Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/00943

 

2022 03 02 101/ШШ2022/00943

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,,

имплант шүдний үйлчилгээ авахаар төлсөн 9740 ам.долларын төлбөр гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

эмчилгээ болон 9 ширхэг имплант шүдний ёзоор суулгасны төлбөрт 4774,60 ам.доллар буюу 12.738.203,08 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Р.Энх-Амгалан, нэхэмжлэгч Р.Болд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Болд нь хариуцагч Медикамонголиа ХХК-нд холбогдуулан эрүүл мэндийн үйлчилгээ буюу шүдний имплант үйлчилгээ авахаар эмнэлэгт төлсөн 9740 ам.долларын төлбөрөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон тайлбарлаж байна.

Медикамонголиа ХХК-ийн зар сурталчилгаатай танилцсанаар имплант шүд хийлгэх зорилгоор өндөр түвшиний үйлчилгээ авахаар тус эмнэлэгт хандаж, дээд эрүүнд 5 ширхэг, доод эрүүнд 4 ширхэг имплант шүдний ёзоор суулгуулсан, энэхүү ёзоор нь эрүүний ястай холбогдож, бэхлэгдэн хүндрэлгүй эдгэрсэн ч эмнэлэг цаг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс 2018 оны 10-р сард бүрэн дуусна гэсэн амлалтандаа хүрээгүй. Энэ хугацаанд суулгасан түр шүдэлбэр нь хагарч эвдэрч салсан, итали улсаас ирэх шүд нь цаг хугацаандаа Монгол Улс руу ачигдаагүй болох нь хэрэгт авагдсан гаалын мэдүүлэг баримтаар нотлогдож байгаа. Тус эмнэлэгээс надад сар, сараар хүлээлт үүсгэж, хуурч мэхэлсэн учираас үйлчилгээнээс татгалзсан мессежийг эмч Ганзоригийн гар утсанд илгээж, уг мэдэгдлийг эмнэлэгт өгсөн.

Тус эмнэлэгийн цахим хуудас болон хэвлэмэл хуудсаар гаргасан зар сурталчилгаа нь худал байгаа тул хууль зөрчсөн гэж үзэж байгаа.

Шүдний техникч нь газар дундын тэнгисийн цаана байхад яаж нэг доороос имплант шүдний үйлчилгээг үзүүлэх юм, би өөр эмнэлэгээс үйлчилгээ авсан талаар шүүхэд мэдэгдсэн, би хийсэн болон хийгээгүй зүйлийнхээ төлөө 40 сая орчим төгрөг төлсөн.

Харин Шанхай хотын эмнэлэг надад 7 хоногийн хугацаанд миний шүдийг бүрэн гүйцэт хийж, богино хугацаанд суулгаж өгсөн. Миний шүдийг хэцүү тохиолдол гэж хариуцагч байгууллага тайлбарлаад байгаа боловч надад суулгасан зарим нэг шүдний ёзоор хэт мурий суулгасан талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарсан байгаа.

Тиймээс хариуцагч байгууллага нь амалсан, товлосон хугацаандаа зохих үйлдэл хийгээгүй, иргэн намайг чирэгдүүлсэн, өөрсдийн хариуцлаггүй байдлын улмаас гүйцэтгээгүй үүргийн төлбөрийг авсан нь хууль бус гэж үзэн эмнэлэгт төлсөн 9740 ам.долларыг буцаан гаргуулна гэж тодорхойлон тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа Р.Болд нь 2018 оны 3-р сард манай эмнэлэгт имплант шүд хийлгэхээр хандсан. Түүний хүсэлтийн дагуу хүлээн авч үзээд олон тооны шүдний зуулт 100 хувийн алдагдалтай болохыг тогтоож, имплант шүдэлбэр хийж зуултыг сэргээх боломжтой гэсэн эмчилгээний арга хэлбэрийг урьдчилсан байдлаар тодорхойлж, эцсийн дүгнэлтийг хамтран ажиллагч Италийн Сан мартино эмнэлгийн имплант шүдэлбэрийн эмч Педретти гаргах талаар хэлсэн.

2018-03-22-ны өдөр өвчтөн Р.Болд нь эмч Педреттид үзүүлж, компьютер томографикийн зураг авахуулж, имплант шүдэлбэр хийж зуултыг сэргээх боломжтой гээд эмчилгээний хувилбар санал болгож, эмчилгээний хугацаа 2018 оны 11-р сарын сүүл гэхэд дуусах талаар хэлсэн.

Р.Болд эмчилгээний арга, хугацааг зөвшөөрч мөнгөний баримт дээр гарын үсэг зурж, тухайн өдрөө имплант суулгах мэс ажилбарт орсон, суулгац суулгах мэс ажилбар ямар нэг хүндрэлгүй явагдаж суулгацыг суулгаад дараагийн ажилбар хүртэл 6 сарын хугацаатай болохыг Педретти эмч өвчтөн Р.Болдод хэлсэн.

2018-4-06-ны өдөр өвчтөн Р.Болд ирж оёдолоо авхуулахдаа анхны ярилцаж тохиролцсон эмчилгээний төлөвлөгөөг өөрчилж, доод эрүүндээ мөн адил имплант суулгац суулгуулахаар шийдсэн талаар хэлсэн тул эмнэлгийн зүгээс болно гэхдээ анхы товлосон хугацаа хойшилно гэдгийг анхааруулж хэлсэн.

Ингээд Педретти эмчийг 2018-6-14-нд ирэхэд өвчтөн Р.Болд доод эрүүндээ 4 шүдний байрлалд имплант суулгац суулгаснаар эмчилгээний хугацаа өөрчилж хойшлогдсон, 2 сарын дараа хазалтын өндрийг тодорхойлох хэв авахыг Педретти эмч надад зөвлөсөн. Эмнэлэг өвчтөн Р.Болдод имплант шүд суулгах үйлчилгээний нийт 14 үйлдлийн дарааллыг гаргаж танилцуулсан бөгөөд үүний 12 үйлдлийн үйлчилгээ эмчилгээг Р.Болдод үзүүлсэн байна.

Би өвчтөн Р.Болдын шүдний хэвийг авч эмч Педреттид өгч явуулахын тулд ажлын цаг дууссан байсан ч цагаа сунган ажиллаж байсан, амралтын өдөр байсан ч амрахгүй ирж ажиллаж Р.Болдод үйлчилгээ үзүүлж байсан, эмнэлэгийн тухайд Р.Болдын төлөө ажиллаж байсан.

Эмчилгээний нийт зардлыг өвчтөн Р.Болдод танилцуулснаар 9740 ам.долларыг Р.Болд төлсөн, үлдэгдэл төлбөрийг эцсийн байдлаар циркон шүд ирэхэд өвчтөнөөс авна гээд эмнэлэг аваагүй байсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан түүний хийлгэсэн эмчилгээ буюу нийт 9 ширхэг имплант тавиулсны үнэ 14,514.60 ам.долларын төлбөрөөс урьдчилгаа болгон төлсөн 9740 ам.долларыг хасч, үлдэгдэл болох 4774.60 ам.доллар буюу 2019-09-22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцон 12,738,203.08 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Р.Болд нь 2018 оны 3-р сард эмнэлэгт хандан дээд эрүүндээ 5 ширхэг имплант шүд хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч эмчилгээний үнийн тооцоог хийж Р.Болдод танилцуулахад хүлээн зөвшөөрч 2018-3-22-ны өдрийн 0003020 серийн дугаартай MIC8D00855 инвойсийн дугаар бүхий нэхэмжлэхэд гарын үсэг зурсан. Мөн Р.Болд нь 2018 оны 6-р сард эмнэлэгт хандан доод эрүүндээ 4 ширхэг имплант шүд хийлгэх хүсэлт гаргасны дагуу эмчилгээний үнийг тооцож танилцуулсныг хүлээн зөвшөөрч 2018-06-14-ний өдрийн 0003359 серийн дугаартай, MIC8D01218 инвойсийн дугаар бүхий нэхэмжлэхэд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Р.Болд нь эмнэлэг болон эмчлэгч эмчид урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр эмчилгээнээсээ татгалзан шүүхэд нэхэмжлэл гаргасан эмчилгээний төлбөрт төлсөн ам.долларыг эмнэлэгээс гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасныг илтэд зөрчсөн үйлдэл болсон.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 205.2.1-д гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг мөнгөн байдлаар төлнө гэснийг үндэслэн Р.Болдын өөрийнх нь хүсэлтээр түүний дээд, доод эрүүнд суулгасан 9 ширхэг имплант шүдний ёзоор нь нэгэнт түүний эд эрхтэн болон эдгэрсэн бөгөөд тэдгээрийг түүний эрүүнээс салган авах боломжгүй тул Р.Болд нь энэхүү эмчилгээний ажлын хөлс буюу үнийг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйлийн агуулга өөр хоорондоо зөрүүтэй зөрчилтэй байгаа, нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт нийт 9 үйлчилгээний зардал гэж бичсэн, нэхэмжлэлийн үнэ хэсэгт нийт 9 ширхэг хиймэл шүд 14,514 доллар, нэхмжлэлийн үнэ имплант тавьсан үнэ гэж бичсэн байгаа. Үүнээс харахаар 2 өөр дүн яригдаад байгаа, хариуцагч талаас нотлох баримт болгож буй инвосс буюу нэхэмжлэх гэсэн баримтад эмчилгээ үйлчилгээний төрөл хэсэгт имплант байрлуулах, шүд хийх гээд англиар бичсэн байгаагаас үзэхэд 2 үүрэг гүйцэтгэх болоод байна. Имплант тавьсан бол түүнийг нэхэмжлэхээс биш хиймэл шүд хийсэн гэж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Тус эмнэлэгээс надад тавьсан 1 ширхэг шүдний ёзоор 137,5 ам.доллар үнэтэй болохыг нотолсон баримтаар гаргаж өгсөн, тэгэхээр 137,5х9=1237,5 ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл 14,514 ам.доллар биш 1237,5 ам.доллар гэдгийг хариуцагч өөрөө нотолж баримтаа өөрсдөө гаргаж өгсөн. Харин гаалийн мэдүүлэг баримтаар төлбөр төлсөн талаарх баримтгүй, тус эмнэлэгийн хүлээсэн үүргийг нэг бүрчлэн нягтлан шалгах шаардлагатай. Шүдний бүтэц нь 3 хэсгээс бүрдснээр имплант шүд хийгдэхээр байхад тус эмнэлэг надад 9 ширхэг ёзоор тавьсан, үүнээс 2 ширхэг нь шаардлага хангахгүй болсон.

Тиймээс төмөр ёзоорыг дангаар нь суулгаад ач холбогдолгүй, үйлчлүүлэгч шүд хийлгэхээр эмнэлэгт ханддаг болохоос биш ёзоор хийлгэхээр ханддаггүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь зөвхөн ёзоор хийлгэх зорилгоор хандсан гэж тайлбарлаад гэрээгээр хүлээсэн хоёр үүргийнхээ нэгийг нь гүйцэтгээгүй атлаа үүргээ бүрэн гүйцэтгэсэн мэтээр худал яриад байгааг зөвшөөрөхгүй. Тус эмнэлэг надад нэг ч шүд хийж өгөөгүй, Итали дахь лабораторт нь огт хийгдээгүй, Монгол улсын хилээр орж ирээгүй циркон шүдний үнэ гэж нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль бус, хэрэгт өгсөн шавар шүд нь үзүүлэн. Тэрхүү циркон шүд нь Итали улсад хийгдээд Монгол Улсын хилээр орж ирсэн бол тэр талаарх баримтаа шүүхэд үзүүлэх байсан тул зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Иргэдийн төлөөлөгч нэг нь шүд хийлгүүлэх гэж мөнгө төлсөн юм байна. Нөгөө байгууллага нь шүдийг хийж өгье гэсэн юм байна. Нэхэмжлэгч шүдээ хийлгэхгүй гээд санаанд нь нийцэхгүй байгаа юм байна. Хохирогч нь байгууллагад шүдний төлбөрөө төлсөн, хариуцагч тал үйлчилгээ үзүүлсэн бол төлбөрөө авах ёстой. Нөгөө тал нь үйлчилгээ үзүүлсэн бол төлбөрөө авах ёстой. Нөгөө тал үйлчилгээ авсан бол төлбөрөө төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргасан.

 

Нэхэмжлэгчээс Монгол банкнаас зарласан 2019-01-21-ний өдрийн долларын ханшийн лавлагаа /1-р хх-5/, 2019-03-11-ний өдрийн ханшийн лавлагаа /1-р хх-47/, та инээмсэглэхэд бэлэн үү нэртэй сэтгүүл /1-р хх-48-55/, 2019-03-28-ны өдрийн ханшийн лавлагаа /1-р хх-66/, Р.Болд нь 2018-03-23-ны өдрийн Медикамонголиа ХХК-нд 10,000,000 төгрөг шилжүүлсэн тухай худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /1-р хх-107/, Nokia нэртэй гар утасны зураг /1-р хх-109-114/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зөрчлийн хэрэг нээх тухай 2019-05-06-ны өдрийн 14 дугаартай тогтоол /1-р хх-160/, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай Р.Болдын 2019-01-16-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-184/, цагаан шаргал өнгөтэй 5 ширхэг зүйлийг харуулсан фото зураг /1-р хх-215/, Shanghai, China Invoice нэртэй, 2019-07-06-ны өдрийн огноотой англи хэл дээрх баримт /1-р хх-217/, шүдний фото зураг /1-р хх-218-220/, Chinggis khaan Beijing, Ravdansambuu/bold нэртэй баримт /1-р хх-221-230/, Монголын шүдний мэргэжилтны холбооны 2021-05-21-ний өдрийн огноотой үнийн судалгаа /2-р хх-123-127/, Шанхай Ланьянг шүдний эмнэлэг 2019-7-06-ны өдрийн огноотой нэхэмжлэх орчуулга /3-р хх-11/, хагарч унасан шүдний хэсгүүд нэртэй 5 ширхэг цагаан шаргал өнгөтэй /1-р хавтасны ард ууттай/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас 2019-2-14-ний өдрийн огноотой шуудангийн байгууллагад очих баримт /1-р хх-29/, 2019-03-06-ны өдрийн огноотой шуудангийн байгууллагад очих баримт /1-р хх-30/, 2019-02-14-ний өдрийн огноотой эмчилгээний цаг товлох тухай хариуцагчийн албан бичиг /1-р хх-31, 35/, 2019-03-06-ны өдрийн огноотой эмчилгээний цаг товлох тухай хариуцагчийн албан бичиг /1-р хх-32, 36/, 334 2103 052 дугаартай DHL-н баримт /1-р хх-37/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 2019-01-31-ний өдрийн огноотой /1-р хх-38/, 2018-11-07-ны өдрийн огноотой /1-р хх-40/,1288588 дугаартай нэмэлт маягт /1-р хх-41/, 2018-03-22-ны өдрийн огноотой мэдээгүйжүүлэлтийн өмнөх эрүүл мэндийн үнэлгээний хүснэгт /1-р хх-81-85/, 2018-06-14-ний өдрийн огноотой мэдээгүйжүүлэлтийн өмнөх эрүүл мэндийн үнэлгээний хүснэгт /1-р хх-86-90/, доод шүдний эгнээнд суулгасан дөрвөн имплант лабораторын ажилд зориулсан модель нэртэй зураг /1-р хх-91-101/, имплант үйлчилгээний үнэ, тарифийн жагсаалт /1-р хх-153/, Р.Болд үйлчилгээ авсан тооцоо /1-р хх-154/, 0003020 дугаартай нэхэмжлэх /1-р хх-237/, 0003359 дугаартай нэхэмжлэх /1-р хх-238/, TDB 3,000,000 төгрөгийн баримт /1-р хх-239/, TDB баримт дээрх тоо харагдахгүй /1-р хх-240/, Худалдаа хөгжлийн банкны 2019-09-06-ны өдрийн 7-450/286 дугаартай Медикамонголиа ХХК-н дансанд 2018-3-12-нд 144,000 төгрөг, 2018-03-23-нд 10,000,000 төгрөг тус бүр Р.Болдоос шилжиж орсон тухай тодорхойлолт /1-р хх-241/, Гэмтэл согог судлалын үндэсний төв яс бороожилт үе шат нэртэй танилцуулга /2-р хх-153/, Медика монголиа эмнэлэг болон Итали услын сан мартино эмнэлэгтэй байгуулсан гэрээний холбогдох хэсэг гээд ангил хэлээр бичигдсэн /2-р хх-154-159/, орчуулга нь /2-р хх-160-163/, гадаад шилжүүлгийн даалгавар 2018-07-23-ны өдрийн огноотой /2-р хх-164-166/, нэг имплант суурилуулах үйлчилгээний төлбөрийн орлого зардлын тооцоо /2-р хх-167/, Р.Болдын имплант суурилуулах үйлчилгээнд итали улс руу төлсөн нийт зардлын тооцоо /2-р хх-168/, Медикамонголиа ХХК-ийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /2-р хх-193/, Sos dental cjinic notes, Bold Ravdansambuu гэж бичигдсэн эмчийн бүртгэл /2-р хх-194-199/, эмийн жор /2-р хх-200-202/, 2018-03-22-ны өдрийн огноотой Bold Ravdansambuu нэртэй мэдээгүйжүүлгийн тайлбар, зөвшөөрлийн хуудас /2-р хх-203-204/, шүдний имплантын мэс заслын дараа сахих дэглэм /2-р хх-205/, мэдээгүйжүүлэлтийн өмнөх эрүүл мэнддийн үнэлгээний хүснэгт хувийн мэдээллүүд /2-р хх-206/, мэдээгүйжүүлэлтийн үеийн тэмдэглэл /2-р хх-207-211/, өвчний түүх задруулах тухай хүсэлт /2-р хх-212/, 2018-06-14-ний өдрийн огноотой /2-р хх-213-223/, Медикамонголиа ХХК-ийн өвчтөний түүх хөтлөх журам /2-р хх-225-226/, 2018-06-15-ны өдрийн огноотой гадаад шилжүүлгийн даалгавар /2-р хх-227-229/, Чамин өнгө ХХК-ийн орчуулгны товчоо тэмдэг дарсан Р.Болд нэртэй орчуулга /2-р хх-233-235/, 0003020 дугаартай нэхэмжлэх /2-р хх-236/, Сос медика монголиа болон Maxillo medical solutions компанийн хооронд хамтран ажиллах гэрээ /2-р хх-237-240/, гадаадын харьяат эмнэлэгийн мэргэжилтний зөвшөөрлийн гэрчилгээ Итали улсын харьяат Жиоржиа Жиованни Педретти /3-р хх-13-15/, Р.Болдын шүдний хэв буюу номин ногоон өнгийн 12 дугаартай нь шүд хийлгэсэн байх үеийн загвар гэж, 112 дугаартай номин ногоон өнгийн Итала улсаар ирсэн түр шүдэлбэр, шар өнгөтэй нь нэхэмжлэгчийн импланд суулгасан байх үеийн байдал, дээд талын импланд суулгасан байх үеийн байдал гэж тайлбарласан улаан хайрцагтай 4 ширхэг шүдний үзүүлэн зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Юнител ХХК-иас 8866-4466 дугаараас 2019-01-16-ны өдөр 9913-2726 дугаар руу хийсэн холболтын лавлагааг /1-р хх-137-138/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019-06-26-ны өдрийн 823 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-201-202/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын сургуулийн 2019-12-30-ны өдрийн 19/238 дугаартай албан бичиг /2-р хх-7/, Эрүүл мэндийн яамны нүүр амны мэргэжлийн зөвлөлийн гаргасан 2021-01-04-ний өдрийн дүгнэлт /2-р хх-16, 31-32/, Медикамонголиа ХХК нь клиникийн тусламж үйлчилгээ эрхлэх чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй, клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS 667352017-д заасны дагуу шүдний оношилгоо эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх эрхтэй тухай Эрүүл мэндийн яамны 2021 оны 2/3808 дугаартай албан бичиг /2-р хх-191/, Р.Болдын эмчийн тэмдэглэл ангил хэлээр /3-р хх-29-32/, орчуулга нь /3-р хх-33-39/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Болдын нэхэмжлэлээс 7487,9 ам.доллар буюу 19,834,474 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 2252.1 ам.доллар буюу 5,887,663 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч байгууллагаас имплант шүдний цогц үйлчилгээ авахаар хандаж, үйлчилгээний төлбөрт 9740 ам.доллар төлсөн боловч амалсан хугацаандаа үйлчилгээг бүрэн үзүүлээгүй, хуурч мэхэлсэн. Хариуцагчийн суулгасан 9 ширхэг имплант шүдний ёзоор буюу суурийн зарим хэсэг доголдолтой байсан гэж тодорхойлон тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ Р.Болд нь 2018 оны 3-р сард имплант шүд хийлгэхээр хандаж, манай эмнэлэгтэй хамтран ажиллагч Италийн Сан мартино эмнэлгийн имплант шүдэлбэрийн эмч Педреттид үзүүлж, зөвлөгөө авч, эмчилгээний хугацаа болон төлбөрийг зөвшөөрч нэхэмжлэхэд гарын үсэг зурснаар 2018-03-22-ны өдөр дээд эрүүндээ 5 ширхэг имплант суулгах мэс ажилбарт орж, 2018-4-06-ны өдөр оёдлоо авахуулахаар ирэхдээ доод эрүүндээ мөн адил имплант суулгац суулгах болсныг мэдэгдснээр эмчилгээний төлөвлөгөөнд өөрчлөлт орж, эмнэлгийн анхны товлосон хугацаа хойшилох талаар түүнд анхааруулж мэдэгдсэн.

Педретти эмчийг 2018-6-14-нд ирэхэд өвчтөн Р.Болд доод эрүүндээ 4 шүдний байрлалд имплант суулгац суулгаснаар эмчилгээний хугацаа өөрчилж хойшлогдсон, 2 сарын дараа хазалтын өндрийг тодорхойлох хэв авахыг Педретти эмч зөвлөсөн буюу эмнэлгийн зүгээс өвчтөн Р.Болдод имплант шүд суулгах 14 үйлдлийн үйлчилгээний 12 үйлдлийн үйлчилгээ, эмчилгээг үзүүлсэн байхад эмнэлэг болон эмчлэгч эмчид мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмчилгээнээс татгалзаж шүүхэд хандсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Р.Болд нь эмнэлэг болон эмчлэгч эмчид урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр эмчилгээнээсээ татгалзснаар түүний дээд болон доод эрүүнд суулгасан 9 ширхэг имплант шүдний ёзоорыг салган авах боломжгүй тул эмчилгээний ажлын хөлс буюу үнийг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж няцаасан үндэслэлээ хэрэгт авагдсан инвосс буюу нэхэмжлэх гэсэн баримтад имплант байрлуулах, шүд хийх гээд англиар бичсэн байгаагаас үзэхэд 2 үүрэг гүйцэтгэх, хэрвээ имплант шүд хийсэн бол түүний үнийг нэхэмжлэхээс биш хиймэл шүд хийсэн гэж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Эмнэлэгээс надад тавьсан 1 ширхэг шүдний ёзоор 137,5 ам.долларын үнэтэй болохыг нотолсон баримтыг хэрэгт өгснөөр надад суулгасан 9 ширхэг ёзоорын үнэ 1237,5 ам.доллар болж байна. Төмөр ёзоор дангаар суулгаад ач холбогдолгүй, үйлчлүүлэгч шүд хийлгэхээр эмнэлэгт ханддаг болохоос биш ёзоор хийлгэхээр ханддаггүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй атлаа үүргээ бүрэн гүйцэтгэсэн мэтээр төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага шүдний имплант суулгах үйлчилгээг бүрэн гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн имплант шүдний ёзоор нь доголдолтой байсан тул гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь өвчтөн Р.Болд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйлчилгээнээс татгалзсан, шүдний имплант суулгах 14 үйлчилгээний 12 үйлчилгээг үзүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэр, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Р.Болд нь 2018 оны 3-р сард хариуцагч Медикамонголиа ХХК-иас шүдний имплант суулгах үйлчилгээ авахаар хандсан, хариуцагч нь уг үйлчилгээг нэхэмжлэгчид үзүүлэхээр тохиролцсноор нэхэмжлэгч нь үйлчилгээний төлбөрт 9740 ам.доллар төлсөн, хариуцагч нь 2018-03-22-ны өдөр нэхэмжлэгчийн дээд эрүүнд 5 ширхэг, 2018-06-14-ний өдөр доод эрүүнд 4 ширхэг имплант шүдний ёзоор суулгасан үйл баримт тогтоогдож талууд маргаагүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болох шүдний имплант суулгах үйлчилгээ авахаар хандсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүсэж, талууд хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулснаар талуудын хооронд хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсэж, харилцан үүрэг үүссэн байна.

 

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсэж, үүрэг үүссэн байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг үйлчилгээнээс үндэслэлгүй татгалзсан, 14 үйлдэл бүхий үйлчилгээний 12 үйлчилгээг үзүүлсэн гэж маргаж байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн дээд эрүүнд 5 ширхэг, доод эрүүнд 4 ширхэг имплант шүдний ёзоор буюу суурийг суулгасан байх боловч түүнд түр шүдэлбэр, циркон шүд суулгах үүргээ биелүүлээгүй болохыг зохигчийн хэн аль нь тайлбарласан.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 823 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...Р.Болдын биед баруун дээд 3, 4, дүүн дээд 3, 4, 5, зүүн доод 5,6, баруун доод 6,7-р шүднүүдийн буйланд имплант суулгацтай, баруун дээд 3, 4 дүгээр шүдний имплантууд хоорондоо, зүүн дээд 4, 5 дугаар шүдний имплантууд хоорондоо, зүүн доод 5, 6 дугаар шүдний имплантууд хоорондоо паралелл бус буюу шүдний цөгц байрлах тал руугаа хурц өнцөг үүсгэж байрласан байна гэж дүгнэсэн /1-р хх-202/.

 

Эрүүл мэндийн яамны нүүр амны мэргэжлийн зөвлөлөөс томилсон шинжээч 2021-01-04-ний өдрийн дүгнэлтэд ...иргэн Р.Болдын эрүү, хоншоор ясанд суулгасан имплант суулгацын эмнэл зүйн үйлдэл бүрэн дуусаагүй үеийн нөхцөл дээр имплант шүд стандартын дагуу зөв, буруу хийгдсэн талаар эцсийн дүгнэлт гаргах боломжгүй болно. Аливаа имплант нь өөрийн технологиос үл хамааран тодорхой хугацаануудад эмнэл зүйн үйлдлүүд хийгддэг бөгөөд товолсон хугацаануудад зохих үйлдлүүдийг хийхгүй үйлчлүүлэгч Р.Болдод чирэгдэл учруулсан... байна гэж дүгнэсэн /2-р хх-31-32/ байна.

 

Дээрх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт болон хариуцагчийг тохирсон хугацаанд шүдний имплант суулгах үйлчилгээг үзүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, Итали улсаас захиалсан түр шүдэлбэр, циркон шүд ирээгүй гэх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл хариуцагчийн хийсэн ажил доголдолтой буюу үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүргийн талаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан.

 

Нэхэмжлэгч Р.Болдын дээд эрүүнд суулгасан 5 ширхэг, доод эрүүнд суулгасан 4 ширхэг имплант шүдний ёзоор буюу суурийг биет байдлаар буцаах боломжгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч байгууллага нь шүдний имплант суулгах 14 үйлчилгээний 12 үйлчилгээг нэхэмжлэгчид үзүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн эрүүнд суулгасан 9 ширхэг имплант шүдний ёзоор буюу суурийн нэг бүрийн үйлчилгээний зардлын талаархи баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй.

 

Харин нэг ширхэг имплант шүд суулгах өртгийг 1500 ам.доллар гэж тогтоосон талаараа итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж имплант үйлчилгээний үнэ, тарифийн жагсаалт /1-р хх-153/, нэгж имплант суурилуулах үйлчилгээний төлбөрийн орлого зардлагын тооцоо гэх хүснэгтийг нотлох баримтаар гаргасан /2-р хх-167/.

 

Гэтэл нэхэмжлэгчээс 9 ширхэг хиймэл шүд 14,514 доллар, имплант тавьсан үнэ гэж 2 өөр дүнгийн талаар сөрөг нэхэмжлэлд дурдсан нь зөрүүтэй, төлбөрийн нэхэмжлэл дээрх эмчилгээ үйлчилгээний төрлөөс үзэхэд имплант байрлуулах, шүд хийх 2 үүрэг гүйцэтгэхээр байна. Хариуцагчийн гаргасан нотлох баримтаар 1 ширхэг шүдний ёзоор 137,5 ам.доллар болох нь нотлогдож байгаа тул надад суулгасан 9 ширхэг шүдний ёзоорын үнэ 1237,5 ам.доллар болж байна гэж тайлбарласан.

 

Харин имплант шүдний 1 ширхэг ёзоорын үнийг 137,50 ам.доллар гэж, нэхэмжлэгчид 2018-03-22-ны өдөр үзүүлсэн үйлчилгээний 7500 ам.долларыг 5 ширхэг имплант шүдний үнэ гэж, 180 ам.долларыг нэхэмжлэгчийн 3 ширхэг шүд авсан төлбөр гэж, 380 ам.долларыг унтуулгын төлбөр гэж, 39,8 ам.долларыг эмний үнэ гэж,

2018-06-14-ний өдөр үзүүлсэн үйлчилгээний 6000 ам.долларыг 4 ширхэг имплант шүдний үнэ гэж, 380 ам.долларыг унтуулгын төлбөр гэж, 35,4 ам.долларыг эмийн үнэ болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан дээрх зардлын дүнгээр нэхэмжлэгчид үзүүлсэн үйлчилгээний зардлыг тооцоход

2018-03-22-ны өдөр суулгасан 5 ширхэг имплант шүдний ёзоорын үнэ 687,5 /5х137,50/ ам.доллар, унтуулгын үйлчилгээний зардал 380 ам.доллар, шүд авсан үйлчилгээний төлбөр 180 /3х60/ ам.доллар, эмний үнэ 39,2 ам.доллар, нийт 1286.7 ам.доллар,

2018-06-14-ний өдөр суулгасан 4 ширхэг имплант шүдний ёзоорын үнэ 550 /4х137,50/ ам.доллар, унтуулгын үйлчилгээний зардал 380 ам.доллар, эмний үнэ 35,4 ам.доллар, нийт 965.4 ам.доллар байна.

 

Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзснаар түүний биед суулгасан имплант шүдний ёзоор буюу суурийг буцаах боломжгүй, энэхүү үйлчилгээний зардал нь 2252,1 /1286,7+965,4/ ам.доллар байх тул үйлчилгээ авахаар шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч бүхэлд нь шаардах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчид үзүүлсэн, буцаах боломжгүй үйлчилгээний зардал 2252,1 ам.долларыг нэхэмжлэгчийн төлсөн 9740 ам.доллараас хасж, үлдэх 7487,9 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан 2019-01-21-ний өдрийн ханш 2648,87 төгрөгөөр тооцож 19,834,474 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,887,663 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн гэж тодорхойлон тайлбарласан боловч зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч Р.Болд нь шүдний имплант суулгах үйлчилгээ авах, хариуцагч уг үйлчилгээг үзүүлснээр нэхэмжлэгч хөлс төлөхөөр тохиролцсон нь хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа тул нэхэмжлэгчийн тодорхойлон гаргасан шаардлагын хүрээнд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх журамтай болно.

 

Нэхэмжлэгч Р.Болд сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Р.Болдод эмчилгээ болон 9 ширхэг имплант шүдний ёзоор суулгасны нийт төлбөр 14,514.6 ам.доллар болсноос нэхэмжлэгчийн төлсөн 9740 ам.долларыг хасаж, үлдэх 4774,60 ам.доллар буюу 12.738.203,08 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, хариуцагчийн үзүүлсэн үйлчилгээ доголдолтой байсан, удаан хүлээлгэж, чирэгдэл учруулсан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон буюу ажил үйлчилгээг хариуцагч бүрэн үзүүлээгүй тул төлбөрийг бүхэлд нь шаардахгүй, үзүүлсэн үйлчилгээнд тохирсон хөлсийг авах нь зүйтэй гэж дүгнэн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгчийн хохирогч байгууллагад мөнгөө өгсөн үйлчилгээ авах ёстой гэж бодсон байхад хариуцагч нь хүчээр мөнгөө төл гэж нэхээд байна, энэ хоёр нь үйлчилгээ хийж байгаа бол мөнгөө авч л таарна, үйлчилгээ авч байгаа бол хөлсөө төлж л таарна гэх дүгнэлтийг харгалзан дурдсан үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2019-01-21-нд төлсөн 277,527 төгрөг /1-р хх-3/, 2019-03-29-нд төлсөн 204,500 төгрөг /1-р хх-67/, хариуцагчийн 2019-09-24-нд төлсөн 218,800 /1-р хх-236/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 7487,9 ам.доллар буюу 19,834,474 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 257,122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Медикамонголиа ХХК-иас 7487,9 ам.доллар буюу 19,834,474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Болдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,887,663 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Болд нь сэтгэл санааны хохиролд шаардсан 10,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 482,027 төгрөг, хариуцагчаас төлсөн 218,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Медикамонголиа ХХК-иас 257,122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Болдод олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Д.ЦЭРЭНДОЛГОР