Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 156/шш2020/00733

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00733

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00149/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороонд оршин суух, А.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар багт байрлах, Ж ХХК, /

С.Э, А.Э,Х.Б нарт холбогдох

15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч А.Г, түүний өмгөөлөгч Д.Б,

хариуцагч Ж.А, С.Э, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, А.З,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2013 оны 11 дүгээр сард манай эхнэрийн дүү н.Б эхнэр бид хоёрт Хэнтий аймагт Жгэх барилгын компани хямдхан байр барих юм байна гэж С.Эоос сонсоод бид хоёрт хэлсэн. Эхнэр бид хоёр 2013 оны 11 дүгээр сарын 20-нд Хэнтий аймагт ирсэн. Хэнтий аймгийн Оч манлай дотор ЖХХК-ийн контор байсан үүн дотор С.Э, А.З хоёрт мөнгөө оруулж өгсөн. Би Х.Б, Г.Б хоёрыг танихгүй, нүүрийг нь ч харж байгаагүй. Би С.Э, А.З хоёртой л уулзаж мөнгөө өгсөн болохоороо энэ хоёр хүнээс мөнгөө нэхэмжилж байгаа. Тэрээр, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЖХХК-ийн захирал болох Ж.А болон иргэн С.Э нартай Орон сууц захиалгаар бариулах 08 тоот гэрээ байгуулан хэлэлцэн тохиролцохдоо гүйцэтгэгч тал ЖХХК нь Өндөрхаан хотын Хэрлэн 4 дүгээр багийн 36 айлын орон сууцны 13 тоот 34,14м2 талбай бүхий нэг айлын нэг өрөө бүхий байрыг барьж хүлээлгэн өгөх захиалагч тал А.Г миний бие байрны үнэ хөлс 15 сая төгрөгийг төлөхөөр хариуцан тохиролцож гэрээ байгуулсан.

Ингэхдээ С.Э нь мөн өдөр А.Г миний биетэй аман хэлэлцээр хийн, тохиролцохдоо дээрх байрыг ЖХХК-д хийсэн ажлын хөлсөнд 1 өрөө байр өгөх болсон. Тэр байраа би чамайг бэлэн 15 сая төгрөг бэлэн өгвөл гэрээ хийж баталгаажуулан өгч болно гэсэн. Үүний дагуу А.Г миний бие гэрээ хийн, үүргээ биелүүлсний дараа уг байрыг миний нэр дээр шилжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон болно.

Захиалагч тал болох А.Г миний бие нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу захиалсан байрны үнэ болох 15 сая төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЖХХК-ийн санхүү болох борлуулалтын менежер А.Заар дамжуулан тус компанийн санхүүд бэлнээр тушааж, уг мөнгийг тушаасан баримтад компанийн захирал Ж.А мөнгө хүлээн авсан А.З нар гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Гэтэл ЖХХК-ийн захирал Ж.А болон С.Э нар нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй намайг хохироож байна. Иймд дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу захиалсан байрны үнэд төлсөн 15 000 000 төгрөгийг ЖХХК-ийн захирал Ж.А болон С.Э нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би А.Г гэх хүнийг танихгүй, түүнтэй ямар нэгэн байдлаар орон сууц худалдах, худалдан авах, орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулаагүй болно.

Би 2013 онд би HOWO маркийн хүнд даацын авто машинаар барилгын материал, элс, хайрга зөөдөг байсан. 2013 оныг дуустал ажилласан. 2013 оны 09 дүгээр сард тээврийн хөлсөө авъя гэж хэлсэн. Х.Б бид хоёр тухайн үед тооцоод 24.000.000 төгрөг төлөхөөр болсон. Тэгээд Х.Бд би мөнгөө авья гэж хэлэхэд Х.Б одоо хот явах гэж байгаа, зээл хөөцөлдөнө. Тэгээд зээл бүтэх юм бол ирээд мөнгийг чинь бүтнээр нь өгье гэж хэлсэн. Байр авах гэж байгаа хүн байвал урьдчилгаа өгсөн хүн байвал хамаа алга та мөнгөө авч болно гэсэн. Эхний удаа энэ байр баригдахаар нэг өрөө байр ав. Байраа зараад та урьдчилгаагаа ав гэж хэлсэн. Би Батсүхийг таньдаг байсан тул түүнд би ах нь нэг өрөө байр зарна гэж хэлсэн. Батсүх над руу 20 гаруй хоногийн дараа утасдсан. Цогоо ахаа нөгөө байрны гэрээг хийх гэсэн юм, манай ах эгч хоёр гэрээ хийх гээд Улаанбаатар хотоос ирээд байна гэж хэлэхэд би та нар хаана байгаа юм бэ гэсэн чинь Оч манлай дотор байна гэж хэлсэн. Тэгээд би очсон чинь А.Г эхнэртэйгээ байсан. Тэгээд А.Зтай гэрээ хийж, Ж.А гарын үсэг зурсан. Тэгээд байж байтал Х.Б А.З руу яриад наад урьдчилгааны мөнгөнөөсөө миний данс руу 10.000.000 төгрөг хий гэж хэлсэн. Би тэр мөнгөнөөс нэг ч цаас аваагүй. Намайг мөнгө авсан гэээд байна, би ямар ч мөнгө аваагүй, тухайн мөнгийг А.Зт өгч байхыг харсан

Мөн тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надтай аман хэлэлцээр хийсэн, ЖХХК-д хийсэн ажлын хөлсөнд 1 өрөө байр намайг авах болсон, тэр байраа чамайг бэлэн 15 сая төгрөг өгөх юм бол гэрээ хийж баталгаажуулна гэсэн зэргээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Бидний хооронд тийм аман хэлэлцээр хийсэн зүйл огт байхгүй. А.Г нь өөрөө нэхэмжлэлдээ ЖХХК-тай гэрээ хийсэн, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу захиалсан байрны үнэ болох 15 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЖХХК-ийн санхүү, борлуулалтын менежер А.Зт бэлнээр хүлээлгэн өгсөн гэж бичсэн байна. А.Гын ЖХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн компанид өгсөн мөнгөө надаас нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Миний бие уг мөнгийг хариуцан төлөх учиргүй гэж үзэж байна. Би энэхүү нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш тул хэргийг хариуцвал зохих хүнийг олж тогтоож, жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү гэв.

 

Хариуцагч Жижиг Эрдэнэ ХХК-ийн захирал Ж.А нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мастер хаус ХХК-ийн борлуулалтын менежер А.З намайг утсаар ажлын байранд хүрээд ир гэхээр нь би инженер А.Гын хамт очиход үл таних 2 иргэнтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр хийж, уг гэрээг шивээд гаргасан байсан. Намайг тэр гэрээнд гарын үсгээ зур гэхэд нь би наад гэрээнд чинь гарын үсэг зурахгүй гэдгээ хэлээд гарсан. Захиалга өгсөн А.Г нь гэр бүлийнхээ хүний хамт хажууд нь байсан. Намайг явсны дараа С.Э утсаар тэр гэрээнд гарын үсгээ зураа Х.Б зур гээд байна гэсэн гэж хэлсэн. Тэгэхэд нь би гэрээнд гарын үсэг зурахгүй гэж хэлсэн юм. Мөн захирал Х.Б над руу утсаар ярьж наад гэрээндээ гарын үсгээ зур, би яамд санхүүжилт хөөцөлдөөд явж байна, аймгийн Нийгмийн даатгалаас 10 байр авахаар болсон гэж хэлсэн. Би зурахгүй гэдгээ дахин хэлсэн. Эдгээр хүмүүс удаа дараа над руу залгаж байсан боловч би утсаа аваагүй, намайг утсаа авахгүй болохоор инженер н.Ганбаатарын утас руу залгаж, Ж.А ахаар гэрээнд гарын үсэг зуруул гэж хэлсэн. Сүүлдээ надруу залгаад болохгүй болохоор нь би тус гэрээнд гарын үсгээ зурсан. Би захиргааны урд талын машины зогсоол дээр инженер А.Гын хамт байхад С.Э, н.Батсүх нар ирж гэрээнд гарын үсэг зуруулаад аваад явсан. Үүнээс хойш эдгээр хүмүүстэй би дахин уулзаагүй. Мөнгө төгрөгний асуудлыг би мэдээгүй, хажууд нь байгаагүй болно. Нэхэмжлэгч А.Г 37 587 000 төгрөгний орлогын баримтад А.З болон миний гарын үсэг бүхий баримт хавсаргасан байна. Миний бие хэзээ ч бэлэн мөнгө хүлээн авсан баримтанд гарын үсэг зураагүй тул тухайн бэлэн мөнгөний баримтад бидний гарын үсгийг эвлүүлж хийсэн байх магадлалтай тул шинжээч томилуулах саналтай байна. Иргэн А.Г нь өмнөх шүүх хурал дээр орон сууцны мөнгөө С.Эод өгсөн гэж мэдүүлж байсан. Ж.А миний нэр дээр түр байсан ЖХХК нь захирал Х.Бын компани юм.

2013 онд ЖХХК-ийг Хэнтий аймгийн харъяат Г.Баяр-Эрдэнэ гэж хүн үүсгэн байгуулсан компани байдаг юм. Г.Баяр-Эрдэнээс Х.Б ЖХХК-ийг авах болоход заавал нутгийн харъяаллын хүнд өгнө гээд Х.Б надаа та түр нэр дээрээ компанийг шилжүүлээд авчих гэж хэлснээр би Г.Баяр-Эрдэнээс тухайн компанийг шилжүүлээд авсан. Би тухайн компаний нэр нь дээр 2-3 сар болсон байдаг. Тухайн компаний захиран зарцуулах эрх, үүрэг нь захирал Х.Бд байсан. Миний нэр дээр Жижиг- Эрдэнэ ХХК-иа шилжүүлж авахдаа гарч болзошгүй бүх эрсдэл хариуцлагаа би хариуцна. Учир нь наад компани чинь минийх болохоор гэсэн. Дараа нь над руу Х.Б 2013 оны 05 дугаар сарын дундуур утсаар ярьж, Улаанбаатар хотоос Г.Б гэж хүн очно, та миний компаний нэрийг нь Г.Бт шилжүүлээд өг гэж хэлсэн. Ийм учиртай компани. Тухайн гэрээнд гарын үсэг зураад гараад явахдаа би сүүлд нь хариуцлагыг нь би үүрэхгүй шүү гэж хэлээд гараад явсан. Би тухайн мөнгийг яасан талаар мэдэхгүй гэв.

 

Хариуцагч А.З шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ЖХХК-д борлуулалтын менежерийн албан тушаалд ажилладаггүй, бичиг хэргийн ажилтан байсан юм. 2013 оны 11 дүгээр сард Оч Манлай ХХК-ийн конторт сууж байхад 14 цагийн үед Х.Б захирал ярьсан. Одоо хүмүүс очно шүү гэрээ хийгээрэй, мөнгө төгрөгийг над руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь 15 цагийн үед А.Г эхнэрийн хамт манай өрөөнд орж ирсэн. Миний компьютерийг асаагаад гэрээний загвар байгаа тэрийг гаргаад өгөөрэй гэсэн би гэрээг хэвлээд гаргаад өгсөн. Үүдэнд байхад урьдчилгаа мөнгө 15.000.000 төгрөг надаа гаргаад өгсөн. А.Г гэж хүнтэй гэрээ хийхэд захирал Х.Б залгаад гэрээ хэвлээдэх, би хотод явж байгаа тул гарын үсэг зураарай, мөн мөнгийг миний данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг Баатархүү инженерт өг гэж хэлсэн. Ингээд Х.Б захирлын хэлсэн гэрээг хэвлээд гаргаж өгсөн. А.Г, С.Э нартай ямар холбоотой ямар тохиролцоотой талаар мэдэх юм байхгүй. Зөвхөн Х.Б захирлын хэлсний дагуу гэрээг байгуулж, мөнгийг шилжүүлэн, 5 000 000 төгрөгийг Баатархүү инженерт өгсөн. А.Г Жижиг- Эрдэнэ ХХК-д өгсөн мөнгөө надаас нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Миний бие уг мөнгийг хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж энэ хэргийн жинхэнэ хариуцагчаар Х.Быг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжилж буй мөнгөөр Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хүсэлтээр Хэрлэн голын гүүрэн дээр татвар хураах купон ба замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэн. Уг ажилд 100 хувь зарцуулагдсан болно. Зарцуулалтын талаарх тайлан нь Эрүүгийн хэрэгт хавсаргасан болно. Дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мөнгийг Жижиг Эрдэнэ ХХК-ийн дансанд хийсэн, захиран зарцуулсан нь Ж.А, Х.Болор нар юм гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Г хариуцагч ЖХХК-ийн захирал Ж.А, хариуцагч С.Э нараас захиалсан байрны үнэ 15 000 000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.З, ЖХХК-ийн захирал Х.Б, Г.Б нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаснаар шүүхээс хүсэлтийг хангаж А.З, ЖХХК-ийн захирал гэх Х.Б, Г.Б нарыг хамтран хариуцагчаар татсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.Г нь ЖХХК-тай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж борлуулалтын менежер А.З, захиалагч талыг төлөөлж А.Г нар гарын үсэг зурж, компанийн гүйцэтгэх захирал Ж.А гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ.

Уг гэрээгээр гүйцэтгэгч нь Өндөрхаан хотын Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 36 айлын орон сууцны 13 тоот 34,17 м2 талбай бүхий 1 өрөө байрыг барьж захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч тал нь гэрээний урьдчилгаа төлбөр 100 %-ийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон нь зохигч нарын хооронд байгуулсан гэрээ, тэдний шүүхэд гаргасан тайлбараар бүрэн нотлогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ хийгдэж, хоёр тал үүрэг хүлээсэн байх ба нэхэмжлэгч А.Гаас гэрээ байгуулах үед 15 000 000 төгрөгийг ЖХХК-ийн борлуулалтын менежер /бичиг хэргийн ажилтан гэх/ А.Зт бэлнээр хүлээлгэн өгч, хариуцагч А.З 15 000 000 төгрөгийг хүлээж авсан гэх үйл баримт нэхэмжлэгч А.Г, хариуцагч С.Э, А.З нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч А.Гын хариуцагч А.З, С.Э, ЖХХК-ийн захирал Ж.А, захирал Х.Б нарт холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд,

Хариуцагч ЖХХК-ийн захирал Ж.А, Х.Б, хариуцагч А.З, С.Э нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.Г нэхэмжлэлдээ 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах 08 дугаартай гэрээг нотлох баримтаар гаргаж өгч, хариуцагч талын гэрээнд заасан үүргийнх нь дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Тэрээр, тухайн гэрээг байгуулах үед ЖХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг Ж.А гүйцэтгэж, гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан боловч түүний шүүхэд гаргасан ...А.З намайг Орон сууц захиалгаар бариулах 08 дугаартай гэрээнд гарын үсэг зур гэхэд нь зурахгүй гэдгээ хэлээд гарсан, дараа нь Х.Б утсаар та гэрээнд гарын үсгээ зур гэж хэлэхэд, би зурахгүй гэдгээ дахин хэлсэн, гэхдээ удаа дараа утсаар залгахаар нь би гэрээнд гарын үсэг зурсан, энэ компани Ж.А миний нэр дээр түр байсан, захиран зарцуулах эрх нь Х.Бд байсан... гэх тайлбараар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/429 дугаартай ЖХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаагаар Ж.А нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ЖХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан ба 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Г.Б томилогдсноор Ж.А нь жинхэнэ хариуцагч биш байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу хариуцагч Ж.А уг маргаантай эрх зүйн харилцаанаас гарсан гэж дүгнэлээ.

Энэхүү маргаанд хамтран хариуцагчаар оролцож буй А.З Орон сууц захиалгаар бариулах тухай 08 дугаартай гэрээний төслийг бэлдэж, гүйцэтгэгч талыг төлөөлж гарын үсэг зурж, улмаар нэхэмжлэгч А.Гаас 15 000 000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээн авсан гэх үйл баримт зохигчдын тайлбараар нотлогддог.

Орон сууц захиалгаар бариулах тухай 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т ...Борлуулагчийн хариуцлага нь захиалагч, гүйцэтгэгч нарыг уулзуулан энэхүү гэрээг байгуулж, гүйцэтгэгч талын ерөнхий захирал баталснаар дуусгавар болно... гэж тусгагдснаас үзэхэд хамтран хариуцагч А.Зын тус гэрээнд заасан үүрэг дуусгавар болжээ.

Мөн нэхэмжлэгч талаас хариуцагчаар тодорхойлсон С.Эын хувьд ЖХХК-д ажилладаг, Орон сууц захиалгаар бариулах тухай 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08 тоот гэрээний дагуу ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээсэн эсэх нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч А.Гын тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Батсүх нарын мэдүүлэгт ...15 000 000 төгрөгийг С.Эод хүлээлгэн өгсөн, би хажууд нь байсан... гэх үйл баримтыг хариуцагч А.Зын 15 000 000 төгрөгийг миний бие бэлнээр хүлээн авч, Х.Бын Хас банкны хувийн харилцах дансанд 10 000 000 төгрөг, инженер н.Баатархүүд 5 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэх тайлбар болон хэрэгт авагдсан буусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Харин хамтран хариуцагчаар оролцож буй Х.Бын хувьд уг хэргийн жинхэнэ хариуцагч биш байна гэж дүгнэв.

Хариуцагч ЖХХК-ийн захирал Ж.А, хариуцагч С.Э, хамтран хариуцагч А.З нараас ...Ж.А нь ЖХХК-ийн захирал албан тушаалтай хэдий ч компанийн санхүү, хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ зөвхөн Х.Бд байсан, түүний үүрэг болгосноор гэрээнд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч А.Гын өгсөн 15 000 000 төгрөгийг Х.Бын дансанд 10 000 000 төгрөг шилжүүлж, 5 000 000 төгрөгийг инженер н.Баатархүүд бэлнээр өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 15 000 000 төгрөгийг тус компанийн захирал Х.Б хариуцна... гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Х.Бын Хас банкны 5001033013 харилцах дансанд А.Заас 10 000 000 төгрөг шилжүүлсэн нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дансны хуулга, Хэнтий аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архиваас хуулбарлан өгсөн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч хошууч Б.Түвшинтөгс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.Заас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Х.Баас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн Орон сууц захиалгаар бариулах тухай 08 дугаартай гэрээний дагуу өгсөн 15 000 000 төгрөгийг Х.Б захиран зарцуулсан нь нотлогдож байна.

Гэвч, хэрэгт авагдсан нотлох баримт Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/429 дугаартай ЖХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаагаар хариуцагч Х.Б ЖХХК-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн болох нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн, Хэнтий аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архиваас хуулбарлан өгсөн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч хошууч Б.Түвшинтөгс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Г.Боос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд ...Би энэ компанийг авахдаа байр захиалах гэрээ хууль бус гэж ойлгосон юм. Тэгэхдээ 6 иргэнээс Хүрэлийн Батжаргал нь байрны захиалга авч ЖХХК-тай гэрээ байгуулсан юм. ЖХХК-ийг авах шаардлага гарсан учраас 5 айлын байрны захиалга өгсөн 100 000 000 орчим төгрөг, мөн дээр нь Чин Тал ШТС-д өгөх 5 000 000 төгрөгийн өрийг төлнө гэж хариуцлагадаа тусгасан юм... гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/429 дугаартай ЖХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад, иргэн Х.Болор ЖХХК-ийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан нь тогтоогдож байх ба хариуцагч Х.Быг ЖХХК-ийн захирал гэх боловч хууль ёсны баримтын хүрээнд түүнийг захирал гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан.

Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Г иргэн Ж.А, С.Э, А.З, Х.Б нартай гэрээ байгуулаагүй тул ЖХХК-ийн хүлээх авиваа үүргийг хариуцахгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Г нь хуулийн этгээдтэй буюу ЖХХК-тай гэрээ байгуулж, байрны урьдчилгаа төлбөр төлсөн учир иргэн Ж.А, С.Э, А.З, Х.Б нар хариуцлага хүлээх боломжгүй байх ба Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээний дагуу үүргийн харилцаа үүсээгүй байна гэж үзэж нэхэмжлэгч А.Гаас хариуцагч Ж.А, С.Э, А.З, Х.Б нарт холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иймд, нэхэмжлэгч А.Гын хариуцагч Ж.А, С.Э, А.З, Х.Б нарт холбогдох захиалсан байрны үнэ 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 30 дугаар зүйлийн 30.1-д ...Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно... гэж заажээ.

Хариуцагч ЖХХК нэг гишүүнтэй, түүний захирал Г.Б 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 279/000047 дугаартай лавлагаагаар тогтоогдсон байна. Энэ тохиолдолд уг компани үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй, компанийн эрх үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байх тул хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон байх тул хариуцагч ЖХХК-ийн Г.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Г ЖХХК-ийн эрх залгамжлан авбал зохих этгээдийг тодорхойлж, тус компанитай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ЖХХК-ийн /захирал Ж.А/, хариуцагч С.Э, хамтран хариуцагч А.З, Х.Б нараас 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖХХК-ийн захирал Г.Боос 15 000 000 төгрөг гаргуулах тухай А.Гын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН