Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00347

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар101/ШШ2019/00347

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ааааааааа тоотод оршин суух, О-н Б-н /РД: аааааааа/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: аааааааааа тоотод оршин суух, Б-н Б-д /РД: ааааааааа/ холбогдох

12.667.820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранмандах,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ба нь О.Боос 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөг, мөн 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг зээлсэн. Тэрээр мөнгө зээлсэн талаараа О.Бийн тэмдэглэлийн дэвтэрт баримт үйлдсэн.

2018 оны 5 дугаар сард Б.Ба 5.000.000 төгрөгийг өгсөн ба үлдэх 5.000.000 төгрөгийг одоог болтол өгөхгүй чирэгдүүлж байна. Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 1 ам доллар 1.392,10 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1 ам доллар 2.460,48 төгрөг болж өөрчлөгдсөн.

Дээрхи зээлийг шаардах эрх үүссэн үеийн мөнгөний ханшаар тооцож төлөхөөр байгаа ба 10.000.000 төгрөгөөс тооцоход ханшны зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөр 7.667.820 төгрөг байна.

Тооцооллыг харуулахад: 10.000.000 төгрөг /1.392 төгрөг= 7.183 ам доллар,

10.000.000 төгрөг/2.460 төгрөг=4.065 ам доллар,

7.183 ам доллар-4.065 ам доллар=3.118 ам доллар,

3.118 ам доллар*2.460 ам доллар=7.670.280 төгрөг гарч байна. 7.670.280 төгрөг гарч байгаа ч 7.667.820 төгрөгөөр нэхэмжилнэ.

Иймд зээл 5.000.000 төгрөг, мөнгөн төлбөрийн ханшны өөрчлөлтийн зөрүү 7.667.820 төгрөг, нийт 12.667.820 төгрөгийг хариуцагч Б.Багаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ба шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ба нь миний эхнэр. Эхнэр маань О.Боос 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг авсан гэдэгтэйгээ маргахгүй байгаа. Мөнгө авсан талаар бичсэн тэмдэглэлийн дэвтэр бол Х.Сгийн дэвтэр гэж байсан. Б.Ба өөрийн авсан 10.000.000 төгрөгийг Х.Сд Хаан банкных нь дансаар 2014 онд шилжүүлсэн ба Х.С нь О.Бид өгсөн гэсэн.

Х.С нь О.Бид 14.000.000 төгрөг өгөх өртэй. Яагаад Х.Сгээс мөнгөө нэхээгүй байж Б.Багаас нэхээд байна. Миний эхнэр 2018 оны 5 дугаар сард О.Бид 5.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд эхнэр маань дээрхи 2 иргэнд нийт 15.000.000 төгрөгийг өгсөн. Харин ч илүү төлсөн мөнгөө нэхэх эрхтэй гэж үзэж байна.

Тухайн үед буюу 2012 онд монгол төгрөгөөр зээл авсан байхад ам долларын ханшны зөрүү яриад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Бад холбогдуулан 12.667.820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Зээл 5.000.000 төгрөг,

10.000.000 төгрөг /1.392 төгрөг= 7.183 ам доллар,

10.000.000 төгрөг/2.460 төгрөг=4.065 ам доллар,

7.183 ам доллар-4.065 ам доллар=3.118 ам доллар,

3.118 ам доллар*2.460 ам доллар=7.670.280 төгрөг гарч байгаа хэдий ч 7.667.820 төгрөгийн хэмжээнд нэхэмжилнэ хэмээн нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан болно/

 

Нэхэмжлэгч О.Б нь Мөнгө өгөхгүй удаасан тул ханшны өөрчлөлтийн зөрүү 7.667.820 төгрөг, зээл 5.000.000 төгрөг, нийт 12.667.820 төгрөгийг нэхэмжилнэ гэж,

хариуцагч Б.Ба нь 10.000.000 төгрөг зээлсэн ч 2014 онд Х.Сгээр дамжуулан төлсөн. Монгол төгрөгөөр зээлсэн тул ханшны өөрчлөлтийн зөрүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Багийн 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөгийг Отгонбаатарын Боос Батсуурийн Ба би зээлж авлаа. 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэмж 5.000.000 төгрөг авлаа гэсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа болно.

Хариуцагч Б.Ба нь дээрхи баримтыг үйлдсэн болон мөнгийг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг мөнгийг 2014 онд Х.Сгээр дамжуулан төлсөн гэж тайлбарлаж байна.

ХХ-ийн 8-9, 22 дугаар хуудасны ар тал/

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд 10.000.000 төгрөгийг хариуцагч Б.Ба нь өөртөө шилжүүлэн авсан байх тул тэрээр нэхэмжлэгч О.Бид уг мөнгийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч Б.Ба нь 2018 оны 5 дугаар сард нэхэмжлэгч О.Бид 5.000.000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Ба нь 10.000.000 төгрөгийг 2014 онд Х.Сгээр дамжуулан нэхэмжлэгчид төлсөн гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 

Хариуцагч Б.Багийн мөнгө зээлж авсан тухайгаа бичиж үлдээсэн дэвтэр Х.Сгийнх байх нь энэ хэрэгт төдийлөн ач холбогдолтой биш ба гагцхүү тэрээр мөнгийг хэнээс зээлсэн тухайгаа тодорхойлон бичсэн нь энэ хэрэгт хамааралтай юм.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зааснаар зээлээр авсан мөнгөний ханш түүнийг эргүүлэн төлөхөөс өмнө өөрчлөгдсөн, өссөн ба буурсан нь зээлийг буцаан төлөх мөнгөний дүнд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Ба 2012 оны 12 дугаар сарын 5, 15-ны өдрүүдэд нийт 10.000.000 төгрөгийг хүү тохирохгүй зээлэн авч мөнгийг буцаан төлөх үед ам доллартай харьцах төгрөгийн ханш өөрчлөгдсөн нь түүний 10.000.000 төгрөгийг төлөх үүрэгт нөлөөлөхгүй.

Талууд зээлийн гэрээгээр ханшны өөрчлөлтийг тооцохоор тохиролцсон тохиолдолд гэрээний нөхцлийн дагуу үүрэг биелүүлэх үед ханшны өөрчлөлтийг харгалзах боломжтой байдаг болно.

Дээрхээс дүгнэж үзэхэд хариуцагч Б.Багаас мөнгөн төлбөрийн ханшны өөрчлөлтийн зөрүү 7.667.820 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Б.Багаас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.667.820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

О.Бийн Х.Сайнбаатар, Х.С, Б.Ба нарт холбогдуулан гаргасан залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллага шалган Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 358 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэргийг хаасан гэх ба уг тогтоолд О.Б гомдол гаргаагүй гэснийг дурьдлаа.

/ХХ-ийн 5-6 дугаар тал/

 

О.Б нь Б.Бад холбогдуулан 17.667.820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад нэхэмжлэлд дурьдсан Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан Тэвш хороолол, Ажилчдын орон сууцны байр, 61 тоот хаягт Б.Ба оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19559 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

/ХХ-ийн 15-16 дугаар тал/

 

Мөн тэрээр Б.Бад холбогдуулан 17.667.820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад дээрхи шүүх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13547 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхой бус үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1571 дугаар шийдвэрээр Б.Баг эрэн сурвалжилж түүний оршин суугаа хаягийг олж тогтоохыг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 17-19 дүгээр тал/

 

Хариуцагч Б.Ба нь зээл төлөхтэй холбоотой нэхэмжлэгч талтай харилцаж байсан нь Б.Багийн 99194333 дугаарын утаснаас нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Байдолдагийн 99425542 дугаарын утас руу илгээсэн, мөн хариу захидлуудад 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргахгүй байгаа зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жил буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн болно.

/ХХ-ийн 155-159 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Багаас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.667.820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218.000 төгрөгөөс илүү төлсөн 365 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсэг болох 217.635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Багаас 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН