Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2020/00585

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2020/00585

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалжшүүгч Х.Тасхын, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ,нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:

НэхэмжлэгчХэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ... дугаар баг, ..... тоотод оршин суух, Г. Л. (РД: ....)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын .. дугаар баг, З А гэдэг газарт нутаглах, Б А (РД:...)-т холбогдох 11,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О, иргэдийн төлөөлөгч Р.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч Г.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 253 тооны хонь алдаж, цагдаагийн байгууллагад шалгуулсан. Гэтэл манай малын айлтай саахалт болох Б.А нь манай алга болсон 1 төлгийг хүнд барьж өгсөн байсан. Мөн тэдний хоттой малд манай 20 гаруй толгой бог мал байсныг авсан. Ингээд Б.А хэлэхэд тэрээр хохирлыг барагдуулж өгнө гээд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж хонь 100, ямаа 20, нийт 120 тооны малыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ хийж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тохиролцсон юм. Тэгээд Прокуророос 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хаасан. Гэрээ байгуулснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлөг 21, хурга 16, борлон 5, ишиг 8 нийт 50 тооны толгой бог мал болон 17 толгой бог малд тооцож бэлэн 2,000,000 төгрөг авсан. Одоо Б.А 68 толгой бог мал буюу мөнгөн дүнгээр бодоход 11,220,000 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурхын гол хавьд намаржиж байхдаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 26, 27-ны үед хүнээс авсан ногооны төлбөрт өөрийн хониноос нэг төлөг өгсөн. Тухайн үед манай малд хүний тавиул мал байхгүй байсан тул хониныхоо захаас нь нэг төлөг барьж өгсөн. Гэтэл 3-4 хоногийн дараа Г.Л малчин нь надтай уулзаад манай хонийг та хүнд өгсөн байна, та миний дутаасан малыг төлвөл би таныг Г.Л гуайд хэлэхгүй, бас цагдаад мэдэгдэхгүй гэж хэлсэн. Мөн өмнө нь малчны эхнэр нь таараад танай хонинд манай 1 эргүү төлөг байгаа, та хараад хэлээрэй гэсэн байдаг. Тэгээд төлгийг хүнд өгснөөс хойш хэд хоногийн дараа хонинд хурганууд нь байхыг мэдээд манай хонинд танай хурга байна, ирж ав гэхэд 2 хоногийн дараа малчин нь эхнэрийн хамт ирж авсан.

Би Г.Л 253 тооны бог малыг завшаагүй, хулгай хийгээгүй. Манай хоттой хонинд нийлсэн хурга, ишигний эхийг надаас нэхсэн. Би малч удмын хүн, цагаан сүүтэй эхийг нь хурга ишгээс нь салгаад ажиллахгүй. Дараа нь сумын цагдаа намайг баривчилж, шалгасан. Цагдаа шалгаад та харь, хэрэгсэхгүй болсон гэж хэлсэн. Гэтэл 2018 оноос дахин Г.Л нь хэл ам хийж, цагдаад гомдол гаргасан байсан. Тэгээд цагдаагаас надад энэ хүн хэл ам хийгээд хэцүү байна. Та хохирлыг нь төл. Ажил хийлгэхгүй хэцүү байна. Эвлэрээд сал гээд байхаар нь нэг цаасан дээр гарын үсэг зурсан. 2019 оны хавар цагдаа н.Ү нь Хурх тосгоны нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийг дуудаж ирүүлэн нэг бичигтэй цаасан дээр гарын үсэг зуруулсан. Дараа нь Г.Л 2019 оны 6 дугаар сард нөхөртэйгээ манайд ирж мал авна гэсэн. Тэгээд цагдаа нарыг ч ажлыг нь хийлгэхгүй хэцүү байна гээд байсан болохоор нь ингээд болох байх гэж бодоод л 50 толгой бог мал буюу 37 тооны төлөг, 1 толгой борлон өгсөн. Нэхэмжлэлд бичсэнчлэн 16 толгой хурга, 8 ишиг өгөөгүй. Үүнээс өмнө 2019 оны 5 дугаар сард 2,000,000 төгрөгийг надаас нэхсээр байгаад авсан. 40 төлгийг 50,000 төгрөгт тооцож хэл амнаас нь залхаж өгсөн. Би Г.Л гуайд та нэг төлөг андуураад хүнд өгснийг мэдэж байж яагаад надаас бусад малаа нэхээд байна аа гэхэд манай малчинд өгөх юм байхгүй, чи төлөхгүй яах юм, яах гэж нэг төлөг авсан юм бэ гэж загнасан.

Би хулгай хийсэн гэж гүтгэгдэж, шалгагдаж, шахалт дарамт дор гэрээ гэгч юман дээр гарын үсэг зурсандаа гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Л нь нэхэмжлэлдээ 2017 онд 253 толгой малаа алдаж цагдаагийн байгууллагаар шалгуулж, алдсан малын хохиролд 135 толгой бог мал төлүүлэхээр Б.А эвлэрлийн гэрээ байгуулснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээ байгуулснаас хойш төлөг 21, хурга 16, борлон 5, ишиг 8, нийт 50 тооны бог, бэлэн 2,000,000 төгрөг авсан. Одоо төлөөгүй үлдсэн 78 толгой бог мал буюу түүний үнэ 11,300,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилжээ. Хариуцагч хариу тайлбартаа энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан татгалзлаа тодорхой бичсэн. Мөн аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн архиваас гаргуулж авсан 2019 оны 227 дугаартай Хариу мэдэгдэх хуудаст Б.А нь танай малыг хулгайлсан нь тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн гэсэн байхад Г.Л нь хохирол төлүүлэх эвлэрлийн гэрээ байгуулж, Б.А 50 тооны бог мал, бэлнээр 2,000,000 төгрөг гаргуулж авсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Б.А нь иргэн Г.Л малыг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдоогүй байхад хохирол төлүүлэх үүрэггүй, мөн цагдаагийн албан хаагч нь Г.Л гомдлыг барагдуулах үүднээс Б.А хохирол төлүүлэхээр шахалт үзүүлж Гурванбаян тосгоны нотариатын үүрэг гүйцэтгэгчийг дуудан ирүүлж эвлэрлийн гэрээ гэх бичигт гарын үсэг зуруулж гэрчлүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Г.Л нь нэхэмжлэлдээ 16 хурга, 8 ишиг авсан гэсэн нь худлаа бөгөөд 2019 оны хавар 5-6 сард мал төллөөд удаагүй байхад нялх төлөө эхээс нь салгаж өгөх үндэслэл байхгүй, түүнд өгсөн 50 бог мал бүгд 2018 оны төл байсан юм. Иймд Г.Л төлөг 37х60,000 төгрөг = 2,220,000 төгрөг, борлон 13х50,000 төгрөг = 650,000 төгрөг, нийт 50 толгой бог мал буюу 2,870,000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн 2,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын газар Эрүүгийн хэргийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 227 тоот хариу мэдэгдэх хуудсанд Б.А нь танай малыг хулгайлсан нь тогтоогдоогүй учир хэргийг хаалаа гэсэн. Б.А нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан. Учир нь Б.А нэр цэвэр, хоёулаа тохиролцоод 2019 оны 5 дугаар сар гэхэд малыг төлж дуусгана гэсэн. Би түүнийг нь зөвшөөрсөн учир хэргийг хаахаар болсон. Уг хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хэрэг эхлэхэд цагдаагийн төлөөлөгч ахмад Б нь хэргийг удаашруулсан. Б.А аав Б нь миний нөхөр Ж төрсөн ах нь юм. Б.Т нь удаа дараа утсаар дарамт үзүүлдэг, эгч Б нь гэрт ирж дарамталж хэл амаар дайрсан. Би Өмнөдэлгэр сумын ИТХ-ын тогтоолыг үндэслэн малын үнэлгээ гаргасан гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ:Хариуцагч нь малыг төлөхгүй байсан бол яагаад гэрээнд гарын үсэг зурсан юм бэ. Нэхэмжлэлийн шаардлага 11,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч Б.А холбогдуулан 11,300,000 төгрөг буюу 78 толгой бог мал гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 11,220,000 төгрөг буюу 68 толгой бог мал гаргуулна гэж тайлбарлалаа.

Харин хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь нэхэмжлэгч Г.Л холбогдуулан 50 толгой бог мал буюу 2,870,000 төгрөг, бэлнээр өгсөн 2,000,000 төгрөг, нийт 4,870,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.Л нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Б.А нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл малаа өгөх ёстой гэж, хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Б.А нь Г.Л малыг хулгайлсан, авсан нь тогтоогдоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

Хэргийн үйл баримтаас үзэхэд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Б.М эзэмшилд байсан Г.Л өмчлөлийн 253 толгой бог мал алга болсон, Б.М нь нэхэмжлэгч Г.Л малыг хариулдаг байсан /хх-ийн 85/, уг алга болсон малаас өөрийн хонинд нийлсэн 1 тооны төлгийг Б.А нь иргэн Б.Б ногоо авсан төлбөртөө өгсөн байсан, 20 гаруй толгой бог мал нь Б.А малд нийлснийг буцааж авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн гэрчээр өгсөн Б.А мэдүүлгийн хуулбар, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 5/27 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 23/, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 141 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 25/-уудаар нотлогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.

Улмаар хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Г.Л 120 толгой бог малыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 100 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-ийн 5/ байгуулан үүнээс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 50 толгой бог мал, 17 толгой бог малд тооцож 2,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн /хх-ийн 10-11/ өгсөн байна.

Хэнтий аймгийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 227 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар /хх-ийн 47/ Б.А нь Г.Л малыг хулгайлсан нь тогтоогдохгүй байна гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх боловч зохигчдын мал хүлээлцсэн баримт /хх-ийн 10-11/ болон 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 100 дугаартай эвлэрлийн гэрээ, Г.Л шүүх хуралдаанд гаргасан ...Б.А бид хоёрын байгуулсан эвлэрлийн гэрээг цагдаа бичиж өгсөн... гэх тайлбар, энэхүү тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан ...миний малыг төлж барагдуулахаар бид гэрээ хийсэн тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр тохиролцсон гэх тайлбар үндэслэлтэй байна.

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 100 дугаартай эвлэрлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Энэхүү үйл явдал нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.А Г.Л 50 толгой бог мал, 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн үйлдлээр давхар нотлогдож байна.

Хариуцагч тал нь уг 50 толгой мал, бэлнээр өгсөн 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон Цагдаагийн албан хаагч нар Г.Л гомдлыг барагдуулах зорилгоор Б.А хохирол төлүүлэхээр шахалт үзүүлсэн гэх үйлдэл, мөн уг эвлэрлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Зүйлчлэлийн хувьд нэхэмжлэгч Г.Л нь өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна гэж тайлбарладаг бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэж маргааны эрх зүйн харилцааг тодорхойлохдоо бусдад учруулсан гэм хорын хохирол гаргуулах тухай гэж захирамж гаргасан боловч шүүх хуралдаан дээрх зохигчдын мэтгэлцээний байдал болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд энэхүү маргаан нь гэм хор учруулснаас үүсэх үүрэг биш байна.

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхад маргаан бүхий эд хөрөнгийг олж авсан этгээдээс буцаан шаардаж буй эрх зүйн харилцаа байна.

Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

Иймд нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч Б.А үлдэгдэл мал буюу 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаартай зохигчдын байгуулсан гэрээнд заасан 120 толгой бог малын үлдэгдлийг нэхэмжлэх эрхтэй байна. Үлдэгдэл малыг шүүхээс тооцохдоо 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.А нэхэмжлэгч Г.Л шилжүүлсэн 50 толгой бог мал, 2,000,000 төгрөгийг 17 толгой бог малд тооцож авсан гэх тайлбарыг үндэслэн (120-50-17)=53 толгой бог малыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнийг маргааны зүйл болох малын нас хүйсээр нь тооцох боломжгүй тул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 4/05 дугаартай тогтоолоор батлагдсан малын жишиг үнэ /хх-ийн 6-7/ болох хонин толгойн дундаж үнэ 157,500 төгрөг, ямааны дундаж үнэ 127,500 төгрөгийн нийлбэрийг хоёрт хуваан нийт малын дундаж үнээр тооцсон болно.

(157,500+127,500):2=142500, 142,500 х 53 = 7,552,500 төгрөг

Энэхүү гарсан дундаж үнийг хариуцагчаас гаргуулах малын тоо болох 53-аар үржүүлээд гарсан 7,552,500 төгрөгийг хариуцагч Б.А гаргуулан нэхэмжлэгч Г.Л олгож, үлдэх 3,667,500 төгрөг болон хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нэхэмжлэгч Г.Л холбогдуулан гаргасан 50 толгой бог мал буюу 2,870,000 төгрөг, бэлнээр өгсөн 2,000,000 төгрөг, нийт 4,870,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 4/05 дугаартай тогтоолоор батлагдсан малын жишиг үнэ /хх-ийн 6-7/ нь одоог хүртэл мөрдөгдөж байгаа болох нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай албан бичиг /хх-ийн 104/-ээр нотлогдож байх тул уг үнэлгээгээр малын үнийг тооцсон болно.

Хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст авагдсан Фэйр валуэшн ХХК-ний малын үнэлгээний тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-д заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл хуулбар хувь байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 135,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 92,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.А 7,552,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Л олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,667,500 төгрөгийг болон хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан 50 толгой бог мал буюу 2,870,000 төгрөг, бэлнээр өгсөн 2,000,000 төгрөг, нийт 4,870,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 135,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 92,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МАРИНА

ШҮҮГЧ Х.ТАСХЫН

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ