Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 156/шш2020/00871

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 11 156/ШШ2020/00871

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00774/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороонд хаягт байрлах, З капитал ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, М.О-т холбогдох 1,775,070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З капитал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.О нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ЗУ-4893 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,200,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Уг зээлийн барьцаанд 23-01 ХЭҮ улсын дугаартай хар өнгийн Z25А0007219 арлын дугаартай Mitsubishi colt маркийн автомашиныг барьцаалан унаж явах нөхцөлтэйгөөр уг зээлийг авсан. Зээлдэгч М.О нь анх зээл авснаасаа эхлээд график зөрчиж, хугацаа хэтэрч, утсаа авахгүй, зээлээ төлөхөөс зайлсхийдэг байсан ба зээлийн эхний төлөлтийг 2017 онд зээл авснаас хойш нийт 23 удаагийн төлөлтөөр 2,293,200 төгрөг төлсөн ба сунгаж хүрэхгүй болохоор сар болгон нийлмэл хүүгийн аргаар сунгадаг байсан. Хамгийн сүүлд 2 дугаар сард 250,000 төгрөгийн төлөлт хийсэн ба түүнээс хойш одоог хүртэл дахин төлөлт хийгээгүй. Зээл төлөхийг шаардан зээл авах үед бүртгүүлсэн утас руу нь залгасан боловч утсаа авахгүй, гэрийн хаягаар нь удаа дараа очиж уулзсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй 184 хоног 6 сар 4 хоног өнгөрөөд байна. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 896,500 төгрөг, хүү 53,790 төгрөг, алданги 824,780 төгрөг, нийт 1,775,070 төгрөгийг зээлдэгч М.Оээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З капитал ХХК-д 23-01 ХЭҮ улсын дугаартай хар өнгийн colt автомашиныг 1,200,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Зээлийн гэрээг би өөрөө очиж сунгасан. Улмаар зээлийн төлөлтийг хугацаанаас нь хэтрүүлж байсан ч одоогоор 2,200,000 гаруй төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Уг төлөлт хийгдсэнийг З капитал ХХК өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Одоо нэхэмжилж байгаа 1,775,070 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З капитал ХХК нь хариуцагч М.О-т холбогдуулан үндсэн зээл 896,500 төгрөг, хүү 53,790 төгрөг, алданги 824,780 төгрөг, нийт 1,775,070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...бид З капитал ХХК-иас 1,200,000 төгрөгийн зээл аваад 2,200,000 төгрөгийн төлөлт хийсэн. Иймд нэмж 1,775,070 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

З капитал ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 9011578058 дугаар бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгогдсон гэрчилгээний дагуу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч М.О нь З капитал ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЗУ-4893 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,200,000 төгрөгийг сарын 6%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээл авч, зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа тэдний хооронд үүсчээ.

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор талууд 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Барьцааны гэрээ байгуулан, зээлдэгч нь 23-01 ХЭҮ улсын дугаартай Mitsubishi colt маркийн автомашиныг барьцаалжээ. Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Хариуцагч М.О нь зээлийн эргэн төлөлтийг нийт 23 удаагийн төлөлтөөр 2,293,200 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй болно. Улмаар нэхэмжлэгч З капитал ХХК, хариуцагч М.О нар нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх зээлийн үлдэгдэл төлбөр болох 940,000 төгрөгт 6%-ийн хүү тооцож 10 сарын хугацаатайгаар гэрээг сунгасан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Гэтэл энэхүү сунгасан гэрээ нь өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр дээр хүү тооцож гэрээ байгуулсан, харин зээлдэгчид бодитоор 940,000 төгрөгийг шилжүүлээгүй байна. Тодруулбал, зээлдэгчид бодитоор 940,000 төгрөг хүлээлгэн өгөөгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцаагаагүй, хэрэгт авагдсан зээлийн сунгалт гэх зээлийн хувийн хэрэгт /хх-5/ мөн зээлдэгч гарын үсэг зураагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдэгч М.О бодитоор хүлээн авсан 1,200,000 төгрөгийн үлдэгдэл 950,290 төгрөг төлөх үүрэг хүлээнэ.

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй боловч тухайн гэрээ хуулийн хүрээнд хийгдсэнээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь гэрээний дагуу хүлээн авсан 1,200,000 төгрөг, түүний хүүг төлөх үүрэг хүлээнэ.

Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь тухайн гэрээний үндсэн үүрэг бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарах тул шаардах эрхийн хууль зүйн үндэслэл өөр байна.

Иймд хариуцагч М.О-ээс зээлийн үлдэгдэл төлбөр 950,290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З капитал ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 824,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч М.О-ээс зээлийн үлдэгдэл төлбөр 950,290 /есөн зуун тавин мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З капитал ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 824,780 /найман зуун хорин дөрвөн мянга долоон зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,352 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.О-ээс 950,290 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27,357 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З капитал ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА