Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0120

 

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0120

Улаанбаатар хот

 

2022 оны 06 сарын 15 өдөр

 

Дугаар 221/МА2022/0420

 

“ҮЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа    

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э

Нэхэмжлэгч: “ҮЖ” ХХК

Хариуцагч: БОАЖС

 

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖС-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 935 дугаартай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нар.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0667/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 935 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-ийн ашиглах эрх бүхий Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах 3 га газрын ашиглах эрхийг БОАЖС-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22/157 дугаар саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

3.2. Нэхэмжлэгч компани нь “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Налайх дүүргийн Засаг даргатай байгуулсан байдаг бөгөөд тус гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй, зориулалтыг өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын горимыг 2 удаа зөрчсөн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, гэрээг дүгнүүлээгүй бол газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгож, эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл газрын хэмжээг хэтрүүлсэн, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын нийтлэг горимыг 2 удаа зөрчсөн бол газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгож, эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна. Нэхэмжлэгч нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр С-21/04 тоот “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу өөрийн ашиглах эрх бүхий газартай үргэлжлүүлэн 4,9 га газарт мод тарихаар болж нийт 7,9 га газрыг хашаалсан байдаг.

3.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох субъект нь зөвхөн*******, аялал жуулчлалын яам байна. Гэтэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь хуулиар өөрт олгогдоогүй бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж зааснаар хүчин төгөлдөр бус байна. Тиймээс зохих этгээдийн буюу төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр тусгай хамгаалалттай газрыг мод тарих зориулалтаар ашиглаж байгаа нь хууль зөрчиж байхад анхан шатны шүүхээс “маргаан бүхий захиргааны актад тус гэрээний талаар дурдаагүй, уг гэрээнд дүгнэлт өгөөгүй, тухайн гэрээ нь өнөөдрийн байдлаар хучин төгөлдөр мөрдөгдөж байгаа” гэж, мөн нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий газар болон ойжуулах гэрээ хийсэн нийт газрыг хамтад нь хашаалсан нь тусгай хамгаалалттай газрыг зөвхөн тухайн аж ахуйн нэгж л үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж болохоор болгосон байхад ““Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ”-ний дагуу хэрэгжүүлсэн байна” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

3.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрхийн гэрчилгээг гардан авч, газар ашиглах гэрээг хийсэн ч одоог хүртэл байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байна. Тусгай хамгаалалттай газарт нутагт газар ашиглуулахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шууд хэрэглэдэг бөгөөд түүгээр зохицуулаагүй ерөнхий харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Тусгай хамгаалалттай газарт нутагт газар ашиглуулахдаа газар ашиглах эрх олгох тухай тушаал гарч, гэрээ байгуулагдсаны дараа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх процесс явагддаг. Хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн*******, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Д.Батмөнхийн “байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” талаарх ерөнхий үнэлгээний дүгнэлт авагдсан талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан. Гэвч тус ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нарийвчилсан үнэлгээ хийлгэх хугацааг тодорхой зааж өгсөн байхад нэхэмжлэгч байгууллага нь тус үнэлгээг хийлгэж батлуулаагүй байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл юм.

3.5. Гэтэл анхан шатны шүүх нь “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн зөрчил нь газрын эрхийг хүчингүй болгох зохицуулалтад хамаарахгүйн дээр тухайн заалт нь газар эзэмших гэрээ байгуулах процесс, түүнд тавигдах дараалал, журмыг тогтоосон ерөнхий заалт тул уг заалтыг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн боломжгүй” гэж, мөн “байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй гэх асуудал нь нэхэмжлэгчийг буруутгах, тухайлбал байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл биш” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь*******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ:”, 7.1.1-д “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ:”, 7.1.2-т “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ.” гэж заасан байдаг. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээгээр нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн байхад одоо хүртэл хийлгээгүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” гэж заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 935 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. “ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
  2. Нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
  3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4 дэх хэсгийг тус тус баримтлан “Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22/157 дугаар саналыг үндэслэн БОАЖС-ын  2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд “ҮЖ” ХХК-д олгосон 3.0 газрын ашиглах эрхийг талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн БОАЖС-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/219 дүгээр тушаал нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.Тодруулбал,
    1. Нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-д Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор тусгай хамгаалалттай газар нутгийн Давааны ар нэртэй хязгаарлалтын бүсэд 3.0 га талбайг “аялал жуулчлалын” зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг БОАЖС 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/22 дугаар тушаалаар олгож, мөн оны 1 дүгээр сарын 16-ны өдөр газар ашиглах гэрчилгээ, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах Горхи-Тэрэлжийн Байгаль цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг дарга, “ҮЖ” ХХК нарын хооронд 3 талт гэрээ байгуулагджээ.
    2. Гэтэл нэхэмжлэгч “ҮЖ” ХХК нь БОАЖС-ын тушаалаар олгосон тусгай хамгаалалтай газар нутгийн 3.0 га газрын ашиглах талбайн хэмжээ /тойруулан томсгож/-г хэтрүүлэн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөл, шийдвэргүйгээр хамгаалалтын захиргаатай байгуулсан ойжуулалт хийх гэрээгээр ашиглуулсан гэх 4.9 га, нийт 7.9 га газрыг нийлүүлж хашаалсан, байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 3,0 га газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
  4. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг дарга, “ҮЖ” ХХК нарын хооронд байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” №2020/25 тоот гэрээний зохицуулалтаар 3,0 га талбай бүхий ашиглаж байгаа газар дээрээ мод тарих ажлыг зохион байгуулах үүргийг газар ашиглагч хүлээсэн байх бөгөөд хэрэв газар ашиглагч төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд уг гэрээний 7-д заасны дагуу Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэж, газар ашиглах гэрээг шинэчлэх байгуулахаар тусгагджээ.
  5. Гэтэл нэхэмжлэгчээс дээрх 3 талт гэрээгээр хүлээсэн үүрэг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д, “ҮЖ” ХХК-ийн захирал О.Б нарын хооронд байгуулсан С-21/04 дугаартай “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ”-ний дагуу /1-р хавтаст хэргийн 15 дахь тал/ 4,9 га газрыг хариуцан байгаль хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэсэн гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.
  6. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “...байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас ... аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг дарга тогтооно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь ... болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн 37.1-д “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заажээ.
  7. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу БОАЖС-ын шийдвэрээр “ҮЖ” ХХК-д байгалийн цогцолбор газарт ашиглуулахаар тогтоосон газрын хэмжээ нь 3.0 га, уг газрыг зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглахаар 3 талт гэрээ байгуулагдаж, эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд харин Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор тусгай хамгаалалттай газар нутгийн Давааны ар нэртэй хязгаарлалтын бүсэд орших 4.9 га газрыг хариуцан байгаль хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх, ашиглуулах талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байна.
  8. Хэргийн оролцогчдоос Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон нэхэмжлэгч “ҮЖ” ХХК нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан гэх “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ”-ний зохицуулалтыг баримтлан маргаж байх тул шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.
  9. Уг гэрээний зорилго нь Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын тэрэлжийн давааны ар гэх байршилд нийт 4,9 га газрыг хариуцан байгаль хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг хэрэгжүүлэхээр, үндэслэсэн хуулийн заалт нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримталсан байна.
  10. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь “аялал жуулчлал, амралтын газар” байх бөгөөд байгаль хамгаалах, ойжуулах, ойн нөхөн сэргээлт хийх, мод тарих, үржүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, төслөө өргөтгөх, шинэчлэх талаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөлгүй, гэрээг Байгаль орчны сайд батлаагүй зэрэг нь

-гэрээнд тусгагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид “хамгаалалтын захиргаа” гэх/ нь дараахь үйл ажиллагаа явуулна:, 2/-т “судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих;” гэснийг,

-Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.5-т “Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ” гэснийг,

-мөн журмын 4.1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж болно. Гэрээг Байгаль орчны сайд батална” гэснийг;

-төрийн захиргааны төв байгууллагын ойн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хамгаалалтын захиргаа эдэлж, хууль нийцээгүй гэрээ, хэлцэл байгуулсан нь Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлд /энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх зохицуулалтаар/ заасан зохицуулалтай тус тус нийцээгүй байна.

11. Энэ талаар дээрх гэрээний нэг тал болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д-ээс “Санал хүргүүлж, чиглэл авах тухай” 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22/157 дугаар албан бичгээр /1-р хавтаст хэргийн 31-32 дахь тал/ ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн гэрээг хийж ажилласан нь хууль, журам зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдсон, зохих шийдвэр чиглэл өгөхийг хүссэн байх бөгөөд уг хүсэлтийг хүлээн авч, хянаж үзээд хариуцагчаас маргаан бүхий акт болох нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай шийдвэрийг гаргах нэг үндэслэл болсон болох нь тогтоогдож байна.

12. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийг зохих зөвшөөрлийн дагуу тусгай хамгаалалтай газар ашигласан гэж үзэхгүйн дээр газар ашиглах эрх бүхий газраа тойруулан нийт 7.9 га газрыг хашаалж, хуулиар эрх олгогдоогүй Горхи-тэрэлжийн хамгаалалтын захиргаатай тохиролцон байгалийн цогцолбор 4.9 га газарт 500 ширхэг нарс мод тарьж, ойжуулалт хийсэн нэхэмжлэгчийн үйл ажиллагааг Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлд “Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг”, 30 дугаар зүйлд “Ойг нөхөн сэргээх, үржүүлэх” гэсэн зохицуулалтын дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

13. Түүнчлэн, нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой дараах зөрчил тогтоогдлоо. Үүнд:

а/ тусгай хамгаалалттай газарт “аялал жуулчлалын зориулалт”-аар олгосон зохих шийдвэр гарсны дараагаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй, “аялал жуулчлалын бааз байгуулах төсөл”-өө, “гэр бүлийн амралтын газрын төсөл” гэж өөрчилсөн байх бөгөөд уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” гэснийг;

   *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ.”, 7.1.1-д “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;”, 7.1.2-т “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” гэснийг

   б/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг тус тус зөрчсөн байна.

14. Үүнээс үзвэл, Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” №2020/25 дугаар гэрээний нөхцөл шаардлагын дагуу газраа ашиглаагүй, газрын талбайн хэмжээг хэтрүүлэн газар ашигласан нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон БОАЖС-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/229 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

15. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийн “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, тэдгээрийн болон бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

16. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 935 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ҮЖ” ХХК-ийн “БОАЖС-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч БОАЖС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН

                ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

                ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА