| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0160/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/175 |
| Огноо | 2017-06-30 |
| Зүйл хэсэг | 271.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хохирогч Х.М-
Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 201722000206 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Б-,
Шүүгдэгч Т.Б- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэд нийтийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр багийн иргэд нийтийн хуралдааныг хуралдуулахгүй байж 56 өрхийн төлөөлөл оролцож хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг зохион бичиж уг хурлын тэмдэглэлийг үндэслэн Багийн иргэдээс ирүүлсэн малын эмчийг солиулах саналыг дэмжих тухай 01 дугаартай хурлын тогтоол гаргаж баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Шүүгдэгч Т.Б- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэд нийтийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр багийн иргэд нийтийн хуралдааныг хуралдуулахгүй байж 56 өрхийн төлөөлөл оролцож хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг зохион бичиж уг хурлын тэмдэглэлийг үндэслэн Багийн иргэдээс ирүүлсэн малын эмчийг солиулах саналыг дэмжих тухай 01 дугаартай хурлын тогтоол гаргаж баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Х.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5 малчны нэр барьж намайг ажлаа муу хийдэг тухай хуурамчаар яриулан намайг ажлаас чөлөөлж Хангайн буга эмчид миний ажлыг давхар хариуцуулсан тухай албан тоот үйлдсэн байсан ба 1 дүгээр багийн түр орлон гүйцэтгэгч Ш.П-гийн албан тоот зэргийг хавсарган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлснээр намайг ажлаас чөлөөлөн 1 дүгээр багийн малд хийх вакциныг 2 дугаар багийн малын эмч Хангайн бугад хуваарилан өгсөн байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,
Гэрч Д.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Манай багийн иргэд нийтийн хурлын дарга Т.Б- засаг дарга Ш.П- нар нь хуурамч тогтоол гарган Х.М-ыг иргэд нийтийн хурлыг хуралдуулаагүй байж ажлаас чөлөөлсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Гэрч А.П-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Т.Б- иргэдийн нийтийн хурлыг хуралдуулаагүй байж намайг үг хэлснээр хуурамч тэмдэглэл үйлдэж намайг Х.Мягмарсүрэн эмчийг ажил хийдэггүй гэсэн утгатай зүйл бичиж Х.М-ыг ажлаас чөлөөлсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Гэрч Ш.П-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Ш.Бямбадалай, Т.Б- нар надад гомдол гаргасны дагуу би 2 дугаар багийн малын эмч Хангайнбугыг томилж өгнө үү гэсэн тоотыг Хөдөө аж ахуйн газрын дарга Баттулгад хүргүүлсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Гэрч Б.Б-н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Манай Шувуут баг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ямар нэгэн багийн хурал болоогүй. Би хуралд суугаагүй. Тэр Т.Б- миний хэлээгүй үгийг хэлүүлж хурлын тэмдэглэлийг зохиож бичсэн байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
Гэрч Д.Ч-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Т.Б- хурал хийгээгүй байж намайг малын эмчийг сольж, хэлээгүй үгийг хэлүүлж хурлын тэмдэглэлийг зохиож бичсэн байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Гэрч Б.Б-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 1 дүгээр багийн иргэд нийтийн хурлын дарга Т.Б- намайг багийн хуралд суугаагүй байхад Х.М- эмчийг ажлаа муу хийдэг Хангайн буга эмчийг ажиллуулах саналтай байна гэж миний яриагүй зүйлийг ярьсан болгож бичсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Гэрч В.Х-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 1 дүгээр багийн хурлын тогтоол хуурамч тогтоол байсан тул би 1 дүгээр багийн малын эмчийн ажлыг Х.М-т буцаан өгсөн юм. Би ажлаа өгөхдөө Х.М-д хөдөө аж ахуйн газраас өгсөн вакциныг бүгдийг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Шүүгдэгч Т.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын эхээр багийн засаг даргыг орлон гүйцэтгэгч Ш.П- 1 дүгээр багийн малын эмчээр Хангайнбугыг ажиллуулах тухай надад ярьж байсан юм. Тэгээд удалгүй 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот өгсөн юм. Би тэр тоотын дагуу багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулаагүй байж хуурамчаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолыг хуурамчаар үйлдсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-т зааснаар албан тушаалтан баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал тал/-аар зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн 201722000206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдлаа.
Шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хохиролын хувьд нэхэмжлэх зүйлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирол төлбөр нэхэмжлэхгүй, эвлэрлийн гэрээг хүчээр, шахалтанд орж хийсэн бөгөөд гомдолтой байна гэснийг үндэслэж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Харин хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хохиролын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Б-ийг албан тушаалтан баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ