Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 41

 

Э.Б, Ч.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2020/00979 дүгээр шийдвэртэй

Э.Б, Ч.Б нарын  нэхэмжлэлтэй

ШШГГт  холбогдох

үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Б.Г, Б.О,  нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд: “Э.Б, Ч.Б нар нь шүүхийн шийдвэрээр 145,6 сая төгрөгийг ХААН банкинд төлөхөөр шийдвэрлэгдсэн бөгөөд зээлийн төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд зээлийн барьцаанд байх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах Ү-0117001629 дугаартай 63 м.кв талбайтай 4 өрөө үйлчилгээний зориулалттай барилга болон Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах Ү-0118004478 дугаартай 70 м.кв 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгасан байдаг. ШШГГ нь 2020.05.13-ны өдөр төлбөр төлөгч болон ХААН банкны барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний саналууд, зах зээлийн үнэ, материалын орц, байршил зэргийг огт тооцоолоогүй хэт доогуур үнээр барьцаа хөрөнгийг үнэлж илт хууль зөрчсөн үйлдэл гаргалаа. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу 2020.06.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШЗ2020/03033 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах Ү-0117001629 дугаартай 63 м.кв талбайтай 4 өрөө үйлчилгээний зориулалттай барилга болон Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах Ү-0118004478 дугаартай 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хэтэрхий багаар үнэлсэн 123, 124 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч болон түүний төлөөлөгчдийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаартай шийдвэрээр Ч.Б, Э.Б нараас 145 590 205 төгрөг гаргуулж ХААН банкинд олгохоор шийдвэрлэгдсэн байна. Дээрх гүйцэтгэх хуудас, материалд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж зарлан дуудах мэдэгдэл, биелүүлэх мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Э.Б, Ч.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бт гардуулан өгсөн. Төлбөр төлөгч Ч.Б, Э.Б нар нь төлбөрийг шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй тул тэдний өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 39 дүгээр байрны 302 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0118004478 дугаартай 70 м.кв талбай бүхий сууцыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20010072/06 тоот тогтоолоор, мөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Холбооны газрын зүүн талд байрлах улсын бүртгэлийн Ү-0117001629 дугаартай 63 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 4 өрөө барилга, улсын бүртгэлийн гэрчилгээний 0095469 нэгж талбарын 021800280 дугаартай 315 м.кв газрын хамт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20010072/07 тоот тогтоолоор тус тус битүүмжлэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20010072/13, 20010072/14 тоот тогтоолоор тус тус хураан авсан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцохгүй зөрүүтэй санал өгсөн тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээчээр “Мэргэн гүн аудит” ХХК-ийн шинжээч А.Б-ыг томилох гэж байгаа тул шинжээчтэй холбоотой санал хүсэлтээ 2020.04.27-ны дотор ирүүлэхийг төлбөр төлөгч талд мэдэгдсэн боловч дурдсан хугацаанд шинжээчтэй холбоотой санал ирээгүй тул шинжээчийг дээрх хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/01, 04/02 тоот шинжээч томилох тогтоолоор “Мэргэн гүн аудит” ХХК-ийн шинжээч А.Б-ыг томилон үнэлүүлсэн. Төлбөр төлөгч Э.Б, Ч.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бтэй 2020.05.13-ны өдөр утсаар ярьж үл хөдлөх хөрөнгүүдийн тайлантай ирж танилцахыг мэдэгдэхэд ирээгүй тул 2020.05.14-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн. Төлбөр төлөгч Э.Б, Ч.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2020.06.10-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх тул гомдол гаргах хуульд  заасан хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2020/00979 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б, Э.Б нарын хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж гаргасан Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар багийн төвд байрлах улсын бүртгэлийн Y-0117001629 дугаартай, үйлчилгээний зориулалттай 63 м.кв талбай бүхий барилга, улсын бүртгэлийн 0095469 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 02180230 дугаартай 315 м.кв газрыг үнэлсэн шинжээчийн 123 тоот үнэлгээг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 302 тоотод байршилтай улсын бүртгэлийн Y-0188004478 дугаартай 70 м.кв талбайтай 3 өрөө байрыг үнэлсэн шинжээчийн 124 тоот үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б, Э.Б нараас 70.200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2020/00979 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Б болон Э.Б нарын нэхэмжлэлтэй ШШГГт холбогдох иргэний хэрэгт тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь дараах хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020.05.13-ны өдөр төлбөр төлөгч болон ХААН банкны барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний саналууд, зах зээлийн үнэ, материалын орц, байршил зэргийг огт тооцоололгүйгээр хэт доогуур үнээр барьцаа хөрөнгийг үнэлж илт хууль зөрчсөн үйлдэл гаргалаа.” гэжээ. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хууль зөрчсөн гэж гомдол гаргаагүй гэсэн нь хууль бус байна.

2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах Ү-0117001629 дугаартай 63 м.кв талбайтай 4 өрөө үйлчилгээний зориулалттай барилга болон мөн сумын 1 дүгээр багт байрлах Ү-0118004478 дугаартай 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны доод үнийг харилцан тохиролцоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль бус байна. 4 өрөө үйлчилгээний зориулалттай барилга, 3 өрөө орон сууцыг хэтэрхий багаар үнэлсэн 123, 124 тоот хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур байгаа билээ.

3. Зах зээлийн жишиг үнэлгээний талаар нэхэмжлэгчийн зүгээс хангалттай баримт гаргаж өгсөн. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд орц, байршил зэргийг харьцуулсан зах зээлийн судалгаа байхгүй байгаагаас илэрхий харагдана. Гэтэл шүүх хэт нэг талд үйлчлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль бус байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2020/00979 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Э.Б, Ч.Бнар ШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар шийдвэрээр Э.Б, Ч.Бнар 145 590 205 төгрөгийг ХААН банкинд төлөхөөр шийдвэрлэжээ.

Э.Б, Ч.Б нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч ХААН банкны хүсэлтээр ШШГГ төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Э.Б, Ч.Бнарын өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Холбооны газрын зүүн талд байрлах газар эзэмших эрх, дээрх хаягт байрлах 63 м2 талбай бүхий барилга, Ч.Батцэнгэлийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 39 дүгээр байрны 302 тоотод байрлах 3 өрөө орон сууц зэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20010072/06, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20010072/07 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20010072/13, 20010072/14 дүгээр тогтоолоор хураах ажиллагаа явуулсан байна.

Талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагч ШШГГ нь Мэргэн гүн аудит ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Мэргэн гүн аудит ХХК нь Э.Б, Ч.Бнарын өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Холбооны газрын зүүн талд байрлах газар эзэмших эрх, дээрх хаягт байрлах 63 м2 талбай бүхий барилга болон Ч.Б-ийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 39 дүгээр байрны 302 тоотод байрлах 3 өрөө орон сууц зэргийг хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “... өртгийн хандлагаар орлуулах өртгийн аргаар, зах зээлийн хандлагаар жиших ажил гүйлгээний аргаар” үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч Э.Б, Ч.Бнар нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, зах зээлийн үнэ, материалын орц, байршил зэргийг огт тооцоолоогүй гэх боловч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул Э.Б, Ч.Бнарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Хэргийн баримт, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2020/00979 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн гомдлыг хангахгүй орхисугай.             

2. Нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

                 ШҮҮГЧИД                                      Д.Б

                                                                       В.Ц