Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/00187

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/00187

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

Нийт 1,764,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, хариуцагчийн төлөөлөгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оноос эхлэн ******* компаниар өөрийн орон сууцыг даатгуулж хамтран ажиллаж эхэлсэн. 2015 оны 11 сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн*******,*******,*******,******* орон сууцаа *******д даатгуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. 2015 оны 12 сарын 06-ны өдөр тус орон сууц эзгүй байх үеэр ариун цэврийн өрөөнд байх автомат угаалгын машины халуун усны холболт тасарч ус алдсаны улмаас миний даатгуулсан эд хөрөнгөнд дараах хохирол учирсан. Үүнд: Коридор, том өрөө, унтлагын болон хүүхдийн өрөөний паркетан шал, хаалга, шалны түвшнээс дээш 20-40 см норж, халуун усны нөлөөгөөр дэвтэн задарсан. Доод айлын цахилгааны бүх утас уг паркетан шалны доогуур явдаг учир тэдгээр цахилгааны утас, холболтууд болон шит нь бүрэн гэмтсэн. Үүнээс үүдэн цахилгааны гэмтлүүдийг засуулж, доорхи айлын цахилгааныг холбохын тулд шалыг бүхэлд нь хуулж авсан. Энэ болсон явдлыг миний аав ******* мэдсэн даруйдаа ******* компанийн ажилтан Батцэцэгтэй утсаар холбогдон мэдэгдсэн. Ингээд Батцэцэгийн өгсөн зааврын дагуу үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэн, шаардагдах материалуудыг бүрдүүлэн өгч, нөхөн төлбөр хүссэн боловч 2016 оны 2 сарын 23-ны өдөр ******* компаниас доорхи шалтгааны улмаас нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай 02/16/127 тоот шийдвэрийг гаргасан байсан. Үүнд: Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээнд заасан 3.9.1-т даатгагч нэн даруй мэдэгдэх, 3.9.2-т даатгалын тохиолдлын үед даатгалын зуучлагчид хандахгүй бөгөөд даатгагчид шууд хандах зэрэг даатгуулагчийн үүргүүдээ биелүүлээгүй нь тус гэрээний ... заалтуудад хамаарч байх тул. ******* би дээрхи зүйл заалтуудыг зөрчөөгүй учир тус компаниас гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа, энэ асуудлыг дахин хянаж үзэхийг хүсч байгаа тухай гомдлыг бичгээр гарган 2016 оны 3 сарын 02-ны өдөр *******д өгсөн. Миний гомдлыг тус компанийн оператор Одцэцэг хүлээн авсан бөгөөд захирал хөдөө явж байгаа Даваа гарагт /2016.03.07/ ирнэ гэсэн хариуг надад 77200088 дугаарын утаснаас өгсөн. Ингээд 2016 оны 3 сарын 16-ны өдөр гэдэг хүнтэй уулзахад Надад тохиролцох эрхийг захирал өгсөн. Тохиролцох саналтай байна гэсэн. Миний бие гэрээний ямар үүргээ хэрхэн зөрчсөн учраас нөхөн төлбөр авч чадахгүй байгаа гэдгээ гомдол дээрээ дурдсан байсан учраас энэ талаар тайлбар авахыг хүссэн боловч надад хууль болон гэрээнд заасны дагуу итгэл үнэмшил төрүүлэхүйц тайлбарыг өгөөгүй, чадаагүй, мөн мэргэжлийн үнэлгээний байгууллагаас үнэлэн тогтоож өгсөн хохирлын үнэлгээг үл зөвшөөрч, нөхөн төлбөрийг өгөхөөс татгалзсан. 2016 оны 7 сарын 15-ны өдөр энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт гаргасан. 45 хоногийн дараа буюу 2016 оны 8 сарын 31-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос надтай 99099235 дугаарын утаснаас холбогдож, ******* компанийн ажилтан Батцэцэгтэй холбогдсоноо нотлох хэрэгтэй байна гэсэн. Миний бие маргааш эрт Мобиком орсон боловч 3 сарын бичлэг л хадгалагддаг гэсэн хариу өгсөн. Ингээд 2016 оны 9 сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос *******аас нөхөн төлбөр олгохгүй гэсэн нь үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Иймд ******* компаниас даатгалын нөхөн төлбөр болох 1,543,000 төгрөг, Ашид билгүүн Үнэлгээний газарт төлсөн үйлчилгээний хураамж 84,860 төгрөг, мөн энэ хэрэгтэй холбоотойгоор гарсан нотариат, бичиг хэргийн зардал 136,500 төгрөг, нийт төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ******* нь 2015 оны 12 сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө даатгалын гэрээ байгуулсан. 2015 оны 12 сарын 06-ны өдөр угаалгын машинаас шланк мултарснаас болж ус алдсанаас учирсан хохирол гаргуулахаар 2016 оны 01 сарын 20-ны өдөр ******* ХХК-д өргөдөл гаргасан. Даатгалын компанийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай 02/16/127 тоот албан бичгээр мэдэгдсэн. Нөхөн төлбөрийг дараах үндэслэлээр олгохоос татгалзсан. Үл хөдлөх даатгалын тухай гэрээний 3.9.1-д даатгагчид нэн даруй мэдэгдэх, 3.9.2-т даатгалын тохиолдлын үед даатгалын зуучлагчид хандахгүй бөгөөд даатгагчид шууд хандах, 8.3-д хохирлыг нотлох боломжгүй, 8.8-д даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Даатгалын компани нь даатгуулагчийн мэдэгдсэний дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж даатгалын нөхөн төлбөр авахтай холбоотой зөвлөмж өгнө. Нөхцөл байдалтай танилцсанаар даатгалын гэрээнд заасан эрсдэл бий болсон зэрэг байдлыг тодорхой болгон баримтжуулна. Хэрвээ даатгалын зүйлд гэрээнд заагаагүй эрсдлийн улмаас хохирол учирсан, эсвэл гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулаагүй зүйлд хохирол учирсан бол даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй. Даатгуулагч нь ус алдсан тухайгаа даатгалын компанид 2016 оны 01 сарын 20-ны өдөр буюу тохиолдол бий болсноос хойш 45 хоногийн дараа даатгалын компанид мэдэгдсэн нь даатгалын эрсдэл бий болсон, уг эрсдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан, хохирлын хэмжээг бодитой тогтооход боломжгүй болгожээ. Иймд даатгалын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулсан зүйлд хохирол учирсан буюу даатгалын тохиолдол бий болсон нь нотлогдох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 1,543,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 84,860 төгрөг, нотариат, бичиг хэргийн зардал 136,500 төгрөг, нийт 1,764,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн, даатгалын тохиолдол үүссэн даруйд ******* ХХК-ийн ажилтан н.Батцэцэгт мэдэгдсэн, түүнээс өгсөн зааврын дагуу үнэлгээ хийлгэж, улмаар даатгагчид хандсан гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарлаж байх ба хариуцагч ******* ХХК нь даатгуулагч даатгалын тохиолдол үүссэн даруйд даатгагчид нэн даруй мэдэгдэх гэрээний үүргээ биелүүлээгүй, даатгалын эрсдэл бий болсон, уг эрсдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан, хохирлын хэмжээг бодитой тогтоох боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлан маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Даатгагч ******* ХХК, даатгуулагч ******* нар 2015 оны 12 сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч нь даатгалын эрсдлийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-23х/

 

Нэхэмжлэгч *******ийн 2015 оны 12 сарын 06-ны өдөр ариун цэврийн өрөөний автомат машины халуун усны холболт тасарч ус алдсаны улмаас хохирол учирсан гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12-ын Техникийн комиссын дүгнэлт-ээр нотлогдож байх ба уг дүгнэлтэд 2015 оны 12 сарын 06-ны өдрийн 16:20 цагт ваннд угаалгын машины шланк мултарсны улмаас ус алдаж ... зүйлүүдийг гэмтээсэн байна. Ус алдалтыг зогсоох арга хэмжээ авсан... хэмээн дурджээ.

 

Нэхэмжлэгч ******* нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу хандсан ба тус хороо нь 2016 оны 9 сарын 06-ны өдөр болон 2016 оны 11 сарын 10-ны өдөр Дээрх тохиолдол нь талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын 30314105186 тоот гэрээний даатгалын хамгаалалтад заасан эрсдэлд хамаарагдахгүй байх тул ******* ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэсэн агуулгатай хариу өгчээ. /хх-15х, 19х/

 

Угаалгын машины холболт мултарсан гэх нөхцөл байдал нь даатгалын гэрээний Үл хөдлөх хөрөнгийн даатгалын хамгаалалт гэсэн хэсгийн сантехникийн эрсдэл гэсэн заалтад хамаарч байх тул Санхүүгийн зохицуулах хорооны хариу үндэслэлгүй байна.

 

Учир нь сантехник гэдэг нь цэвэр ус /халуун, хүйтэн/, бохир ус, дулааны шугамын холболт багтсан ойлголт болохынхоо хувьд угаалгын машины цэвэр ус, бохирын шугамын холболтын улмаас ус алдах тохиолдол нь сантехникийн эрсдэл-д тооцогдох учиртай.

 

Даатгуулагч ******* нь 2016 оны 12 сарын 06-ны өдөр ******* ХХК-ийн ажилтан н.Батцэцэгтэй холбогдон даатгалын эрсдэл бий болсон талаар мэдэгдсэн гэж, даатгагч ******* ХХК нь даатгалын тохиолдол бий болсон талаар гэрээнд заасны дагуу нэн даруй мэдэгдэх үүргээ даатгуулагч биелүүлээгүй, 2016 оны 01 сарын 20-ны өдөр буюу тохиолдол бий болсноос хойш 45 хоногийн дараа даатгалын компанид мэдэгдсэн гэж тус тус харилцан адилгүй тайлбарлан маргадаг.

 

Нэхэмжлэгч ******* нь ийнхүү даатгалын компанид 2016 оны 12 сарын 01-ний өдөр хандсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба ******* ХХК-ийн зүгээс 2016 оны 02 сарын 23-ны өдөр нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж, ... 30314105186 тоот Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээнд заасан 3.9.1-д даатгагчид нэн даруй мэдэгдэх, 3.9.2-д даатгалын тохиолдлын үед даатгалын зуучлагчид хандахгүй бөгөөд даатгагчид шууд хандах зэрэг даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй нь тус гэрээний 8.3-т хохирлыг нотлох боломжгүй, хангалттай баримт материал бүрдүүлээгүй мөн 8.8-д даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй заалтуудад хамаарч байх... гэсэн хариуг өгсөн байна.

 

Талууд Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.9.1-т даатгалын тохиолдлын үед даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргийг хэрэгжүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-т даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн зохицуулалттай нийцжээ.

 

Иймд, хариуцагч ******* ХХК нь даатгуулагч ******* даатгалын эрсдэл бий болсон талаар гэрээний дагуу нэн даруй мэдэгдээгүй гэж өөрийн татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байхын зэрэгцээ нэхэмжлэгч ******* нь даатгагчид нэн даруй мэдэгдсэн болохоо баримтаар нотолж чадахгүй байх тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 1,543,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 1,543,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбоотойгоор үнэлгээний ажлын хөлс 84,860 төгрөг, нотариат, бичиг хэргийн зардал 136,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргаж өгсөн ******* ХХК-ийн 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 02/16/127 тоот албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-ын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 3/1331 тоот албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төв-ийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 240 тоот албан бичиг, Техникийн комиссын дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байгаа боловч хариуцагч дээр дурдсан бичгийн нотлох баримтын үнэн зөвийн талаар маргахгүй гэж тайлбарлаж байх тул нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.1-т зааснаар ******* ХХК-иас нийт 1,764,360 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР