Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2020/00270/И |
Дугаар | 156/ШШ2020/00654 |
Огноо | 2020-08-18 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 156/ШШ2020/00654
2020 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 156/ШШ2020/00654 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00571/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..................... тоотод байрлах, .......................-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................................... тоотод оршин суух, Д.Э /РД:.................../-д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 65,259,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөг, нийт 153,475,403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..... банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Э нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 90,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ...................хаягт байрлах 91,75 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-.................. дугаартай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 24,740,226 төгрөг, зээлийн хүү 34,954,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42,919 төгрөг, нийт 59,737,937 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, 2085 хоногоор хугацаа хэтрүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 65,259,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөг, нийт 153,475,403 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ...................... тоот хаягт байрлах 91,75 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-................ дугаартай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Зээлдэгч Д.Э нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 90,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд .........................тоот хаягт байрлах 91,75 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-................. дугаартай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 24,740,226 төгрөг, зээлийн хүү 34,954,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42,919 төгрөг, нийт 59,737,937 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, 2085 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчид удаа дараа зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээнд дурдсан хаягтаа байхгүй байсан учир түүнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж хаягийг тогтоосон.
2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 65,259,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөг, нийт 153,475,403 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох .......................... тоот хаягт байрлах 91,75 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-................ дугаартай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйл, 196 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ юм. Талуудын хороонд байгуулсан зээлийн гэрээний 2.4.3, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр зээлийн 20 хувиас хэтрэхгүйгээр гэрээнд зааж болно гэсэн заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд зээлийн үлдэгдэл 65,259,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөг, нийт 153,475,403 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ................. тоот хаягт байрлах 91,75 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............... дугаартай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... банкны нэхэмжилсэн 153,475,403 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. ..... банк нь надад шаардлага хангаагүй зээлийг олгосонд гомдолтой байна. Тэтгэврийн насны хүн тэр их мөнгийг ганцаараа төлж чадахгүй нь харагдсаар байтал зээлийн гэрээний дүрэм журмаа зөрчсөн. Зээл зогсоож өгөх тухай өргөдөл өгсөөр байтал зогсоогоогүй. Би уг зээлийг эмнэлэгт хэвтэж байхдаа ч төлж байсан. Би энэ зээлийг дангаараа төлж байсан, одоо миний данснаас тэтгэврийг шууд зээлэнд суутган авч байгаа. Г.Б нь миний өмнөөс материал бүрдүүлж ..... банкнаас 90,000,000 төгрөгийн зээлийг авсан. Анх Г.Б нь хөрөнгө оруулалтыг чинь дэмжинэ, 100 хувь энэ зээлийг барагдуулж, санхүүжилт хийж өгнө гэж тохирсон. Зээлийг авахдаа надтай хамт ажиллаж байсан М-тэй тохиролцож, М-ийн хүргэн Лгийн байрыг барьцаанд тавьж зээл авсан. Энэхүү асуудлаас болж Л болон миний бие Э нар маш их хохирч байна. Шүүх хуралд гэрчээр Лг оролцуулах хүсэлтэй байна. Анхнаасаа хүний нэр дээр байсан байрыг Г.Б нь ..... банкны зээлийн барьцаанд тавьж зээл авсан. Г.Б нь 90,000,000 төгрөгийн зээл авснаас банк 900,000 төгрөгийн шимтгэл авсан. Би 89,000,000 төгрөг дээр 1,000,000 төгрөг нэмж 90,000,000 төгрөг болгон бэлэн 60,000,000 төгрөг, дансаар 30,000,000 төгрөгийг Г.Бд өгсөн. Энэ зээлээс би нэг ч төгрөг аваагүй. Уг зээлийн үйл ажиллагаа хууль бус явагдсан, Г.Бд залилуулсан учир цагдаагийн байгууллагад өгөх хүсэлттэй байна.
Иймд Г. Б, Ч.М нарыг гуравдагч этгээдээр тус тус татаж, ............... тоот хаягт оршин суух С-ын Лг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтэй байгаа. ..... банкны 2014 оны хөрөнгө оруулалтын зээл олгох журам болон тухайн үед ямар журмаар хууль бусаар зээл олгосон талаар баримтыг гаргаж өгнө үү. ..... банканд Г.Б нь уг зээлийг би төлнө гэж бичсэн өргөдөл болон холбогдох материалыг гаргуулж өгнө үү. Би уг нэхэмжлэлийг төлж чадахгүй. Учир нь би уг зээлийг хэрэглээгүй Г.Б нь миний дээр гаргуулж авсан. Иймд Г.Б уг зээлийг төлөх ёстой гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..... банк нь хариуцагч Д.Э-ад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 65,259,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөг, нийт 153,475,403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч ..... банк нь хариуцагч Д.Э-тай 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/113 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлүүлсэн, мөн өдөр .........дугаартай барьцааны гэрээ байгуулан ............................тоот хаягт байршилтай 91,75 мкв талбайтай, 4 өрөө орон сууц, оёдолын машин 10 ширхэг, хөргөгч, хөлдөөгч, зурагт, 5 ханатай гэр, бараа материалын үлдэгдэл зэргийг барьцаалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/113 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10/, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ/... дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-13/-уудаар нотлогдож байна.
Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу 90,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Г.Б миний өмнөөс материал бүрдүүлж энэхүү 90,000,000 төгрөгийн зээлийг авсан, би зээлийн мөнгийг бүгдийг нь Г.Бд өгсөн тэр төлөх ёстой, банк анхнаасаа дүрэм, журмаа зөрчиж, өөр хүний нэр дээрх хөрөнгийг барьцаалж зээл олгосон гэж мэтгэлцлээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч нь үндсэн зээлд 24,740,226 төгрөг, зээлийн хүү 34,954,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,919 төгрөг, нийт 59,737,937 төгрөгийг төлсөн байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон зохигчдын гаргасан тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тус гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардаж болдог. Хариуцагч нь авсан зээлээ бусдад шилжүүлсэн эсэх нь зээлдэгчтэй байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/...... дугаартай зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд энэхүү байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ..... банк нь хариуцагч Д.Эаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагчийн зээлийн эргэн төлөлт хийгдээгүй гэх 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн үлдэгдэл 65,259,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөг, нийт 153,475,403 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4, 2.1.5-д зааснаар тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн зохицуулалтад нийцэж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...зээлдэгч нар нь 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй учир зээлдэгчтэй холбоо барих гэхэд оршин суугаа хаяг дээрээ амьдрахгүй байсан. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн хүүг зогсоох боломжгүй байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 16/, Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 25/8665 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 15/-уудаар нотлогдож байна. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.12.1-д заасан зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын оршин суух хаягт өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 5 өдрийн дотор банканд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.
Талууд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж болох бөгөөд хариуцагч Д.Эын ..... банктай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/113 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ...................тоот хаягт байршилтай 91,75 мкв талбайтай, 4 өрөө орон сууц, оёдолын машин 10 ширхэг, хөргөгч, хөлдөөгч, зурагт, 5 ханатай гэр, бараа материалын үлдэгдэл зэргийг барьцаалсан байна.
Хариуцагч Д.Э нь шүүх хуралдаанд ...өөр хүний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авсан нь хууль зөрчсөн, миний нэр дээрх эд хөрөнгө биш байсан гэх тайлбар гаргасан бөгөөд тус барьцааны гэрээнд барьцаалуулагчаар зээлдэгч Д.Э, гуравдагч этгээд С.Л нар гарын үсэг зурж гэрээ байгуулсан байх бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Л нь өөрөө барьцааны гэрээний нэг тал болж оролцсон байна.
Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар барьцаалуулагч нь гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна гэж, мөн хуулийн 4.3-д барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болохоор заасан тул зээлийн гэрээ байгуулаагүй гуравдагч этгээд буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Л нь /хх-ийн 14/ барьцаалуулагчаар оролцсон нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй" гэж, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байна. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Ханс-вилл хотхон Их Монгол улсын гудамж, 101 дүгээр байр, 2-804 тоот хаягт байршилтай 91,75 мкв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө зохигчдоос нэмж гаргаж өгөх баримт болон хүсэлт байгаа эсэх талаар асууж тодруулахад хариуцагч Д.Э нь байхгүй гэсэн хариултыг өгсөн боловч тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбартаа ...Шүүх хуралд гэрчээр Лг оролцуулах хүсэлтэй байна. Би Г.Бд залилуулсан учир түүнийг цагдаагийн байгууллагад өгөх хүсэлттэй байна. Г.Б, Ч.М нарыг гуравдагч этгээдээр тус тус татаж, ..... банкны 2014 оны хөрөнгө оруулалтын зээл олгох журам болон тухайн үед ямар журмаар хууль бусаар зээл олгосон талаар баримтыг гаргаж өгнө үү. ..... банканд Г.Б нь уг зээлийг би төлнө гэж бичсэн өргөдөл болон холбогдох материалыг гаргуулж өгнө үү... гэсэн хүсэлтийг гаргасан тул энэхүү хүсэлтийг хэлэлцээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Эаас үндсэн зээлийн үлдэгдэл 65,259,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөг, нийт 153,475,403 /нэг зуун тавин гурван сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..... банканд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэгдсэн, .................. тоот хаягт байршилтай 91,75 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995,527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамж 995,527 /есөн зуун ерөн таван мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..... банканд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА