Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0935

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ү********* ******* ХХК /РД:6******/,

 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ү********* ******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

 

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Давааны ар нэртэй 3.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0****** дугаар гэрчилгээг Ү********* ******* ХХК-д олгожээ.

 

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22/157 дугаар саналыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Ү********* ******* ХХК-д олгосон 3.0 газрын ашиглах эрхийг талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан үндэслэлээр дуусгавар боглож шийдвэрлэсэн.

 

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг анх Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 09/2420 дугаар албан бичгээр мэдсэн .

 

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

4. Нэхэмжлэгч Ү********* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  "Ү********* ******* ХХК нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд байрлах 3,0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан билээ. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0****** дугаар гэрчилгээ авч, 2020/26 тоот Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулж, хуульд заасан нөхцөл, журмын дагуу газрын төлбөрийг жил бүр бүрэн төлж, зориулалтын дагуу ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр газраа ашигласаар ирсэн.

 

1. "Ү********* ******* ХХК нь газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулснаас хойш төрийн байгууллагуудаас холбогдох зөвшөөрлүүдийг авч, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах бэлтгэл үе шатны ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэх эскиз зураг боловсруулах, техникийн нөхцөл авах, цахилгаан хангамжийн ажлын зураг боловсруулах, техникийн нөхцөлийн дагуу төмөр бетон тулгууртай агаарын шугамыг татах, цахилгаан дамжуулах дэд өртөөг суурилуулах зэрэг дэд бүтэцтэй холбоотой ажлыг бүрэн гүйцэтгэсэн төдийгүй дэлхий нийтийг хамарсан корона вирус цар тахлын улмаас аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахад бэрхшээл тулгарч хүндрэлтэй байсныг дурдах нь зүйтэй

 

Түүнчлэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай захиргаатай өөрийн төсөл хэрэгжүүлэх газрын ойролцоох талбайн ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, үржүүлэх үйл ажиллагааг явуулах зорилгоор 2021 оны 04 сарын 05-ны өдрийн С-21/04 тоот "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний хүрээнд 1000 ширхэг шинэ модыг ойжуулах талбайд тарьж ойг нөхөн сэргээхээр мод нийлүүлэх компанитай гэрээ байгуулан төлбөр тооцоог бүрэн төлсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас манай компанид газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгох гэж буй талаар огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, тайлбар, санал гаргах raprax боломж олголгүйгээр ийнхүү шийдвэр байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №219 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн газрын ашиглах эрхийн талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан үндэслэлээр дуусгавар болгож шийдвэрлэжээ.

 

2. Дээрх үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг үзвэл манай компани хуульд заасан ямар нөхцөл журмыг зөрчсөн талаарх хуулийн зохицуулалт нь тодорхой бус, маргаан бүхий тушаалд дурдсан зөрчлийг гаргасан гэх нотлох баримтгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд болон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасныг зөрчсөн байна.

 

3. Нийгмийн хариуцлагын хүрээнд "Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаль орчин, экосистемийн доройтлыг бууруулах зорилгоор өөрийн эзэмшлийн ойр орчмын талбайг ойжуулах, тарьсан модны усалгаа, арчилгааг өөрийн зардлаар хариуцан ажиллаж байсан. Бид тарьсан модоо хамгаалах, тухайн газар нутгийн өнгө үзэмж, улмаар газрын хөрс, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй байлгахыг зорьж ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ойролцоох аж ахуйн нэгж болох Ү********* ******* ХХК-тай хамтран ижил загвар, өнгөтэй газрын хөрсөнд ямар ч сөрөг нөлөөгүй эвхэж хураах зориулалттай хамгаалалтын түр хашааг байрлуулсан (газрын хөрсөнд бетон цутгаж суурилуулаагүй). Энэ нь зөвшөөрөлгүйгээр илүү талбайг ашигласан үйлдэл огт биш бөгөөд зөвхөн ойжуулалт, барилгажилтын ажил дуусах хүртэлх хугацаанд түр хамгаалалтын арга хэмжээг авсан болно.

 

Гэтэл хариуцагч нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчиж байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах нэн шаардлагатай байна.

 

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нь газрыг ухсан, төвлөрсөн үйл ажиллагаа явуулаагүй, газрыг ашиглаж эхлээгүй байгаа нь баримтаар нотлогдож байгаа. 2020 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс хойш газар дээр үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа. Газрын тухай хууль болон бусад нарийвчилсан үнэлгээ хийлгэх журмаар үйл ажиллагаа явуулах, ашиглаж эхлэхээсээ өмнө нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байхыг шаарддаг. Ү********* ******* ХХК-н зүгээс дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан, мөн газрыг ашиглаж эхлээгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан байдаг. Иймд тус захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 88 дугаар хуудаст Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 092420 дугаартай албан бичигт иймд дээрх зөрчилтэй холбоотой тайлбар мэдээлэл, санал хүсэлт, албан бичиг, холбогдох нотлох баримтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний дотор Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын бүсийн захиргаанд өгсөн боловч уг албан бичгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн хүсэлтэд тус албан бичгийг явсан зөрчлийн дэвтэрт бүртгээгүй, хариуцсан мэргэжилтэн нь бүртгэл хөтлөөгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

 

Мөн хавтаст хэргийг 99 дүгээр талд Монгол шуудан компани 2022 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 09728 дугаар албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 092920 дугаартай Ү********* ******* ХХК-д холбогдох албан бичгийг манай байгууллагаар дамжуулан хүргүүлээгүй байна гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Ү********* ******* ХХК-д хүргүүлээгүй нь нотлогдож байна.

 

2. Хавтаст хэргийн 86 дугаар хуудаст 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай тэмдэглэл авагдсан байгаа. Тухайн тэмдэглэл хуульд нийцэхгүй, утсаар ярьсан гэх нь захиргааны актын сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж тооцохгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж заасан, үүнд утсаар ярих гэсэн зохицуулалт тусгагдаагүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг мэдэгдэх, сонсох ажиллагаа хийхгүйгээр зөрчсөн нь хууль бус гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч компанийг газар ашиглах эрхийн талбайн хэмжээг хэтрүүлэн газар ашигласан гэж үзсэн байдаг. Гэтэл энэ тушаал болон түүний агуулга өөр хоорондоо зөрчилтэй байна, маргаан бүхий акт нь нэхэмжлэгч компанийг газар эзэмших эрхийн талбайг хэтрүүлсэн гэж үзэж байгаа ч энэ нь Газрын тухай хуулийн 40.1.1-т зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болон 40.1.4-д байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон заасан үндэслэлтэй нийцэхгүй байна... гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг гадаад улсад хийлгүүлж байгаа гэсэн тайлбар өгсөн байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон скизь зургийг батлуул гэсэн шинжээчийн дүгнэлт гараад 90 хоног өнгөрсөн байхад байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон скизь зургаа батлуулаагүй Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-ийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ашиглах талбайг хэтрүүлэн ашигласан гэсэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хийсэн ойжуулах гэрээ нь эрх зүйн үндэслэлгүй буюу төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан асуудлаар гэрээ байгуулсан тул гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр эрх зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийг сонсох ажиллагаа хийлгэх боломжоор хангасан гэж үзэж байгаа. Сонсох ажиллагаа явагдаагүй боловч манай зүгээс сонсох ажиллагаа хийх боломжоор хангаж, Тусгай хамгаалалтай бүс нутгийн газрын дарга болон бусад мэргэжилтнүүд нэхэмжлэгчтэй холбогдсон талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Иймд тухайн акт эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбарт газар ашиглах гурван талт гэрээгээр мод тарих үүргийг зааж өгсөн гэж дурдсан. Тухайн гэрээ байгуулагдсан үндэслэлийг харвал Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон тушаалын дагуу тухайн газар нутагт явуулах үйл ажиллагааг тухайн гэрээгээр зохицуулсан. Тухайн гэрээнд заасан мод тарих гэсэн зохицуулалтыг үндэслэн өөрийн ашиглах газраас илүү том газарт мод тарина гэж ойлгож байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/229 дугаар бүхий акт эрх зүйн үндэслэлтэй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4 хэсгийг зөрчсөн буюу талбайн хэмжээг хэтрүүлж Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн, газар ашиглах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар цуцлан Газар ашиглах эрх бүхий этгээд зөвхөн зөвшөөрсөн талбайн хүрээнд тухайн талбайн нөхөн сэргээлт, талхлагдсан газар, ургамлыг нөхөн сэргээх, туслалцаа үзүүлэх гэх зэрэг үйл ажиллагааг зориулалтын дагуу ашиглах зөвшөөрөл авсан талбайд хийж гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн, зөвшөөрөлгүй талбайд хийж гүйцэтгэсэн тул ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймд маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн үндэслэлтэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дах хэсгийг хангаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ү********* ******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...гурвалсан гэрээ байгуулж, газрын төлбөр бүрэн төлж, зориулалтын дагуу газраа ашигласаар ирсэн,..талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.4-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...шинжээчийн дүгнэлт гараад 90 хоног өнгөрсөн байхад байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон эскиз зургаа батлуулаагүй Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-ийг зөрчсөн, ашиглах талбайг хэтрүүлэн ашигласан, хамгаалалтын захиргаатай хийсэн гэрээ нь эрх зүйн үндэслэлгүй буюу төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний асуудлаар Хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулсан тул гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй... гэж тус тус маргаж байна.

 

Газрын тухай хуулийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуулийн 40.1.4-т байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон нөхцөлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

 

Түүнчлэн хариуцагчийн гаргасан захиргааны актын үндэслэл болгосон, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж тус тус заажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрх үүссэнээс хойш эрх бүхий байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С-21/04 тоот "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ"-г Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д********* батлуулан 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, гэрээгээр талууд Тэрэлжийн давааны ар гэх газарт нийт 4,9 га газрыг хариуцан байгаль хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх зорилгоор...гэрээнд заагдсан цэгүүдэд тусгагдсан байршилд ойжуулалт хийх, уг мод тарьсан талбай нь төрийн өмч бөгөөд Хамгаалалтын захиргааны хамгаалалтад байх, ажлыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр, зөрчилтэй гэж үзвэл ажлыг зогсоох, гэрээг хүчингүй болгох-оор тус тус тохиролцсон,

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий талбайн хилийн заагтай үргэлжлүүлэн 4.9 га талбайд мод тарьсан, тухайн мод тарьсан 4,9 га талбай болон өөрийн ашиглах эрх бүхий 3,0 га талбайг нийлүүлэн нийт 7,9 га талбайд хашаа барьж хашаалсан үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь ...талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.4-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-ийг зөрчсөн, ашиглах талбайг хэтрүүлэн ашигласан, хамгаалалтын захиргаатай хийсэн гэрээ нь эрх зүйн үндэслэлгүй, төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудлаар гэрээ байгуулсан нь хууль бус... гэж тус тус маргажээ.

 

Хэрэгт авагдсан, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээч Д.Батмөнхийн гарын үсэг бүхий 13/6524 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанид төслийн Байгаль орчны ерөнхий үнэлгээ-г хүргүүлсэн, уг ерөнхий үнэлгээнд уг төсөлд батлагдсан аргачлалын дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай-г дурдсанаас үзвэл нэхэмжлэгч байгууллагыг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасныг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж буй хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

 

Учир нь нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй, Газрын тухай хуулийн 34.2-т заасныг зөрчсөн зөрчил нь газрын эрхийг хүчингүй болгох зохицуулалтад хамаарахгүйн дээр тухайн заалт нь газар эзэмших гэрээ байгуулах процесс, түүнд тавигдах дараалал, журмыг тогтоосон ерөнхий заалт тул уг заалтыг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий 3,0 га талбайн зэргэлдээ орших 4,9 га газрыг хашаалж мод тарьсан, ийнхүү мод тарихдаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д********* батлуулсан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С-21/04 тоот "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ"-ний дагуу хэрэгжүүлсэн байх бөгөөд тухайн мод тарих үйл ажиллагааг өөрийн ашиглах эрх бүхий 3,0 га талбайд биш харин түүнтэй зэргэлдээ орших 4,9 га талбайд хийсэн, нэхэмжлэгчийн тарьсан мод, түүний ургасан байдал, эдгээрийг тойруулж хашаа татсан зэрэг нь шүүхээс хийсэн үзлэгийн явцад нотлогдон тогтоогдсон болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг ...ашиглах талбайг хэтрүүлэн ашигласан... гэж буруутгасан боловч хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 3,0 га газрыг илүү ашигласан гэх үндэслэлээр хүчингүй болгосон атлаа үлдэх 4,9 га газрын ашиглах эрхийг хэрхэх талаар заагаагүй үлдээсэн нь захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх талаарх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан тусгай зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Нөгөө талаар хариуцагч нь, хамгаалалтын захиргаатай хийсэн гэрээ нь эрх зүйн үндэслэлгүй, төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудлаар гэрээ байгуулсан нь хууль бус... гэж маргасан боловч маргаан бүхий захиргааны актад 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С-21/04 тоот "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ"-ний талаар дурдаагүй, уг гэрээнд дүгнэлт өгөөгүй, тухайн гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, хэргийн оролцогчид тухайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар шүүх дүгнэлт өгөхгүй.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22/157 дугаар саналыг үндэслэсэн бөгөөд уг саналд нэхэмжлэгч байгууллагыг ...байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй Газрын тухай хуулийн 40.1.4-т байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй нь Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.5, 9.12 дахь заалтуудыг зөрчсөн...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг...үндэслэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн гэрээ хийж ажилласан нь хууль, журам зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул зохих шийдвэр, чиглэл гаргаж өгнө үү гэж хүргүүлсэн байна.

 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.5-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ, 9.12-т Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина гэж, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж болно, гэрээг Байгаль орчны сайд батална гэж тус тус заажээ.

 

Хууль болон журмын эдгээр заалтуудаас үзвэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22/157 дугаар саналд нэхэмжлэгчийг ...Байгаль орчны /хуулийн нэрийг буруу бичсэн/ нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.5, 9.12 дахь заалтуудыг зөрчсөн гэж дурдсан нь ойлгомжгүй, эдгээр нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний талаарх ерөнхий заалтууд байх ба байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй гэх асуудал нь нэхэмжлэгчийг буруутгах, тухайлбал, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл биш.

 

Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч Ү********* ******* ХХК нь Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, мөн хуулийн 40.1.4-т заасан байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээр дурдсан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

 

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж түүнийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж тайлбар, саналыг сонсох үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ү********* ******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН