Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00693

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00347 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох

12 667 820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь О.Б-оос 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг зээлсэн талаар О.Б-ийн тэмдэглэлийн дэвтэрт баримт үйлдсэн, 2018 оны 5 дугаар сард Б.Б 5 000 000 төгрөг төлж, үлдэх 5 000 000 төгрөгийг өгөөгүй байна. Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 1 ам.доллар 1 392.10 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 2 460.48 төгрөг болж өөрчлөгдсөн байна. Дээрх зээлийг шаардах эрх үүссэн үеийн мөнгөний ханшаар 10 000 000 төгрөгийг тооцоход ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөр 7 667 820 төгрөг байна. Тооцооллыг харуулахад 10 000 000 төгрөг / 1 392 төгрөг= 7 183 ам.доллар, 10 000 000 төгрөг /2 460 төгрөг= 4 065 ам.доллар, 7 183 ам.доллар-4 065 ам.доллар=3 118 ам.доллар болох бөгөөд  3 118 ам.долларыг 2 460 төгрөгөөр үржүүлэхэд 7 670 280 төгрөг болно. Хэдийгээр 7 670 280 төгрөг гарч байгаа боловч 7 667 820 төгрөгөөр нэхэмжилнэ.

 Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, ханшны өөрчлөлтийн зөрүү 7 667 820 төгрөг, нийт 12 667 820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний эхнэр. Тэрээр О.Б-оос 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг авсантай маргаагүй. Мөнгө авсан талаар бичсэн тэмдэглэлийн дэвтэр бол Х.Сайнхүүгийн дэвтэр гэж байсан. Б.Б авсан 10 000 000 төгрөгийг Х.Сайнхүүд Хаан банкны дансаар 2014 онд шилжүүлсэн ба Х.Сайнхүү нь О.Б-д өгсөн гэсэн. Х.Сайнхүү нь О.Бид 14 000 000 төгрөг өгөх өртэй, Х.Сайнхүүгээс мөнгөө нэхэмжлээгүй байж Б.Б-гаас нэхэмжилж байна. Миний эхнэр 2018 оны 5 дугаар сард О.Б-д 5 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд эхнэр дээрх 2 иргэнд нийт 15 000 000 төгрөгийг өгсөн, харин ч илүү төлсөн мөнгөө нэхэх эрхтэй гэж үзэж байна. 2012 онд төгрөгөөр зээл авсан байхад ам.долларын ханшны зөрүү яриад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 667 820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 000 төгрөгөөс илүү төлсөн 365 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсэг болох 217 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас 7 667 820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Б, О.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хэргийн материалд зээлийн бичмэл баримт бичиг, нотолгооны эх сурвалж байхгүй, прокурорын тогтоолд “залилан хийсэн, залилагч” гэж тогтоосон. Зээлийн гэрээг байгуулсанд тооцох, хүү тохирохгүй зээл авч мөнгийг буцаан төлөх үед ам.доллартай харьцах төгрөгийн ханш өөрчлөгдсөн нь 10 000 000 төгрөгийг төлөх үүрэгт хамаарахгүй гэх нь өөрөө бодит байдал болон хууль зүйн талаас боломжгүй, зээл гэж байхгүй баримт бичгийг байгаа мэтээр бичиж Иргэний хуулийн 282 дугаар зүйл.ийн 282.4, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь эдгээр заалтын агуулга, зорилтыг гуйвуулж, зөрчсөн байна. Харин ...үүрэг биелүүлэх үед ханшийн өөрчлөлтийг харгалзах боломжтой ба хариуцагч Б.Б зээл төлөхтэй холбоотой ...захидлуудад 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй гэж зөв дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг хэрэглээгүй байна.

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлээр зүйлчлүүлж залилангийн гэмт хэрэг үйлдсэн Б.Б-гаас 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулж байгаа болохоос Б.Б О.Б нарыг иргэний журмаар гэрээний дагуу үйлдэл хийсэн болгож нэг талыг барьж, бодит үйлдэл, үнэнээс өөрөөр дүгнэж зээлийн гэрээ, зээлдүүлэгч, зээлдэгч, шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг гэх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хүсэл зоригийг үг, үйлдлээр илэрхийлэхээс гадна идэвхигүй байр сууриар илэрхийлэх боломжтой учир Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дэх хэсэгт заасан “эс үйлдэхүй” гэдэгт дуугуй байснаар хүлээн зөвшөөрөх зэргээр тодорхой үйлдэл хийхгүй, хийхээс татгалзахыг хамааруулан ойлгох тул миний Б.Бд илгээсэн 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мессежэд хариуцагч Б.Б өгөөгүй, дуугуй байснаар энэхүү саналыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй байна. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэгт заасан “саналд хариу өгөхгүй байх” гэснийг зөвхөн хуульд заасан эсхүл хугацаа тогтоож 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож энэ өдөрт холбогдох өнгөрсөн 5 жилийн мөнгөний ханшны өөрчлөлтийн зөрүү 7 667 000 төгрөг нэмж төлөхөөр талууд харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. Энэ тохиолдлыг Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар тогтоолд заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт заасны дагуу Б.Б хариу тайлбар өгөөгүй учраас 2018 оны 7 дугаар сарын 21, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд хариуцагч Б.Б-д мессежээр илгээсэн 12 667 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Б.Бгаас мөнгөө авахаар иргэний 5 шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 4 нэхэмжлэлд заасан хаягт хариуцагч оршин сууддаггүй үндэслэлээр буцаж түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгосон. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэргийг хаасан байна.

Б.Б, О.Б нарын хооронд иргэний журмаар мөнгөний ханш өссөн, буурсан өөрчлөлтийг тооцохоор хийсэн гэрээ, хэлцэл байхгүй тул эрүүгийн журмаар буюу залилж авсан мөнгөний ханшийн өөрчлөлтийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1,  509 дүгээр зүйлийн 509.3 дах хэсэгт заасныг баримтлахаар зохицуулсан байна. Шүүхээс залилагч, хохирогчдын хооронд байгуулсан “Гэрээ” гэх зохиомол зүйлийг зориуд бий болгож тус “гэрээ”-г нотолгооны эх сурвалж хэмээн дүгнэж мөнгөний ханшны өөрчлөлтөөс үүдсэн мөнгөн төлбөрийг хариуцагчаас гаргах боломжгүй гэж худал дүгнэлт хийж, хуурамч үндэслэлийг баримталсан нь хууль хэрэглээний ноцтой зөрчил үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...үүрэг биелүүлэх үед ханшны өөрчлөлтийг харгалзах боломжтой. Хариуцагч Б.Б зээл төлөхтэй холбоотой ...захидлуудад 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй гэж хууль ёсны бөгөөд үнэн зөв гаргасан дүгнэлтээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэж шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас 7 667 820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, дүгнэлт, заалтыг тус тус шийдвэрээрээ үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл, захидлуудад маргахгүй байгаа гэх, төлбөр төлөх тухай хуулийн зүйл, заалт, хэрэгсэхгүй болгосон гэх бичвэр нь харилцан эсрэг утга, агуулга бүхий эргэлзээ төрүүлсэн ойлголт, бие биенээ няцаасан дүгнэлт  болсон учраас маргааныг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 7 667 820 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, энэ хэсгийн нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч маргаанд хамаарах холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээл 5 000 000 төгрөг, ханшийн өөрчлөлтийн зөрүү 7 667 820 төгрөг, нийт 12 667 820 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.Б 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Боос хүлээн авсан бичгийн баримт хэрэгт авагдсан /х.х-ийн 8-9 дүгээр тал/, талуудын хооронд 10 000 000 төгрөгийг хүлээн авч, өгсөн болон хариуцагч 5 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Харин хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг Х.Сайнхүүгээр дамжуулан төлсөн гэх тайлбар гарган маргасан байна.

Анхан шатны шүүхээс эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь 10 000 000 төгрөг шилжүүлсэн агуулгыг зээлийн гэрээний үүрэгтэй хамаарахгүй талаар тайлбар гаргасан байна. Гэвч уг мөнгийг О.Б-оос  Б.Б хүлээн авсан болох нь хэргийн 8-9 дүгээр талд авагдсан  баримтаар тогтоогдсон тул хариуцагч Б.Б-гаас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Тодруулбал, хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардахаар заасан тул хариуцагч Б.Б-гаас 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь хариуцагч Б.Б-д шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй тул ханшийн өөрчлөлт гарсан, бодит хохирол учирсан гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ханшийн өөрчлөлттэй холбоотой 7 670 820 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэнийхэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА