Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 156/шш2020/00740

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00616/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Юнискогийн гудамж, Дипломат төв, 305 тоотод байрлах, ЮБО ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Ноён 1 дүгээр гудамж, 03 тоотод байрлах, ЧӨ ХХК-д холбогдох 351,200,373 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ү.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЮБОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ЧӨХХК-тай 2020 оны 2 сарын 3-ны өдөр 005/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авагч нь авсан барааны төлбөрийг 45 хоногийн дотор худалдагч талын ХААН банк дахь 5009754816 тоот дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 222,772,200 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан төлбөрийг эхний 30 хоногт хүү тооцохгүй, 31 дэх өдрөөс эхлэн төлбөрийг заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч 7 хоногт 0.45 хувийн хүү тооцон худалдагчид төлнө, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө гэж тус тус зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 222,772,200 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 17,042,073 төгрөг, алданги 111,386,100 төгрөг, нийт 351,200,373 төгрөгийг хариуцагч ЧӨХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ЧӨХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас нэхэмжлээд байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги 111,386,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний сөрөг нэхэмжлэлд дурдснаар гэрээнд ийм ийм гол шаардлагуудыг зайлшгүй тусгах хэрэгтэй гэсэн байдаг. Гэтэл манай гэрээнд тодорхой заалтууд нь нэг бүрчлэн заагдаагүй байгаа. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэрээг байгуулахад тодорхой стандарт дүрэм журмыг хуульчлаад заагаад өгсөн. Хоёр талын байгуулсан гэрээний хувьд хуулийн дагуу хийгдсэн гэрээ биш байна. Хуулийн заалтаас харахад журам зөрчиж хийсэн гэрээ учраас бид уг зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас манай байгууллагын зүгээс зээлийн үндсэн төлбөрийг зөвшөөрөөд, хүү, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЮБОХХК нь хариуцагч ЧӨХХК-д холбогдуулан 351,200,373 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үндсэн төлбөрийг алданги хүүгийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдал болон хүү алдангийг ямар хугацаанаас эхлэн ямар аргаар бодсон нь тодорхойгүй гэж маргалаа.

Хэрэгт авагдсан хариуцагч ЧӨХХК-ний ЮБОХХК-д гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/20/18 дугаартай хүсэлтээр /хх-ийн 14/ ...гүйцэтгэлийн санхүүжилт орохоос өмнө буюу 5 сарын 01-ний өдрийн дотор төлбөр тооцоог барагдуулсан тохиолдолд үндсэн төлбөрийн үнийн дүнгээс алданги тооцох төлбөрөөс чөлөөлж өгнө үү. Хэлэлцэж ярилцсан хугацаанд багтаан төлбөр тооцоог барагдуулаагүй тохиолдолд гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн хүү, алдангийн тооцоог хийх болно гэж, мөн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/20/49 дугаартай шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт /хх-ийн 33/ ...график төлөлт хойшлогдсон хоног тутамд нэмж тооцсон хүүгийн өглөг 17,042,073 төгрөг, үндсэн төлбөр 222,772,200 төгрөг нийт 239,814,273 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжилсэн алдангийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Талууд 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 005/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлээр авах барааны нийт хэмжээ 100,000 литр байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг зохицуулжээ. Дээрх гэрээний нөхцөл, агуулгаас талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэрэгт авагдсан ШТМ-ын зарлагын падаан /хх-ийн 11, 12, 13/-аар худалдагч тал болох нэхэмжлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, 2 дугаар сарын 10-ны өдөр нийт 102,660 литр шатахууныг нэг бүрийг нь 2,170 төгрөгийн үнээр нийлүүлсэн болох нь нотлогдож байх бөгөөд хариуцагч тал доголдол, зөрчил болон энэ талаар маргахгүй байна. Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шатахуун нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд харин хариуцагч нь барааны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь төлбөрийг шаардах эрхтэй байна.

Талууд уг гэрээнийхээ 3.3 дахь заалтаар худалдан авагч төлбөрийг эхний 30 хоногт хүү тооцохгүй, 31 дэх өдрөөс эхлэн 7 хоногт 0,45%-ийн хүү тооцох, мөн гэрээний 3.5-д төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан заалтад нийцэж байх тул алданги тооцох үндэслэлтэй байна. Хариуцагч нь гэрээний 3.2 дахь заалтын дагуу шатахууны төлбөрийг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон, сүүлийн шатахууныг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаас хойш төлбөрийг 45 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байх тул алдангийг тооцох үндэслэлтэй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тул хариуцагч талын татгалзлын тайлбар үндэслэлгүй байна. Хариуцагч ЧӨХХК нь шатахууны төлбөрт 222,772,200 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул алданги нь хоногт 222,772,200 х 0,5% = 111,386,100 төгрөг ногдож байгааг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлж төлөгдөөгүй 222,772200 төгрөгийн тал хувь 111,386,100 төгрөгөөр алданги тооцсон нь хуульд нийцэж байна. Түүнчлэн зээлдэгч тал гэрээнд заасан худалдан авсан барааны төлбөрийг 45 хоногийн дотор төлөх үүргээ зөрчснөөс хүү хуримтлагдсан байх тул энэ нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй мөн шүүх хариуцагчийг хүү, алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул хариуцагч ЧӨХХК-иас 351,200,373 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЮБОХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЧӨХХК-иас 351,200,373 /гурван зуун тавин нэгэн сая хоёр зуун мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЮБОХХК-д олгосугай.

2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолоор авагдсан хариуцагч ЧӨХХК-ний банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байхыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,913,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЧӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,913,952 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЮБОХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.МАРИНА