Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00212

 

Э.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2019/00269 дүгээр шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 223/МА2019/00012 дугаар магадлалтай,

Э.Ц ын нэхэмжлэлтэй,

Г.Б д холбогдох,

Эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Ц ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б  гэгч согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд ямар ч үг яриагүйгээр нүүрэнд тоосгоор цохиж, улмаар миний дээд 5 шүд, доод 1 шүдийг хугалж хамар, доод уруулын салст язарсан шарх, дээд уруул, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт зэрэг гэмтлүүдийг учруулсан юм.

Г.Б  энэ үйлдсэн хэрэгтээ Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсгээр 700 000 төгрөгөөр торгуулсан юм. Шүүхийн энэ шийтгэх тогтоолд шүд хийлгэх болон учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэхээр заасны дагуу миний бие шүд хийлгэх хохирлоо нэхэмжилж байна.

Шүүхийн тогтоолд шүдээ хийлгэсний дараа гарсан хохирлоо нэхэмжлэхээр заасныг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие ээж, аавын минь заяасан 6 шүдгүй болсноос эрүүл мэнд гоо сайхны хувьд асар их хохирч байна. “Оксман” ХХК-ийн “Сувд-Д” шүдний эмнэлгийн тодорхойлолтоор хоншоорын баруун талын соёо шүдэнд имплант хиймэл шүд хийлгэхэд нийт 15 000 000 төгрөг шаардлагатай болж байгаа юм.

Гэтэл надад ийм шүд хийлгэх ямар ч мөнгө, мал хөрөнгө, цалин байхгүй, нэн ядуу амьжиргааны түвшингээс доогуур амьдралтай тул энэ Г.Б аас дээрх 15 000 000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна. Үүнээс гадна Г.Б ын гэмт үйлдлээс болж миний биед болон ээж бид хоёрын амь, амьдралд асар их хохирол учирсны өчүүхэн хэсэг болох 780 000 төгрөгийг төлсөн, харин шүүхийн тогтоолд 1 226 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний шүүхэд хандахаар заасан тул журмаар үүнтэй холбогдон гарсан зардлаа шүүхийн шатанд нэмж нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч Г.Б  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Э.Ц тай маргалдан 5 шүдийг гэмтээсэн. Нэхэмжлэгч Э.Ц  нь 15 000 000 төгрөг нэхэмжилсэн. Иймд миний бие 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2019/00269 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Ц ын нэхэмжлэлтэй Г.Б д холбогдох гэм хорын хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Э.Ц  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 151/ШШ2019/00269 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д” гэснийг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4...” гэж, өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Э.Ц  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Ц  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар миний эрхийн зөрчсөн шийдвэр гаргалаа.

Миний бие Г.Б д эцэг эхээс заяасан 6 шүдээ ямар ч шалтгаангүйгээр тоосгоор цохиулж хохирсон.

Би бичиг үсэг мэдэхгүй, ямар ч боловсролгүй, өндөр настны тэтгэвэрт байдаг бие муутай ээжийгээ асраад, ямар ч орлогогүй, ээжийнхээ тэтгэврээр амьдралын доод түвшинд амьдарч байна. Надад шүдээ хийлгэх ямар ч боломж байхгүй учраас би эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжилсэн юм. Тийм учраас и өөрийн шүдтэйгээ адилхан сайн чанарын шүд хийлгэх хүсэлтэй байна. Ядарсан хүн гэж доогуур үнэтэй, муу шүд хийлгэх ёстой юм уу.

Шүүх намайг зах зээлийн дундаж үнэ ханшны судалгаа хийж ирээгүй байна гэж миний нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Би нааш цааш явах унааны мөнгө байхгүй, ядуу амьдардаг учраас судалгаа хийж, баримт авах боломжгүй байсан. Хиймэл шүдний доод үнэ 1 500 000 төгрөг байдаг юм билээ. Тийм учраас би Г.Б аас 1 500 000 төгрөг болгон бууруулж тохиролцох санал тавьсан боловч надад нэг ч мөнгө төлөхгүй гэдэг хариу өгсөн.

Иймд шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Ц  Г.Б д холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Э.Ц  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх эрүүл мэндээр хохирсон миний эрхийг зөрчиж шийдвэрлэлээ, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөнөөс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Э.Ц  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Г.Б  нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шалтгаангүйгээр нүүрэнд тоосгоор цохисноос дээд 5 шүд, доод 1 шүд хугарсан. “ОКСМАН” ХХК-ийн “Сувд-Д” шүдний эмнэлгийн тодорхойлолтоор хоншоорын талын 5 шүд болон эрүүний соёо шүдэнд имплант хийлгэхэд 15 000 000 төгрөг шаардлагатай болсон. Би амьжиргааны түвшин доогуур амьдралтай, надад шүд хийлгэх мөнгө, мал, хөрөнгө, цалин байхгүй, нэн ядуу амьдралтай тул хариуцагчаас мөнгө авч байж шүдээ хийлгүүлэхээс өөр боломжгүй байна. Миний бие шүдээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байх тул зардлыг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Г.Б  хариу тайлбартаа: “...Эрүүгийн шүүх хуралдаанаас өмнө холболттой шүд хийлгэж өгье, үнэтэй шүд хийж өгч чадахгүй гэсэн. Э.Ц  тухайн үедээ зөвшөөрч байсан боловч дараа нь зөвшөөрөхгүй гэсэн. Надад шүдний төлбөрт өгөх 15 000 000 төгрөг байхгүй, мөн нэхэмжлэгч нь шүд хийлгэсэн гэх нотлох баримтгүй тул зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 321 дүгээр Шийтгэх тогтоолоор Г.Б ыг “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Ц ын нүүрэн тус газар тоосгоор цохисноос баруун дээд 1, 2, 3, 4, 5-р шүд, доод баруун 3 дугаар шүд унасан, хамар, доод уруулын салст язарсан шарх, дээд уруул, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн...” байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 228 дугаар зүйлийн 228.4.-т хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хор арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Э.Ц  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож “ОСКМАН” ХХК-ийн “Сувд-Д” шүдний эмнэлгийн тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн ба тус тодорхойлолтод “...Э.Ц т гэмтлийн улмаас авахуулсан хоншоорын баруун талын 5 шүдэнд болон эрүүний баруун талын соёо шүдэнд авагддаггүй имплант хиймэл шүд хийлгэхэд нийт 15 000 000 төгрөг болно. Тус шүдний эмнэлэгт шүдний байрлал харгалзахгүй 1 имплант шүдэлбэр хийхэд 2 500 000 төгрөг болно” гэжээ.

Дээрх баримтыг хариуцагч эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй, энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь нотлох үүргийг хуваарилах талуудын зарчмыг буруу тодорхойлж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасангүй.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжтой боловч одоогоор эмчилгээ хийгдээгүй байгаа, үнийн дүн хэт өндөр гэх хариуцагчийн тайлбарыг харгалзан зайлшгүй хийлгэх шаардлагатай эмчилгээний зардалд зориулж нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 хувиар нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 15 000 000 төгрөгийн 50% болох 7 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын зөрүү төлбөрийг холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Төв аймаг дахь дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2019/00269 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 228 дугаар зүйлийн 228.4.-т зааснаар хариуцагч Г.Б аас 7 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...дурьдсугай.” гэснийг “...дурдаж, хариуцагч Г.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Э.Ц ын гомдлын заримыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД