Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00717

 

Б.Ө-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2019/00569 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ө-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Д.Э-д 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 7 500 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг зээлдүүлсэн. Д.Э-д мөнгө зээлүүлэхдээ дээрх онуудад өөрийнх нь Хаан банкин дах 5069085945 тоот данс руу 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Гэвч Д.Э  2017 оны 4 дүгээр сард 3 500 000 төгрөг төлж, өөр мөнгө төлөөгүй. Сар бүр мөнгө өгч байсан гэдэг нь үндэслэлгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ө-аас 7 500 000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 05-нд 5 хувийн хүүтэй зээлэн авч, сар бүр 375 000 төгрөгийн хүүг 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төлж, 2014 оны 3 дугаар сард 3 500 000 төгрөгийг төлсөн. Б.Ө нэхэмжлэлдээ 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 төгрөг зээлдүүлсэн гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 2013 оны 10 дугаар сард жирэмсэн болж эрхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоож гэртээ 1 жилийн хугацаанд дэглэм барьж, өөрийн үйл ажиллагаагаа ахдаа даатган гэрээсээ ажлаа удирддаг байсан. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрж, үүнээс өмнө эмчийн хяналтанд гэртээ дэглэм барьж байсан. Б.Ө-аас 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 төгрөг хүлээж аваагүй. Харин би Б.Ө-аас авах авлагатай. 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 3, 4 дүгээр сар хүртэл миний хашаа болон контейнерт бараагаа хадгалуулж байсан түрээсээ өгөөгүй. Б.Ө анх банштай цай зарж нөхөртэйгөө хэцүү амьдарч байна гэхээр нь би өөрийн хажууд 2007 оноос худалдагчаар авч ажиллуулан олон жил тэжээн тэтгэж явсан. Сүүлдээ миний барааг зарахаа больж өөрийнхөө барааг миний газар, контейнерт үнэгүй хийж, зарж борлуулалт хийж ашиг олдог байсан. Би сард ОУХТөвд контейнерийн түрээс 210 000 төгрөг, 3, 4, 6 лангуудаа нэг газрын 70 000 төгрөг 3 газарт нийт 210 000 төгрөгийн түрээс төлдөг байсан.

Миний бие Б.Ө-г сарын 70 000 төгрөг төл гэж хэлэхэд нэг жил төлсөн. 2014-2018 он хүртэл барааг ганцаараа миний 3, 4, 6 лангуу мөн контейнерийг ашиглаж ашиг олж борлуулалт хийсэн. Би 10 000 000 төгрөг аваагүй. Харин 7 500 000 төгрөг 2012 оны 9 дүгээр  сарын 5-ны өдөр 5 хувийн хүүтэй зээлж, сард 375 000 төгрөг төлдөг байсан. 2013 оны 3 дугаар сард машинаа зараад 3 500 000 өгсөн. Би 2 500 000 төгрөг аваагүй, өглөг байхгүй гэж бодож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч шийдвэрийн тодорхойлох хэсгээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 7 500 000 төгрөг, мөн 2 500 000 төгрөгийг тус тус зээлдүүлэхдээ хэдий хугацаатай зээлдүүлсэн нь тодорхойгүй, зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоосон эсэх талаарх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй "...эргэн төлөх хугацааны талаар тохиролцоогүй байх тул зээлийн гэрээний шаардах эрх 2 дах зээл олгосон 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үүссэн” гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч 10 000 000 төгрөг зээлдүүлэхдээ эргэн төлөх хугацааны талаар тохиролцоогүй, хариуцагч энэ талаар шүүх болон шүүх хүралдаанд гаргасан тайлбартаа дурдаагүй, тодорхой бус ойлгомжгүй байхад шүүх субьектив байдлаар хандаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээ анх хэзээ байгуулагдсан, хэдэн төгрөг зээлдүүлсэн дахин нэмж хэдэн төгрөг зээлдүүлсэн талаар тайлбарлах бөгөөд гэрээний хугацааны талаар тодорхой тайлбарлаагүй, тийм нөхцөл олгогдоогүй анхан шатны шүүх зохигчдоос гэрээний хугацааны талаар тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч гагцхүү хариуцагчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болох “...би 2 500 000 төгрөг ззэлдэж яваагүй, 7 500 000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 5 хувийн хүүтэй зээлэн авч 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл төлсөн” гэх татгалзлын үндэс болгон тайлбар гарган мэтгэлцдэг. Зохигчид 2 дах зээлийн гэрээний хугацааг тодорхой тайлбарлаагүй, түүнийг шүүх тодруулж асуулгүй ”...зээлийн гэрээний шаардах эрх 2 дах зээл олгосон 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үүссэн” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхны зээлийн гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 7 500 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлснээр байгуулагдсан гэрээний хугацаа 2 жил байхаар талууд тохиролцож, зээлдэгчээс cap бүр үндсэн зээлийг 5 хувьд ногдох хүүг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ талаар маргаагүй.

Харин 2 дах зээлийн гэрээ 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдаж, гэрээний үнийн дүн 2 500 000 төгрөг бөгөөд өмнөх гэрээний нөхцөлтэй ижил, үргэлжлэх хугацаа 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусна. Гэтэл зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бодитой, шударгаар биелүүлээгүй тул гэрээ дууссаны дараа зээлдүүлэгч 3 500 000 төгрөгийг авсан. Б.Ө Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 7 дугаар сард бусдад хууран мэхлэгдэж, залилуулсан тул шалгуулахаар өргөдөл гаргахад Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор “...бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй иргэд хоорондын мөнгө зээлүүлсэн иргэний харилцаа” гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр тусгаснаас үзэхэд зээлийн гэрээний шаардах эрх 2016 оны 12 дугаарс сарын 12-ны өдрөөс эхлэн тоологдож 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусгавар болно.

Шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  Б.Ө нь хариуцагч Д.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцана” гэж заасан бөгөөд хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материал танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2019/00569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

                                                    ШҮҮГЧИД                                          М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА