Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 223/МА2019/00012

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 223/МА2019/00012

 

Э.Ц-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 151/ШШ2019/00269 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Ц-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Б-д холбогдох,

Гэм хорын хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ц, өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б гэгч согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд ямар ч үг яриагүйгээр нүүрэнд тоосгоор цохиж, улмаар миний дээд 5 шүд, доод 1 шүдийг хугалж хамар, доод уруулын салст язарсан шарх, дээд уруул, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт зэрэг гэмтлүүдийг учруулсан юм. Г.Б энэ үйлдсэн хэрэгтээ Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсгээр 700 000 төгрөгөөр торгуулсан юм. Шүүхийн энэ шийтгэх тогтоолд шүд хийлгэх болон учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүх тогтоолдоо заасны дагуу миний биед шүд хийлгэх хохирлоо нэхэмжилж байна. Шүүхийн тогтоолд шүдээ хийлгэсний дараа гарсан хохирлоо нэхэмжлэхээр заасныг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие ээж, аавын минь заяасан 6 шүдгүй болсноос эрүүл мэнд гоо сайхны хувьд асар их хохирч байна. Оксман ХХК-ийн Сувд-д шүдний эмнэлгийн тодорхойлолтоор хоншоорын баруун талын соёо шүдэнд имплант хиймэл шүд хийлгэхэд нийт 15 000 000 төгрөг шаардлагатай болж байгаа юм. Гэтэл надад ийм шүд хийлгэх ямар ч мөнгө, мал хөрөнгө, цалин байхгүй, нэн ядуу амьжиргааны түвшингээс доогуур амьдралтай тул энэ Г.Б аас дээрх 15 000 000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна. Үүнээс гадна Г.Б ын гэмт үйлдлээс болж миний биед болон ээж бид хоёрын амь, амьдралд асар их хохирол учирсны өчүүхэн хэсэг болох 780 000 төгрөгийг төлсөн харин шүүхийн тогтоолд 1 226 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний шүүхэд хандахаар заасан тул журмаар үүнтэй холбогдон гарсан зардлаа шүүхийн шатанд нэмж нэхэмжлэх болно.” гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Э.Ц тай маргалдан 5 шүдийг гэмтээсэн. Нэхэмжлэгч Э.Ц нь 15 000 000 төгрөг нэхэмжилсэн. Иймд миний бие 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Ц-н нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох гэм хорын хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Э.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1-д заасан үндэслэлээр хариуцагч Баасанжаргал нь нэхэмжлэгч Цэрэнбаатарын 6 шүдийг гэмтээж эрүүл мэндийн гэм хор учруулсан, гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуулийн заалтуудыг барьж шийдвэрлэсэн боловч 1 шүд хийлгэх 2.500.000 төгрөг нь тухайн эмнэлгийн үнэ тариф мөн эсэх, 15.000.000 төгрөгийг зарцуулсан баримт нь хэрэгт авагдаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан "Оксман'ХХК-ийн шүдний эмнэлэг нь өөрийн шүдний эмчилгээний үнэ тарифийг тодорхой бичин тодорхойлж гарын үсгээ зурж тамга тэмдгээ даран баталгаажуулсан байдаг.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 228-р зүйлийн 228.4 заасны дагуу эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхийнхээ дагуу шаардсан байхад анхаарч үзээгүй.

Нэхэмжлэгч нь шүдээ урьдчилан хийлгэх ямарч боломжгүй бөгөөд орон нутагтаа өндөр настай ээжийн хамт амьдрахдаа амьжиргааны баталгаажих түвшингэээс доогуур орлоготой амьдарч байна. Энэ нь сумын багийн засагдаргын тодорхойлолтоор нотлогдож байгаа юм.

Шүүх хуралд нэхэмжлэгч талаас хариуцагч талд хандан нэг шүдний үнийг 1.500.000 төгрөг болгон буулгаж тохиролцох боломжийн санлыг шүүх хуралд тависан боловч хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй юм.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй,хэрэглэх ёсгүй зүйл, заалтыг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Г.Б-д холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 15 000 000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “ ...хиймэл шүд хийлгэх саналтай. ..надад 15 сая төгрөг байхгүй “ гэж  нэхэмжлэлийг татгалзсан  байна.

Хариуцагч Г.Б нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Э.Ц-н нүүрэн тус газар цохисны улмаас дээд талын 5, доод талын 1 шүд унаж, түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Э.Ц нь нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн “ОКСМАН “ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичигт дурьдсан “ ... нийт 15 000 000 төгрөгөөр тооцож, 1 имплант шүдэлбэр хийхэд 2 500 000 төгрөг, “ гэснийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр тодорхойлжээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

Зөвхөн нэг шүдний эмнэлгийн тодорхойлолтоор Э.Ц-н  гэмтсэн  6 шүдэнд имплант шүд суулгах зах зээлийн үнэ ханшийг тогтоох болон имплант шүдний зах зээлийн дундаж үнэ ханшны харьцуулалт хийх боломжгүй байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай байдлаар  нотолж чадаагүй байна.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хуульд заасны дагуу биелүүлээгүй, нотолж чадаагүй гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй  байна.

 

Харин нэхэмжлэгч нь нотлох баримтаа хангалттай бүрдүүлж, дахин нэхэмжлэл гаргасан тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүй бөгөөд шүүхэд  нэхэмжлэл гаргах эрх нь  нээлттэй болно.

Шүүх нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагын талаар, ойлгомжгүй, зөрчилтэй эрх зүйн дүгнэлт хийснээс гадна нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв сонгон хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, “ОКСМАН” ХХК-ийн тодорхойлолтыг үнэлүүлж, нэхэмжлэлийг хангуулах агуулгаар давж заалдсан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 151/ШШ2019/00269 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д “гэснийг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4..... “ гэж, өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Э.Ц давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

 

                             ШҮҮГЧИД                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР