Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2020/00979

 
 

                              

 

 

 

 

                                                   

 

 

                              129/ШШ2020/00979

   

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг 27 дугаар байрны 01-09 тоотод оршин суух Б овгийн Ч.Б

Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн,  Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг 27 дугаар байрны 01-09 тоотод оршин суух Д овгийн Э.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Г, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                         

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чимид овогтой Батцэнгэл болон Энхтайван овогтой Байгалмаа нар нь шүүхийн шийвэрээр 145,6 сая төгрөгийг Хаан банкинд төлөхөөр шийдвэрлэгдсэн бөгөөд зээлийн төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд зээлийн барьцаанд байх Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар багт байрлах Ү-0117001629 дугаартай 63 м.кв талбайтай 4 өрөө үйлчилгээний зориулалттай барилга болон Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах Ү-0118004478 дугаартай 70 м.кв 3 өрөө орон сууцыг барьцааг дуудлага худалдаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангахыг даалгасан байдаг. Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 05 сарын 13-ны өдөр төлбөр төлөгч болон Хаан банкны барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний саналууд, зах зээлийн үнэ, материалын орц, байршил зэргийг огт тооцоолоогүй хэт доогуур үнээр барьцаа хөрөнгийг үнэлж илт хууль зөрчсөн үйлдэл гаргалаа. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу 2020 оны 06 сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 06 сарын 17-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 129/ШЗ2020/03033 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах Ү-0117001629 дугаартай 63 мкв талбайтай 4 өрөө үйлчилгээний зориулалттай барилга болон Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах Ү-0118004478 дугаартай 70 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хэтэрхий багаар үнэлсэн 123, 124 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 417 дугаартай шийдвэрээр *******, ******* нараас 145,590,205 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэгдсэн байна. Дээрх гүйцэтгэх хуудас материалд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******, ******* нарт зарлан дуудах мэдэгдэл, биелүүлэх мэдэгдлүүдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганчимэгт гардуулан өгсөн. Төлбөр төлөгч *******, Э.Байгальмаа нар нь төлбөрийг шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй тул төлбөр төлөгч *******, ******* нарын өмчлөлийн Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 302 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0118004478 дугаартай 70 мкв талбай бүхий сууцыг 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 20010072/06 тоот тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Холбооны газрын зүүн талд байрлах улсын бүртгэлийн Ү-0117001629 дугаартай 63 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 4 өрөө барилга улсын бүртгэлийн гэрчилгээний 0095469 нэгж талбарын 021800280 дугаартай 315 мм газрын хамт 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 20010072/07 тоот тогтоолоор тус тус битүүмжлэн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 20010072/13, 20010072/14 тогтоолоор тус тус хураан авсан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцохгүй зөрүүтэй санал өгсөн тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээчээр “Мэргэн гүн Аудит” ХХК-ийн шинжээч А.Бямбажавыг томилох гэж байгаа тул шинжээчтэй холбоотой санал хүсэлтээ 2020 оны 04 сарын 27-ны дотор ирүүлэхийг төлбөр төлөгч талд мэдээлэл өгсөн боловч дурьдсан хугацаанд шинжээчтэй холбоотой санал ирээгүй тул шинжээчийг дээрх хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 04/01, 04/02 тоот шинжээч томилох тогтоолоор “Мэргэн гүн Аудитын” ХХК-ийн шинжээч А.Бямбажавыг томилон үнэлүүлсэн. Төлбөр төлөгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганчимэгтэй 2020 оны 05 сарын 13-ны өдөр утсаар ярьж үл хөдлөх хөрөнгүүдийн тайлантай ирж танилцахыг мэдэгдэхэд ирээгүй тул 2020 оны 05 сарын 14-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрийн хаягаар мэдэгдлийг баталгаат шууданд хийсэн. Төлбөр төлөгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганчимэг нь 2020 оны 06 сарын 10-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх тул гомдол гаргах хуульд  заасан хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 417 тоот шийдвэрээр *******, ******* нараас 145.590.205 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч Хаан банк нь тус газарт дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу тус газраас 2020 оны 01 сарын 16-ны өдөр 20010072 гэсэн үүсгэх тогтоол үйлдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлээд төлбөр төлөгч нарыг 2020 оны 02 сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хоёуланд нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Булганчимэгт гардуулж өгсөн мөн зарлан дуудах мэдэгдлийг өгсөн боловч ирж уулзаагүй. 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 200100725 гэсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн. Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 302 тоотод байрлах 3 өрөө байр мөн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Холбооны газрын зүүн талд байрлах 63 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 4 өрөө барилгыг газрын хамт битүүмжилсэн. Мөн зарлан дуудах мэдэгдлийг 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 200100726 гэсэн мэдэгдлээр өгөхөд мөн төлбөр төлөгч нар ирээгүй. 2020 оны 04 сарын 03-ны өдөр эд хөрөнгүүдийг хураасан. Хураагаад 2020 оны 04 сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2001007208 гэсэн мэдэгдлээр хүргүүлсэн боловч биелүүлээгүй. 09, 10 гэсэн дугаартай мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нар ямар ч санаачилга гаргаагүй нэг ч төлбөр төлөгдөөгүй мөн ирж уулзаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Булганчимэг гэдэг хүнд дээрх хөрөнгүүд хураасан битүүмжилсэн тогтоолуудыг бүгдийг нь гардуулж өгсөн. Хурааж авснаас хойш бие даан худалдан борлуулах хугацаа өгсөн. Дээрх хөрөнгүүдийг хураасантай холбогдуулан саналуудыг авахад төлбөр төлөгч талаас санал ирүүлээгүй. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай 4 өрөө барилгыг 75.000.000 төгрөгөөр, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 302 тоотод байрлах 3 өрөө байрыг 70.000.000 төгрөгөөр үнийн саналаа ирүүлсэн. Төлбөр төлөгч тал саналаа ирүүлээгүй учраас ахлах гүйцэтгэгчийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн тогтоолоор шинжээч томилсон. Шинжээчээр Мэргэн гүн аудитын шинжээч А.Бямбажавыг томилсон. 2 үл хөдлөх хөрөнгө дээр хоёуланд нь шинжээч томилсон тогтоол гарсан. Шинжээчид эрх, үүрэг танилцуулж гарын үсэг зурж, тайлбар авч тэмдэглэл хөтөлсөн байгаа. 2020 оны 05 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан ба Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 302 тоотод байрлах 3 өрөө байр 66.920.000 төгрөгөөр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай 4 өрөө барилга 27.455.400 төгрөгөөр үнэлэгдэж, газар 13.435.300 төгрөгөөр үнэлэгдсэн. Шинжээчийн дүгнэлт ирсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булганчимэгт утсаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн дүгнэлттэй ирж танилцахыг мэдэгдсэн. Утсаар мэдэгдэхэд ирэх боломжгүй хөдөөгүүр явж байна, тэгж байгаад очно гэсэн тайлбарыг 2020 оны 05 сарын 13-ны өдөр хэлсэн. Төлбөр төлөгч Байгалмаа, Батцэнгэл нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Булганчимэгт 2020 оны 05 сарын 13-ны өдөр утсаар ярьж мэдэгдэхэд ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шийдвэр гүйцэтгэх мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн эсвэл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж заасны дагуу 2020 оны 05 сарын 14-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрийн хаягаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Байгалмаа, Батцэнгэл нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Булганчимэг мэдэгдэл хүргүүлснээс хойш 2020 оны 06 сарын 10-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан “эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана” гэсэн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багт байрлах Y-0117001629 дугаартай 63 мкв талбайтай 4 өрөө үйлчилгээний зориулалттай барилгыг газрын хамт болон Эрдэнэбулган сумын 1-р багт байрлах Y-0118004478 дугаартай 70 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн 123, 124 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нар “зах зээлийн үнэ, материалын орц, байршил зэргийг огт тооцоолоогүй хэт доогуур үнээр барьцаа хөрөнгийг үнэлсэн” гэсэн үндэслэлээр шинжээчийн 123, 124 тоот хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлдээ тайлбарлажээ.

Хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийгдсэн, мөн  гомдол гаргах хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 417 тоот шийдвэрээр *******, ******* нараас 145.590.205 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэгдсэн талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа, нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ бичснээс үзэхэд  нэхэмжлэгч *******, ******* нар шүүхийн шийдвэрийн дагуу ХААН банкинд төлбөр төлөх үүрэгтэй байсан нь тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Архангай аймгийн Эрдэнэбулган 1-р баг, 39 дүгээр байрны 302 тоотод байрлалтай улсын бүртгэлийн Y-0118004478 дугаартай 70 мкв талбайтай 3 өрөө байр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн төвд байрлах улсын бүртгэлийн гэрчилгээний Y-0117001629 дугаартай 63 мкв талбайтай 4 өрөө үйлчилгээний зориулалттай барилга, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн төвд байршилтай, улсын бүртгэлийн 0095469 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 02180230 дугаартай 315 мкв газрыг хураах /эд хөрөнгө хураах тухай 20010072/13, 20010072/14 тоот тогтоол/ ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хураан авсан дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч тал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хөх чоно” худалдаа үйлчилгээний төвийг 186.053.000 төгрөгийн, төлбөр авагч ХААН банк 75.000.000 төгрөгийн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, 39-р байрны 302 тоот байрыг төлбөр төлөгч тал 96.600.000 төгрөгийн, төлбөр авагч ХААН банк 70.000.000 төгрөгийн үнийг санал болгожээ. Үүрэг гүйцэтгэгч *******, ******* нар болон үүрэг гүйцэтгүүлэгч ХААН банк нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилж хураан авсан эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцэж байна.  

Шинжээч 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 123 тоот дүгнэлтээр 2020 оны 05 сарын байдлаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багт байршилтай 63 мкв талбай бүхий үйлчилгээний зориулттай барилгын үнэлгээг 27.455.400 төгрөгөөр, 315 мкв талбай бүхий эзэмшил газрын үнэлгээг 13.435.400 төгрөгөөр,  2020 оны 05 сарын 05-ны өдрийн 124 тоот дүгнэлтээр 2020 оны 05 сарын байдлаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг 39-р байрны 302 тоотод байрлалтай 70 мкв 3 өрөө байрны үнэлгээг 66.920.000 төгрөгөөр үнэлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж, нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нар дээрх хураан авсан үл хөдлөх хөрөнгийг “шинжээч зах зээлийн үнэ, материалын орц, байршил зэргийг огт тооцоолоогүй хэт доогуур үнээр үнэлсэн” гэх үндэслэлээ нотлох баримтаар нотолж, шинжээчийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 123,124 тоот дүгнэлтийг нотлох баримтаар үгүйсгэж, няцааж чадахгүй байна.

Мөн нэхэмжлэгч *******, ******* нарын Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 17-ны өдөр 3033 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

“Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багт байршилтай 63 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг 27.455.400 төгрөгөөр, 315 мкв талбай бүхий эзэмшил газрыг 13.435.400 төгрөгөөр,  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг 39-р байрны 302 тоотод байрлалтай 70 мкв 3 өрөө байрны үнэлгээг 66.920.000 төгрөгөөр тус тус үнэлсэн шинжээчийн дүгнэлт гарсныг шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 05 сарын 14-ний өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдэх хуудас хүргүүлж мэдэгдсэн атал *******, ******* нар 2020 оны 06 сарын 10-ны өдөр анх шүүхэд үнэлгээний талаар гомдлоо гаргаж хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн” гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн тайлбартай нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Булганчимэг 2020 оны 07 сарын 27-ны өдөр танилцсан боловч  мэдэгдэх хуудсыг *******, ******* нар хэзээ гардан авсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7-д заасан хугацааны дотор буюу 123, 124 тоот шинжээчийн дүгнэлт гарсныг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор  шүүхэд үнэлгээний талаар гомдлоо гаргасан эсэх талаар мэтгэлцэж тайлбар, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул тэднийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргаагүй гэж үзнэ.  

Нэхэмжлэгч нар “үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй, хуульд заасан хугацаанд шүүхэд үнэлгээний талаар гомдлоо гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж гаргасан Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар багийн төвд байрлах улсын бүртгэлийн Y-0117001629 дугаартай үйлчилгээний зориулалттай 63 мкв талбай бүхий барилга, улсын бүртгэлийн 0095469 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 02180230 дугаартай 315 мкв газрыг үнэлсэн шинжээчийн 123 тоот үнэлгээг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 302 тоотод байршилтай улсын бүртгэлийн Y-0188004478 дугаартай 70 мкв талбайтай 3 өрөө байрыг үнэлсэн шинжээчийн 124 тоот үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж гаргасан Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар багийн төвд байрлах улсын бүртгэлийн Y-0117001629 дугаартай, үйлчилгээний зориулалттай 63 мкв талбай бүхий барилга, улсын бүртгэлийн 0095469 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 02180230 дугаартай 315 мкв газрыг үнэлсэн шинжээчийн 123 тоот үнэлгээг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 302 тоотод байршилтай улсын бүртгэлийн Y-0188004478 дугаартай 70 мкв талбайтай 3 өрөө байрыг үнэлсэн шинжээчийн 124 тоот үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас 70.200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай. 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх зохигчид гардуулах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БАЙГАЛМАА