Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2022/00042/И |
Дугаар | 156/ШШ2022/00099 |
Огноо | 2022-03-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 156/ШШ2022/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, шүүгч Б.Уранзаяа, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын .................. гэх газар нутаглах Хан бүргэд овогт Б.Б
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг, ............. тоотод оршин суух, Боржигон овогт Э. Б
Нэхэмжлэлийн шаардлага: Дутагдуулсан 50 тооны бог малын үнэ болон зардал нийт 3,730,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж
Иргэдийн төлөөлөгч: Ш. Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Б холбогдуулан дутагдуулсан 50 тооны бог малын үнэ болон малын үнэлгээ хийлгэсэн зардал нийт 3,730,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1. Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт өөрийн малаа маллахаас гадна Баянхутаг сумын 3 дугаар багийн иргэн Н.З бог малыг малладаг. Э.Б гэдэг айлынх 2021 оны 2 дугаар сарын сүүлээр манай хажууд буугаад айлсаж 400 гаруй бог малаа манай хоньтой нийлүүлж бид ээлжээр малаа хариулдаг болсон. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний үеэр би хадлангийн өвс худалдаж авахаар Тахилт тосгон руу явах үед Н.З , Э.Б , манайх нийлсэн гурван айлын 723 тооны хонь, 484 тооны ямааг Э.Б тэй хамт тоолж түүнд үлдээсэн. Би нэг хоног явж ирээд маргааш нь буюу хагас сайн өдрийн орой нь Э.Б тэй хамт малаа бүртгэж тоолоход 484 тооны ямаанаас 12 ямаа, 723 тооны хониноос 58 хонь дутсан. Н.З ийг дуудаж дахиж тоолоход яах аргагүй 12 ямаа, 58 хонь дутуу байсан. Хэд хоног дутсан малаа хайж эрэл сурал болж явсан ч сураг гараагүй. Эдгээр дутсан малаас 27 хонь нь Н.З ийнх, 16 хонь, 10 ямаа нь манайх, үлдсэн нь Э.Б гийнх байсан. Тухайн үед бид цагдаад утсаар мэдэгдэж хонио алдсан гэж тэмдэглүүлсэн боловч цагдаа эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байна гэсэн. Тэр үед Э.Б нь хонио яагаад дутааснаа хэлж мэдэхгүй байсан. Энэ асуудлаас болж Э.Б гийнх хонио ялгаж аваад нүүх үед нь Н.З дутсан малаа төлүүлнэ гэж 27 хонь авч үлдсэн ч Э.Б гийн эхнэр хэрүүл маргаан үүсгэж байгаад 27 хонио буцааж авсан тул Н.З дутсан 7 төлөг, 20 хургаа надаас нэхсэн. Би Н.З хонийг малладаг тул надаар төлүүлнэ гээд жил гаруй түүний малыг хөлсгүйгээр хариулах болсон. Э.Б нь хариуцаж үлдээд хонь дутаасан буруутай атлаа дутаасан малаа төлөхгүй байгаа тул түүнээс үнэлгээний компаниар үнэлүүлсэн 5 толгой ишиг, 5 толгой эр ямаа, 10 толгой төлөг, 30 толгой хурга 3,650,000 төгрөг, малын үнэлгээ хийлгэсэн хөлс 80,000 төгрөг, нийт 3,730,000 төгрөгийг гаргуулна гэв.
2.Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Б малыг хулгайлсан, хууль бусаар авсан, завшсан асуудал байхгүй. Болдбаатар өөрөө малаа тоолдог, би тоо тооллогод нь оролцоод байдаггүй. Мал дутагдсан гээд байгаа зүйл нь Б.Б хонио хээр хонуулахдаа алдсан уу, эсвэл тоо тооцооных нь зөрүү юу би мэдэхгүй. Бид тухайн үед албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Иймд би Б.Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.З , Э.Б , Б.Б нар нь саахалт айлаараа нутаглаж, хонь хариулцгаадаг байсан. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Б.Б хонио хээр хонуулснаас болж олон тооны хонь дутсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч хулгайлсан эзэн нь олдоогүй учраас хэрэг нь хаагдсан байсан. Мөн Э.Б гийн хонь дутсан асуудал гарсан. Б.Б нь Э.Б хонио харуулж үлдээсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Б.Б 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө нь явчихаад орой нь ирээд хонио хээр хонуулж дутаасан байдаг. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад гарсан хариуг хавтаст хэрэгт өгсөн байгаа гэв.
4. Иргэдийн төлөөлөгч Ш. Б шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Бүгд хоорондоо тохиролцож малаа хариулсан учраас хариуцагч Э.Б нь 50 хувийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
5.Нэхэмжлэгчээс өөрийн нэр дээрх 2020 оны жилийн эцсийн мал тооллогын баримт /хх-ийн 5/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 6/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 7-15/, мал тоолсон бүртгэлийн дэвтэр 1ш баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6.Хариуцагчаас Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 359 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 22/, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлийн хуулбар /хх-ийн 23/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 24-26/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 27-28/-уудыг шүүхэд гаргаж өгсөн.
7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч Н.З ээс гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Б.Болдбаатар, Н.З , Э.Б нар нь саахалт айлаараа нутаглаж, хонио нийлүүлж хариулдаг байсан нь зохигчдын тайлбараар нотлогдох бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Б бог малаа тоолж үлдээгээд хадлангийн өвс авахаар явсан, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ирээд 10-ны өглөө малаа тоолоход 70 толгой мал дутсан гэж, хариуцагч тал Б.Б 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө яваад тэр орой хадлангаас ирсэн. Тэрээр 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө хонио хээр хонуулсан учраас мал дутсан, Э.Б малаа харуулж үлдээсэн асуудал байхгүй гэж мэтгэлцлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б.Б нь өөрийн хонийг Э.Б гээр харуулахаар тохиролцож, түүнд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Гэрч Н.З мэдүүлэгт ...2021 оны 9 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Б.Б нь Э.Б гээр хонио харуулж байх үед манай 27 тооны хонь, 1 тооны ямаа дутсан. Б.Б нь Э.Б бог малаа тоолж хүлээлгэн өгсөн гэж байсан, би хажууд нь байгаагүй..., ...2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр малаа тоолсон гэсэн. Би хажууд нь байгаагүй... гэх мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн ...2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Б бог малаа тоолж үлдээгээд хадлангийн өвсөнд явсан, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний орой ирээд 10-ны өглөө малаа тоолоход 70 толгой мал дутсан... гэх тайлбар нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 359 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 22/, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан Б.Б өргөдлийн хуулбар /хх-ийн 23/, хохирогчоор Б.Б өгсөн мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 24-26/, гэрч О.Ц авсан мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбараар үгүйсгэгдэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үнэн зөв, эргэлзээгүй баримтаар нотолж гэмээ нь нэхэмжлэлийн шаардлага хангагдана. Иймд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б.Б нь өөрийн хонийг Э.Б гээр харуулахаар тохиролцож үлдээсэн, тухайн үед дутагдсан малыг Э.Б төлөх ёстой гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн ...хоорондоо тохиролцож малаа хариулсан учраас хариуцагч Э.Б нь 50 хувийг төлөх нь зүйтэй гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,630 /далан дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд мал тоолсон бүртгэлийн дэвтэр 1ш материалыг гаргаж өгсөн боловч уг дэвтэрт бичигдсэн бичвэр нь хэзээ, хэний малын тоог бичсэн, хэнд хүлээлгэн өгсөн талаарх гарын үсэггүй, мөн нэхэмжлэгч нь уг дэвтрийн 5 дугаар хуудаст малыг хүлээлгэн өгсөн болон дутагдуулсан малыг улаан өнгөөр тэмдэглэсэн гэх боловч уг бичвэрийн зарим тоо засвартай байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б холбогдох дутагдуулсан 50 тооны бог малын үнэ болон малын үнэлгээ хийлгэсэн зардал нийт 3,730,000 /гурван сая долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,630 /далан дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА