Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/02557

 

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 11 сарын 16 өдөр

                Дугаар 183/ШШ2018/02557

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001005, регистрийн дугаар 2111683/

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо,оршин суух, /

 

Хариуцагч: Д.М холбогдох

/Хан-Уул д үүрэг, 1 дүгээр хороонд оршин суух, /

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 76.656.011 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь иргэн Б.Б, Д.М нартай 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2107001113 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 33 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгосон. Б.Б, Д.М нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, зөрчил гаргасаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй байна. Нэхэмжлэгч А ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч нарын санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх, эрхэлж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор 14/02-79 тоот Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийн зээлийг жилийн 37.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон байдаг. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргаж байсан бөгөөд улмаар зээлдэгч нарын гаргасан хүсэлт тэдгээрийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүү багатай хугацаа урттай зээлийг дахин санхүүжилтийн хэлбэрээр олгосон. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч Б.Б, Д.М нартай байгуулсан 2107001113 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу Зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийн байдлаар үндсэн зээл 38.985.737 төгрөг, зээлийн үндсэн хүү 34.471.936,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.203.577,13 төгрөг нийт, 76.656.011,79 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд дээрхи бодогдсон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч Б.Б, Д.М нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ариг банк” ХХК-ийн хариуцагч Б.Б, Д.М нараас нэхэмжилж буй шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэхүү шаардлага нь хууль бус гэдэг нь дараах үндэслэлүүдээр нотлогдож байна. Нэгдүгээрт: А ХХК нь иргэн Б.Б, Д.М нарт 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30.000.000 төгрөгийн зээл олгосон. Улмаар 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өмнөх 30.000.000 төгрөгийн зээл хэвийн төлөлттэй, хугацаа хэтрээгүй, зээлийн үлдэгдэл төлөгдөөгүй, зээлдэгч өөрөө хүсэлт гаргаагүй байхад банкнаас дуудан зээлдэгчдэд санал тавьж, өмнөх зээл дээр нэмж хүү багатай 50.000.000 төгрөгийн зээл авахыг санал болгож, зээлийн гэрээ байгуулсан байдаг ба энэ гэрээний үүрэгтэй холбоотой талуудын хооронд маргаан үүссэн байдаг. Хоёрдугаарт: Зээлдэгч нарт 2015 онд нэмж 50.000.000 төгрөг зээлж авах ямар нэгэн шаардлага байгаагүй, учир нь өмнөх зээл төлөгдөөгүй байсан. Гэтэл банк хүү багатай зээл өгнө хэмээн хууран мэхэлж, 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, уг зээлийг зээлдэгчийн харилцах дансанд гүйлгээ хийгээд уг 50.000.000 төгрөгийг зээлдэгчид энэ дүнгээр нь олголгүйгээр хууран мэхэлж өмнөх 30.000.000 төгрөгийн зээлийг зээлдэгчийн данснаас хүчээр төлүүлсэн байдаг. Энэ 50.000.000 төгрөгийн зээл олгох үйл ажиллагаа нь анхнаасаа хууль бус байсан бөгөөд эдгээр нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд: “Ариг банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам”-ын 4.2.1.1-д зааснаар зээл олгохдоо зээл хүсэгч иргэнээс “Зээлийн зориулалт, хэмжээ, хугацаа, хүү, эргэн төлөгдөх эх үүсвэрийг тусгасан зээл хүссэн гар өргөдөл, банкны анкет”-ыг авч бүрдүүлнэ гэсэн байх ба хэргийн материалд банкны анкет байгаа боловч “зээл хүссэн гар өргөдөл” байхгүй байна. Зээлдэгч болон банк нар нь 50.000.000 төгрөгийн зээлийг олгохдоо өмнөх 30.000.000 төгрөгийн зээлийг хаах талаар хоорондоо ямар нэгэн тохиролцоо хийгээгүй байдаг. Зээлдэгч нар нь энэ талаар ямар нэгэн хүсэлт, бичиж өгсөн зүйл байхгүй. Энэ талаарх баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах шийдвэр гарсан боловч нэхэмжлэгч ирүүлээгүй байна. Энэ нь ийм тохиролцоо байгаагүйг нотолж байгаа юм. Зээлдэгчид 50.000.000 төгрөгийн зээлийг харилцах дансанд нь олгочихоод өмнөх 30.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 28.761.076 төгрөгийг уг 50.000.000 төгрөгөөс зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр зээлдэгч Б.Бгийн харилцах данснаас төлүүлсэн байдаг. Талууд өмнөх зээлийг хаах талаар огт тохиролцоогүй байтал зээлдэгчийг хууран мэхэлж хэвийн биелэлттэй явж байсан өмнөх зээлийг хугацаанаас нь өмнө хүчээр төлүүлсэн байдаг. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж заасан байдаг. Гуравдугаарт: 2015 оны 50.000.000 төгрөгийн зээлийг олгох үед 2014 оны 30.000.000 төгрөгийн гэрээний төлөлт хэвийн, ямар ч асуудалгүй явж байсан байдаг. Зээл гэдэг бол тухайн мөнгөн хөрөнгийг бүрэн гүйцэт ашиглаж түүнээс ашиг орлого олж, түүнээсээ зээлийн үнэ болох хүү, үндсэн төлбөрийг буцаан төлөх зориулалттай зүйл байдаг. Банкнаас олгож буй энэ зээл нь зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааг тэтгэх зориулалттай болохоос өр төлөх зориулалттай биш юм. Иймд зээлдэгч нар нь 2015 оны 50.000.000 төгрөгөөс дутуу авсан 5.948.000 төгрөгийг хасаад 44.052.000 төгрөгөөс 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл төлсөн 21.052.010 төгрөгийг хасаад үлдэх 22.999.990 төгрөг буюу 23.000.000 төгрөгийг л төлөх юм гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б, Д.М нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 76.656.011 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

Б.Б, Д.М болон “Ариг банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/02-79 дүгээр “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч А ХХК нь 30.000.000 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Б.Б, Д.М нарт зээлдүүлсэн, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 28.761.076 төгрөг байсан талаар талууд маргаагүй болно.

 

А ХХК болон Б.Б, Д.М нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14/02-79 дүгээр “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч А ХХК нь 50.000.000 төгрөгийг жилийн 33 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Б.Б, Д.М нарт зээлдүүлэхээр тохиролцсон байх бөгөөд уг гэрээний дагуу зээлдэгчийн Ариг банкин дахь харилцах дансанд 50.000.000 төгрөгийг зээлдүүлэгчээс шилжүүлж, үүнээс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/02-79 дүгээр “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ”-ний үүргийг дуусгавар болгохоор уг гэрээний үүрэг болох 28.761.076 төгрөгийг зээлдэгч тооцон авч, 20.948.000 төгрөгийг зээлдэгчийн харилцах данснаас Б.Бд олгосон болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ариг банкны зарлагын маягт зэрэг баримтаар нотлогдож байх бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14/02-79 дүгээр “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээг байгуулсан байна гэж дүгнэв.

 

Уг гэрээний дагуу зээлдэгч Б.Б, Д.М нараас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш үндсэн зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 38.985.737 төгрөг, зээлийн хүүд 34.471.936 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.198.338 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн дансны хуулга, зээлийн тооцоолол, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогджээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14/02-79 дүгээр “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.Б, Д.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 38.985.737 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 34.471.936 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.198.338 төгрөг, нийт 76.656.011 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэж байна.

 

Хариуцагч Б.Б, Д.М нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл, тайлбартаа “...нэмэлт зээл авах шаардлагагүй байхад банкнаас зээлдэгчдэд 50.000.000 төгрөгийн зээл авах санал болгож, хүү багатай зээл өгнө хэмээн хууран мэхэлж, 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, уг зээлийг зээлдэгчийн харилцах дансанд гүйлгээ хийгээд уг 50.000.000 төгрөгийг зээлдэгчид энэ дүнгээр нь олголгүйгээр өмнөх зээлийн үлдэгдэл 28.761.076 төгрөгийг төлүүлж, банкны ажилтан н.Содгэрэл нь 5.000.000 төгрөгийг авч, 15.000.000 төгрөгийг олгосон. Иймээс зээлдэгч нар 2015 оны 50.000.000 төгрөгөөс дутуу авсан 5.948.000 төгрөгийг хасаад 44.052.000 төгрөгөөс 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл төлсөн 21.052.010 төгрөгийг хасаад үлдэх 22.999.990 төгрөгийг төлөх боломжтой” гэх боловч Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “...2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14/02-79 дүгээр Зээлийн гэрээний дагуу олгогдох 50.000.000 төгрөгөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/02-79 дүгээр Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох” талаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан “...Ариг банкны захирал н.Содгэрэл нь зээлийн хүүг 1 хувиар бууруулж, бизнесийн зээл болгон нэмж зээл олгох боломжтой гэхэд нь миний бие урьд авсан зээлээ хаах мөнгө байхгүй гэхэд н.Содгэрэл нь энэ зээлээр чинь хаагаад өгнө гээд тухайн өдрөө зээлийн гэрээ байгуулж, н.Содгэрэл зээл гаргаж өгсөн гээд 4.500.000 төгрөгийг бэлнээр авч, 15.000.000 төгрөгийн зээл олгосон” гэсэн хариу тайлбар, нэхэмжлэгчийн “...гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг зээлдэгчийн нарын харилцан данс руу шилжүүлсэн. Тохиролцсоны дагуу өмнөх зээлийн үлдэгдэл 28.761.076 төгрөгийг төлүүлсэн. Харин н.Содгэрэлд өгсөн гэх 5.000.000 төгрөгийг бид мэдэхгүй...” гэсэн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээлийн салбар хорооны хурлын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15/01-45 дугаар протоколд “...яагаад зээлээ хаагаад дахин хүсч байгаа бэ гэхэд өмнө нь авсан зээл судалгаагүй, өндөр хүүтэй, хугацаа богино байсан...” гэсэн тэмдэглэл, Зээлийн дансны хуулга, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ариг банкны зарлагын маягт зэргээр нотлогдож байна.

 

Дээрх үйл баримтаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14/02-79 дүгээр “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдүүлэгч “Ариг банк” ХХК-иас зээлдэгч Б.Б, Д.М нарын харилцах дансанд шилжүүлсэн 50.000.000 төгрөгөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/02-79 дүгээр “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ”-ний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байна гэж дүгнэв.

 

Мөн хариуцагч тал “...А ХХК-ийн захирал н.С нь олгогдох зээлээс 4.500.000 төгрөгийг /5.000.000 төгрөгийг/ авсан, хууран мэхэлж гэрээ байгуулсан” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаар баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.М нараас үндсэн зээлд 38.985.737 төгрөг, зээлийн хүүд 34.471.936 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.198.338 төгрөг, нийт 76.656.011 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.М нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001113 дугаар барьцааны гэрээний зүйл болох Б.Б, Д.М нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байр, 52Б тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.М нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 76.656.011 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.М нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001113 дугаар барьцааны гэрээний зүйл болох Б.Б, Д.М нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байр, 52Б тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 541.231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Д.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 541.230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.СЭМЖИД