Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Б.Батбаяр

Өмгөөлөгч С.Энхзул

Шүүгдэгч Г.Дөлгөөн, Н.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пэрэнлэй овогт Намжилмаагийн  Мөнхбаяр, Боржигон овогт Гэрэлт-Одын Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн 201710010098 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 10-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 23 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Усны 1-11 тоотод оршин суух хаягтай, Ориглуун цэвэр усны газарт жолооч ажилтай, Пэрэнлэй овогт Намжилмаагийн  Мөнхбаяр /РД: ЕН94021010/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Хилийн гудамж 1-15 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Гэрэлт-Одын Дөлгөөн /РД: СЮ94091211/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Г.Дөлгөөн, Н.Мөнхбаяр нар нь бүлэглэн согтуугаар 2017 оны 03 сарын 30-ны шөнийн 01 цаг 30 минутанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны  хажуу талын зам дээр хохирогч Н.Отгонбаярыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед нь халдан бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Дөлгөөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: 2017 оны 03 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байх үед найзууд болох Мөнхбаяр, Сайнбат, Батхүү, Мөнхбаярын найз охин Сарангоо нарын хамт 5-уулаа Ялгуун караокенаас гарч яваад хойшоогоо гэр байрны зүг бүгд алхацгаасан ба яг Голомт банкны хажууханд ирж явтал өөдөөс 2 залуу 1 эмэгтэй гурвуулаа ирж явсан ба бид нартай зөрөх үедээ 2 залуугийнх нь арай өндөр махлаг залуу нь бид нарт хандаж муусайн бацаанууд минь янханууд минь аятайхан зөрөөрэй гэж хэлсэн, тэгсэн чинь манай найз Мөнхбаяр шууд уурласан бололтой үгийн зөрүүгүй нөгөө хараал хэлсэн залуугийн нүүр лүү нь гараараа цохьсон, тэгээд бид нар цаашаагаа үргэлжүүлээд алхаад явсан, тэгтэл нөгөө өндөр махлаг залуутай хамт явсан намхан залуу буюу Отгонбаяр гэх залуу араас гүйж ирээд Мөнхбаярын нүүр лүү нь цохиод авангуут нь Мөнхбаяр зөрүүлээд нүүр лүү нь цохиод авсан чинь Отгонбаяр доошоо тонгойсон, энэ үед нь би гүйж очоод түүний нүүр лүү нь нэг удаа гараараа цохиод 2 удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь эхлээд Мөнхбаярт цохиулдаг өндөр махлаг залуу нь гартаа чулуу барихаар нь бид нар цаашаа Голомтын баруун тийшээ гүйгээд явсан юм гэжээ. /хх-ийн 49-50/

-Шүүгдэгч Н.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: 2017 оны 03 сарын 29-ны өдөр Ялгуун караокед шөнө 23 цаг өнгөрөөгөөд найзууд болох Батхүү, Сайнбат, Дөлгөөн, Сарангоо нарын хамт орсон, тэгээд шөнийн 01.10 цагийн үед Ялгуун караокенаас гараад Голомт банкны урд талын явган хүний замаар хойшоо явж байтал өөдөөс нэг өндөр залуу ирж явсан ба түүний ард нь нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн алхаж явсан юм, тэгтэл өндөр залуу миний хажуугаар зөрөхдөө надтай мөрөөрөө шүргэлцсэн юм, тэгсэнээ эргэж харсанаа над руу бацаанууд минь аятайхан яваарай, муусайн янханууд гэж хэлсэн, тэгэхээр нь би яасан юм бэ ах аа зүгээр хажуугаар чинь зөрөх гэж байна ш дээ гэсэн чинь намайг цохих гээд гараараа савахаар нь би бултаад зөрүүлж нүүр лүү нь гараараа цохьчихсон юм, тэгээд цаашаа тоохгүй алхтал араас найз нь бололтой намхан залуу ирээд миний зүүн мөр лүү гараараа цохиод авахаар нь би эргэж хараад шанаа руу нь цохиж авсан чинь доошоо тонгойсон, энэ үед манай найз Дөлгөөн ирээд тэр залууг бариад авсан, энэ үед манай найз охин Сарангоо намайг татаад явъя гээд салгаад аваад явсан, удалгүй Дөлгөөн араас ирээд бид нар хамт зугтаасан ба араас нөгөө залуу орилоод нааш хүрээд ир, бүгдийг чинь ална гээд хашхираад байсан юм. Бид нар зугтаж явсаар Хараа дэлгүүрийн баруун талд очоод гэр гэрлүүгээ салаад явцгаасан юм гэв. /хх-ийн 55-56/

-Хохирогч Н.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 03 сарын 29-ны өдөр манай найз Батсайханы төрсөн өдөр орой 22 цагийн үед гадуур уулзалдаад, шөнийн 23 цаг өнгөрч байхад манай найзууд болох Батсайхан, Энх-Амгалан, Батбаатар, Баяраа, Мөнхтогтох нарын хамт Булган плаза бааранд орцгоосон, тэгээд тэндээ 1 шил 0,5 л архи, хүний нэг нэг пиво авч уусан. Тэгээд бааран дотор тэрийгээ дөнгөж уугаад дуустал шөнийн 01.30 цагийн орчимд баар хаах цаг болоод манай эхнэр Гэрэлтуяа намайг авахаар баарны үүдэнд ирээд би баарнаас ганцаараа гараад эхнэртэйгээ уулзаад байж байсан чинь араас Батбаатар гарч ирсэн ба нэлээд согтуу байдалтай байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Батбаатарыг дагуулж яваад гэрт нь оруулж өгөөд явъя гэж ярилцаад дагуулаад алхсан. Манай эхнэр жирэмсэн байсан болохоор ард хоцроод удаан алхаж байсан. Батбаатар бид хоёр урдхан талд нь алхаад явж байсан юм, тэгтэл Голомт банкны хажуухан талд ирж байхад урдаас үл таних 4 залуу, 1 хүүхэнтэй 5-лаа урдаас ирж яваа харагдсан юм. Тэгээд тэд нартай яг зөрөх үед миний санаж байгаагаар Батбаатар нэг залуутай зөрөхдөө мөрлөлцчих шиг болсон, Батбаатар гэнэт нэг залуу нь цохих шиг болсон, тэгэхэд нь би Батбаатартай хамт явсан болохоор өмөөрөөд л хөөе боль гэж хэлсэн байх, тэгсэн чинь над руу бас нүүр ам руу гар хөл орж ирээд намайг бас ганц хоёр зодсон. Тэгтэл манай эхнэр цаанаас орилоод л гүйгээд ирсэн, нөгөөдүүл Голомт банкны урдуур чигээрээ туслах замаар гүйгээд явсан юм. Манай эхнэр миний гараас бариад одоо боль гэж хэлсэн. Эргээд харсан чинь Батбаатар байхгүй байсан ба би тэр залуучуудын араас хөөсөн юм байна гэж бодоод нөгөө залуучууд зугтсан зүг рүү  ахиад гүйсэн. Нэг залуу нь л миний урд талд гүйж байгаа харагдсан, бусад нь огт харагдахгүй байсан, тэгээд би тэр залууг нь хөөж байгаад Ган зам дэлгүүрийн тэр хавьд бүдэрч унаад дөнгөж өндийх гэж байтал манай эхнэр Батбаатар хоёр миний хажууд ирчихсэн байсан юм. ...Сумын эмнэлэг ороод зүүн шанаандаа 7 оёдол тавиулсан. ...Эмчилгээний зардалд 2,5 сая төгрөг өгсөн. Одоо миний зүгээс ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 11-12/

-Гэрч Б.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед би Булган плаза бааранд очиж нөхрөө авсан юм. Тухайн орой манай нөхөр Отгонбаяр найз нөхөдтэйгээ найз Бат-Оргилын төрсөн өдөр болж тэмдэглэж байсан юм. Тэгээд би нөхөр Отгонбаяр болон түүний найз Баагийг дагуулан харихаар гарч Булган плазагаас гарч Баагийг гэрт нь хүргэж өгөхөөр бид 3 хамт алхаж байхад Голомт банкны ойролцоо алхаж байсан ба манай нөхөр Баагийтай хамт сугдалцаад миний өмнө 100 орчим метрийн зайтай тэр хоёр хамт алхаж байсан юм. Гэтэл тэр хоёрын өөдөөс нилээд хэдэн залуучууд явж байгаад хоорондоо шууд маргалдаж зууралдаж ноцолдсон. Тэгэхээр нь би алхаж очихын завдалгүй манай нөхрийг тэдгээр залуучууд газар унагаад хэдэн талаас нь өшигчиж байгаа харагдсан мөн Баагийг газар унагачихсан харагдсан намайг гүйж очиж амжилгүй байтал тэдгээр залуучууд гүйгээд зугтаад явчихсан юм. Тэдгээр залуучуудын хойноос Баагий гүйгээд явчихсан би нөхөрөө хориод зогсож байхад манай хүн найз маань явчихлаа би хойноос нь явахгүй бол болохгүй гээд баруун тийш харанхуй руу гүйгээд алга болчихсон юм. Би хойноос нь явж тэр хоёрыг хайж явахад манай хүн Ган зам дэлгүүрийн ойролцоо зам дээр хэвтэж байсан. Надаас салж яваад тэдгээр залуучуудтай уулзсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр тэдгээр залуучуудад цохиулж нүдний орчмоос цус гарсан харагдсан. Үүдэн хоёр шүд нь мөн эмтэрч гэмтсэн юм. Батбаатарын мөн нүдний орчимд бага зэрэг хавдсан харагдсан өөрөөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй юм гэжээ. /хх-ийн 15/

-Гэрч Ч.Батхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Тэр өдөр 2017.03.29-ны өдөр би гэртээ байж байгаад нэлээд орой болсон хойно 23 цаг өнгөрч найз Сайнбаттай утсаар яриад талбай дээр уулзъя гэж ярьсан. Тэгээд би гэрээсээ гараад Дөлгөөн, Мөнхбаяр, Сайнбат нартай талбай дээр уулзсан. Тэгээд 142-р байрны харалдаа зогсож байгаад Мөнхбаярын найз охин Сарангоог аваад бид 5-уулаа Ялгуун караокед орсон юм. Тэгээд тэнд нэг нэг пиво ууцгаагаад шөнийн 01 цаг өнгөртөл сууж байгаад гарсан. Тэгээд бөөнөөрөө гэр гэртээ харьцгаах санаатай төв талбай дээгүүр алхаад цагдаагийн хэлтсийн урдуур гараад явж байтал урдаас 2 залуу нэлээд согтуу байдалтай нэгнийгээ сугадсан байдалтай явж байсан ба нэг бүдүүн залуу нь бид нарын хажуугаар зөрөхдөө муу лаларын бацаанууд, муу гичийнүүд минь аятайхан зөрөөрэй, янханууд минь ална шүү гээд байсан. Би хамгийн урд алхаж байсан, миний ард Сайнбат хажууханд алхаж байсан. Тэгээд Сайнбат бид хоёр зүгээр юм сонсоогүй юм шиг л гараад явсан, тэр хоёр залуугийн ард бас нэг эмэгтэй хүн явж байсан. Тэгтэл ард хүн орилох шиг болохоор эргээд хартал нөгөө хоёр залуугийн нэг нь газар уначихсан, нөгөөх нь хажууд нь зогсож байсан юм. Тэр хоёр залуугийн араас явж байсан хүүхэн газар уначихсан залуу руу гүйж очиж байгаа харагдсан. Сайнбат бид хоёр наанаас нь болио яах гээд байгаа юм хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд Голомт банкны урдуур гараад бид нар явтал тэр намхан залуу нь газраас босч ирээд араас хөөгөөд чулуу энэ тэр барихаар нь бид нар зугтсан юм. Тэгээд бид нар Хараа дэлгүүрийн баруун талаас салаад гэрлүүгээ явсан. Тухайн үед яг зодоон болох шалтгаан бол тэр урдаас ирж явсан хоёр залуугийн өндөр бүдүүн залуугаас болсон гэж бодож байна. ...хараагаад байсан, тэрийг нь Н.Мөнхбаяр найз охинтойгоо явж байсан болохоор найз охиноо хэлж байна гэж бодсон уу яасан тэр залуутай маргалдаад цохиж авсан юм шиг байна лээ. Би яг хэн хэнийг цохиж авсныг хараагүй, ард хүн орилох шиг болсон эргэж харахад л нэг нь газар уначихсан, нөгөөх нь хажууд нь зогсож байсан. ...Мөнхбаяр, Дөлгөөн хоёр л ард явж байсан ба тэр хоёр залуутай маргаж муудсан юм шиг байна лээ, гэхдээ тэр хоёр яаж цохьсоныг хараагүй. Тухайн үед бид нарт согтсон зүйл байгаагүй, согтсон хүн бараг байхгүй ганц пиво л уусан байдалтай явж байсан. Бид нараас ухаанаа алдатлаа согтсон хүн огт байгаагүй. Нөгөө хоёр залуу нэлээн согтуу байсан. Тэр бүдүүн  залуу бол хөл дээрээ тогтож байгаа юм уу гэмээр гуйвсан л юм явж байсан, тэгж явж байхдаа л амаараа л хүн амьтан хараагаад л гичийнүүд ээ, янхануудаа, муу бацаануудаа  гээд л элдвээр хэлж хэл амаар доромжлоод байсан гэжээ. /хх-ийн 18/

-Гэрч С.Сарангоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Тэр өдөр манай найз Соёлоо гэж охины төрсөн өдөр нь болоод би Соёлоотой хамт 141-р байранд нэг найзынх нь гэрт 20 цагийн үед очиж хамт юм ярьж сууж байтал орой 23 цагийн үед тэр айлаас нь гараад бид нар тарцгаасан юм. Тэр хооронд манай найз залуу Н.Мөнхбаяр над руу залгаад 142-р байрны гадаа уулзъя гэж ярьж байсан. ...Тэгээд цагдаагийн хэлтсийн ойролцоо явж байсан нэг бүдүүн ах нэлээд согтуу байдалтай өөдөөс ирж явсан ба муусайн янханууд би Замын-Үүдэд хаач явсан алзахгүй гээд л баахан янхан гээд л хараагаад явж байсан, тэгээд бид нар хажуугаар нь зөрөөд гарсан ба эхлээд Батхүү хажуугаар нь зөрсөн, араас нь Н.Мөнхбаяр бид хоёр хөтөлцсөн алхаж байгаад хажуугаар нь зөртөл тэр согтуу ах Н.Мөнхбаярын талаар зөрсөн. Тэгээ хажуугаар нь зөрөхдөө хараалын үг хэлээд байсан. ...тэгээд зөрөх шиг болсон чинь Н.Мөнхбаяр тэр бүдүүн ахыг толгой хавьд нь цохиод авсан. Тэгтэл цаанаас нь нэг намхан туранхайвтар ах гүйж ирээд Н.Мөнхбаярын араас нь нуруу хавь руу нь цохьсон. Тэгээд л би Н.Мөнхбаярыг болио гээд салгаад Голомтын урдуур явсан, араас нөгөө хоёр ах чулуу шидээд байсан. Тэгэхээр нь бид хэд бүгдээрээ зугтаагаад гүйсээр байгаад Хараа дэлгүүрийн тэнд очоод гэр гэр лүүгээ салаад явцгаасан. ...тэнд бас нэг жирэмсэн эгч ирээд хүүе болиорой эгчийн дүү нар, одоо явчих аа, угаасаа энэ хоёрын буруу гэж хэлсэн. Тухайн үед Батхүү бол юунд ч оролцоогүй, хараад зогсож байсан. Хоромхон зуур л бужигнаад өнгөрсөн. Н.Мөнхбаяр бол надтай хөтлөлцөөд зогсож байгаад тэр ахыг цохьсоныг л би мэдэж байна. Цаашаа юу болсныг үнэндээ мэдэхгүй байна. Сайнбат яагаач үгүй гэж байсан. Харин Дөлгөөн өөрөө хэлэхдээ тэр намхан ахыг цохьсон гэж ярьж байсан гэжээ.  /хх-ийн 20-21/

-Гэрч Б.Сайнбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Гэр байр луу бүгд харьцгаах гээд хойшоо алхаж явтал Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн эсрэг талд замын хажууд явж байтал өөдөөс махлагдуу биетэй ах нэлээд согтуу байдалтай ирж явсан ба Батхүү бид хоёрыг хажуугаар нь өнгөрсөн чинь өө муусайн янханууд минь замаа хар, аятайхан яв гэж хэлсэн, тэгэхээр нь бид хоёр юм хэлээгүй хажуугаар нь өнгөрөөд явсан. Тэгтэл ард хүн хашгирах шиг болохоор нь эргээд хартал  Н.Мөнхбаяр, Дөлгөөн хоёр тэр залуутай зодолдсон бололтой бас нэг залуу газар уначихсан, нөгөө агсараад байсан махлагдуу залуу төмөр шон түшчихсэн зогсож байсан, яг юу болоод хэн нь хэнийгээ цохиж авсаныг хараагүй тэгээд л нөгөө газар унасан байсан залуу нь босч ирээд бид нарын араас хөөгөөд чулуу энэ тэр шидээд байхаар нь бид нар зугтаагаад шууд тэр чигээрээ гэр гэр лүүгээ харьцгаасан гэжээ. /хх-ийн 22/

-Гэрч Г.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 цаг өнгөрч байхад өөрийн найз Батсайханы төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор Долоон бурхан караокед найзуудын хамт сууж байгаад үргэлжлүүлэн Булган Плаза бааранд орсон. Тэгээд шөнө 01 цаг хүртэл бааранд найзуудтайгаа архи ууж байтал Отгонбаярын эхнэр ирээд Отгонбаяр бид хоёрыг дагуулаад гэрт хүргэж өгнө гээд аваад гарсан. Тухайн үед архи уучихсан нэлээ согтуу байсан бөгөөд баарнаас гараад салхинд цохиулаад ухаан санаа орж гараад нэг мэдсэн Голомт банкны хажуу талд үл таних хэдэн хүмүүстэй муудалцаад байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн Ган зам дэлгүүрийн тэнд явж байтал Отгонбаяр явган хүний зам дээр доошоо хараад уначихсан нүүр амнаас нь цус гараад хэвтэж байсан. Энэ үед миний ухаан орж гараад юу болж байгааг ойлгох сөхөөгүй байж байтал Отгонбаярын эхнэрийг ирэхээр нь юу болсон талаар асуухад “та хоёр Голомт банкны үүдэнд хүнтэй маргалдаад зодолдсон, тэгээд нөгөө хэд нь зугтаасан чинь араас нь гүйж яваад ийм зүйл болчихлоо, одоо цагдаад энэ талаар мэдэгдье, зодсон хүмүүсийг нь олъё гэсэн. Миний хувьд тухайн өдөр өөрийн ухаангүй болтлоо согтсон байсан учир болсон зүйлийн талаар санахгүй байна аа, санаж байгаа зүйлээ дээр ярьлаа, маргааш өглөө нь сэрэхэд миний биед учирсан гэмтэл шарх учраагүй байсан.  Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 71/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Шинжээчийн 118 дугаартай дүгнэлт: 1.Н.Отгонбаярын биед зүүн нүдний гадна хэсэг дэх шарх гэмтэл, зүүн нүдний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл, үүдэн баруун дээд 1-р шүдний 2/3 хэсэг, зүүн дээд 1-р шүдний 1/3 хэсэг хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Н.Отгонбаярын биед үүссэн зүүн нүдний гадна хэсэг дэх шарх гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, үүдэн баруун дээд 1-р шүдний 2/3 хэсэг, зүүн дээд 1-р шүдний 1/3 хэсэг хугарал нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зүүн нүдний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 35/

-Шүүгдэгч нарын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын 2-р баг, Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-59-67/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 72-74/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч Г.Дөлгөөн, Н.Мөнхбаяр нар нь бүлэглэн 2017 оны 03 сарын 30-ны шөнийн 01 цаг 30 минутанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны хажуу талын зам дээр хохирогч Н.Отгонбаярыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед нь халдан зүүн нүдний гадна хэсэг дэх шарх гэмтэл, зүүн нүдний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл, үүдэн баруун дээд 1-р шүдний 2/3 хэсэг, зүүн дээд 1-р шүдний 1/3 хэсэг хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Гэрэлтуяагийн “...Гэтэл тэр хоёрын өөдөөс нилээд хэдэн залуучууд явж байгаад хоорондоо шууд маргалдаж зууралдаж ноцолдсон. Тэгэхээр нь би алхаж очихын завдалгүй манай нөхрийг тэдгээр залуучууд газар унагаад хэдэн талаас нь өшигчиж байгаа харагдсан мөн Баагийг газар унагачихсан харагдсан намайг гүйж очиж амжилгүй байтал тэдгээр залуучууд гүйгээд зугтаад явчихсан юм.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Батхүүгийн “...төв талбай дээгүүр алхаад цагдаагийн хэлтсийн урдуур гараад явж байтал урдаас 2 залуу нэлээд согтуу байдалтай нэгнийгээ сугдсан байдалтай явж байсан ба нэг бүдүүн залуу нь бид нарын хажуугаар зөрөхдөө муу лаларын бацаанууд, муу гичийнүүд минь аятайхан зөрөөрэй, янханууд минь ална шүү гээд байсан. Би хамгийн урд алхаж байсан, миний ард Сайнбат хажууханд алхаж байсан. Тэгээд Сайнбат бид хоёр зүгээр юм сонсоогүй юм шиг л гараад явсан, тэр хоёр залуугийн ард бас нэг эмэгтэй хүн явж байсан. Тэгтэл ард хүн орилох шиг болохоор  эргээд хартал нөгөө хоёр залуугийн нэг нь газар уначихсан, нөгөөх нь хажууд нь зогсож байсан юм.” гэх мэдүүлэг, гэрч С.Сарангоогийн “...Тэгээд хажуугаар нь зөрөхдөө хараалын үг хэлээд байсан. ...тэгээд зөрөх шиг болсон чинь Н.Мөнхбаяр тэр бүдүүн ахыг толгой хавьд нь цохиод авсан. Тэгтэл цаанаас нь нэг намхан туранхайвтар ах гүйж ирээд Н.Мөнхбаярын араас нь нуруу хавь руу нь цохьсон.” гэх мэдүүлэг, гэрч Б.Сайнбатын “...Батхүү бид хоёрыг хажуугаар нь өнгөрсөн чинь өө муусайн янханууд минь замаа хар, аятайхан яв гэж хэлсэн, тэгэхээр нь бид хоёр юм хэлээгүй хажуугаар нь өнгөрөөд явсан. Тэгтэл ард хүн хашгирах шиг болохоор нь эргээд хартал  Н.Мөнхбаяр, Дөлгөөн хоёр тэр залуутай зодолдсон бололтой бас нэг залуу газар уначихсан, нөгөө агсараад байсан махлагдуу залуу төмөр шон түшчихсэн зогсож байсан....” гэх мэдүүлэг, шинжээчийн 118 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

  Шүүгдэгч нар нь 2017 оны 03 сарын 30-ны шөнийн 01 цаг 30 минутанд хохирогч Н.Отгонбаярыг зодож биед нь халдан бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Дөлгөөн, Н.Мөнхбаяр нарын үйлдсэн гэмт хэрэгт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл анги нь /2015 оны/ Эрүүгийн хуулиар үйлдэл, эс үйлдэхүй нь хэрэгт тооцогдохгүй болсон боловч /2015 оны/ Эрүүийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-ийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Намжилмаагийн  Мөнхбаяр, Гэрэлт-Одын Дөлгөөн нарт зүйлчилж ирүүлсэн /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-г /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 болгон зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Пэрэнлэй овогт Намжилмаагийн Мөнхбаяр, Боржигон овогт Гэрэлт-Одын Дөлгөөн нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Намжилмаагийн Мөнхбаяр, Гэрэлт-Одын Дөлгөөн нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаяр, Г.Дөлгөөн нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч Н.Мөнхбаяр, Г.Дөлгөөн нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мөнхбаяр, Г.Дөлгөөн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА