Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 226/МА2021/00003

 

 

 

 

 

 

 

 

 

 

““З”” ХХК-ны нэхэмжлэлтэй,

О-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00001/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 871 дугаартай шийдвэртэй ““З”” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О-т холбогдох “1775070 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- нарын давж заалдах гомдлоор 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч ““З”” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О- нь тус компанитай 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЗУ-4893 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1200000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийг манай компанийн зүгээс зээлдэгчийн гарын үсгээ зурж баталгаажуулан, хүлээн зөвшөөрсөн 5936004697 тоот дансанд ямар нэгэн шимтгэлгүй, бүрэн гүйцэт тухайн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн. Уг зээлийн барьцаанд хар өнгийн Z25A007219 ардын дугаартай, “Mitsubishi colt” маркийн автомашиныг барьцаалан унаж явах нөхцөлтэйгөөр дээрх зээлийг авсан. Зээлдэгч О- нь анх зээл авснаасаа эхлээд график зөрчиж, хугацаа хэтрүүлж, утсаа авахгүй, зээлээ төлөхөөс зайлсхийдэг байсан ба зээлийн эхний төлөлтийг 2017 онд авснаас хойш нийт 23 удаагийн 2293200 төгрөгийг төлөлт хийсэн ба сунгаж хүрэхгүй болохоор сар болгон нийлмэл хүүгийн аргаар сунгадаг байсан. хамгийн сүүлд 2 дугаар сард 250000 төгрөгийн төлөлт хийсэн ба түүнээс хойш одоог хүртэл дахин төлөлт хийгээгүй, зээл төлөхийг шаардан зээл авах үед бүртгүүлсэн утас руу нь залгасан боловч утсаа авахгүй, гэрийн хаягаар нь удаа дараа очиж уулзсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй 184 хоног буюу 6 сар 4 хоног өнгөрөөд байна.

            Иймд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 896500 төгрөг үндсэн хүү 53790 төгрөг алданги 824780 төгрөг нийт 1775070 төгрөгийг зээлдэгч О- нь зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтын дагуу төлөхөөр байна. Иймд О-ээс 1775070 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““З”” ХХК-д хар өнгийн colt автомашиныг 1,200,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Зээлийн гэрээг би өөрөө очиж сунгасан. Улмаар зээлийн төлөлтийг хугацаанаас нь хэтрүүлж байсан ч одоогоор 2200000 гаруй төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Уг төлөлт хийгдсэнийг ““З”” ХХК өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Одоо нэхэмжилж байгаа 1775070 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч О-ээс 950290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 824780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 43352 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О-ээс 950290 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27357 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““З”” ХХК-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.  

            Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч О- давж заалдах гомдолдоо: Миний бие ““З”” ХХК-иас 2017 онд 1200000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн төлбөрт нийт 2500000 төгрөг төлсөн. Гэтэл ““З”” ХХК нь дахин үндэслэлгүйгээр 1775070 төгрөгийг нэхэмжилснийг шүүх 950290 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ““З”” ХХК нь хариуцагч О-т холбогдуулан үндсэн зээл 896500 төгрөг, хүү 53790 төгрөг, алданги 824780 төгрөг нийт 1775070 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- “..бид “З” ХХК-иас 1200000 төгрөгийн зээл аваад 2200000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

            ““З”” ХХК-нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгогдсон 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 9011578058 дугаар бүхий гэрчилгээгээр тогтоогдсон байна.

            О- нь ““З”” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 12 ны өдөр ЗУ-4893 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 1200000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэж зээлийн гэрээг бичгээр байгуулсан  нь  зээл хүсэгчийн анкет, барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар нотлогджээ./хх-6-9х/,

            Талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн,  барьцааны гэрээ нь бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Барьцаат зээлийн гэрээний 2.1.2-т “зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол гэрээний 4.1-д заасны дагуу алданги тооцож нэхэмжлэх”, 4.1-д “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд нийт үлдэгдэл дээр түүнд тооцогдсон хүүг нэмсэн нийт дүн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө” гэж талууд тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зохицуулжээ.

Хариуцагч О- нь зээлийн төлбөрт 23 удаа нийт 2293200 төгрөгийг  төлөхдөө сүүлчийн төлөлтийг  2020 оны 2 сард төлжээ. Тэрээр 2017 оны 8 сарын 12 нд авсан зээлийн төлбөрийг 2018 оны 8 сарын 12 нд төлж дуусгах  гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэхэмжлэгч ““З”” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч О- нь үндсэн зээлд 1200000 төгрөгийг, зээлийн хүүд 864000 төгрөг нийтдээ 2064000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул хууль болон гэрээнд зааснаар алданги төлөх үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр 1032000 төгрөгөөр тооцож 2064000+1032000=3096000 төгрөгийг төлөхөөс төлсөн 2293200 төгрөгийг хасч 803000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзлээ. Иймд хариуцагчийн “зээлийн төлбөрийг бүрэн төлсөн” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан 940000 төгрөгийг зээл авсан, хугацаа сунгасан гэх зээлийн гэрээнд хариуцагч О- гарын үсэг зураагүй тул гэрээг сунгасан гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийлгүй үндсэн зээлийн үлдэгдэл 950290 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ШШ2020/00871 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4,232.6, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч О-ээс алданги 803000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 972070 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад “950290” гэснийг “803000” гэж “27357” гэснийг “23822” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27400 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

           

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                    ШҮҮГЧИД                                            Г.БОЛОРМАА                      

                                                                                                    Я.АЛТАННАВЧ