Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/MA2017/0349

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр                   Дугаар 221/МА2017/0349                          Улаанбаатар хот

        

К.Анаргүлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч К.Анаргүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0241 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, К.Анаргүлийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0241 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5/, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Анаргүлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож, “401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Миний бие К.Анаргүл нь Анагаахын шинжлэх ухааны доктор, Монгол Улсын хүний гавьяат эмч бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл эмнэлгийн мэргэжлийн дагуу ажилласан, 2013 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих анги-нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Би цэргийн албаны хуулийн дагуу нийтдээ 35 жил хууль сахиулахын болон хорих байгууллагын эмнэлэгт эмчийн мэргэжлээр ажилласан.

2017 оны 10 дугаар сард эрүүл мэндийн байдлын улмаас Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлэгт эмчлүүлээд өвчтэй байх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр Б/1246 дугаар тушаал гаргаж, намайг ажлаас халсан. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг зарчмын дагуу намайг эмнэлгээс гарснаас хойшхи хугацаанд харилцан ярилцаж шийдвэрлэсэн тохиолдолд би ямар нэгэн гомдол гаргахгүй нь тодорхой. Уг асуудлаар төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны зөвлөлд хандан эцэст нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0241 дугаартай шийдвэрт ойлгомжгүй, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийн оронд хариуцагч талд хэтэрхий үйлчилсэн шийдэлтүүд тусгагдсан тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийг үл зөвшеөрех үндэслэлүүдийг дурдвал:

  1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... К.Анаргүлийг эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд нь ажлын байрыг хадгалах учиртай. Иймд нэхэмжлэгч К.Анаргүлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 тоот тушаалыг хүчшгүй болгуулж шаардлагыг ханган шийдвэрлэлээ...” хэмээн дурдсан атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт энэ талаарх шийдэлтээ дурдаагүй байна. Ингэснээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх тухай Захиргааны процессын хуулийг илтэд зөрчсөн байна.
  2. Тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоосон атлаа намайг ажлаас үндэслэлгүй халсан Б/1246 тоот тушаалыг хүчингүй болгоогүй орхигдуулснаас миний нэхэмжлэлд буй “...өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгох...” энэ хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд төлснөөр тооцуулах асуудлыг хариуцагчийн тайлбарыг аялдан шийдвэрлэв.
  3. Ажлаас халсан ажил олгогчийн тушаал хууль бус байгаа нөхцөлд миний нэхэмжлэлийн шаардлага зүй ёсны байх нь тодорхой. Захиргааны шүүхийн шийдвэрт К.Анаргүл нь 60 насанд хүрсэн, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэдгээр өмнөх ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүх тухайн маргаанд хамааралгүй, ажил олгогчийн хүрээнд үйлчлэх хуулиудыг хэрэглэж төөрөгдсөн байна. Аль ч шүүхийн практикт тэтгэврийн хүнийг ажлаас үндэслэлгүй халсан нь тогтоогдож буй нөхцөлд өмнөх буюу эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоодог жишиг Монгол болон аль ч улсад бий. Чамайг ажлаас халсан тушаал хууль зөрчсөн тул түүнийг хүчингүй болгоно, харин таны бие ажиллавал зохих хуулиар тогтоосон наснаас хэтэрсэн тул өмнөх ажилд чинь авах боломжгүй гэж шүүх үзэх нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд буй эрх тэгш байх зарчмыг зөрчсөн байна. Хууль дээдлэх зарчмыг баримтлан ажилладаг шүүх ийм шийдвэр гаргасанд гайхаж байна. Уг шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “...1246 тоот тушаалыг хүчингүй болгосугай...” гэж дурдаагүй тул гомдолд дурдсан бүх шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон агуулга уг шийдвэрт тусгагдсан байна.

Хэрэв дээрх тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бол нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн Тогтоох хэсэг өөр хоорондоо зөрчилдөөд байгааг өмнө дурдсан.

Шүүхийн шийдвэрээр 1246 тоот тушаалыг хүчингүй болгожээ гэж байгаа тохиолдолд уг тушаалыг хүчингүй болгосноос үр дагаварыг хэрхэн зохицуулах гэдэг асуудал ямар нэг байдлаар зохицуулалтгүй үлдсэн юм. Давж заалдах шатны шүүхэд гаргах гомдол:

Дурдсан үндэслэлээр хэргийг хянан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан К.Анаргүл намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, энэ хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалаар 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа К.Анаргүлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч К.Анаргүл “эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэх үндэслэлээр “дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулах,  албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, …төрийн албанаас чөлөөлөх..”, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Цэргийн алба хаагчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө”, 22.1.4-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана”, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. ...Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ... төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх бүрэн эрхтэй.

Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч дээрх бүрэн эрхээ гагцхүү хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч К.Анаргүлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий тушаалаар албан тушаалаас чөлөөлөх үед нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч К.Анаргүлийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэж тус тус заасныг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин нэгэнт К.Анаргүлийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн захиргааны акт хуульд нийцээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасан тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн 1 сарын цалин дундаж хөлсийг тодорхойлоход 1 743 539 төгрөг болж байх бөгөөд ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 110 хоногийн цалин хөлстэй тэнцэх 8 920 340 төгрөгийн /1 743 539:21.5=81 094х110/ олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар тогтов.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэхүү магадлал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хуульд нийцүүлэн тушаал гаргаж, К.Анаргүлийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0241 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн зүйлийн 35.1.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч К.Анаргүлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч К.Анаргүлийг 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч К.Анаргүлд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8 920 340 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                      

            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

 

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН