Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2020/00408

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 02 өдөр

     Дугаар 156/ШШ2020/00408

                         Хэрлэн сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00337/И 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар баг, ........ тоотод оршин суух, Ц овогт Ж Г /РД:........./-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дүгээр баг, .................... тоотод оршин суух, С овогт Ү С /РД:........../-д холбогдох 3,838,000 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч Ү.С, шүүх хуралдааны нарийн бичийн дарга Ж.М нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г нь Ү.С 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 500,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 550,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,300,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 600,000 төгрөгийг тус тус сарын 20 хувийн хүүтэйгээр нийт 9,050,000 төгрөгийг зээлсэн. Ү.С нь зээлийн үндсэн төлбөрөөс нийт 6,730,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 2,320,000 төгрөг өгөөгүй. Энэ үлдэгдэл төлбөрт хүү, алданги ороогүй. Хариуцагч Ү.С нь нэхэмжлэгч Ж.Г 220,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг боловч Ж.Г аваагүй гэсэн. Мөн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр М 1,430,000 төгрөг Ж.Г данс руу орсон байгаа. Гэвч энэхүү шилжүүлсэн 1,430,000 төгрөг нь Ү.С Ж.Г зээлж авсан зээлийн төлбөрийг төлсөн төлбөр гэдэг нь нотлогдохгүй байна. Энэ нь Ү.С үлдэгдэл зээлийн төлбөр биш юм. Иймд хариуцагч Ү.С зээлийн үлдэгдэл 2,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Ү.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Г 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сар хүртэл нийт 9,050,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Энэхүү зээлээс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 420,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 160,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус түүний дансаар шилжүүлж төлсөн.

Мөн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай хүү М нь миний зээлсэн төлбөрт 1,430,000 төгрөгийг Ж.Г данс руу шилжүүлсэн. Үүнийг Ж.Г болон түүний өмгөөлөгч О.Д нар үгүйсгээд байна. Бас 220,000 төгрөгийг би Ж.Г бэлнээр төлсөн. Гэтэл үүнийг мөн л Ж.Г нь үгүйсгээд байгаа учир би төлөх төлбөртөө оруулаад төлье. Одоо нийт 890,000 төгрөг үлдсэн, энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь хариуцагч Ү.С холбогдуулан 3,838,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,320,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Ү.С нь нэхэмжлэгч Ж.Г 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 500,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 550,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,300,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 600,000 төгрөг, нийт 9,050,000 төгрөг зээлж авсан, үүнээс хариуцагч Ү.С нь 6,730,000 төгрөгийг Ж.Г нэр дээрх ХААН банк дахь 5954285155 тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Ү.С нэр дээрх ХААН банк дахь 5946179112 тоот дансны хуулга, Ж.Г нэр дээрх ХААН банк дахь 5954285155 тоот дансны хуулга болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Харин хариуцагч Ү.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ХААН банк дахь М М эзэмшлийн 5946398612 тоот данснаас нэхэмжлэгч Ж.Г ХААН банк дахь 5954285155 тоот данс руу 1,430,000 төгрөгийг шилжүүлсэн тул энэхүү 1,430,000 төгрөг нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2,320,000 төгрөгөөс хасагдаж тооцогдох ёстой гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.

Иргэд хоорондын зээлийн гэрээний гол шинж нь гэрээний зүйл болох хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлдэг. Зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл иргэд хоорондын зээлийн эрх зүйн харилцааны онцлог нь зээлдүүлэгч тал гэрээний дагуу зээл олгох үүргээ гүйцэтгэсэн буюу мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ үеэс авсан зээлээ буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүсэх зохицуулалттай.

            Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

            Иймд нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч Ү.С нарын хооронд үүссэн дээрх харилцаа нь агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс хамааран Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг хэрэгжсэн гэж үзэхээр байна.

            Энэхүү зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Ү.С зээлийн төлбөрөө шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Г ХААН банк дахь 5954285155 тоот дансны хуулга /хх-ийн 41, 58/-аас үзэхэд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр иргэн М 1,430,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Г дээрх данс руу шилжүүлсэн байна. Гэвч иргэн М шилжүүлсэн 1,430,000 төгрөг нь хариуцагч Ү.С нэхэмжлэгч Ж.Г зээлсэн зээлийн төлбөрт тооцож шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, татгалзалаа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл энэхүү татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч нь ...би хууль мэдэхгүй учир баримт цуглуулж чадаагүй гэж тайлбарлах боловч шүүхээс түүнд эдлэх эрх үүргийг удаа дараа тайлбарлан өгч, өмгөөлөгч авах эрхээр хангаж, боломжит хугацаа олгосон болох нь хэрэгт авагдсан эрх үүрэг тайлбарлан өгсөн баримт, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдаанд дахин эрх үүргийг нь тайлбарлан өгсөн зэрэг нь шүүх хуралдааны удаа дараагийн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд хариуцагчийн хуулийг мэдэхгүй байгаа, өмгөөлөгчийн хөлс төлж чадахгүйн улмаас өмгөөлөгч аваагүй гэх явдал нь түүнийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ү.С зээлийн үлдэгдэл төлбөр 2,320,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,358 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ү.С 2,320,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                                                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ү.С зээлийн үлдэгдэл төлбөр 2,320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 76,358 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ү.С улсын тэмдэгтийн хураамжид 52,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Б.МАРИНА