Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 226/МА2019/00024

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр Дугаар 226/МА2019/00024 Хэрлэн сум

 

Б-ы нэхэмжлэлтэй,

Т салбарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00024/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны А танхимд нээлттэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонзаяа,

Нэхэмжлэгч Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю- нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 156/ШШ2019/00544 дугаар шийдвэртэй, Б-ы нэхэмжлэлтэй Т-ны Хэнтий салбарт холбогдох 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай, мөн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2501049 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю-ийн давж заалдах гомдлоор 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т ХХК-ийн тооцооны төв хариуцсан менежерээр 2011 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэлийг давхар хариуцах болсон.

Т ХХК-ийн Хэнтий салбарын захирал Ю нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, Авилгатай тэмцэх газарт мэдүүлэг гаргагч нарын мэдээллийг ашиглаж хамт олны хурал дээр нээлттэй танилцуулсан гэх үндэслэлээр надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай, Хэнтий салбарын захирал Ю 2019 оны 6 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд чөлөөтэй байсан бөгөөд энэ хугацаанд захирлын зөвлөлийг хуралдуулж тус тушаалыг гаргасан байсан.

Би хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэзээ, хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тушаалд тодорхойгүй байх бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр бүх ажилчдын хурал болж, миний бие хурал дээр Биндэр тооцооны төвийн захирлаар Г, Д тооцооны төвийн захирлаар У нар нэр дэвшсэн тухай танилцуулснаас өөрөөр мэдүүлэг гаргагчийн мэдээллийг ашиглаж, нийтэд танилцуулсан зүйл байхгүй. Энэ нь Авилгын эсрэг хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Мөн Т ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан бөгөөд тушаалд дурдсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын аль заалтад тусгагдсан, хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй байна.

Захирлын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсээр байж өмнөх тушаалд заасан үндэслэлээр дахин буруутгаж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хариуцсан нэгжүүд нь 3 жил дараалан ашиглан гаргаж, банканд 120000000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж намайг буруутгасан нь үндэслэлгүй юм. Миний бие дотоод хяналт шалгалт хийгдсэн хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ээлжийн амралттай, 5 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд чөлөөтэй байсан. Мөн 120000000 төгрөгийн асуудал нь хуулийн байгууллагаар шалгагдаж, одоо болтол шийдвэрлэгдээгүй байна.

2019 онд хариуцсан нэгжүүдийн 26 ажилтнаас 5 ажилтанд буюу 19.2 хувьд нь арга хэмжээ авах санал ирсэн гэж тушаалд дурджээ. Хөдөлмөрийн дотоод журмын 13.11, 5.16.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг Хүний нөөцийн хороонд танилцуулж, захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлэх ёстой байсан.

Гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/254 тоот Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалтай холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг салбарын захирлуудад үүрэг болгосон. Хөдөлмөрийн гэрээг шинээр хэвлэж захирлын зөвлөлийн гишүүдэд танилцуулахад огноо нь зөрүүтэй, засах шаардлагатай гээд буцаасан бөгөөд миний зүгээс эсэргүүцсэн асуудал байхгүй юм.

Бор-Өндөр сумын тооцооны төвийн ахлах теллер ашиглангийн шинжтэй үйлдэл гаргасан бөгөөд Б- нь хариуцсан тооцооны төвүүдэд шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй гэж намайг буруутгасан нь үндэслэлгүй байна. Дотоод хяналт шалгалтын газраас дээрх зөрчлийг 2019 оны 8 дугаар сарын 13-19-ний өдрийн хооронд шалгаад №19/14/083 дугаартай илтгэх хуудас ирүүлж ахлах теллерийг ажлаас халах санал гаргаж, надад уг шалгалтаас хойших ахлах теллерийн ажлыг шалгах, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах үүрэг өгснөөс бус шат дараалсан хяналт тавьж ажиллагаагүй гэж намайг буруутгасан дүгнэлт гаргаагүй юм.

Иймд Т ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай болон 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2501049 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК-ийн Хэнтий салбарын Тооцооны төв хариуцсан менежер Б- нь Төрийн банкны Нууцын зааврын 5.1-т заасан Нууц баримт бичиг, материалыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, танилцуулах, зориулалтын бус байр шүүгээнд хадгалах, банкнаас гадагш авч гарах, банк түүний харилцааны нууцтай холбоотой мэдээллийг гуравдагч этгээдийн дэргэд солилцох болон утсаар ярих, Авилгын эсрэг хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх үүрэг хүлээн авсан албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөл болон хуульд зааснаас бусад тохиолдолд мэдүүлэг гаргагчийн болон энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан мэдээллийг задруулах, ямар нэгэн зорилгоор ашиглахыг хориглоно, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-т заасан Банкны үйл ажиллагаа, албан бичиг, санхүүгийн баримт, банкны бусад нууцтай холбоотой материал, энэ талаарх хууль тогтоомж, журам зааврыг чанд сахиж биелүүлэн сонор сэрэмжтэй ажиллах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн Б-ыг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

гүйцэтгэх захирлын тушаалаар 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах даалгавар ирсэн бөгөөд тус асуудлыг архив, бичиг хэргийн эрхлэгчид даалгахад Б- эсэргүүцсэн учир бусад ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

2018 онд хийгдсэн дотоод хяналт шалгалтаар Биндэр тооцооны төвийн ажилтан удаа дараалан ашиглангийн шинжтэй үйлдэл гаргасан бөгөөд 5 дугаар сард үйлчлүүлэгчийн данснаас 250000000 төгрөг гаргасан байсан. Банканд 120000000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Б-ыг өөрийн хариуцсан тооцооны төв дээр байнгын өдөр тутмын хяналт шалгалт тавьж ажиллаагүй гэж үзэж шаардлага тавьсан.

2019 оны 5 дугаар сард хийгдсэн дотоод хяналтын шалгалтаар Б-ы хариуцдаг Баянмөнх тооцооны төвд 20 гаруй сая төгрөгийн ашиглангийн шинжтэй үйлдэл илэрсэн. Мөн 2019 оны 8 дугаар сард Бор-Өндөр тооцооны төвийн ахлах теллер ашиглангийн шинжтэй үйлдэл гаргаж ажлаас халагдсан. Ашиглангийн шинжтэй үйлдлийг тооцооны төв хариуцсан мэргэжилтэн өдөр тутмын хяналт шалгалтаар илрүүлэх үүрэгтэй байдаг. Дотоод хяналт шалгалтын газраас Б-ыг ажлаас халах санал гаргасны дагуу түүний материалыг хүний нөөцийн газар руу явуулж шийдвэрлүүлсэн.

Шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.31-т ашиглангийн шинжтэй үйлдэл гаргасан тооцооны төвийн хариуцсан ажилтанг ажлаас халах тухай заалт тусгагдсан бөгөөд Б- өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг эсэргүүцсэн учраас тус заалтыг хүчинтэй гэж үзэж Б-ыг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 544 дугаартай шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б-ыг Т ХХК-ийн Хэнтий салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-ийн Хэнтий салбараас 2501049 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б-ы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Т-даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110677 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 125166 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг төрийн санд, 54966 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю- давж заалдах гомдолдоо: Тооцооны төв хариуцсан менежерийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилго нь Салбарын харьяа тооцооны төвүүдийн бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай явуулахад хууль, тогтоомж, заавар, журмын хүрээнд шуурхай удирдлагаар хангаж, зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд зайны болон биечилсэн хяналтыг тавих замаар харилцагчийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад оршино гэж заасан байдаг.

Б- нь хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.31 дэх заалт, ажлын байрны тодорхойлолтод заасан хариуцсан тооцооны төвүүдэд жилд нэг нэгжид гурваас доошгүй удаа очиж ажиллах, хариуцсан тооцооны төвийг төлөвлөгөөнөөс гадуур үндсэн хөрөнгө бэлтгэх, үр ашиггүй зардал гаргах, банкны хөрөнгийг хувийн сонирхлоор ашиглах, завших зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, тогтмол хяналт тавьж ажиллах гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллагаагүйн улмаас Баянмөнх, Бор-Өндөр тооцооны төвүүдэд ноцтой зөрчлүүд давтан гарсан.

Б- нь 6 тооцооны төв хариуцан ажилладаг бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу хяналт хийсэн бол 2018 оны 4 дүгээр сараас хойш багаар бодоход 10 удаагийн шалгалт хийсэн байх ёстой байсан боловч огт хяналт шалгалт хийгээгүй юм. Өөрийн гаргасан зөрчил дутагдлаа засаагүй, зөрчлийг давтан гаргасаар байгаа нь ажлаас чөлөөлөхөд хүргэсэн.

Банкнаас Б-д алдаа дутагдлаа засах боломжийг 2017 оноос хойш олгосон бөгөөд 2017, 2018 онуудад Б-ы хариуцсан Өмнөдэлгэр, Биндэр тооцооны төвүүдийн харилцааны менежерүүд ашиглангийн шинжтэй зөрчил гаргахад түүнд тооцооны төвүүдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах талаар анхааруулгыг өгсөн. Гэвч 2019 онд алдаа дутагдлаа засч ажиллаагүй, хариуцсан тооцооны төвүүддээ хяналт шалгалт огт хийгээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлж ажиллаагүйгээс хариуцсан тооцооны төвийн ажилтнууд нь харилцагчийн мөнгийг хувьдаа ашиглах зөрчил дутагдлыг удаа дараалан гаргасан нь Төрийн банкны нэр хүндэд муугаар нөлөөлж байсан тул зайлшгүй ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Иймд Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Т-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай, мөн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2501049 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Ажил олгогч нь ажилтан Б-д хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, нууцын зааврын дагуу хүлээсэн үүргээ зөрчин Авилгатай тэмцэх газарт мэдүүлэг гаргагч нарын мэдээллийг ашигласан, хамт олны хурал дээр олон нийтэд нээлттэй танилцуулсан гэж сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй тул анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Б-ыг ажлаас чөлөөлсөн Тк ХХК-ийн Хэнтий салбарын захирлын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.16.3, 13 дугаар зүйлийн 13.5.3 дахь хэсэг,Хөдөлмөрийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.4.31, нууцын зааврын 5.1 дэх заалтуудыг үндэслэж, ...хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж ажиллаагүй, нууцын зааврын дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн, хариуцсан тооцооны төвүүдэд ашиглангийн шинжтэй үйлдэл гарсанд хяналт тавьж ажиллаагүй нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй... зэрэг зөрчлүүдийг гаргасан гэжээ.

Ажил олгогч нь ажилтан Б-тай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд ажилтантай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.31 дэх заалтыг баримталсан нь буруу байна.

Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, нууцын зааврын дагуу хүлээсэн үүргээ зөрчин Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг гаргагч нарын мэдээллийг ашигласан, хамт олны хурал дээр олон нийтэд нээлттэй танилцуулсан гэх үндэслэлд ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан хирнээ мөн ажлаас халах тушаалынхаа нэг үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

Тушаалд Б-ыг хариуцсан нэгжүүдэд 3 жил дараалан ашиглан гаргаж банканд 120000000 төгрөгийн бодит хохирол учруулсан, хариуцсан нэгжүүдийн 26 ажилтнаас 5 ажилтан буюу 19,2% нь арга хэмжээний саналтай гэж буруутгажээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Т ХХК-ийн Дотоод аудитын газар болон Дотоод хяналтын газрын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас-нд Баянмөнх, Дэлгэрхаан сумдын тооцооны төвүүдийн ажилтнуудын гаргасан сахилгын зөрчил, хариуцсан нэгжүүдийн 26 ажилтнаас 5 ажилтан буюу 19.2% нь арга хэмжээний саналтай байгаа асуудлыг тогтоож, үүнийг үндэслэн хариуцсан менежер Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан байна /хх 37-39х/.

Нэхэмжлэгч Б-ы хариуцсан тооцооны төвд хяналт шалгалт тавиагүй гэх зөрчил нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр илэрсэн байхад мөн оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-ын сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн Биндэр, Бор-Өндөр тооцооны төвүүдэд ашиглангийн шинжтэй үйлдэл гаргасан, хариуцсан тооцооны төвүүдэд хяналт тавьж ажиллаагүй гэж Б-ыг буруутгасан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх эрх зүйн талаас нь үндэслэлтэй дүгнэлт хийж ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, Б-ыг Т ХХК-ийн Хэнтий салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасантай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасны дагуу явуулсан байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 156/ШШ2019/00544 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО

Я.АЛТАННАВЧ