Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0909/з |
Дугаар | 221/MA2016/0375 |
Огноо | 2017-05-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 221/MA2016/0375
2017 оны 05 сарын 25 өдөр Дугаар 221/МА2017/0375 Улаанбаатар хот
С.*******ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******-******* нарыг оролцуулан, хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0174 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.*******ы нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0174 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг тус тус баримтлан С.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/32 дугаар тушаалын С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.*******ыг Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******ы ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10 хүртэлх нийт 6 сар 6 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5.520.719 (таван сая таван зуун хорин мянга долоон зуун арван ес) төгрөг олгохоос нэг удаагийн тэтгэлэг 2.686.730 төгрөгийг хасч үлдэгдэл 2.833.989 (хоёр сая найман зуун гучин гурван мянга есөн зуун наян ес) төгрөгийг С.*******д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “...Төрийн албаны тухай хуулийн 4.2.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т тус тус заасныг баримтлан ...С.*******ыг Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын албан тушаалд эгүүлэн тогтоосугай...” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан...” гэдгийг “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 16-д “Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу ойлгоно” гэжээ. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хуулийн этгээдийг татан буулгах үндэслэлүүд”-ийг заасан байх бөгөөд 32.1.4-д “хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол татан буулгах”-аар заасан байна.
Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгасан тул эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан гэж үзнэ. Төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нь өөр ажил, албан тушаалд шилжих эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах нэмэгдэл баталгаагаар хангагдахаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т хуульчилсан байна.
Тэгэхээр нэхэмжлэгч С.******* Гааль, татварын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсан Татварын ерөнхий газарт томилогдон ажиллаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, татан буугдсан байгууллагад эгүүлэн томилогдох боломжгүй.
Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд..., төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байрны тодорхойлолт/-д заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...гэж заасантай нийцээгүй...” гэж дүгнэсэн байна.
Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод зааснаар “ажлын байрны гол үйл ажиллагааны 1 дүгээр зорилтын хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон гааль, татварын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой олон улсын гэрээ, конвенц, дэлхийн гаалийн байгууллагаас баталсан бодлогын баримт бичиг, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ үнэлгээ хийхээр” заасан бол Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод дээр дурдсан чиг үүрэг өөрчлөгдөж “Татварын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичигт татварын талаар тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, үр дүнг нэгтгэн тайлагнах, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж удирдлагыг мэдээллээр хангах” болон татварын албанд 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд болон бүх шатны нэгжид ажилласан туршлагатай гэж заасан байна. Энэ нь Татварын албаны Дотоод аудитыг хийх нь бүх нэгжид ажиллаж байж дотоод хяналтыг хийх туршлагатай болох боломжтой гэсэн ойлголт. Харин С.*******ы хувьд 2013 онд анх төрийн албанд буюу Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож орсон байна.
Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн байх тул “зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаал буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь бүгд хэвээр үргэлжлэн хадгалагдсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Маргаан бүхий Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газар татан буугдсан гэсэн үндэслэлээр Гааль, татварын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.*******ыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч С.******* нь анх Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/451 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсны дараа Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/204 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдсон байна.
Улмаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар хамаарах болсонтой холбогдуулан тус газруудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл хугацаанд Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар С.*******ыг Гааль, татварын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлаас түр чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Татварын ерөнхий газрын дарга маргаан бүхий актаар нэхэмжлэгч С.*******ыг дээрх албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгасан боловч чиг үүргийг нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн 2 тусдаа хуулийн этгээд байгуулан хариуцуулж, Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолоор тус газруудын орон тооны хязгаарыг баталсан байна.
Ийнхүү Гааль, татварын ерөнхий газар өөрчлөн байгуулагдах явцад нэхэмжлэгч С.*******ы ажиллаж байсан Гааль, татварын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс зөвхөн гаальтай холбоотой чиг үүргүүд хасагдаж, бусад чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдэж, албан тушаалын нэр нь Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын дарга болон өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Гааль, татварын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлын байрны тодорхойлолт болон сүүлд батлагдсан Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, С.*******ы ажиллаж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид хэрэгжүүлэх чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч С.*******ыг Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй байжээ.
Түүнчлэн захиргааны байгууллага урьд нь нэхэмжлэгч С.******* Гааль, татварын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллах шаардлагыг хангасан гэж үзэж тус албан тушаалд томилон ажиллуулж байсан атлаа “Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.
Дээрхээс дүгнэвэл, хариуцагч Гааль, татварын ерөнхий газар татан буугдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.*******ыг албан тушаалаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангаагүй, хууль бус шийдвэр болсон байх тул анхан шатны шүүх Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.*******ыг Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0174 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН