Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00719

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02557 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б, Д.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 76 656 011 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк иргэн Б.Б, Д.М нартай 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2107001113 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг жилийн 33 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Б.Б, Д.М нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгч А ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч нарын санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор 14/02-79 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийн зээлийг жилийн 37.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргасан бөгөөд зээлдэгч нарын хүсэлт, тэдгээрийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүү багатай хугацаа урттай зээлийг дахин санхүүжилтийн хэлбэрээр олгосон.

Иймд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч Б.Б, Д.М нартай байгуулсан 2107001113 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийн байдлаар үндсэн зээл 38 985 737 төгрөг, зээлийн үндсэн хүү 34 471 936.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 203 577.13 төгрөг, нийт 76 656 011 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь Б.Б, Д.М нарт 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээл олгож, улмаар 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өмнөх 30 000 00 төгрөгийн зээл хэвийн төлөлттэй, хугацаа хэтрээгүй, зээлийн үлдэгдэл төлөгдөөгүй, зээлдэгч өөрөө хүсэлт гаргаагүй байхад банкнаас дуудан өмнөх зээл дээр нэмж хүү багатай 50 000 000 төгрөгийн зээл авахыг санал болгож, зээлийн гэрээ байгуулсан ба энэ гэрээний үүрэгтэй холбоотой талуудын хооронд маргаан үүссэн байдаг.

Зээлдэгч нарт 2015 онд нэмж 50 000 000 төгрөг зээлж авах шаардлага байгаагүй,  өмнөх зээл төлөгдөөгүй байхад банк хүү багатай зээл өгнө гэж хууран мэхэлж, 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, уг зээлийг зээлдэгчийн харилцах дансанд гүйлгээ хийгээд уг 50 000 000 төгрөгийг зээлдэгчид энэ дүнгээр нь олголгүй хууран мэхэлж өмнөх 30 000 000 төгрөгийн зээлийг зээлдэгчийн данснаас хүчээр төлүүлсэн байдаг. Энэ 50 000 000 төгрөгийн зээл олгох үйл ажиллагаа нь анхнаасаа хууль бус бөгөөд эдгээр нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд: Ариг банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журын 4.2.1.1-д зааснаар зээл олгохдоо зээл хүсэгч иргэнээс “Зээлийн зориулалт, хэмжээ, хугацаа, хүү, эргэн төлөгдөх эх үүсвэрийг тусгасан зээл хүссэн гар өргөдөл, банкны анкет”-ыг авч бүрдүүлнэ гэсэн байх ба хэргийн материалд банкны анкет байгаа боловч “зээл хүссэн гар өргөдөл” байхгүй. Зээлдэгч нарт банк 50 000 000 төгрөгийн зээлийг олгохдоо өмнөх 30 000 000 төгрөгийн зээлийг хаах талаар хоорондоо ямар нэгэн тохиролцоо хийгээгүй байдаг. Зээлдэгч нар нь энэ талаар ямар нэгэн хүсэлт, бичиж өгөөгүй. Зээлдэгчид 50 000 000 төгрөгийн зээлийг харилцах дансанд нь олгоод өмнөх 30 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 28 761 076 төгрөгийг уг 50 000 000 төгрөгөөс зээлдэгчийн зөвшөөрөлгүй зээлдэгч Б.Бгийн харилцах данснаас төлүүлсэн байдаг. Талууд өмнөх зээлийг хаах талаар тохиролцоогүй байхад зээлдэгчийг хууран мэхэлж хэвийн биелэлттэй байсан өмнөх зээлийг хугацаанаас нь өмнө хүчээр төлүүлсэн. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж заасан байдаг.

2015 оны 50 000 000 төгрөгийн зээл олгох үед 2014 оны 30 000 000 төгрөгийн гэрээний төлөлт хэвийн байсан ба зээл гэдэг бол мөнгөн хөрөнгийг бүрэн гүйцэт ашиглаж түүнээс ашиг орлого олж, түүнээсээ зээлийн үнэ болох хүү, үндсэн төлбөрийг буцаан төлөх зориулалттай зүйл байдаг. Иймд зээлдэгч нарт 2015 онд олгосон 50 000 000 төгрөгөөс дутуу авсан 5 948 000 төгрө, 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл төлсөн 21 052 010 төгрөгийг хасч үлдэх 22 999 990 төгрөг буюу 23 000 000 төгрөгийг төлөх юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.М нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 76 656 011 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.М нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001113 дугаар барьцааны гэрээний зүйл болох Б.Б, Д.М нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байр, 52Б тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 541 231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Д.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 541 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсаны дараа түүний бэлнээр авсан гэх 20 948 000 төгрөг бүхий банкны зарлагын баримтад зээлдэгч Б.Б өөрийн биеэр гарын үсэг зураагүй бөгөөд уг баримтад зурагдсан гарын үсгийн хэвийг шинжилгээний байгууллагаар шинжлүүлэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Хариуцагчийн зүгээс гарын үсэг биш гэж мэдүүлсээр байхад шүүх хүлээн авч нягтлаагүй, шинжээч томилоогүй нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжийг үгүйсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй. Дээд шүүхээс өмнөх зээлийг төлөгдөөгүй байхад дараагийн зээлийг олгосон нь банкны хууль журамд нийцсэн эсэх, өмнөх зээл төлөгдөөгүй байхад дараагийн зээл олгосныг зээл олгосон гэж үзэх эсэх, дараагийн зээлийг олгохдоо түүний ямар хэсгээр нь өмнөх зээлийг төлөхөөр тохиролцсон эсэхийг нягтлах шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.2015 оны 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь хэлбэрийн шаардлагыг хангаж буй боловч агуулгын хувьд хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд 2015 оны 50 000 000 төгрөгийн зээлээс 2014 оны 30 000 000 төгрөгийн зээлийг төлүүлсэн нь 50 000 000 төгрөгийн зээлийг олгосон гэж үзэх үндэслэлгүй.

Зээлдэгч нар банктай 50 000 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх 30 000 000 төгрөгийн зээлийг хаах талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, зээлдэгч нар энэ талаар хүсэлт, бичиж өгөөгүй. Энэ талаар баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй нь ийм тохиролцоо байгаагүйг нотолж байна. Зээлдэгчид 50 000 000 төгрөгийн зээлийг харилцах дансанд нь олгоод өмнөх 30 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 28 761 076 төгрөгийг 50 000 000 төгрөгөөс зээлдэгчийн зөвшөөрөлгүй Б.Бгийн харилцах данснаас төлүүлсэн. Энэ гүйлгээг банк хийхдээ зээлдэгчээс зөвшөөрөл авах буюу гарын үсгээр баталгаажуулж гүйлгээг хийх ёстой. Аливаа данснаас зарлагын гүйлгээг хийхдээ тухайн данс эзэмшигчээр баримтад гарын үсэг зуруулах ёстой. Энэ талаарх гүйлгээний баримтыг ирүүлэхийг шүүхээс даалгасан боловч ирүүлээгүй нь баримт байхгүйг нотолсон юм. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан 3 үндэслэл, даалгаврыг биелүүлээгүй, эдгээр үндэслэлийн талаарх хариуцагчийн бодит тайлбар нотолгоог авч үзээгүй нь шүүх хэргийг бүхэлд нь нягталж үнэн зөв шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрээр хариуцагч нар 38 900 000 төгрөг, зээлийн хүүнд 34 400 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 200 000 төгрөг, нийт 76 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс харахад авсан зээлийн дүнтэйгээ тэнцүү хэмжээний хүү төлөхөөр байгаа нь шударга ёсны үнэлэмжинд нийцэхгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хооронд үүссэн эрхзүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Б, Д.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 985 737 төгрөг, зээлийн хүүнд 34 471 936 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 203 577 төгрөг нийт 76 656 011 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгууагдсан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг, жилийн 37.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон, мөн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр А ХХК нь 50 000 000 төгрөгийг, жилийн 33 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлий эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар хариуцагч Б.Б, Д.М нарт олгож, зээлийн гэрээний барьцаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52б тоот, 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан үйл баримт тогтоогдсон байна. /х.х-ийн 5-11 дүгээр тал/

Дээрх 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулж, мөнгөн хөрөнгийг хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон, уг тохиролцоо нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон зээлийн  гэрээний агуулгатай нийцжээ. Хариуцагч буюу зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч байгууллага Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагч Б.Б, Д.М нараас үндсэн зээл 38 985 737 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 34 471 936 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 203 577 төгрөг, нийт 76 656 011 төгрөг гаргууланн нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн зээлийн гэрээний үүргийг хариуцагч сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч  барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн зээлийн дүнтэй тэнцүү хэмжээний зээлийн хүү төлөх нь шударга ёсонд нийцэхгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь хариуцагч нар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт зааснаар зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийг авсан талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагч Б.Б-гийн тайлбар, зээлийн салбар хорооны хурлын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, зээлийн дансны хуулга, зарлагын маягт зэрэг нотлох баримтыг үндэслэн хариуцагч буюу зээлдэгч нар өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй тул өмнөх зээлийг хаах талаар тохиролцоогүй байхад банк зээлдэгчийг хууран мэхэлж өмнөх зээлийг төлүүлсэн талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.      

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй байх тул зээлдэгч Б.Б  20 948 000 төгрөгийн банкны зарлагын баримтад гарын үсэг зураагүй талаар шинжилгээний байгууллагаар шинжлүүлэх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

                                                   ШҮҮГЧИД                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                                Д.БАЙГАЛМАА