Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00606

 

   “М” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 102/ШШ2019/00071 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “М” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Б, Ч.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 51 615 887 төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Д.Г, хариуцагч М.Б, Ч.А, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХЗХ-ны төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр М.Б, Ч.А нар “М” ХЗХ-той зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулсантай холбогдуулан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 4 дүгээр гудамж, 59 тоот хаягт байрлах ГД-00345599, Ү-2205020471 дугаартай 150 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ГД-00083802, Г-2205646 тоот дугаартай 441.97 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу үүргээ 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлж дуусгах байсан боловч төлөлт хийхгүй гэрээний үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 2 710 000 төгрөг, зээлийн хүүгээс 840 000 төгрөг төлсөнөөс хойш одоог хүртэл төлөлт хийгээгүй байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 27 290 000 төгрөг, зээлийн хүүнд 47 079 481.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7 246 404.67 төгрөг, нийт 81 615 886.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 50 000 000 төгрөг болгон багасгаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б, Ч.А нарын шүүхэд гаргасан тайлбартаа: М.Б миний бие 2014 онд өөрийн өмчлөлийн газар дээр байшин барих зорилгоор тус хоршооноос 20 000 000 төгрөгийн зээл хүссэн болно. Миний танил С.Мөнхтогоо тус хадгаламж зээлийн хоршооны нягтлан, зээлийн эдийн засагч н.Туяатай найзууд тул зээлийг ямар ч судалгаа шаардахгүй миний өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 59 тоотод байрлах байшин, хашааг барьцаалан зээл гаргуулж чадна. Харин зээлийн хэмжээг 30 000 000 төгрөгөөр гаргуулаад 10 000 000 төгрөгийг С.Мөнхтогоо авах, н.Туяа, н.Дэнсмаа нарт зээл гаргахад туслах учраас 3 000 000 төгрөгийг өгөх санал тавьсан ба надад мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул би зөвшөөрсөн. Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр М ХЗХ-той зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийн зээл авсан. 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр С.Мөнхтогоод 3.5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. н.Туяа, н.Дэнсмаа нарт 3 000 000 төгрөг өгсөнийг С.Мөнхтогоо гэрчилнэ. Тус хоршоо хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь Ч.Аийг хамтран зээлдэгчээр оруулсан. 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Пепто” ХХК-д өөрийн өмчлөлийн газраа 260 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон боловч тус компани эхний ээлжинд миний зээлийн төлбөрийг төлөөд үлдэгдэл төлбөрийг дараа нь олгохоор тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн.

Тус хоршооны н.Туяа, н.Дэнсмаа нар газрыг зарж борлуулахад итгэмжлэл хэрэгтэй байна, бид зарвал чамд мэдэгдэнэ гэж намайг хуурч 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр надаас итгэмжлэл авсан. Би тухайн үед үр нөлөөг нь ойлгоогүй, зээлээ удаан хугацаанд төлж чадаагүй тул тэдний хүсэлтийн дагуу итгэмжлэл өгсөн. Гэтэл надад мэдэгдэлгүй миний газрыг өөрийн хоршооны ажилтан н.Уранчимэгт 15 000 000 төгрөгөөр худалдаж нэрийг нь шилжүүлсэн тул шүүхэд хандаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00286 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан. М ХЗХ-ны нэхэмжилсэн 81 615 886 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 10 000 000 төгрөгийг С.Мөнхтогоо авах зорилгоор зээлүүлсэн тул энэ мөнгийг зөвшөөрөхгүй. Харин 20 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны буюу 1 жилийн хугацааны хүүний хамт төлөх нь зүйтэй гэж үзэж байна. 2014 оны 10 дугаар сард үндсэн зээл 20 000 000 төгрөгөөс 2 710 000 төгрөг, 1 сарын хүү 700 000 төгрөгөөс 840 000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 17 290 000 төгрөг болсон. Иймд үндсэн зээл 17 290 000 төгрөг, 11 сарын хүү 6 967 508 төгрөгийн хүү, хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү 5 890 126 төгрөг, нийт 30 147 634 төгрөг төлөхөөр байна гэжээ.

Хариуцагч М.Б, Ч.А нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А миний бие энэ зээлийг авах зорилго байгаагүй, хоршооны ажилчид зээлийн гэрээнд гарын үсэг зурчих гэж өөрсдөө манай гэрт ирж гуйхаар нь би гарын үсэг зурсан. Зээлийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэж байна. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зөвхөн гишүүддээ зээл олгох, гишүүн бус этгээдэд зээл олгохыг хориглосон байна. Бид нар тус хоршооны гишүүнээр элсээгүй, гишүүн бус байхад зээл олгосон нь хууль зөрчсөн явдал. М.Б миний бие анхнаасаа 20 000 000 төгрөгийн зээл авахыг хүссэн байхад тус хоршоо С.Мөнхтогоод 10 000 000 төгрөгийн зээл олгохоор миний зээл дээр нэмж надад 30 000 000 төгрөгийн зээл олгож, үүргийн гүйцэтгэлд миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Би зээлээ авсан даруйдаа 3 000 000 төгрөгийг хоршооны ажилтан н.Туяад шагналд өгсөн, 10 000 000 төгрөг С.Мөнхтогоод зээлийн гэрээ байгуулж өгсөн.

Иймд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 51 615 887 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дүгээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. М ХЗХ нь Ч.А-т зээл олгоогүй бөгөөд зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, тухайн зээлийг М.Б авсан нь кассын баримт өөрийнх нь тайлбараар нотлогдож байгаа болно. Ч.А-ийг хуурч мэхэлсэн, хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэнтэй харилцан тохиролцсон болно. М.Б-ийг тус хоршоонд гишүүнээр элсүүлж, элсэлтийн хураамжаа төлж, 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, хүлээн авсан. М.Б болон С.Мөнхтогоо нарын хоорондын зээлийн гэрээ М ХЗХ-нд хамааралгүй. М.Б нь сүүлийн 3 жил гарангийн хугацаанд зээлийн үүргээ биелүүлэлгүй, бусад харилцагч нарыг болон байгууллагыг хохироосоор байна. М.Б нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч М.Б, Ч.А нараас 50 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо ХХК-д олгож,

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 тоот барьцааны гэрээний 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3-59 тоот хаягт байрлах 150 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 441.97 м.кв талбай бүхий газраас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч нарын шүүхэд гаргасан 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 51 615 887 төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 636 230 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 407 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.А давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Ч.А намайг хамтран хариуцагч гэж үзэн 50 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь уг зээлийн гэрээг М.Б-тэй байгуулсан, зээлийн 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч бэлнээр М.Б-д шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байхад шүүх дээрх нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. М ХЗХ нь намайг хууран хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан тухай би шүүхэд тайлбараа бичгээр гаргасан юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн этгээдийг хэлнэ” гэж тодорхойлсон тэгвэл зээлийг М.Б авч, захиран зарцуулсан болох нь тогтоогдсон байхад хариуцагчаар намайг татан оролцуулж шүүх хамтран төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:       

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хриуцагч М.Б, Ч.А нараас 50 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3-59 тоот хаягт байрлах 150 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 441.97 м.кв талбай бүхий газраас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг хариуцагч Ч.А эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дах хэсэгт зааснаар талууд тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны батлах боломжтой байна.

Нэхэмжлэгчийн шаардаж буй 50 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3-59 тоот үл хөдлөх хөрөнгө, газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Ат холбогдуулсан шаардлагаасаа татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6, 106 дугаар зүйлийн 106.2, 106.5 дах хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу хариуцагч Ч.А-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 102/ШШ2019/00071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч Ч.А-т холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М.Б 50 000 000 төгрөг төлөх болон барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж 59 тоот хаягт байрлах хувийн сууц, газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.А-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                             С.ЭНХТӨР                             

                                                                                                              Д.БАЙГАЛМАА