Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 241

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: К.Анаргүл

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож, 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Анаргүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “К.Анаргүл миний бие 1980 оноос эхлэн хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд буюу эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 36 жил ажилласан.

Миний бие халуурч өвчилсөн тул 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яаралтай журмаар Улсын 2 дугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эрүүл мэндийн байдал тааруу байхад 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр өөрийн туслахын хамт эмнэлэгт ирж, намайг хэвтсэн эсэхийг шалгаж, улмаар түүний даалгавраар хяналт шалгалтын байцаагч ахмад н.Есөн-Эрдэнэ архи согтууруулах удаа хэрэглэсэн байдалтай ирж эмчлэгч эмч бусад хүмүүсээс миний тухай асууж өрөөнд зөвшөөрөлгүй нэвтрэн орж “өвчтэй байгаа нь үнэн эсэхийг шалгаж байна” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад явсан. Тус эмнэлэгт миний шавь, мэргэжил нэгт нөхөд ажилладаг бөгөөд тэднээс намайг худал өвдсөн үү гэж элдвээр шалгааж эмч нарыг дарамталсан явдлаас үүдэж эрүүл мэндийн байдал муу байсан миний бие дахин сэтгэл санааны хүнд байдалд орсон.

Би тэтгэврийн насанд хүрсэн гэдгээ ойлгож байна. Гэхдээ би шинээр томилогдсон хэн нэгэн даргын хувийн таашаал үзэмжид нийцэх гэж ажиллаагүй. Төр засгаас итгэл үзүүлж хорих байгууллагын эмнэлгийн чанар үйлчилгээг сайжруулах, эрдэнэт хүний цаг бусаар нас барах явдлыг зогсоох, бууруулахын төлөө ажиллаж ирсэн. Энэ явдалд туйлын сэтгэл дундуур байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасан байна. Үүнээс үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярын Б/1246 дугаар тушаал хууль зөрчиж гарчээ.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож, 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч К.Анаргүл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/337 дугаар тушаалаар хорих 401 дүгээр хорих ангийн ерөнхий эмчээр, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/991 дүгээр тушаалаар Тогтоол гүйцэтгэх газрын эмнэлгийн албаны даргаар, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1570 дугаар тушаалаар Хорих 401 дүгээр ангийн ерөнхий эмчээр, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/331 дүгээр тушаалаар 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргасан.

Нэхэмжпэгч К.Анаргүлд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, “Цэргийн албаны тухай” хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байх тул гавьяаны амралтаа эдлэхийг уламжилсан мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

Улмаар К.Анаргүл нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 10 дугаар сарын 07-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл өвчтэй гэсэн эмнэлгийн магадалгааг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө", 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн", 24.2-т “...Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй”, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагчийг дараах үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө”, 22.1.5-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж заасныг тус тус үндэслэн Цэргийн албаны тухай. хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана." гэж заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох тухай тушаалыг гаргасан байна.

К.Анаргүлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирүүлсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаа нотолсон эмчийн магадалгаа нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон байх тул магадалгааны хугацаа дууссанаас хойш 8 хоногийн дараа буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаал гарсан байна.

Уг тушаал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалтад "... эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасныг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.2-т “...Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй”, 18 дугаар зүйлийн 18.1-т “... цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.1-т "... эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд сарын далин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасныг тус тус үндэслэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн К.Анаргүлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож, 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч К.Анаргүл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн б/331 дүгээр тушаалаар 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудсаар 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Каусылгазын Анаргүлд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор амаар болон бичгээр хариу ирүүлж, холбогдох материалаа бүрдүүлж, асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдэж, мөн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч хариу тайлбартаа “К.Анаргүлийн Шүүхийн шийдвэрт ирүүлсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаа нотолсон эмчийн магадалгаа нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон...”  гэх боловч нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл Улсын төв хоёрдугаар эмнэлгийн уушги судлалын тасагт , амбулаториор мөн оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл , 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус эмнэлгийн уламжлалт эмчилгээний тасагт  хэвтэн эмчлүүлсэн нь тус эмнэлгээс шүүхэд ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2/47 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5/-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер тэтгэвэр авах эрхтэй бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана” гэж тус тус зохицуулсны дагуу тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хуулийн дээрх заалтуудад нийцжээ. 

Гэвч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална: ... 35.1.3-д “...эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа;” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч К.Анаргүлийг эмчийн магадалгаагаар чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг хадгалах учиртай.

Иймд нэхэмжлэгч К.Анаргүлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 1956 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 60 настай бөгөөд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн гэдэгтэй маргаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан иргэний үнэмлэхийн хуулбараас үзэхэд нэхэмжлэгч К.Анаргүлийн цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болох нь тогтоогдож байна.

Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана”, 11.6-д “алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно” гэж тус тус заажээ.

Иймд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн хүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн “401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1., 106.3.13. дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5/, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Анаргүлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож, “401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Анаргүлд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН