Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00934

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 16 210/МА2022/00934

 

 

......-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/00943 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ......-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ..........- ХХК-д холбогдох имплант шүдний үйлчилгээний төлбөрт төлсөн 9,740 ам.доллар буюу 25,722,137 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, эмчилгээний төлбөрт 12,738,203.08 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ......-, хариуцагчийн төлөөлөгч Л.Сарангэрэл, Э.Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОЛТ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

..........-иа ХХК-аар дээд эрүүнд 5 ширхэг, доод эрүүнд 4 ширхэг имплант шүдний ёзоор суулгуулсан, энэхүү ёзоор нь эрүүний ястай холбогдож, бэхлэгдэн хүндрэлгүй эдгэрсэн ч эмнэлэг цаг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс 2018 оны 10 дугаар сард бүрэн дуусаагүй. Энэ хугацаанд суулгасан түр шүдэлбэр нь хагарч эвдэрч салсан. Итали улсаас ирэх шүд нь цаг хугацаандаа ачигдаагүй болох нь хэрэгт авагдсан гаалийн мэдүүлгээр нотлогдоно. Тус эмнэлэг нь сар, сараар хүлээлт үүсгэж, хуурч мэхэлсэн учраас үйлчилгээнээс татгалзсан талаар цахим зурвасыг эмч Г.Ганзоригийн гар утас руу илгээж өөр эмнэлгээс үйлчилгээ авсан. Хийсэн болон хийгээгүй үйлчилгээний төлөө 40,000,000 төгрөг төлсөн. Харин Шанхай хотын эмнэлэг 7 хоногийн хугацаанд шүдийг бүрэн гүйцэд хийж өгсөн. Миний шүдийг хэцүү тохиолдол гэж хариуцагч байгууллага тайлбарлаад байгаа боловч надад суулгасан зарим нэг шүдний ёзоор хэт мурий суулгасан талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарсан. Иймд хариуцагчаас 9,740 ам.долларыг гаргуулна гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга:

......- манай эмнэлэгт 2018 оны 03 дугаар сард имплант шүд хийлгэхээр хандсан. Түүний шүдний зуулт 100 хувийн алдагдалтай болохыг тогтоож, имплант шүдэлбэр хийж зуултыг сэргээх боломжтой гэсэн эмчилгээний арга хэлбэрийг урьдчилсан байдлаар тодорхойлж, эцсийн дүгнэлтийг хамтран ажиллагч Италийн Сан мартино эмнэлгийн имплант шүдэлбэрийн эмч Педретти гаргах талаар хэлсэн. ......- 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эмч Педреттид үзүүлж, компьютер томографикийн зураг авахуулж, имплант шүдэлбэр хийж зуултыг сэргээх боломжтой гээд эмчилгээний хувилбар санал болгож, эмчилгээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын сүүл гэхэд дуусах талаар тайлбарласан. ......- эмчилгээний арга, хугацааг зөвшөөрч мөнгөний баримтад гарын үсэг зурж, тухайн өдрөө имплант суулгах мэс ажилбарт орсон, суулгац суулгах мэс ажилбар хүндрэлгүй явагдсан. Педретти эмч ......-од дараагийн ажилбар хүртэл 6 сарын хугацаатай болохыг тайлбарласан. ......- 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр оёдолоо авхуулахдаа эмчилгээний төлөвлөгөөг өөрчилж, доод эрүүндээ мөн адил имплант суулгац суулгуулахаар шийдсэн талаар хэлсэн тул эмнэлгийн зүгээс болно, товлосон хугацаа хойшлох талаар хэлсэн. ......-ыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Педретти эмчийг ирэхэд өвчтөн ......- доод эрүүндээ 4 шүдний байрлалд имплант суулгац суулгаснаар эмчилгээний хугацаа өөрчилж хойшлогдсон. 2 сарын дараа хазалтын өндрийг тодорхойлох хэв авахыг Педретти эмч зөвлөсөн. Эмнэлэг ......-од имплант шүд суулгах үйлчилгээний нийт 14 үйлдлийн дарааллыг гаргаж танилцуулсан бөгөөд үүний 12 үйлдлийн үйлчилгээ эмчилгээг ......-од үзүүлсэн. Эмнэлгийн зүгээс ажлын болон ажлын бус өдөр ......-од үйлчилгээ үзүүлж байсан. Эмчилгээний нийт зардлыг ......-од танилцуулснаар тэрээр 9,740 ам.долларыг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг циркон шүд ирэхэд төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

......- нь 2018 оны 03 дугаар сард эмнэлэгт хандан дээд эрүүндээ 5 ширхэг имплант шүд хийлгэх хүсэлт гаргасны дагуу эмчилгээний үнийн тооцоог түүнд танилцуулахад зөвшөөрч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0003020 серийн дугаар MIC8D00855 инвойсийн дугаар бүхий нэхэмжлэхэд гарын үсэг зурсан. Мөн ......- нь 2018 оны 06 дугаар сард эмнэлэгт хандан доод эрүүндээ 4 ширхэг имплант шүд хийлгэх хүсэлт гаргасны дагуу эмчилгээний үнийг тооцож танилцуулсныг хүлээн зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0003359 серийн дугаартай, MIC8D01218 инвойсийн дугаар бүхий нэхэмжлэхэд гарын үсэг зурж баталгаажуулсан. ......- эмнэлэг болон эмчлэгч эмчид урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр эмчилгээнээсээ татгалзсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн. ......-ын дээд, доод эрүүнд суулгасан 9 ширхэг имплант шүдний ёзоор нь нэгэнт түүний эд эрхтэн болон эдгэрсэн бөгөөд тэдгээрийг түүний эрүүнээс салган авах боломжгүй тул энэхүү эмчилгээний төлбөрийг нөхөн төлөх үүрэгтэй. ......-ын хийлгэсэн эмчилгээ буюу нийт 9 ширхэг имплант тавиулсны үнэ 14,514.60 ам.долларын төлбөрөөс төлсөн 9,740 ам.долларыг хасаж үлдэгдэл 4,774.60 ам.доллар буюу 12,738,203.08 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт нийт 9 үйлчилгээний зардал гэж бичсэн. Нэхэмжлэлийн үнэ хэсэгт нийт 9 ширхэг хиймэл шүд 14,514 доллар, нэхэмжлэлийн үнэ имплант тавьсан үнэ гэж бичсэн байгаа. Үүнээс харахаар 2 өөр дүн яригдаж байна. Инвойс буюу нэхэмжлэх гэсэн баримтад эмчилгээ үйлчилгээний төрөл хэсэгт имплант байрлуулах, шүд хийх гээд англиар бичсэн байгаагаас үзэхэд 2 үүрэг гүйцэтгэхээр байна. Имплант тавьсан бол түүнийг нэхэмжлэхээс биш хиймэл шүд хийсэн гэж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Тус эмнэлгээс надад тавьсан 1 ширхэг шүдний ёзоор 137,5 ам.доллар үнэтэй болохыг нотолсон баримтаар гаргаж өгсөн. 137.5 х 9= 1,237.5 ам.доллар болно. Өөрөөр хэлбэл, 14,514 ам.доллар биш 1,237.5 ам.доллар гэдгийг хариуцагч өөрөө нотолсон. Харин гаалийн мэдүүлэг баримтаар төлбөр төлсөн талаарх баримтгүй, тус эмнэлгийн хүлээсэн үүргийг нэг бүрчлэн нягтлан шалгах шаардлагатай. Шүдний бүтэц нь 3 хэсгээс бүрдсэнээр имплант шүд хийгдэхээр байхад тус эмнэлэг 9 ширхэг ёзоор тавьсан, үүнээс 2 ширхэг нь шаардлага хангахгүй болсон. Тиймээс төмөр ёзоорыг дангаар нь суулгаад ач холбогдолгүй, үйлчлүүлэгч шүд хийлгэхээр эмнэлэгт ханддаг болохоос биш ёзоор хийлгэхээр ханддаггүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь зөвхөн ёзоор хийлгэх зорилгоор хандсан гэж тайлбарлаад гэрээгээр хүлээсэн хоёр үүргийнхээ нэгийг нь гүйцэтгээгүй атлаа үүргээ бүрэн гүйцэтгэсэн мэт тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Итали улсад хийлгэсэн гэх шүд нь Монгол улсад ирээгүй. Циркон шүдний үнэ гэж нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль бус, хэрэгт өгсөн шавар шүд нь үзүүлэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Нэхэмжлэгч шүдээ хийлгэхгүй, санаанд нь нийцэхгүй байгаа юм байна. Нэхэмжлэгч хариуцагч байгууллагад шүдний төлбөрөө төлсөн. Хариуцагч тал үйлчилгээ үзүүлсэн бол төлбөрөө авах ёстой гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........-иа ХХК-аас 7487,9 ам.доллар буюу 19,834,474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ......-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,887,663 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ......- нь сэтгэл санааны хохиролд шаардсан 10,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн 482,027 төгрөг, хариуцагчаас төлсөн 218,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........-иа ХХК-аас 257,122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ......-од олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агууга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ......- нь анх 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай эмнэлэгт хандан дээд эрүүний шүдэндээ имплант суурилуулах эмчилгээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Шүдний эмч Г.Ганзориг ......-ыг хүлээн авч үзлэг хийхэд олон тооны шүдний зуулт 100 хувийн алдагдалтай болохыг тогтоож, эцсийн дүгнэлтийг Италийн Сан Мартино эмнэлгийн имплант суурилуулах нарийн мэргэжлийн эмч Ж.Педретти эмч гарган ......-од хэлсэн ба мөн түүнд 1 ширхэг имплант суурилуулах үйлчилгээний үнэ 1,500 ам.доллар болохыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч дээд эрүүндээ 5 ширхэг имплант суурилуулах үйлчилгээ авахаар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0003020 дугаар бүхий нэхэмжлэхэд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөн тэрээр 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр доод эрүүндээ 4 ширхэг имплант суурилуулах хүсэлт гаргаж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр энэ үйлчилгээг авч 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөө 0003359 дугаар бүхий нэхэмжлэхэд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Манай эмнэлэг ......-той хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан болон тус эмнэлэг нь ......-од шүдний эмчилгээг хийхдээ түүний байр, багаж, тоног төхөөрөмжийг ашиглан 9 ширхэг шүдэнд мэс ажилбар хийх ёстой байжээ. Манай эмнэлэг ......-ын шүдэнд мэс ажилбар хийхдээ өөрийн эмнэлгийн байр, багаж төхөөрөмжөөр хийсэн тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Харин ......- манай эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ... гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргах гэж заасныг ......- зөрчсөн. ......- нь хуулийн энэ заалтыг зөрчин түүний 9 шүдэнд имплант суурилуулан эмчлэх мэс ажилбар дуусч, харин дараагийн шатны эмчилгээ буюу имплант суурилуулсан дээд, доод эрүүний яс бүрэн эдгэрээгүй байхад буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гаргасан Яс бороожилт үе шат нэртэй танилцуулгад дурдсан анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн нэр томьёоллоор ясны бүрэн цогцос үүсэх үе бүрэн дуусаагүй байхад үндэслэлгүй эмчилгээг орхисон. Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч ......-ын аман болон бичгийн тайлбараар нотлогдож байгаа болно.

......-ын эрүүний яс бүрэн эдгэрсний дараа буюу ясны бүрэн цогцос үүссэний дараа түүнд суурилуулсан имплантанд байнгын шүдэлбэр суулгах эцсийн ажиллагаа үлдсэн байсан. Байнгын шүд нь Итали улсад хийгдсэн бөгөөд энэ шүдэлбэрий шүүх нотлох баримтаар авсан. Шүүх Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн эрүүнд суулгасан 9 ширхэг имплант шүдний ёзоор буюу суурийн нэг бүрийн үйлчилгээний зардлын талаарх баримтыг гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Харин нэг ширхэг имплант шүд суулгах өртгийг 1,500 ам.доллар гэж тогтоосон ...үнэ тарифийн жагсаалт, нэгж имплант суурилуулах үйлчилгээний төлбөрийн орлого зарлагын тооцоо гэх хүснэгтийг нотлох баримтаар гаргасан. Гэтэл нэхэмжлэгчээс 9 ширхэг хиймэл шүд 14,514 доллар, имплант тавьсан үнэ гэж 2 өөр дүнгийн талаар сөрөг нэхэмжлэлд дурдсан нь зөрүүтэй... гэжээ. Нэгж имплант суурилуулах үйлчилгээний үнэ 1,500 ам.доллар болно. Үүний нарийвчилсан задаргаа буюу зардлын тооцоо нь нэгж имплант суурилуулах үйлчилгээний төлбөрийн орлого, зардлын тооцоо гэсэн баримтад тодорхой байгаа болно.

Энэ нэгж имплант суурилуулах үйлчилгээний үнэ 1,500 ам.доллар нь дараах зардлын төрлөөр задарч байгаа билээ. Үүний 137.50 ам.доллар нь 1 ширхэг шүдний ёзоорын материалын төлбөр, 231 ам.доллар нь 1 ширхэг шүдэлбэрийн үнэ, 700 ам.доллар нь Италийн Сан Мартино эмнэлгийн эмч, сувилагч нарын ажлын хөлс, 220.17 ам.доллар нь бусад зардал буюу Италийн эмч нарын Монгол руу ирж, буцах тийзний үнэ, харин үлдэх 211.33 ам.доллар нь ..........-иа эмнэлгийн зардал болно. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 14,514 ам.долларын талаар тайлбарлая. Энэ дүн нь ......-ын дээд эрүүндээ 5 ширхэг имплант суурилуулахаар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан 0003020 дугаартай нэхэмжлэхэд заасан үнийн дүн буюу 8,099.20 ам.доллар болон мөн ......-ын өөрийнх нь хүсэлтээр түүний доод эрүүнд суурилуулахаар 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гарын үсгээ зурж баталгаажуулсан 0003359 дугаартай нэхэмжлэхэд заасан үнийн дүн буюу 6,414.40 ам.долларын нийлбэр дүн болно. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0003020 дугаартай нэхэмжлэхийн эхний мөрөнд 5 ширхэг имплант суурилуулах үнэ 7,500 ам.доллар гэж байгаа. Мөн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0003359 дугаартай нэхэмжлэхийн эхний мөрөнд 4 ширхэг имплант суурилуулах үнэ 6,000 ам.доллар гэж байгаа. Үүнээс үзвэл, 1 ширхэг имплант суурилуулах үнэ 1,500 ам.доллар байгаа ба энэ үнийн талүаар ямар нэгэн зөрүү байхгүй болно. Харин 0003320 дугаар нэхэмжлэхийн эмчилгээ үйлчилгээний төрөл гэсэн хэсгийн 2 ба 3 дахь мөрөнд бичигдсэн 180 ам.доллар нь манай шүдний эмч Г.Ганзоригийн хийсэн эмчилгээний үнэ ба 380 ам.доллар нь мэдээгүйжүүлэх үйлчилгээний үнэ болно. Энэ нэхэмжлэхийн эм, хэрэгсэл хэсэгт бичигдсэн үнэ нь имплант суурилуулахад хэрэглэсэн эм, хэрэгслийн үнэ юм. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0003359 дугаартай нэхэмжлэхийн тухайд мөн адил юм. Үүнээс дүгнэвэл ......-од үзүүлсэн үйлчилгээний үнэ, тарифын тухайд ямар нэгэн зөрүү байхгүй бөгөөд нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байхад шүүх эдгээр нотлох баримтыг бүрэн гүйцэд судлаагүй. Нэг ширхэг имплант суурилуулсны төлбөрийг 1 ширхэг ёзоор буюу имплантын материалын үнэ болох 137.50 ам.доллар гэж үндэслэлгүй дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ......-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд үүссэн асуудал нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл юм. Бичгээр байгуулсан гэрээ байхгүй ч инвойс гэж англиар нэхэмжлэл байгаа. Инвойс гэх бичигт ......-од ямар эмчилгээ хийх талаар бичсэн байгаа. Үүнийг орчуулбал, эмнэлэг имплант суурилуулах, шүд хийх үүргийг хүлээсэн. Имплант гэдэг нь ёзоор хүний эрүүний ясанд суурилуулах, шүд хийх үүрэг хүлээсэн. Эрүүний ясанд 9 ширхэг ёзоор суулгасан. Дээд эрүүнд шүд хийж өгөөгүй. Шүд хийлгэхээр 9,740 ам.доллар төлсөн. Хариуцагч 2,250 ам.долларын ажил хийсэн. Анхан шатын шүүх хариуцагчаас 7,487 ам.доллар гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 14 үйлдлээс 12 үйлдэл хийсэн талаар нотлох баримт авагдаагүй. ..........-иа ХХК товлосон хугацаандаа үйлчилгээ үзүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ......- нь хариуцагч ..........-иа ХХК-д холбогдуулан 9 ширхэг имплант шүд суулгах үйлчилгээнээс татгалзаж шүдний үнэд төлсөн 9,740 ам.доллар буюу 25,722,137 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ..........-иа ХХК нь тохиролцсон хугацаандаа үйлчилгээг бүрэн үзүүлээгүй, тус эмнэлгийн суулгасан 9 ширхэг имплант шүдний ёзоорын зарим хэсэг доголдолтой байсан гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ......- нь анх дээд эрүүндээ 5 имплант суулгахаар тохиролцсон боловч дараа нь нэмж доод эрүүндээ 4 ширхэг имплант суулгахыг хүсэхэд түүнд товлосон хугацаа хойшлогдох талаар тайлбарласан тул эмчилгээний хугацаа хойшлогдсон гэж эмчилгээнээс татгалзсан нь үндэслэлгүй. Иймд ......- 9 ширхэг имплантын үнэ 14,514.60 ам.доллар төлөхөөс 9,740 ам.доллар төлсөн тул дутуу төлсөн 4,774.60 ам.доллар буюу 12,738,203.08 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1.б. ......- нь 2018 оны 03 дугаар сард ..........-иа ХХК-аар имплант шүд суулгахаар тохиролцож эмчилгээ, үйлчилгээний төлбөрт 14,514 ам.доллар төлөхөөр тохиролцсон үйл баримтыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлабал, тэдгээрийн хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэг тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч ......- нь имплант шүдний үйлчилгээний төлбөрт 9,740 ам.доллар төлсөн болон нэхэмжлэгчийн дээд эрүүнд 5 ширхэг, доод эрүүнд 4 ширхэг имплант шүдний ёзоор суулгасан үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч байгууллага имплант шүд суулгах тохиролцсон хугацааг хэтрүүлсэн эсэх, нэхэмжлэгч гэрээг цуцласан нь үндэслэлтэй эсэх талаар талууд маргажээ.

 

1.в. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч ... ......-ын баруун дээд 3,4 дүгээр шүдний имплантууд хоорондоо, зүүн доод 5,6 дугаар шүдний имплантууд хоорондоо паралелл бус буюу шүдний цөгц байрлах тал руугаа хурц өнцөг үүсгэж байрласан байна... гэж дүгнэжээ. (1хав-201-202х) Иймд ..........- ХХК-ийн гүйцэтгэсэн ажил буюу шүдний имплант нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолтой гэж үзэх тул хариуцагч нь мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, Эрүүл мэндийн яамны нүүр амны мэргэжлийн зөвлөлийн шинжээч ... ......-ын эрүү, хоншоор ясанд суулгасан имплант суулгацын эмнэл зүйн үйлдэл бүрэн дуусаагүй үеийн нөхцөл дээр имплант шүд стандартын дагуу зөв, буруу хийгдсэн гэсэн талаар эцсийн дүгнэлт гаргах боломжгүй, аливаа имплант нь өөрийн технологиос үл хамааран тодорхой хугацаанд эмнэл зүйн үйлдлүүд хийгддэг бөгөөд товлосон хугацаанд зохих үйлдлүүдийг хийлгүй үйлчлүүлэгч ......-од чирэгдэл учруулсан байна... гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч ......-ын ... хариуцагч байгууллага хүлээлт үүсгэсэн... гэх тайлбар үндэслэлтэй, хариуцагч үүргээ хугацаанд биелүүлээгүй хэтрүүлсэн гэж үзнэ.

 

1.г. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Ажил гүйцэтгэгч ..........-иа ХХК гэрээгээр хүлээсэн буюу тус эмнэлэг нь сар, сараар хүлээлт үүсгэж үүргээ зөрчсөн гэж захиалагч ......- үзсэн тул гэрээнээс татгалзаж, циркон шүд суулгахаас өмнө мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар захиалагч гэрээнээс татгалзсан явдлыг буруутгах үндэслэлгүй болно.

 

1.д. Хариуцагч ..........-иа ХХК нь нэхэмжлэгч ......-ын дээд эрүүнд 5 ширхэг, доод эрүүнд 4 ширхэг имплант шүдний ёзоор суулгасан үйл баримт тогтоогдсон. Нэг ширхэг имплант шүд суулгах үйлчилгээний хөлс 1,500 ам.доллар, 1 ширхэг ёзоорын үнэ 137,50 ам.доллар болох нь хэрэгт авагдсан имплант үйлчилгээний үнэ, тарифийн жагсаалт, нэгж имплант суурилуулах үйлчилгээний төлбөрийн орлого зардлын тооцоо болон хариуцагчийн тайлбараар тогтоогджээ. (1хав-153, 2хав-167-168х)

 

..........-иа ХХК нь ......-од 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр суулгасан 5 ширхэг имплант шүдний ёзоорын үнэ 687,5 (5 х 137,50) ам.доллар, унтуулгын үйлчилгээний зардал 380 ам.доллар, шүд авсан үйлчилгээний төлбөр 180 (3 х 60) ам.доллар, эмний үнэ 39,2 ам.доллар, нийт 1286.7 ам.доллар, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр суулгасан 4 ширхэг имплант шүдний ёзоорын үнэ 550 (4 х 137,50) ам.доллар, унтуулгын үйлчилгээний зардал 380 ам.доллар, эмний үнэ 35,4 ам.доллар, нийт 965.4 ам.доллар, бүгд 2,252.1 ам.долларын үйлчилгээ үзүүлсэн байна. (1 хав-153-154)

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан. Иймд нэхэмжлэгч ......-ын дээд эрүүнд суулгасан 5 ширхэг, доод эрүүнд суулгасан 4 ширхэг имплант шүдний ёзоорыг биет байдлаар эргүүлэн өгөх боломжгүй тул түүний төлсөн 9,740 ам.доллароос хасаж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар захиалагч ажил дуусахаас өмнө гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч ..........-иа ХХК-аас 7,487.9 ам.доллар буюу 19,834,474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ......-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,252.1 ам.доллар буюу 5,887,663 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт нь мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасан зохицуулалтын агуулгатай нийцсэн байгааг дурдаж байна.

 

2. Хариуцагч ..........-иа ХХК нь нэхэмжлэгч ......-оос эмчилгээний төлбөрт дутуу төлсөн 4,774.60 ам.доллар буюу 12,738,203.08 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2.а. ..........-иа ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс төлүүлэхээр шаардах эрхгүй юм.

 

Захиалагч гүйцэтгэсэн ажлын чанарыг хангалтгүй гэж үзсэн, гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон нөхцөлд ажил гүйцэтгэгчийг гэм буруугүй гэж үзэх, улмаар хариуцагчид Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хамааруулах боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Хариуцагч ..........-иа ХХК нь 2,252.1 ам.долларын үйлчилгээнээс гадна өөр бусад эмчилгээ үйлчилгээний зардал гаргасан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүх хуралдаанд шүүгч Б.Мандалбаярын циркон шүд нь Монголд ирсэн байгаа юу гэхэд харуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Циркон шүд орж ирээгүй байгаа, Италид байгаа, 9 ширхэг түр шүдэлбэр орж ирсэн гэж, 9 ширхэг шүдэлбэрийн үнэ хэд вэ гэсэн асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цогц учраас тэрийг тодорхойлох боломжгүй гэж тус тус хариулсан байгаагаас үзэхэд 9 ширхэг түр шүдэлбэрийн үнэ болон эмчилгээ, үйлчилгээтэй бусад зардлыг ялгаж тодорхойлох боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх нотлох баримт буруу үнэлсэн гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй, харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон гэх гомдол үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/00943 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 359 дүгээр зүйлийн 359.1 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ