Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 156/шш2020/00793

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00793

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00570/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр багт байрлах, ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар багт оршин суух, Г.Э

Гуравдагч этгээд: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багт оршин суух, Д.О нарт холбогдох,

3 504 127,14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

хариуцагч Г.Э, өмгөөлөгч Б.Ж,

гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.А, Г.Э нар нь ХААН банкны Хэнтий салбарын Хэрлэн тооцооны төвөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 7 826 662,09 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл дээр 285 300 төгрөгийг нэмж нийт 8 111 962,09 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийн барьцаанд №0075906 дугаартай тэтгэврийн дэвтэр болон ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлого барьцаанд авсан болно.

Үндсэн зээлдэгч О.А 2017 оны 01 дүгээр сард нас барснаар 2017 оны 03 дугаар сараас тэтгэвэр орохоо больж үндсэн зээлдэгчийн эхнэр болох Д.О нь зээлийг төлж байсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5 459 399,85 төгрөг, хуримтлагдсан хүү 1 388 617,15 зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс хамтран үүрэг гүйцэтгэгчээс Г.Эээс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2 652 562,24 төгрөг, хүү 851 564,9 төгрөг, нийт 3 504 127,14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э би ХААН банкны Хэнтий салбараас ирүүлсэн 3 504 127,14 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй тул уг зээлийг төлөх үндэслэлгүй байна гэв.

 

Гуравдагч этгээд Д.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.О би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагч Г.Эт холбогдуулан зээлийн төлбөр 3 504 127,14 /гурван сая таван зуун дөрвөн мянга нэг зуун хорин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгө хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй..., 452 дугаар зүйлийн 452.1-д ...Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно... гэж зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагч Г.Эээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч О.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнчимэг нар нь ХААН банкны Хэнтий салбарын Хэрлэн тооцооны төвөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ[1]-гээр өмнөх зээлийн үлдэгдэл 7 826 662 төгрөг дээр нэмж 285 300 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн өргөдөл[2] зэрэг бичмэл нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагчаас ...би уг мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй.. ..тухайн өдөр О.Аын эхнэр Д.О надад зээлийн гэрээнд гарын үсэг зурж туслаач гэхээр гарын үсэг зурсан.. ..би энэ зээлийг төлөх чадваргүй... гэж тайлбарлаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох 2019 оны 06 сарын 11-ний өдрийн гэрээ, ХААН банкнаас Г.Эрдэнчимэгтэй байгуулсан 2019 оны 8 сарын 27-ны өдрийн Тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээ, ВишнФанд банк бус санхүүгийн байгууллагаас Г.Этэй байгуулсан 2020 оны 05 сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ зэрэг бичмэл нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч хариуцагчийн энэхүү тайлбар, дээрх бичмэл баримтуудыг үндэслэн зээлийн хүүг багасгах, хөнгөлөх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Зээлдэгч О.А нь 2017 оны 1 сарын 30-ны өдөр нас барсан бөгөөд тухайн өдрийн байдлаар 7 941 377 төгрөгний үлдэгдэлтэй байсан нь ХААН банк Хэнтий салбарын 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 01/47 дугаартай тодорхойлолт, О.Аын тэтгэврийн харилцах депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар[3] тус тус тогтоогдож байна.

Тэрээр, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3-т ...хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ... гэж гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, банкнаас авсан тэтгэврийн зээлээ хугацаандаа төлж чадаагүй болох нь нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа ба хариуцагч буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ-ний Хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Э нь уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Эээс үндсэн зээлийн төлбөр 2 652 562 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 851 564 төгрөг, нийт 3 504 127 төгрөг гаргуулан ХААН банкны Хэнтий салбарт олгох нь зүйтэй байна.

Тэрээр, уг хэрэгт хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангаж, үндсэн зээлдэгч О.Аын эхнэр болох Д.Оийг тус шүүхийн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн ШЗ2020/01868 дугаартай шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан болно.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд: ..нэхэмжлэгч ХААН банк Хэнтий салбар нь үндсэн зээлдэгч нас барсан байхад нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүү гэж тооцсон нь үндэслэлгүй, нөгөө талаар О.Аын эхнэр болох Д.От байнгын дарамт шахалт үзүүлж, улайлтын зээл авахуулж, түүнийгээ О.Аын зээл рүү татаж төлүүлдэг байсан.. гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ..нэмэгдүүлсэн хүү болон хугацаа хэтрүүлсний хүү гэж тооцоогүй, Д.От ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй.. гэж маргана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т ...Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд.. ..эвлрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ... гэж заасан ба гуравдагч этгээдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотлож чадаагүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Зээлийн бүртгэлийн карт-аар нэмэгдүүлсэн хүү болон хугацаа хэтрүүлсний хүү гэж тооцоогүй болох нь нотлогдож байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан бөгөөд энэхүү тайлбар нь үндэслэлгүй болжээ. Учир нь, хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх ба гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жил гэж заасан байна. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Тэтгэврийн зээл-ийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулж, эргэн төлөлтийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор тусгагджээ. Тиймээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбарын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эээс 71 016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Эээс 3 504 127,14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эээс 71 016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН

 

 

 

 

 

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 3,4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 3-р хуудас

[3] Хавтаст хэргийн 33, 34-р хуудас