Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2022/00031/И |
Дугаар | 156/ШШ2022/00110 |
Огноо | 2022-03-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2022/00110
56/ШШ2022/00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00031/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т банкны Хэнтий салбар
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 10-01 тоотод оршин суух, Төгөл овогт Л Г.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7,452,842.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А ,
Хариуцагч: Л.Г.Н
Хариуцагчийн өмгөөлөгч: Н.А
Нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк нь хариуцагч Л.Г.Н д холбогдуулан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7,452,842.89 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Зээлдэгч Ч.З , Г.Н нар нь Т банкны Хэнтий салбараас 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №882 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №250000506112 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлт зээл 2,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №738 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлт зээл 2,387,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1267 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлт зээл 1,500,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээндээ зориулан 60 сарын хугацаатай буюу 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийг өрхийн хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд цалингийн зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийг хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэлгүйгээр ноцтойгоор зөрчсөн. Үндсэн зээлдэгч Ч.З нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан. Цалингийн зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч Л.Г.Н гаас зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан, төлбөрөө төлөх талаар мэдэгдэлийг зээлдэгчид өгч утсаар холбогдох болон биечлэн уулзаж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах талаар шаардлага тавьсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Л.Г.Н гаас зээлийн төлбөр 7,273,293.53 төгрөг, хүү 163,114.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.10 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 7,452,842.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Л.Г.Н хариу тайлбартаа: Миний хань Ч.З нь Т банкны Хэнтий салбараас цалингийн зээл авсан нь үнэн дээрх зээлийн гэрээний үүрэг 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусах байсан боловч Ч.З нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Энэ зээлийг нөхөр өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан, мөн оюутан хүүхдийн төлбөрт зарцуулсан. Би өөр газар 2 зээлтэй учир төлж чадахгүй, нөхрийн цалингаас зээл төлөгддөг байсан. Би ганцаараа ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг тул 7,452,842.89 төгрөгийн зээлийг төлөх боломжгүй байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т зааснаар дээрх цалингийн зээлийн үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгч Ч.З т хамааралтай байсан бөгөөд түүнийг нас барснаар цалингийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Цалингийн зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгэгч нь нас барсан тохиолдолд гэрээнээс үлдсэн төлбөрийг Т банкны зээлийн эрсдэлийн сангаас гаргаж төлөх зохицуулалт байдаг. Иймд миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд Т банкны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т банкны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0000268089 дугаартай Ч.З ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л Г.Н , Ч.З нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн Засаг дарга Ш.А 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 148 дугаартай тодорхойлолт, Т банк, Ч.З , Л.Г.Н нарын хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №882 тоот Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 882 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт 1, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т банк, Ч.З , Л.Г.Н нарын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №738 тоот Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №738 тоот Барьцаат зээлийн гэрээний хавсралт 1, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т банк, Ч.З , Л.Г.Н нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1267 тоот Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1267 тоот Барьцаат зээлийн гэрээний хавсралт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1267 тоот Барьцаат зээлийн гэрээний хавсралт барьцааны зүйлийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.З нэр дээрх Т банк дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагч талаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Т банкны Хэнтий салбарт гаргасан хүсэлтийг гаргаж өгсөн.
5.Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Т банкны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, хүлээгдэж буй алдагдалыг тооцох, активыг эрсдэлийн сангаас хорогдуулах үйл ажиллагааны журмыг шүүхээр бүрдүүлүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Т банкны Хэнтий салбар, иргэн Ч.З , Л.Г.Н нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 882 тоот барьцаат зээлийн гэрээ (цалингийн) байгуулагдаж, 10,000,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэйгээр, 50 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан, улмаар дээрх гэрээний үлдэгдэл 9,510,000 төгрөг дээр нэмж 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 250000506112 дугаартай гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 738 дугаартай гэрээ байгуулан 10,543,000 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 2,387,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1267 дугаартай гэрээ байгуулан 12,579,000 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 1,500,000 төгрөгийн зээлийг тус тус авсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч тал зээлдэгчийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдэгч Ч.З 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч Л.Г.Н д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан, харин хариуцагч Л.Г.Н нь ...энэ зээлийг нөхөр өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан, мөн оюутан хүүхдийн төлбөрт зарцуулсан. Би өөр газар 2 зээлтэй учир төлж чадахгүй, нөхрийн цалингаас зээл төлөгддөг байсан... гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлаж маргасан.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдээс үзэхэд зээлийн гэрээний харилцаанд Л.Г.Н хамтран зээлдэгчээр оролцон зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан байх бөгөөд нэмж олгосон зээл 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,387,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас зээлдэгч талын эзэмшлийн Т банк дахь 250000337480 дугаарын данс руу бэлэн бусаар шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь гэрээний дагуу үүргээ 2022 оны 1 дүгээр сараас эхлэн биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Т банкны Хэнтий салбар нь шаардах эрхийнхээ дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа ...зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч уг зээлийг авч хэрэглээгүй, уг зээлийг Л.Г.Н гийн нөхөр өөрийнхөө эмчилгээндээ зарцуулсан, ...уг цалингийн зээл хувь хүний салшгүй эрх болох хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зээл, Л.Г.Н гийн нөхөр нас барснаар уг гэрээний үүрэг дуусгавар болсон..., ...уг зээлийг банкны эрсдэлийн сангаас хорогдуулах ёстой... хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу энэхүү хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн хуулийн нэр томьёог зээлийн гэрээний хувьд хамтран зээлдэгч гэж ойлгоно. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.4-д ...зээлдэгч нас барах... тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах... гэж заасан байх тул зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн хэрэгт авагдсан зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Г.Н нь сайн дураар, бусдын дарамт шахалтгүйгээр уг гэрээнд гарын үсэг зурж, хамтран зээлдэгчээр оролцсон байх тул хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй байна.
Хэрэгт авагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, хүлээгдэж буй алдагдалыг тооцох, активыг эрсдэлийн сангаас хорогдуулах үйл ажиллагааны журмын 1.3.1-д зааснаар актив гэж банканд зээл, бусад актив хэлбэрээр үүссэн санхүүгийн хөрөнгийг хэлнэ гэж заасан бөгөөд хариуцагчийн татгалзал тус журмын 5-д заасан активыг эрсдэлийн сангаас хорогдуулах үндэслэлд орохгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан ...уг зээлийн зарцуулалт нь нөхөр Ч.З ын эмчилгээний зардалд зарцуулсан, гэр бүлийн хэрэгцээнд хэрэглээгүй... гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.
Гэхдээ хариуцагч нь ...нэмэлт зээлийн зарим хэсгийг оюутан хүүхдийн сургалтын төлбөрт шилжүүлсэн... гэж тайлбарлаж байгаа нь уг зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэж үзнэ.
Иймд хариуцагч тал гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүгийн хувь хэмжээ дээр маргаагүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Л.Г.Н нь хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Л.Г.Н гаас шаардах эрхтэй тул түүнээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,436,842 төгрөгийг гаргуулан Т банкны Хэнтий салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь гэрээний зөрчлийг арилгуулах талаар хариуцагчид урьдчилж мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон талуудын тайлбаруудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэхээр заасан байдаг тул зээлдэгчид үүрэг гүйцэтгэх талаар урьдчилан мэдэгдсэн байх боловч тэрээр зээлийг эргэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухай харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төстэй харилцааг зохицуулсан хуулийг хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан банкны зээлтэй холбоотой үүссэн гэрээний харилцааг хугацаанаас нь өмнө цуцлахад хуулийн дээрх зохицуулалт хамааралтай байна.
Иймд хариуцагч тал зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзснаар уг гэрээ цаашид үргэлжлэн хэрэгжих боломжгүй буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан гэрээнээс татгалзаж байгаа нь гэрээг цуцлах үр дагаварыг агуулж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Т банкны Хэнтий салбар, зээлдэгч Ч.З , Л.Г.Н нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах нь үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь энэхүү шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Л.Г.Н гаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7.436.842 /долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банкны Хэнтий салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний хөлс 16,000 /арван зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г.Н гаас 134.195 /нэг зуун гучин дөрвөн мянга нэг зуун ерөн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банкны Хэнтий салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 245 /хоёр зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА