Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 156/ШШ2019/00544

 

 

 

 

                               

 

 

 

 

2019 оны 10 сарын 07 өдөр              Дугаар 156/ШШ2019/00544                          Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00407/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............. оршин суух, Б.Б /РД:................/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................байрлах,  ........... ХХК-ийн Хэнтий салбарт холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Д.Оюунцэцэг,

            хариуцагчийн төлөөлөгч Б.Ю,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

                                                            

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...........ны Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулахдаа надад ямар зөрчил гаргасныг танилцуулаагүй. Одоо Авилгын эсрэг хууль зөрчсөн гээд байгаа. Миний хувьд энэ асуудлаар хамт олны хурал дээр хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар огт яриагүй.

...........ны Хэнтий салбарын захирлын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулна. Биндэр сумын тооцооны төвийн 120 000 000 төгрөгийн ашиглангийн асуудлыг тушаалд бичсэн байгаа боловч ашиглан гарах үед би гүйцэтгэх захирлын тушаалаар чөлөөтэй байсан. Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой хөдөлмөрийн гэрээг эсэргүүцсэн гэж тушаал дээрээ дурдсан байгаа. Энэ нь эхний ээлжинд зөвхөн захирлын зөвлөлийн гишүүд дээр хөдөлмөрийн гэрээг шинэчилнэ гэж захирлын зөвлөлд шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг танилцуулсан. Уг гэрээн дээр захирлын зөвлөлийн гишүүд бүгдээрээ огноо нь зөрүүтэй байна. Огноогоо засаад ир гэсэн боловч бичиг хэрэг огноогоо засаад эргэж бид нартай гэрээ хийж гарын үсэг зуруулаагүй. Түүнээс хойш нилээдгүй хугацаа  өнгөрсний ард дээр ажлаас халсан тушаал гарахын өмнөх өдөр нь

надад огт хэлээгүй мөртлөө бусад захирлын зөвлөлийн гишүүдэд гэрээгээ байгуул гэж хэлээд хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан байсан.

Мөн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байранд заагдсан чиг үүргийг  хангалттай биелүүлж ажиллаагүйгэж байна. Би энэ дээр яг ямар ажлын үүрэг заалтыг хангалттай биелүүлээгүй юм бэ гэдгээ мэдэхгүй байна. Надад чи ийм чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж хэлээгүй. Энэ тушаалыг гаргахдаа захирлын зөвлөлийн хурлаар ороогүй. Хуулийн газраар хянуулаагүй тушаалаа гаргасан байдаг. Тушаал дээр хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.31 дэх заалтыг зөрчсөн гээд бичсэн байдаг. Энэ нь надтай байгуулсан өмнөх гэрээн дээр 7.4.31 гэсэн заалт байхгүй. Шинэчилсэн хөдөлмөрийн гэрээн дээр 7.4.31 дэх заалт гэж бичсэн нь надтай байгуулаагүй гэрээний заалтыг тушаал дээрээ бичсэн нь мөн үндэслэлгүй байна. Бор-Өндөр тооцооны төвийн ахлах теллер өөрийн хүсэлтээр ажлаас гарсан байгаа.

Ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 сар 15 хоногт 2 501 049 төгрөг болсон.  

Иймд ...........ны Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, ажлаас халсан 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 2 501 049 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах хүсэлтэй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр намайг эзгүй томилолтоор явж байх хугацаанд бүх ажилтнуудын хурлыг зарлаад,  тухайн  хурал дээрээ Дархан, Биндэр сумын тооцооны төвийн захирлаар томилуулах хүмүүсийн мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн талаар хэлж Авилгын эсрэг хууль зөрчсөн учир сануулах арга хэмжээ авсан.

Биндэр тооцооны төвийн асуудал дээр 2018 оны 04 сард дотоод хяналт шалгалтын ажлаар манай тооцооны төв өөрсдөө багаар ажиллаж 3-4 сумдаар хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтад Биндэр тооцооны төв орж байгаа. Энэ хяналт шалгалт хийх хугацаандаа Б нь Биндэр тооцооны төв дээр хяналт шалгалтыг дутуу хийсэн. Яагаад гэхээр 2, 3 сард Батгэрэл гэдэг хүн ашиглангийн шинжтэй үйлдлээ гаргачихсан байсан. Гэтэл уг шалгалтын дараа 2018 оны 05 дугаар сард ашиглангийн шинжтэй үйлдэл дахин илэрч Батгэрэл нь хүний данснаас 250 сая төгрөг авсан асуудал гарсан. Үүний дагуу ...........ны Дотоод хяналт шалгалт ирж тал мөнгийг нь буцаан авч, 120 сая төгрөгийн хохирол одоо учирсан. Тийм учраас Быг өөрийн хариуцсан тооцооны төв дээрээ  байнгын өдөр тутмын  хяналт шалгалт тавьж ажиллаагүй байна гэд шаардлагыг тавьсан.

Шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг Гүйцэтгэх захирлын тушаалаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор зөвлөлийн гишүүдэд байгуул гэсэн тушаал ирсэн. Энэ тушаалын дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудлыг архив, бичиг хэргийн эрхлэгчид даалгахад Б нь ийм хөдөлмөрийн гэрээ байгуулаад байхдаа яадаг юм. Наад дээр чинь би зурахгүй гэж хэлсэн асуудал яригдсан байдаг. Б өөрөө эсэргүүцэж хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн үүднээс би Бтай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Дараагийн асуудал 2019 оны 05 сард дотоод хяналтын шалгалт орсон. Энэ шалгалтаар Бы хариуцдаг тооцооны төвд 20 гаран сая төгрөгийн ашиглангийн шинжтэй үйлдэл мөн илэрсэн. Энэ үйлдлийг газар дээр нь очиж дараагийн шатны арга хэмжээ авч асуудлыг шийдсэн. Ийм ашиглангийн шинжтэй үйлдлүүд аль 2018 оноос эхлэн илэрсэн юм байна лээ. Энэ үйлдлийг тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Б өдөр тутмын хяналт шалгалтаар илрүүлж  байх ёстой. Үүнийгээ биелүүлж чадаагүй учраас 5 сард Баянмөнх сумын тооцооны төвд дахин ашиглангийн шинжтэй  үйлдэл гарсан. Энэ үйлдэл дээр дотоод хяналт шалгалтын газраас Б дээр ажлаас халах гэсэн санал хүсэлт гаргасан. Энэ ажлаас халах саналын дагуу түүний материалыг хүний нөөцийн газар руу явуулсан. Энэ шаардлагын дагуу хүний нөөцийн газраас наад хүндээ арга хэмжээ авч ажилла гэсэн хариу ирсэн байдаг.

2019 оны 08 дугаар сард Бор-Өндөр тооцооны төвд ашиглангийн шинжтэй үйлдэл гарсан. Иймд ажлаа зохих ёсоор хийгээгүй, хариуцсан тооцооны төвүүдэд нь ашиглангийн үйлдэл байнга гарч байсан учир ажлаас халсан, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б нь ........... ХХК-ийн Хэнтий салбарт холбогдуулан захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тушаалыг “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаар “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2 501 049 төгрөг гаргуулах,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гэж 2 501 049 төгрөг нэхэмжилж байгаа болохоо тодруулсан.

            Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэмэгдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан хугацааны шаардлагыг хангажээ.

 

            ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 07 дүгаар сарын 23-ны өдрийн Б/385/2475 дугаар тушаалаар Б.Б нь Хэнтий салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтний ажилд томилогдож байсан байна.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид өөрсдийн мэтгэлцээний байр суурийг баримтаар нотлох үүрэг хүлээдэг тул үүний дагуу үйл баримтыг нотлогдсон хэмжээнд үнэлсэн болохыг урьдчилж дурдах нь зүйтэй.

            Мөн хариуцагч байгууллагын удирдлага нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон болно.

            Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах шаардлагын тухайд

            ........... ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Авлигын эсрэг тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, нууцын зааврын дагуу хүлээсэн үүргээ зөрчин Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг гаргагч нарын мэдээллийг ашигласан, хамт олны хурал дээр олон нийтэд нээлттэй танилцуулсан зөрчил гаргасан гэж үзэн Б.Бд сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах болохыг заасан.

            ........... ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тушаалд Б.Быг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй гэж дүгнэхдээ хэзээ гаргасан, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг ямар байдлаар зөрчсөн зөрчилд сахилгын арга хэмжээ ногдуулж байгааг дүгнээгүй, сахилгын шийтгэл ногдуулах болсон үйл баримтын талаар нотлох баримт байхгүй байна.

            Түүнчлэн хэрэгт авагдсан ........... ХХК-ийн Хэнтий салбар, Хурх тооцооны төвийн бүх ажиллагсдын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд Б.Б нь Авлигатай тэмцэх газар урьдчилсан мэдүүлэг явуулсан талаар ярихдаа мэдүүлэгт агуулагдсан мэдээллийн талаар яриагүй учир Авлигын эсрэг тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үүрэг хүлээсэн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хугацаанд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөл болон хуульд зааснаас бусад тохиолдолд мэдүүлэг гаргагчийн болон энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийг задруулах, ямар нэгэн зорилгоор ашиглахыг хориглоно гэсэн зохицулалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй байна.

          Харин тухайн үед Б.Б нь хариуцагч байгууллагын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үүрэг хүлээсэн албан тушаалтан байсан болох нь талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон болно.    

          Иймд ажилтны хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй гэж ямар үндэслэлээр дүгнэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь Авлигын эсрэг хуулийг зөрчөөгүй байх тул Б.Бд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ........... ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй.

         

          Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

          ........... ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, нууцын зааврын дагуу хүлээсэн үүргээ зөрчин Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг гаргагч нарын мэдээллийг ашигласан, хамт олны хурал дээр олон нийтэд нээлттэй танилцуулсан, хариуцсан нэгжүүд нь 3 жил дараалан ашиглан гаргаж, банкинд 120 000 000 төгрөгийн бодит хохирол учруулсан, хариуцсан нэгжүүдийн 26 ажилтнаас 5 ажилтан буюу 19.2% нь арга хэмжээний саналтай, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг эсэргүүцсэн, Бор-Өндөр тооцооны төвийн ахлах теллер нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тэтгэврийн зээл дутуу олгож ашиглангийн шинжтэй үйлдэл гаргасан, хариуцсан тооцооны төвүүдэд хяналт тавьж ажиллаагүй нь Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон гэж үзээд Б.Бы хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. Уг тушаалд ажлаас чөлөөлөх үр дагаварыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд үүсгэжээ.

          Тушаалд дурдагдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийг нэг бүрчлэн авч үзвэл:

          - Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, нууцын зааврын дагуу хүлээсэн үүргээ зөрчин Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг гаргагч нарын мэдээллийг ашигласан, хамт олны хурал дээр олон нийтэд нээлттэй танилцуулсан гэх үйлдэлд ........... ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан байна. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гарсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгож байгаа болно.

          - Хариуцсан нэгжүүд нь 3 жил дараалан ашиглан гаргаж, банкинд 120 000 000 төгрөгийн бодит хохирол учруулсан, хариуцсан нэгжүүдийн 26 ажилтнаас 5 ажилтан буюу 19.2% нь арга хэмжээний саналтай гэх асуудалд 2018 оны 05 дугаар сард Биндэр сумын тооцооны төв, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 02 дугаар сард Баянмөнх тооцооны төвд гарсан ажилтнуудын ашиглалтын үйлдлүүдэд хариуцсан менежер болох Б.Б хяналт тавьж чадаагүй, шалгалтыг зөв зохион байгуулаагүй, шалгалтыг чанартай хийж гүйцэтгээгүй үйлдэл хамаарна гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тодруулж тайлбарласан болно.

          Хэрэгт авагдсан ........... ХХК-ийн Дотоод аудитын газар болон Дотоод хяналт шалгалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас”-нд Баянмөнх, Дэлгэрхаан сумдын тооцооны төвүүдийн ажилтнуудын гаргасан сахилгын зөрчил, хариуцсан нэгжүүдийн 26 ажилтнаас 5 ажилтан буюу 19.2% нь арга хэмжээний саналтай байгаа асуудлыг тогтоож, үүнийг үндэслэн хариуцсан менежер Б.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргажээ.

          2018 оны 05 дугаар сард Биндэр сумын тооцооны төвийн ажилтан н.Батгэрэл ашиглалтын зөрчил гаргасан гэх үйл баримт дээр талууд маргаагүй.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг.

          Үйл баримт, хуулийн зохицуулалтыг харьцуулан авч үзвэл Баянмөнх, Дэлгэрхаан сумдын тооцооны төвүүдийн ажилтнуудын гаргасан сахилгын зөрчил, хариуцсан нэгжүүдийн 26 ажилтнаас 5 ажилтан буюу 19.2% нь арга хэмжээний саналтай асуудлыг ажил олгогчийн зүгээс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шалган тогтоож, сахилгын шийтгэл ногдуулах саналыг зохих албан тушаалтнууд гаргасан атлаа энэ үйлдэлд нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

          Мөн Биндэр тооцооны төвийн ажилтны ашиглалтын асуудал 2018 оны 05 дугаард илэрсэн байхад үүнд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр арга хэмжээ авсан, тухайн ашиглалтын үйлдэл гарахад Б.Б буруутай нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

          - Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг эсэргүүцсэн, Бор-Өндөр тооцооны төвийн ахлах теллер нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тэтгэврийн зээл дутуу олгож ашиглангийн шинжтэй үйлдэл гаргасан гэх үйл баримт болон энэ талаар нэхэмжлэгч Б.Б буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан болохыг хариуцагч тал өмнө дурдсанчлан баримтаар нотолж чадаагүй байна.

          Иймд ажил олгогч нь ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шийтгэл ногдуулсан, гэм буруутай үйлдэл, үйлдлийг баримтаар нотлоогүй, цаашлаад сахилгын шийтгэлийг зарим үйлдэлд давхардуулан ногдуулж ажлаас буруу халсан байх тул нэхэмжлэгч Б.Быг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

          Б.Быг ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул түүнийг ажлаас чөлөөлсөн ........... ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэл болох учраас хүчингүй болгох шаардлагагүй байна.

 

            Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын тухайд

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаа тодруулан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин  гэж 2 501 049 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаандаа буюу 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны 1 сар 16 хоногийн дундаж цалин хөлстэйгээ тэнцэх олговорыг нэхэмжлэх эрхтэй байна. 

            Б.Бы 2019 оны 5, 6, 7 дугаар саруудын цалин хөлсний дундаж нь 1 635 944 төгрөг  болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба 1сар 16 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 870 618 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээд 2 501 049 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж байна.  

 

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд Б.Бд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ........... ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ........... ХХК-ийн Хэнтий салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор 2 501 049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч ямар зөрчилд шийтгэл ногдуулж байгаа нь урьдчилсан байдлаар тодорхой байх, зөрчлийн хэр хэмжээнд нийцэх, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах, гарсан зөрчилд тухайн цаг үед нь сахилгын шийтгэл ногдуулах зэргийг хуулийн хүрээнд анхаарвал зохилтойг дурдаж байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан ........... ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Быг ........... ХХК-ийн Хэнтий салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч ........... ХХК-ийн Хэнтий салбараас 2 501 049 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Бы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ........... ХХК-ийн Хэнтий салбарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 110 677 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

хариуцагчаас 125 166 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг төрийн санд, 54 966  төгрөгийг нэхэмжлэгчид,  төрийн сангаас 55 711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ