Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 226/МА2020/00013

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 7 сарын 20 өдөр          Дугаар 226/МА2020/00013                                Хэрлэн сум

 

  Г-ын нэхэмжлэлтэй,

С-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00013

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгоржав,    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүриймаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 408 дугаар шийдвэртэй Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С-д холбогдох “3838000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч С-гийн давж заалдах гомдлоор 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүриймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- С- нар нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцааг амаар байгуулсан. С- нь өөрийн ХААН банкны дансаар Г-аас 2018 оны 8 дугаар сарын 21-нд 600000, 8 дугаар сарын 23-нд 300000, 9 дүгээр сарын 03-нд 1000000, 11 дүгээр сарын 20-нд 500000, 12 дугаар сарын 26-нд 400000, 12 дугаар сарын 31-нд 300000, 500000, 2019 оны 01 дүгээр сарын 21-нд 550000, 01 дүгээр сарын 22-нд 1000000, 6 дугаар сарын 06-нд 2000000, 7 дугаар сарын 03-нд 1300000, 7 дугаар сарын 19-нд 600000 төгрөг, нийт 9050000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлж авсан. С- нь зээлийн үндсэн төлбөрөөс нийт 6730000 төгрөгийг төлсөн. С- нь Г-т 220000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг боловч Г- нь аваагүй гэдэг. Мөн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр М-аас 1430000 төгрөг Г-ын данс руу орсон бөгөөд энэхүү 1430000 төгрөг нь С-гаас Г-т зээлийн төлбөрт төлсөн төлбөр гэдэг нь нотлогддоггүй. Иймд С-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 2320000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г-т 2018 оны 10 дугаар сарын 29-нд 1000000, 12 дугаар сарын 20-нд 150000, 12 дугаар сарын 28-нд 420000, 2019 оны 01 дүгээр сарын 21-нд 160000, 3 дугаар сарын 13-нд 600000, 4 дүгээр сарын 29-нд 1200000, 5 дугаар сарын 30-нд 600000, 6 дугаар сарын 19-нд 1000000, 7 дугаар сарын 31-нд 400000, 8 дугаар сарын 08-нд 600000, 10 дугаар сарын 16-нд 600000, 7 дугаар сарын 10-нд 1430000 төгрөг, нийт 8160000 төгрөгийг төлсөн. Г-аас зээлсэн 9050000 төгрөгөөс 8160000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 890000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Г-т өгсөн гэх 1430000 төгрөгийн тухайд хүү М-ээс данснаас Г- руу шилжүүлсэн. Мөн Г-т 220000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч Г- аваагүй гээд байгаа учир 220000 төгрөгийг оруулаад нийт 890000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С-гаас зээлийн үлдэгдэл 2320000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76358 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С-гаас улсын тэмдэгтийн хураамжид 52070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г-т олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч С- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр иргэн М-аас 1430000 төгрөгийг нэхэмжлэгч Г-ын дээрх данс руу шилжүүлсэн байна. Гэвч М-аас шилжүүлсэн 1430000 төгрөг нь хариуцагч С-гийн нэхэмжлэгч Г-аас зээлсэн зээлийн төлбөрт тооцож шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. ...энэхүү татгалзлын үндэс болж байгаа баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хариуцагч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна...” гэж дүгнэсэн. Миний бие Г-т 1430000 төгрөгийг өгсөн бөгөөд үүнийг төлөх тухай гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1430000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ нотлох баримт болох хүү М овогтай М-ын ХААН банкны Г- руу 1430000 төгрөг миний өмнөөс шилжүүлсэн талаарх баримтыг нотариатаар батлуулж шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ талаар тайлбар гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасны дагуу миний тайлбар нотлох баримт болно гэж үзэж байна. Харин энэхүү 1430000 төгрөгийг шилжүүлсэн эсэх дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч “М- нь хариуцагч С-гийн хүү болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ мөнгө нь хэнд ямар зориулалтаар орсон нь тодорхой биш” гэж маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “...нэхэмжлэгчийн төлөөлөгч ...хариуцагчийн гэм бурууг нотолж ...түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж заасан байдаг. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч 1430000 төгрөг нь С-гийн зээлийн төлбөр биш бол ямар учиртай мөнгө Г-ын данс руу орсон болохыг нотолж чадаагүй. Мөн шүүх хуралдаан дээр даргалагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “та нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр таны данс руу орсон мөнгө ямар учиртай юм бэ гэж асуусан уу” гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “энэ талаар асууж тодруулаагүй” гэж хариулсан /хх-ийн 72 хуудас/.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг шүүхэд төлөөлж байгаа төлөөлөгч нь нэхэмжлэгчийн бүхий л эрхийг эдэлж, түүний өмнөөс үнэн зөв тайлбар гаргах үүргийг хүлээж, маргааны үйл баримтын талаар бүрэн гүйцэд ойлголттой байх учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг маргааны хариуцагчийн татгалзлын гол зүйл болох “1430000 төгрөг”-ийн талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй байгаа нь өөрийн төлөөлүүлэгч /нэхэмжлэгч/-ийнхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчсөн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан “хэргийн ...оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж үзэх үндэслэл болно.

            Даргалагч надаас “М- таны хүү гэдгийг юугаар нотолж байна вэ” гэж асуухад нь би “аавынх нь баримт бичиг надад байгаа” гэж хариулсан. Мөн “Г-ын данс руу 1430000 төгрөг орсон байна. Гэхдээ энэ төлбөр С- гэдэг хүний зээлийн төлбөр гэдгийг юугаар нотлоод байгаа юм бэ” гэж асуухад нь би “хүү маань таны данс руу мөнгө хийсэн гэж хэлэхэд Г- тийм байна гэж хэлж байсан. Өмгөөлөгч нь хамт байсан” гэж хариулсан /хх-ийн 73 хуудас/. Гэтэл шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөс Г-, С- нар 1430000 төгрөгийн талаар ярихад дэргэд нь байсан эсэхийг тодруулаагүй, “аавынх нь бичиг баримт надад байгаа” гэдэг тайлбарыг “нотлох баримтаа урьд нь гаргаж өгөөгүй” гэх үндэслэлээр татгалзсан нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүх дээрх нөхцөл байдлууд үүсээд байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ...эрхийг шүүх эдэлнэ” гэснийг хэрэгжүүлээгүй, хариуцагч “1430000 төгрөг бол миний зээлэнд төлсөн мөнгө” гэсэн тайлбар гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “1430000 төгрөгийн талаар нэхэмжлэгчээсээ тодруулж асуугаагүй” зэрэг нөхцөл байдлыг мэдүүлсэн байхад энэ талаар нэхэмжлэгч Г-аас тодруулах ажиллагаа хийгээгүй нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нотлох баримт гаргаж өгөөгүй нь хариуцагчийн буруу мэтээр тайлбарлаж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн ...оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж үзэх үндэслэл болно.

            2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаан товлогдож тус шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэлт нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн /хх-ийн 51 хуудас/. Гэтэл даргалагчаас хэргийг танилцуулж, “таны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ юу, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна уу” зэргээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрхийг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан “...хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ...зөвшөөрсөн татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй...” гэснийг хэрэгжүүлээгүй байна. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан үргэлжилж байгаад хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг хүртэл хойшилсон байхад 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохоор товыг мэдэгдсэн зөрчил гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.    

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүриймаа давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбараа: Нэхэмжлэгч Г- нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан.

            Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. С- нь давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1430000 төгрөгийг С-гийн зээлийн төлбөр биш бол ямар учиртай мөнгө Г-ын данс руу орсныг нотолж чадаагүй” гэжээ. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ХААН банкны 5954285155 тоот дансны хуулга нь 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд хийгдсэн орлого, зарлагын гүйлгээ болохоос дан ганц зээлийн төлбөр авах зориулалттай харилцах данс биш тул нэхэмжлэгч талаас үүнийг нотлох шаардлагагүй.

            Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй. Анхан шатны шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх тул дээрх үүргийнхээ дагуу нотлох баримтаа гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан. Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хариуцагч хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж гомдолдоо дурдсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

            Хариуцагчаас давж заалдах гомдолдоо дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хуулийн зохицуулалтад хамаарах болохоос хэргийн оролцогчдын өөрт байгаа, өөрөө гаргаж өгөх боломжтой нотлох баримтыг бүрдүүлэхэд хамаарахгүй ойлголт юм.

            Нэхэмжлэгч талаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан. Шүүх хуралдааны үед хариуцагч С-д уг хүсэлтийг танилцуулсан. Хариуцагч нь уг хүсэлттэй танилцаж 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хариу тайлбараа гаргаж өгсөн. Хэргийг анхан шатны журмаар 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд /42 хоног/ хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байсан. Хариуцагч С- нь 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын хооронд олон удаагийн давтамжаар зээлж авсан мөнгөө хугацаандаа төлөөгүй, нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас санхүүгийн хүндрэл үүсч зээлсэн мөнгөө авахаар олон удаа уулзахад маргах зүйлгүйгээр төлнө гэдэг байсан боловч төлөхгүйгээр өдийг хүргэж, цаг хожин маргаж байгаа нь хариуцагчийн ёс зүй, хүн чанаргүй үйлдлийг илэрхийлж байна. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г- нь хариуцагч С-д холбогдуулан 3838000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2320000 төгрөгөөр багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.

            Хариуцагч С- нь нэхэмжлэлийн шаардлагаас 1430000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Г- нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нас барж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүриймаагийн төлөөлөх эрх нь дуусгавар болсноор С-ын хүсэлтээр нэхэмжлэгч Г-ыг эрх залгамжлагч С-аар сольж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулсан болно.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч С- нь 800000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 05-нд, 700000 төгрөгийг 2020 оны 9 сарын 01-нд, нийт 1500000 төгрөгийг төлөхөөр эрх залгамжлагч С-тай харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч  этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Зохигчид нь анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн талаар эвлэрлийн гэрээндээ тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

            Хариуцагч С-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 408 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С-д холбогдох “3838000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                   Я.АЛТАННАВЧ

 

 

 

.