Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 226/МА2020/00025

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 04 өдөр          Дугаар 226/МА2020/00025                              Хэрлэн сум

 

Х- банкны нэхэмжлэлтэй,

хариуцагч Э-т холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00025/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-,

Хариуцагч Э-, түүний өмгөөлөгч Б.Жавхлан,

Гуравдагч этгээд Д.Оюунцэцэг нарыг онлайнаар оролцуулан   

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 793 дугаар шийдвэртэй Х- банкны ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э-т холбогдох “3504127.14 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Э-ийн давж заалдах гомдлоор 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Х- банкны захирал А түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А-, Э- нар нь Х- банкны ын Хэрлэн тооцооны төвөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 7826662.09 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл дээр 285300 төгрөгийг нэмж авч, нийт 8111962.09 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд №0075906 дугаартай тэтгэврийн дэвтэр болон ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлогоо барьцаалсан.

            Үндсэн зээлдэгч А- 2017 оны 01 дүгээр сард нас барснаар 2017 оны 3 дугаар сараас тэтгэвэр орохоо больж үндсэн зээлдэгчийн эхнэр болон О- зээлийг төлж байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч Э-ээс үндсэн зээлийн төлбөр 2652562.24, зээлийн хүүгийн төлбөр 851564.9, нийт 3504127.14 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамж 71016 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

            Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болох хөрөнгө, зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

            Хариуцагч Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, зээлдэгчийг танихгүй. 2016 оны 11 сард надтай цуг ажиллаж байсан Н- надаас “чи нийгмийн даатгал төлдөг үү” гэж асуухаар нь би “нийгмийн даатгал төлдөг” гэж хариулсан чинь “миний таньдаг ах эгч хоёрын хүүхэд нь Хятад автын осолд ороод хүүхэд рүүгээ явах гээд тэтгэврийн зээл авах гэсэн чинь нийгмийн даатгал төлдөг хүн байдаггүй, чи гарын үсэг зурж өгч тус болооч, чамд төлөлт нь огт хамаагүй тэтгэврээс нь суутгаад авчихна" гээд гуйгаад байхаар нь тус болчихъё гэж бодоод уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би А- гуайг нас барсныг мэдээгүй, 3 сард миний данснаас 400000 төгрөгийг татан авсан байхаар нь банкин дээр очоод асуухад “та А- гэдэг хүний зээлийн гэрээ дээр гарын үсэг зурсан байна. А- гуай 1 сард нас барсан, та хамтран зээлдэгч учраас таны данснаас мөнгө татсан байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэртэй очиж уулзахад “чамайг хохироохгүй, эгч нь өөрөө төлнө” гэж хэлсэн. Банкны зүгээс А- гуайг нас барсан талаар надад албан ёсоор мэдэгдээгүй. Надад уг зээлийг төлөх санхүүгийн боломж байхгүй. Засгийн газраас өндөр насны тэтгэврийн зээлийг тэглэхэд А- гуайн зээлийг тэглүүлэхээр хүсэлт явуулахад Монгол улсын иргэн биш гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн гэжээ.

            Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О-ийн хувьд нөхөр А-ийг зээл авахад оролцоогүй, хамтран үүрэг гүйцэтгэгч биш юм. Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй тул шүүх О-ийг хариуцагчаар татах боломжгүй гэж үзэж байна. Харин хамтраг үүрэг гүйцэтгэгчийг зээл авахдаа зээлийн гэрээний заалт бүрийг уншиж танилцаж гарын үсэг зурсан гэж бодож байна. Банкнаас О-ийг А-ийн хууль ёсны эхнэр учир зээлийг төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан. О- нь Х- банкны шахалтаар өөрийнхөө боломжоор зээлийг төлж байсан бөгөөд “тухайн зээлийг хариуцаж төлнө” гэсэн бичиг хүртэл хийж өгсөн байсан. О- нь уг бичгийг өөрийн хүсэлтээр бичиж өгөөгүй, банкны шахалтаар бичсэн байдаг. Зээлдэгч А- нэгэнт нас барсан байхад хэвийн зээлийн адил О-ээс хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэж байгааг үндэслэлгүй гэж бодож байна. Банкны А-ийн зээлийг зээлийн хороогоороо хэлэлцсэн гэсэн боловч хурлынхаа тэмдэглэлийг гаргаж өгөөгүй. Мөн А-ийн зээлийг тэглэх хүсэлт гаргахаар Монгол улсын иргэн биш гэж үзэж зээлийг нь тэглэдэггүй атлаа тэтгэвэр олгоод, дараа нь тэтгэврийн зээл олгосныг ойлгохгүй байна. О-ийн зүгээс уг зээлийг “чанаргүй зээл” гэж үзэж эрсдэлийн сангаас хааж өгөхийг хүсч байна гэжээ.

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э-ээс 3504127.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- банкны т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х- банкны ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

            Хэргийн үйл явдлын тухайд Н- нь Э-тэй уулзаад “чи нийгмийн даатгал төлдөг үү, О- гэдэг хүний хүүхэд Хятад улсад хагалгаанд орох гээд мөнгөний хэрэгтэй болоод байна, чи тэтгэврийн зээл дээр нь гарын үсэг зураад өгчих, тэтгэврээс нь суутгачих юм чинь чамд хамаагүй” гэж гуйсны дагуу А-, О- нартай ярилцаж тэтгэврийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг бөгөөд А-ийн авсан зээлийн мөнгөнөөс Э- ганц ч төгрөг хэрэглээгүй байдаг.  

            Үндсэн зээлдэгч А- 2017 оны 01 дүгээр сард нас барснаар 2017 оны 3 дугаар сард тэтгэвэр олгохоо больж үндсэн зээлдэгчийн эхнэр болох О- зээлийг төлж байсан гэсэн Х- банкны нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд банк нь зээлдэгч А-ийг нас барсныг мэдсэнээс хойш гэрээний оролцогч биш талийгаачийн эхнэр О-ээс зээл төлөхийг шаардаж 3 жилийн хугацаанд төлүүлсэн байна.

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу Х- банк нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч энэ нь зөвхөн ижил үүргүүдийн хувьд хамтран хүлээх нэг үүргийг бүрдүүлдэг ойлголтод хамаатай. Жишээ нь хамт байр хөлслөх, хамтарч бизнесийн зээл авах гэх мэт. Харин Х- банкны  А- нарын хооронд байгуулагдсан тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээнд хэрвээ өндөр настай А- нь нас барж, тэтгэвэр авах боломжгүй бол үүрэг хэрхэх вэ гэдгийг нарийвчлан зохицуулсан заалт байхгүй байгаа тул Иргэний хуулийн хэм хэмжээг баримтална гэж үзэж байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан ...бол үүрэг дуусгавар болно” гэж заасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний төрөл нь тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээ бөгөөд гэрээний зүйл нь А-ийн тэтгэвэр байна. Уг гэрээний гол нөхцөл нь “сар бүр А-ийн тэтгэвэр бууж дансанд орох, Х- банк уг тэтгэврээс төлөлтөө суутгаж авах” байсан. Тэтгэвэр нь А-ийн хувийн байдалтай салшгүй холбоотой зүйл бөгөөд түүний оролцоогүйгээр тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй, түүнийг нас барснаар энэ гэрээний харилцаа дуусгавар болно. Мөн тэтгэврийн зээлийн гэрээний төрөл зохицуулалт нь зөвхөн А-ид л зориулсан, Э-т зориулагдаагүй, Э- нь энэ төрлийн зээлийн гэрээний нөхцөлийг хангахгүй, зээлийн мөнгийг ашиглаагүй, ашиглах үндэслэл байхгүй байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар А- нь нас барснаар түүний 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Х- банкны тай байгуулсан тэтгэврийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болж цаашид тэтгэвэр орохгүй, тэтгэвэр бол А-ийг нас барах хүртэл үргэлжлэх харилцаа тул дагаад тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний “тэтгэвэр орох бүрд түүнээс зээл суутгаж авах” гол нөхцөл бүрдэхгүй болж, уг гэрээ үргэлжлэх боломжгүй, биелэгдэхгүй болох тул Х- банкны  гэрээг дуусгавар болгож хамтран үүрэг гүйцэтгэгчид шаардлага тавих байсан.

            Х- банкны  нь А- нас барж зээл төлөгдөхгүй болж, зээлийн гэрээ үргэлжлэх боломжгүй болсныг 2017 оны 01 дүгээр сард мэдсэн атлаа 2017 оны 3 дугаар сараас О-т зээл төлөх шаардлагыг тавьсан. Үүнээс үзэхэд 2017 оны 3 дугаар сараас банк хамтран үүрэг гүйцэтгэгч Э-ийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байгааг, үүрэг зөрчигдсөнийг мэдсэн. Иймд гэрээтэй холбоотой шаардах эрх 2017 оны 3 дугаар сард үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зохицуулсан. 2017 оны 3 дугаар сараас хойш 2020 оны 11 дүгээр сарын 13-ныг хүртэл 3 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

            Х- банк хуулиа баримтлаагүй, гэрээ үргэлжлэх боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл байдал үүсээд байхад гэрээгээ цуцлаагүй, өөрт ашигтай байдлыг бий болгож гэрээний оролцогч биш хүн болох О-ээс зээлийн төлбөрийг шаардан гаргуулж явж байснаа О-тэй зээлийн төлөлт, хүүгийн талаар маргалдаад зөвшилцөлд хүрэхгүй болонгуутаа Э-ээс зээлийг нэхэмжилж байгаа нь хэт дураараа хандсан, ард иргэдийн хууль мэдэхгүйг далимдуулж хохироож буй үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Х- банкны ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- давж заалдах шатын шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А-ийг Х- банкны төвөөс зээл авахад Э- нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээний үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Зээлдэгч А-, Э- нар нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 7826662 төгрөг дээр нэмж 258300 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлж авсан нь хавтаст хэрэгт авагдсан тэтгэврийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн өргөдөл, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд үндсэн зээлдэгч А- нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн, гэрээний дагуу Х- банк нь хамтран үүрэг гүйцэтгэгч Э-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.3-т заасны дагуу шаардах эрхтэй. Мөн Э- нь шүүх хуралдаанд “би хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан” гэж мэдүүлснээс үзэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэдгийг давхар баталж байна.

            Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Э- нь зээл авах хэрэгцээ шаардлагатай гэдгээ илэрхийлж зээлийн өргөдөл үндсэн зээлдэгчийн нэгэн адил бүрдүүлж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, зээлийг судлуулан зээл авсан. Хэрвээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр Э- оролцоогүй тохиолдолд тухайн зээл банкаар судлагдаж, зээл олгогдохгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож болгож өгнө үү гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Х- банкны  нь хариуцагч Э-т холбогдуулан “зээлийн төлбөрт 3504127 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Э- нь “би зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, Н- “нийгмийн даатгал төлдөг бол тэтгэврийн зээлд гарын үсэг зураад өгөөч, чамд ямар ч хамааралгүй, тэтгэврээс нь мөнгийг суутгадаг” гээд гуйхаар нь гарын үсэг зурчихсан,  би төлбөрийн  чадваргүй тул  хариуцахгүй” гэжээ.

            Хариуцагч Э-ийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.О-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ нь 24 сарын хугацаатай байгуулагдаж, эргэн төлөлтийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор тохиролцжээ.  

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох”-оор заасан байх бөгөөд тэтгэврийн зээлийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсноор шаардах эрх үүссэн байна.    

            Нэхэмжлэгч Х- банкны  нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

            Зээлдүүлэгч Х- банкны  зээлдэгч О.А-, хамтран үүрэг гүйцэтгэгч Э- нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 7826662 төгрөг дээр нэмж 285300 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээл авсан болох нь тэтгэврийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн өргөдөл зэрэг нотлох баримтаар тогтоогджээ /хх-3-5х/.

            Гэрээний 1.3.4, 1.3.5, 1.3.6 дахь заалтуудад “банкны зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд зээлдэгчийн 5954352496 тоот тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд болон бэлэн бусаар төлүүлнэ. Зээлдэгчийн ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлого нь энэхүү зээлийн барьцаа болно. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хугацаанд өөрийн тэтгэврийн дэвтэр болон тэтгэврийн картыг банканд хадгалуулна” гэж тус тус тохиролцжээ.  

Хамтран үүрэг гүйцэтгэгч Э- нь зээлдэгч О.А-тай ямар хамааралтай болох, түүнтэй хамтарч зээл авах хүсэл зориг, шаардлага байсан эсэх нь тодорхой бус, гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан О.А-д холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй Э-т хамааруулах боломжгүй байна.

Үндсэн зээлдэгч О.А- нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсны дараа эхнэр Д.О- нь үндсэн зээлд 5459399, хүү 1388617 төгрөгийг тус тус төлж барагдуулжээ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор хуульд заасан өөр арга хэрэгслээр тухайлбал батлан даалтын, баталгааны, даатгалын зэрэг гэрээг байгуулж болохыг үгүйсгэхгүй ба тэтгэврийн зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой атал зээл авах хүсэл зорилгогүй хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрхийг үүсгэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болох”-оор хуульчилжээ.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагджээ. Иймд хариуцагч Э-т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Х- банкны ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71016 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                 1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ШШ2020/00793 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Х- банкны ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э-ээс “тэтгэврийн зээлийн төлбөр 3504127 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71016 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71016 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО                                  

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.