Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Монос ФТ ХХК-ийн байранд оршин байх, Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо ХХК /РД: 2392836/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 59 тоотод оршин суух, Боржгон овогт Мэндбаярын Батмөнх /РД: ШЗ69012319/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 13 дугаар гудамж, 300 тоотод оршин суух, Шарууд овогт Чулууннадмидын Алтанчимэг /РД: ЧМ62042321/ нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 51,615,887 төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэнсмаа, Д.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгончимэг, Г.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.  

                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ: 

  

Нэхэмжлэгч Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзоригийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 146 тоот Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.Батмөнх, Ч.Алтанчимэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь М.Батмөнх, Ч.Алтанчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр М.Батмөнх, Ч.Алтанчимэг нар нь Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоотой №139 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Мөн зээлийн гэрээ байгуулсантай холбогдуулан мөн өдрийн №139 тоот барьцааны гэрээ байгуулж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 4 дүгээр гудамж, 59 тоот хаягт байрлах ГД-00345599, Ү-2205020471 дугаартай 150 м/кв талбайтай хувийн сууц, мөн Горькийн 4 дүгээр гудамж, 59 тоот хаягт байрлах ГД-00083802, Г-2205646 тоот дугаартай 441.97 м/кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулж дуусгах байсан боловч графикийн дагуу төлөлт хийхгүйгээр гэрээний үүргээ зөрчсөн. Ингэхдээ зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 2,710,000 төгрөг, зээлийн хүүгээс 840,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш одоог хүртэл зээл болон хүүг огт төлөөгүй. Үндсэн зээл 27,290,000 төгрөг, зээлийн хүү нь 47,079,481.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 7,246,404.67 төгрөг, нийт 81,615,886.42 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн зээлдэгч нарын зээлийн гэрээнд барьцаалсан барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан

Харин одоо бид нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн төлбөрийг багасгаж, 50,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар багасгаж байна.

Хариуцагч нар нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дүгээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тухайн зээлийг М.Батмөнх хүлээж авсан болох нь кассын баримтаар тогтоогдож байгаа, Ч.Алтанчимэгийг хуурч мэхэлсэн, хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй. М.Батмөнх нь тус хоршооны гишүүнээр элсэж, хураамжаа төлсөн. М.Батмөнх болон С.Мөнхтогоо нарын хоорондын зээлийн асуудал тус хоршоонд огт хамааралгүй. М.Батмөнх нь сүүлийн 3 жил гарангийн хугацаанд зээлийн үүргээ огт биелүүлээгүй, арга саам хэрэглэж удаашруулж, бусад харилцагч нарыг болон байгууллагыг хохироосоор байна. М.Батмөнх нь Иргэний хуулийн 453 дугаар зйлд зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэв.

Хариуцагч М.Батмөнх, Ч.Алтанчимэг нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: М.Батмөнх миний бие 2014 онд өөрийн өмчлөлийн газар дээрээ байшин барих зорилгоор тус хоршооноос 20,000,000 төгрөгийн зээл хүссэн болно. Миний танил С.Мөнхтогоо нь тус хадгаламж зээлийн хоршооны нягтлан, зээлийн эдийн засагч н.Туяатай найзууд тул зээлийг ямар ч судалгаа шаардахгүйгээр миний өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 59 тоотод байрлах байшин, хашааг барьцаалан зээл гаргуулж чадна. Харин зээлийн хэмжээг 30,000,000 төгрөгөөр гаргуулаад 10,000,000 төгрөгийг С.Мөнхтогоо өөрөө авах, өөрийн найз Туяа, Дэнсмаа нарт зээл гаргахад туслах учраас 3,000,000 төгрөгийг өгөх санал тавьсан ба надад мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул би зөвшөөрсөн. Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоотой 139 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээл авсан. 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр С.Мөнхтогоод 3.5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг нь зээлдүүлсэн. Туяа, Дэнсмаа нарт 3,000,000 төгрөгийг өгсөн. Үүнийг С.Мөнхтогоо гэрчлэнэ. Тус хадгаламж зээлийн хоршооноос хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь Ч.Алтанчимэгийг хамтран зээлдэгчээр оруулсан. 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Пепто ХХК-д өөрийн өмчлөлийн газраа 260,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон боловч тус компани эхний ээлжинд миний зээлийн төлбөрийг төлөөд үлдэгдэл төлбөрийг дараа нь олгохоор тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн.

 

Тус хоршооны Туяа, Дэнсмаа нар нь газрыг чинь зарж борлуулахад итгэмжлэл хэрэгтэй байна, бид зарвал чамд мэдэгдэнэ гэж намайг хуурч 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр надаас итгэмжлэл авсан. Би тухайн үед үр нөлөөг нь ойлгоогүй, зээлээ удаан хугацаанд төлж чадаагүй тул тэдний хүсэлтийн дагуу итгэмжлэл өгсөн. Гэтэл надад мэдэгдэлгүй миний газрыг өөрийн хоршооны ажилтан Уранчимэгт 15,000,000 төгрөгөөр худалдаж нэрийг нь шилжүүлсэн байсан. Би шүүхэд хандаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00286 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан. Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн 81,615,886 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь 10,000,000 төгрөгийг анхнаасаа С.Мөнхтогоо авах зорилгоор зээлүүлж авсан тул би энэ мөнгийг зөвшөөрөхгүй. Харин 20,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны буюу 1 жилийн хугацааны хүүний хамт төлөх нь зүйтэй гэж үзэж байна. 2014 оны 10 дугаар сард үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс 2,710,000 төгрөг, 1 сарын хүү болох 700,000 төгрөгөөс 840,000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 17,290,000 төгрөг болсон. Иймд бидний зүгээс үндсэн зээл 17,290,000 төгрөг, 11 сарын хүү болох 6,967,508 төгрөгийн хүү, хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү болох 5,890,126 төгрөг, нийт 30,147,634 төгрөгийг төлөхөөр байна гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Ч.Алтанчимэг намайг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээр нь хамтран хариуцагчаар татсан байна. Миний бие нь энэ зээлийг авах ямар ч зорилго байгаагүй, хоршооны ажилчид зээлийн гэрээнд гарын үсэг зурчих гэж өөрсдөө манай гэрт ирж гуйхаар нь би гарын үсэг зурсан. Зээлийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэж байна. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зөвхөн гишүүддээ зээл олгох, гишүүн бус этгээдэд зээл олгохыг хориглосон байна. М.Батмөнх, Ч.Алтанчимэг бид нар нь тус хоршооны гишүүнээр элсээгүй, гишүүн бус байхад зээл олгосон нь хууль зөрчсөн явдал. М.Батмөнх миний бие нь анхнаасаа 20,000,000 төгрөгийн зээл авахыг хүссэн байхад тус хоршоо нь С.Мөнхтогоод 10,000,000 төгрөгийн зээл олгохоор миний зээл дээр нэмж надад 30,000,000 төгрөгийн зээл олгож, үүргийн гүйцэтгэлд миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Би зээлээ авсан даруйдаа 3,000,000 төгрөгийг хоршооны ажилтан Туяад шагналд өгсөн, 10,000,000 төгрөг С.Мөнхтогоод зээлийн гэрээ байгуулж өгсөн. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 51,615,887 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо ХХК нь хариуцагч М.Батмөнх, Ч.Алтанчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нар нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 51,615,887 төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийншаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батмөнхөд шүүх хуралдааны товыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэж, хариуцагч баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо ХХК нь хариуцагч М.Батмөнх, Ч.Алтанчимэг нартай 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулж, 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж, М.Батмөнхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3-59 тоотод байрлах 150 м/к талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 441.97 м/к талбай бүхий газрыг барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.2-д 30 хоногт үндсэн зээлийн 3.5 хувийн хүүтэй гэж заасан тул хариуцагч нар хүү төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан гэрээний 2.1.3-д Нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь гэж заасны дагуу нэхэмжлэгч Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо ХХК нь гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч 2018 оны 10дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлд 27,290,000 төгрөг, үндсэн хүүнд 47,079,481.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,246,404.67 төгрөг, нийт 81,615,886.42 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэл бүхий байх боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэнсмаа, Д.Ганзориг нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 50,000,000 төгрөг болгож багасгасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, хариуцагч нараас 50,000,000 төгөг гаргуулж, нэхэмжлэгч Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 тоот барьцааны гэрээний 3.2-д заасан барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батмөнх нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 51,615,887 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хоршооны гишүүн бус этгээдэд зээл олгосон, зээлийн 30,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг аваагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; гэжээ.

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д гишүүн бус этгээдэд зээл олгохыг хориглосон байх бөгөөд зээлдэгч М.Батмөнх нь Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр 2014 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр элссэн болох нь гишүүнээр элсэх өргөдлөөр, мөн М.Батмөнх нь 30,000,000 төгрөг хүлээж авсан болох нь кассын баримтаар тус тус тогтоогдож байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, талууд хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлж байгуулсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуульд заасныг зөрчөөгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийгудирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч М.Батмөнх, Ч.Алтанчимэг нараас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо ХХК-д олгосугай.

 

2.Талуудын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 тоот барьцааны гэрээний 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3-59 тоот хаягт байрлах 150 м/к талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 441.97 м/к талбай бүхий газраас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч нарын шүүхэд гаргасан 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 51,615,887 төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 636,230 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416.030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР