс хойш хэргийн материалтай огт танилцаагүй /2хх-ийн 18, 55 хуудас/, түүнд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн, “шинжээчийн дүгнэлттэй танилцаж, шүүх хуралдаанд оролцоно” гэсэн хариу өгсөн тухай шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байтал шүүх бүрэлдэхүүн хамтран хариуцагчид шүүх хуралдааны товыг хэрхэн мэдэгдсэн, ямар хариу өгсөн талаар тодруулаагүй хамтран хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн зэргээр оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 16-наас хойш дуудан ирүүлж хэргийн материал танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш Б-д мэдэгдэх хуудас хүргүүлж байсан баримт байхгүй бөгөөд зөвхөн утсаар мэдэгдсэн тухай туслахын үйлдсэн баримтууд байгаа нь түүнд мэдэгдсэн гэж үзэх баримт биш юм.

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т заасны дагуу бичгээр гаргасан дүгнэлтээ “согтуу жолоо барьсан, гэрлээ асаагаагүйгээс болж хохирол учруулсан тул төлөх нь зөв” гэсэн, үүнийгээ шүүх хуралдаанд уншиж сонсгосон атал шийдвэрийн тодорхойлох хэсэгт “иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: хэрэгт авагдсан баримтыг үндэслэн гэм бурууг нь тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэв” гэсэн нь шүүх хуралдаанд уншиж сонсгоогүй дүгнэлт байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар: Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад зөвхөн эдгээр дүгнэлтийг бүхэлд нь давуу байдлаар үнэлж, “нэхэмжлэгч хариуцагч нарыг хоёулаа адил буруутай” гэж дүгнэсэн байх бөгөөд ослын шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлсэн гэрч О-н мэдүүлэг, С-ын тайлбар, зөрчлийн материалаас хэрэгт авагдсан С-н мэдүүлэг, С-ын мэдүүлэг зэргийг хэрхэн үнэлсэн, үгүйсгэсэн тухайгаа шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна. Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдийг яагаад үнэн зөв гэж үнэлж байгаагаа тайлбарлаагүй, шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй атал ийнхүү С-ыг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн үйл баримтаас харахад эрүүл, согтуу, туршлагатай, туршлагагүй хоёр жолооч замын хөдөлгөөнд шөнийн цагаар замын гэрэлтүүлэггүй үед оролцсон, хариуцагчийн жолоодож явсан “П” маркийн автомашин хар өнгөтэй, гэрэл асаагаагүй байсан тухай нэхэмжлэгч, гэрч нар тайлбарласан. С- машины гэрлийн асааж явсан, замын хөдөлгөөнд оролцохдоо чигээрээ явж байсан гэдгээ баримтаар няцааж үгүйсгээгүй.  Нэхэмжлэгч нь өөдөөс нь ирж байгаа машин байхгүй байсан учраас дохио өгөөд эргэх үйлдэл хийсэн гэж тайлбарласан, энэ нь гэрчүүдийн мэдүүлдгээр тогтоогддог. Харин С- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь нотлогдсон, мөн өөдөөс чигээрээ явсан уу, гэрлээ асааж хөдөлгөөнд оролцсон уу гэдэг нь нотлогдоогүй, ямартай ч нэхэмжлэгчийн жолоодож явсан машины гэрлийн тусгалд орж ирээгүй атлаа гэнэт ирж мөргөсөн тул нэхэмжлэгчийг зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдэд С-ыг зам тавьж өгөөгүй гэсэн нь аль талаасаа мөргөлдсөнийг үзүүлсэн цагдаагийн ажилтны үйлдсэн гар схем зураг бөгөөд бусад баримтыг харьцуулж үндэслээгүй өрөөсгөл дүгнэлт болно.

            Нэхэмжлэлд хавсаргасан хохирлын баримтыг үнэлэхдээ: Нэхэмжлэгч С-ын эхнэр С гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөөсөө гаргасан зардал гэж нэхэмжилж байхад эм тарианы үнэ 41460 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Шүүхийн шинжилгээний үзлэгийн төлбөр 8000 төгрөгийн баримтад “2019 414” гэж он, шинжээчийн дүгнэлтийн дугаар хоёр дарагдсан байхад “2019.04.14” гэж дарагдсан гэсэн нь буруу ташаа ойлгосон бөгөөд хоёрдугаар хавтаст хэргийн нэгдүгээр хуудсанд байгаа дүгнэлтэд “414” гэж дугаар байдаг. “И” ХХК-нд үйлчилгээний хөлс 65000 төгрөг төлсөн баримтад С-ын автомашины дугаар бичигдсэн, кассын нярав гарын үсэг зурсан, мөн тус компаниас ослын улмаас үүссэн гэмтлийн дүгнэлт гаргасан байхад эдгээрийг харьцуулж үзэлгүй гарын үсэггүй гэж дүгнэсэн. “В” ХХК-иас хохирлын үнэлгээ гаргасан тайлан хэрэгт авагдсан, үйлчилгээний төлбөрт 178000 төгрөг төлсөн баримтад мөнгө хүлээн авөгч, тушаагч нар гарын үсэг зурсан, “В” ХХК бэлэн мөнгөний орлогын баримт гэсэн эх баримт байхад зөвхөн тамга дараагүй гэж дүгнэсэн. В” ХХК-ийн үнэлгээний тайлангаар С-ын машинд 6083600 төгрөгийн хохирол тогтоогдсон, энэ нь “И” ХХК-ийн гаргасан машины гэмтлийн дүгнэлтийг үндэслэн гаргасан үнэлгээ бөгөөд эдгээр дүгнэлтүүд эх хувиараа хэрэгт авагдсан. Тээврийн хөлс 500000 төгрөг гарсан тухай С-ын машиныг Улаанбаатар хот руу ачиж явсан жолооч Э- нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, жолоочийн бичиг баримтын хуулбар, мөн бензин худалдаж авсан “Е” баримтууд, 2018 оны 8 дугаар сарын 29-нд 20000 төгрөгөөр бензин авсан баримт зэргийг нийтэд нь тооцоод 305000 төгрөг нэхэмжилсэн, шүүх хуралдаанд хариуцагч С- нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний асуусан асуултад С-ын “Д” маркийн автомашиныг Улаанбаатар хот руу Э-ийн машинаар ачсан гэдгийг баталж хариулсан байхад эдгээрийг харьцуулан үзэж үнэлээгүй. Хөлсөөр ажиллах гэрээнд нэг хоногийн 80000 төгрөгийн хөлстэйгээр 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд тээвэр хийхээр хугацаа заасан, “А” ХХК-ийн тамга, гарын үсэгтэй зарлагын баримтад 29 хоногт өдрийн 80000 төгрөгөөр тооцож 2320000 төгрөг, урьдчилгаа 40 хувь буюу 928000 төгрөг хүлээн авсан С-ын гарын үсэгтэй бичилт байхад тасралтгүй явах эсэх, хэд хоног явах эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирлоо урьдчилан гаргуулж машинаа засварлах гэж нэхэмжилсэн байхад нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй гэх үндэслэлээр уг баримтуудыг үгүйсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ...үнэлнэ” 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсний дагуу нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримтуудыг үнэлгээгүй, мөн хариуцагч тал эдгээр баримтуудыг үгүйсгэж, няцаагаагүй байхад шүүх хөндлөнгөөс хохирлын баримтуудыг бүхэлд нь шууд үгүйсгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Х.Биязхан давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбараа: С- нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчим Б-ын өмчлөлийн “П” маркийн автомашин жолоодон Хэрлэн сумын 4 дүгээр баг А-26 байрны урд талын засмал замаар замын хойд талын 1 дүгээр эгнээгээр ертөнтөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чигээрээ явж байхад өөдөөс чигээрээ явж байсан “D” маркийн 08-79 ХЭА улсын дугаартай автомашин жолоодож явсан С- нь гарцаар зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ зам тавьж өгөлгүй хажуу талаас мөргөж зам тээврийн осол гарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Миний зүгээс замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Будсүрэнгийн “Мэгзэрийн С- нь согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон” гэсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу “08-79 ХЭА улсын дугаартай автомашин жолоодож явсан Энхсайханы С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн” гэсэн Тээврийн цагдаагийн газрын 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан /хх-ийн 101, 102 хуудас/. Уг дүгнэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж Тээврийн цагдаагийн албаны 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 3 дугаар арын 03-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт гарч, С- замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч С- нь осол болох үед С- гэрэлгүй машинтай явсан, надад харагдаагүй гэж маргадаг, С- би жолоодож явсан машины урд их гэрлийг асааж ойрын гэрлээр явсан, замын гэрэлтүүлэг унтарсан харанхуй байсан болохоор гэрэлгүй явах ямар ч боломжгүй гэж тайлбарладаг. Осол болох үед С-ын машинд сууж явсан гэх О зөрчлийн хэрэг шалгах үед өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “осол болох үед унтаж явсан” гэж мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл  О шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “зүүн талаас гэрэлтэй машин ирсэн, тэр машиныг өнгөрөөгөөд С- уулзвар руу орох гэтэл машин ирээд жолооч талаас мөргөсөн” гэж илт худал мэдүүлэг өгсөн. Б-ын гэрчийн мэдүүлэгт “С- 16 давхар байрын гаднаас гэрлээ асаагаад хөдөлсөн. ...Осол болсон газарт миний машины баруун гар талын их гэрэл асаалттай, зүүн талын гэрэл хагарч унтарсан байсан. Миний машины гэрэл дохио бүрэн байсан” гэх мэдүүлэг зэргээр С-ын жолоодож явсан машин гэрэлтэй явсан гэдэг нь нотлогддог. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч “хамтран хариуцагч Б-д шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд мэдэгдсэн боловч ирээгүй байна. Шүүх хуралдааныг явуулах уу” гэж асуухад нэхэмжлэгч, хариуцагч болон хоёр талын өмгөөлөгч нар “Б-ын эзгүйд шүүх хуралдааныг явуулах” хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Б- нь хамтран хариуцагчаар татагдан хэргийн материалтай танилцаж тайлбараа бичиж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б-д хэргийн материал танилцуулаагүй гэж гомдол гаргаж байгаа нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч С- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийнхээ зарим шаардлагаас татгалзаж С-аас машины эвдрэл гэмтэлд 6083600 төгрөг, хөлсөөр ажлах гэрээгээр олох байсан орлого 2320000 төгрөг, нийт 8403600 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

   

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С- нь хариуцагч С-, Б- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 9861860 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Хариуцагч С-, хамтран хариуцагч Б- нар нь  “...”Д” маркийн авто машины жолооч С- нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэсэн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт гарсан тул хохирлыг төлөхгүй гэж маргасан байна.

            Хэргийн үйл баримтаас үзэхэд 2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “П” маркийн автомашиныг жолоодож С-ын жолоодож явсан “Д” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна /хх67- 70х,103х, 134-133х/.

            Хэнтий аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Будсүрэнгийн гаргасан “...”П” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах болон ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн, энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй.

D маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С- нь замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт /хх 73х/

Мөн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 542 дугаартай “...С- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ...согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Энэ нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан болохгүй /согтууруулах ундаа хэрэглэсэн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байх ба жолоочийн самбаачлах хугацаанд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Жолооч С- нь замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн. Энэ нь зам тээврийн осол гаргахад шууд нөлөөлөх шалтгаан болно” гэсэн дүгнэлт /хх-101-102х/.

            Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 3 сарын 02-ны өдрийн 101 дугаартай “...жолооч С-ын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зөрчил нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан болохгүй, харин С-ын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зөрчил нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан болно” гэсэн дүгнэлт зэрэг шинжээчийн дүгнэлтүүд  гарчээ.

Анхан шатны шүүх зам тээврийн осол гарахад зохигчдыг 50, 50 хувийн буруутай, мөн нэхэмжлэгчийг өөрт учирсан гэм хорын хохирлоо бүрэн нотлоогүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

            Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнийн 03 цагийн орчим гарсан зам тээврийн осолд “D  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан заалтыг зөрчсөн гэм буруутай болох нь Тээврийн цагдаагийн албаны шинжээч нарын 2 удаагийн дараагийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Хариуцагч С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан болох нь зохигчийн тайлбар, шийтгэлийн хуудсаар нотлогджээ /хх- 103х/.

С- нь зам тээврийн осол гарахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан гэж мэтгэлцэх боловч түүний Хэнтий аймаг дахь замын цагдаагийн тасагт өгсөн  “...2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө багш Б-ыг сэрээж машиныг нь асаагаад 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр тухайн машин дохио өгч байгааг анзаараагүй байж байтал мөргөлдсөн би тоормос дарах гэж байгаад хааз дарсан” гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Будсүрэнгийн “...С- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн...” гэх дүгнэлт зэргээс үзэхэд С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх тул түүнийг 10 хувийн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хариуцагч С-ын тээврийн хэрэгсэл осол гарах үед гэрэлгүй байсан гэх нотлох баримт хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдоогүй, гэрч О-н мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “...бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” тул нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч С- нь зам тээврийн ослын улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд нийт 9861860 төгрөгийг нэхэмжилсэн ба  давж заалдах шатны шүүх хуралдаанд  “Вендо” хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон авто машины эвдэрлийн хохиролд 6083600 төгрөг, мөн “А” ХХК-ийн тээврийн үйлчилгээний урьдчилгаа 928000 төгрөг, ажлын хөлс 1392000 төгрөг, нийт 8403600 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.3-т “....нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй” гэснийг зөрчөөгүй байна.

            С-ын машинд учирсан хохирол 6083600 төгрөг, тээврийн урьдилгааны хөлс 928000 төгрөг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон /хх27-30х/, харин “А” ХХК-нд хөлсөөр ажиллах гэрээгээр ажлын хөлсөнд 1392000 төгрөг авах байсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдоогүй тул хангах боломжгүй байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэсний дагуу хэргийн баримтаар нотлогдсон 7011600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 10 хувь болох 701160 төгрөгийг бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт тооцон хариуцагч С-аас  гаргуулж  нэхэмжлэгч С-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хамтран хариуцагч Б- нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар гэм хорын хохирлыг хариуцах боловч тэрээр нас барсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх хамтран хариуцагч Б-д 2020 оны 01 дүгээр сарын 16-нд хэргийн материалыг танилцуулсан, шүүх хуралдааны товыг түүнд утсаар мэдэгдсэн, хариуцагч өөрөө шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүй хийхийг зөвшөөрсөн зэргээс үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166977 төгрөгөөс 21376 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 391 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч С-аас гэм хорын хохиролд 701160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7702500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтад “...үлдээсүгэй” гэсний дараа “хариуцагч С-аас улсын тэмдэгтийн хураамжид 21376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С-т олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хамтран хариуцагч Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166977 төгрөгөөс 21376 төгрөгийг нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                   

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                   Я.АЛТАННАВЧ

 

 

 

.