Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 226/МА2020/00016

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр          Дугаар 226/МА2020/00016                              Хэрлэн сум

 

Л-ын нэхэмжлэлтэй,

А-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00016/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э-,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т-, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 585 дугаар шийдвэртэй Л-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А-т холбогдох “78 толгой малын үнэ 11300000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдлоор 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Л- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 253 толгой хонио алдаж цагдаагийн байгууллагад шалгуулсан. Гэтэл саахалт болох А- манай алга болсон нэг төлгийг хүнд барьж өгсөн байсан. Мөн А-ын малд манай 20 гаруй толгой бог мал байсныг авсан. А- нь хонь 100, хурга 15, ямаа 20, нийт 135 толгой бог малыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр надтай эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хаасан. Гэрээ байгуулснаас хойш төлөг 21, хурга 16, борлон 5, ишиг 8, нийт 50 толгой бог мал, бэлэн 2000000 төгрөг, нийт 6700000 төгрөгт бодож авсан. А- нь эм ямаа 6, эм хонь 30, төлөг 42, нийт 78 толгой бог мал буюу мөнгөн дүнгээр 11300000 төгрөг төлөөгүй байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 9 дүгээр сарын 26-27-нд Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг Хурхын гол хавьд намаржиж байх үед хүнээс шуудай хүнсний ногоо худалдаж аваад, өөрийн хониноос нэг төлөг барьж өгсөн. Гэтэл 3-4 хоногийн дараа Л-ын малчин надтай ирж уулзаад “та манай хонийг хүнд өгсөн байна, дутаасан хонио төлбөл би Л- гуайд хэлэхгүй, цагдаад мэдэгдэхгүй, 2 хоногийн дараа утсаар яриарай” гэж хэлсэн.

            Би Л-ын 253 тооны бог малыг завшаагүй, хулгай хийгээгүй, нэг тооны төлөг им тэмдэг анзаараагүй өөрийн хониноос хүнд барьж өгсөн нь Л-ын төлөг болж таарсан.

            Мөн 20 хурга, 2 ишиг, 1 төлөг манай хонинд тухайн үед нийлсэн байсныг мэдээгүй, Л-ын төлгийг манай хонинд байсан гэдгийг мэдсэнийхээ дараа мэдээд Л-ын малчинд ялгаж өгсөн. Гэтэл манай хонинд нийлсэн байсан хурга, ишигний эхийг нь манайхаас нэхсэн, би малч удмын хүн цагаан сүүтэй хурга, ишигний эхийг нь ажиллах сэтгэл байхгүй.

            Үүний дараа сумын цагдаа намайг баривчилж, Л-ын 253 тооны бог малыг хулгайлсан, завшсан гэж шалгасан. Цагдаа шалгаад “хэргийг хэрэгсэхгүй болсон, та харь” гэж хэлээд явуулсан. 2018 оноос дахиад л Л- нь хэл ам хийж, цагдаад гомдол гаргасан байсан. Цагдаагаас “Л- хэл ам хийгээд хэцүү байна, эвлэрээд сал” гээд байхаар нь нэг цаасан дээр гарын үсэг зурсан.

            2019 оны 6 дугаар сард Л- нөхөртэйгөө ирж 50 тооны бог буюу 37 тооны төлөг, 13 тооны борлон авсан. Нэхэмжлэлд 16 хурга, 18 ишиг гэж худал бичсэн байна. 2019 оны 6 дугаар сарын үед нялх ишиг, хурга эхээс нь салгаж өгөх боломжгүй, 2018 оны төлийг 2019 онд төлөг, борлон болсон үед нь өгсөн. Үүнээс өмнө 2019 оны 5 дугаар сард 2000000 төгрөг нэхсээр байгаад авсан. Би хэл амнаас залхаж, ингээд л болох байх гэж бодон буруу зүйл хийж 50 бог, 2000000 төгрөг үндэслэлгүйгээр Л-д өгсөндөө харамсаж байна. Би үүнийг Л-аас буцааж нэхэмжилнэ. Л-ын нэхэмжилж байгаа 70 бог буюу 11300000 төгрөгийг төлөхгүй. Миний гэм буруу шүүхээр нотлогдож тогтоогдоогүй, хэрэг хийгээгүй, Л-, түүний малчин яагаад хурга, ишгээ манай хонинд нийлүүлсэн, эхийг нь яасныг мэдэхгүй. Намайг гүтгэж цагдаад гомдол гаргаж хохирол нэхэх болсон зорилго нь 1 тооны төлөг, 20 хурга, 2 ишиг манай хониноос гарсныг далимдуулж дутсан хонь, ямаагаа манайхаар төлүүлэх санаа зорилготой гэж үзэж байна гэжээ.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т- шүүхэд гаргасан  сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2017 онд 253 толгой бог малаа алдаж цагдаагийн байгууллагад шалгуулж, алдсан малын хохиролд 135 толгой бог мал төлүүлэхээр А-тай эвлэрлийн гэрээ байгуулснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээ байгуулснаас хойш төлөг 21, хурга 16, борлон 5, ишиг 8, нийт 50 тооны бог, бэлэн 2000000 төгрөг авсан. Одоо төлөөгүй үлдсэн 78 толгой бог мал буюу түүний үнэ  11300000 төгрөг гаргуулна” гэжээ. Хариуцагч хариу тайлбартаа энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан татгалзлаа тодорхой бичсэн. Мөн аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн архиваас гаргуулж авсан 2019 оны 227 дугаартай “хариу мэдэгдэх хуудас”-д “...А- нь танай малыг хулгайлсан нь тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн...” гэсэн байхад Л- нь хохирол төлүүлэх эвлэрлийн гэрээ байгуулж, А-аас 50 тооны бог, бэлэн 2000000 төгрөг гаргуулж авсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл А- нь Л-ын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй байхад хохирол төлөх үүрэггүй, мөн цагдаагийн албан хаагч нь Л-ын гомдлыг барагдуулах үүднээс хохирол төлүүлэхээр шахалт үзүүлж Гурванбаян тосгоны нотариатчийн үүргийг гүйцэтгэгчийг дуудан ирүүлж эвлэрлийн гэрээ гэх бичигт гарын үсэг зуруулж гэрчлүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

            Л- нэхэмжлэлдээ “...16 хурга, 8 ишиг авсан...” гэсэн нь худлаа бөгөөд 2019 оны хавар 5-6 сард мал төллөөд удаагүй байх үед нялх төл эхээс нь салгаж өгөх үндэслэл байхгүй, түүнд өгсөн 50 бог мал бүгд 2018 оны төл байсан. Иймд Л-аас төлөг 37х60000төгрөг=2220000, борлон 13х50000 төгрөг=650000, нийт 50 тооны бог мал буюу 2870000 төгрөг, бэлнээр 2000000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Л- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 227 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд “А- танай малыг хулгайлсан нь тогтоогдоогүй учир хэргийг хаалаа“ гэжээ. А- нь “нэр цэвэр хоёулаа тохиролцъё, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд малыг төлж дуусгана” гэхээр нь би зөвшөөрч А-тай 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж хэргийг хаахаар болсон.

            А-ын хүргэн Р нь төлөөлөгч Б-н эхнэр Ж-н ойрын садан учир энэ хэрэг удааширсан. Мөн  хавтаст хэрэгт байсан материалын зарим нь үрэгдэж алга болсон байсан. Мөн А-ын аав Батмөнх нь миний нөхөр Ж-н төрсөн ах бөгөөд Т- нь удаа дараа утсаар дарамт үзүүлж, эгч Б нь гэрт ирж дарамталж хэл амаар доромжилсон. Б-нх 9 хүүхэдтэй бөгөөд танил ихтэйгээрээ гайхуулж, “яаж явсан ч та авч чадахгүй, та ганцаараа, хүн танихгүй” гэх мэтээр дарамталдаг” байсан Өмнөдэлгэр сумын ИТХ-ын тогтоолыг үндэслэн малын үнэ ханшийг гаргасан тул зөвшөөрөхгүй гэжээ.  

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А-аас 7552500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3667500 төгрөгийг болон хариуцагч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т-ын шүүхэд гаргасан 50 толгой бог мал буюу 2870000 төгрөг, бэлнээр 2000000 төгрөг, нийт 4870000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус туc хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 135782 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л-д олгож, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Л-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Учир нь Л-ын “алдсан малын хохирол 78 бог буюу 11300000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд гэм хорын хохирол нэхэмжилсэн мөн нэхэмжлэгч гэм хорын хохирлоо эвлэрлийн гэрээний дагуу гаргуулна гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх “гэм хорын хохирол гаргуулах маргаантай хэрэг” гэж үзэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн атлаа шийдвэр гаргахдаа тухайн маргаантай харилцааг “гэм хор учруулснаас үүсэх үүрэг биш, харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардаж буй харилцаа” гэж дүгнэсэн. Шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шийдвэрлэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 болон 82 дугаар зүйлийн 82.1.1 “Иргэний хуулийн ...8.1.6-8.1.8 дахь заалт...”-д заасан хэргийг дангаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтуудаас анхнаасаа дангаар шийдвэрлэх маргаан мөн эсэхийг тодорхойлох боломжтой байсан.

            Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь энэ хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар үзэхэд бусдын өмнө үүрэг хүлээсэн байх, энэ үүргээ гүйцэтгэх зорилгоор хөрөнгө шилжүүлсэн байхыг шаардаж байна. Гэтэл маргааны үйл баримтаас үзэхэд Л- цагдаад гомдол гаргасан, прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг тогтоогдоогүй гэж үзэн хаасан, цагдаагаас Л-, А- нарыг эвлэрлийн гэрээ нэртэй баримт үйлдэж гарын үсэг зуруулсан, А- нь Л-ын нэхсэн малын заримыг төлсөн нөхцөл байдал тогтоогдсон, нэхэмжлэгч нь алдсан малаа А-аас эвлэрлийн гэрээг үндэслэн нэхэмжилсэн болохоос нэхэмжлэгч Л- нь хэн нэгэнд мал өгөх үүрэгтэй байгаад түүнийгээ хариуцагч А-т шилжүүлсэн, түүнийгээ буцаан шаардаж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүх А-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн атлаа “Эвлэрлийн гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй бол нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ хэлцлээр үүрэг үүсээгүй байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас Л- нь Мөнхбаттай гэрээ байгуулж бог малаа маллуулж байснаас үзэхэд хөлсөөр ажиллах гэрээгээр тэдгээрийн хооронд эрх, үүрэг, хариуцлага үүссэн. Хэдийгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан ч мал дутагдуулсны хохирол төлбөрөө Мөнхбатаас нэхэмжлэх байсан, харин А-тай байгуулсан “Эвлэрлийн гэрээ” нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно” гэсний дагуу хэлцэл хийгдээгүй гэж үзэх /УДШ-н тайлбарласнаар “хэлцлийн агуулгыг тайлбарлах боломжгүй” гэдэгт хэлцлийн зорилго, гол нөхцөл, талуудын эрх, үүрэг тодорхой бус байхыг хэлнэ/ үндэслэлтэй байна. Мөн  Л-ын гомдлын дагуу 2018, 2019 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад хаасан прокурорын тогтоолууд, хариу мэдэгдэх хуудас, Л- нь шүүх хуралдаанд “Эвлэрлийн гэрээг цагдаа бичсэн, А- бид хоёр аль нь бичиж чадахгүй” гэсэн зэргээс үзэхэд хариуцагч, түүний төлөөлөгч нар тайлбартаа “...цагдаа хэсгийн төлөөлөгч нар нь “Л- гуай ажил хийлгэхгүй дараатай байна, эвлэрээд сал” гээд цаасан дээр гарын үсэг зуруулсан, шахалтаар зурсан...” гэсэн нь үндэслэлтэй байна. Иймд “Эвлэрлийн гэрээ”-г А- сайн дураар өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

            Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, өөрөөр хэлбэл 78 бог мал буюу 11300000 төгрөгийн хохирол гэж ерөнхийд нь нэхэмжилсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээчнээр нэхэмжлэлийн зүйлээ үнэлүүлээгүй байхад Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4/05 тоот тогтоолоор баталсан “малын жишиг үнэ”-ийг үндэслэн шүүх бүрэлдэхүүн “53 тооны бог малын нас, хүйсийг тодорхойлох боломжгүй тул уг тогтоолоор баталсан малын жишиг үнийг дунджаар тооцсон” хэмээн дүгнэж 7552500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааны тогтоолд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.4 “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх” гэсэн жишиг үнийг тогтооход хамааралгүй заалтыг баримтлан хэт өндөр үнэлгээ тогтоосон нь үнэлгээ тогтоох эрхгүй этгээдийн илт хууль бус акт байхад түүнийг нотлох баримт болгон үнэлж, харин хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан “Фэйр валуэшн” хөрөнгийн үнэлгээний компанийн тамга гарын үсэгтэй зах зээлийн үнэ ханшийн тодорхойлолтыг эх баримтаараа байхад “хуулбар хувь” гэж үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлгээгүй гэж үзэж байна.

            Л- нь 17 тооны бог малд тооцож 2000000 төгрөг авсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан ч хариуцагч А- бичгээр гаргасан тайлбартаа төлөг 40х50000 төгрөг=2000000 төгрөг гэж тооцон бэлэн мөнгө өгсөн гэж бичсэн зэргээс малын тооцоо зөрүүтэй байхад Л-ын тайлбарыг ямар учраас үнэн зөв гэж 120-50-17=53 гэж тооцох болсон, хариуцагчийн тайлбарыг хэрхэн үгүйсгэснээ шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй, ойлгомжгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасанд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л- нь хариуцагч А-т холбогдуулан “78 толгой мал буюу 11300000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т- нь Л-аас  “50 толгой мал буюу 2870000 төгрөг, бэлнээр өгсөн 2000000 төгрөг, нийт 4870000 төгрөг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч Л- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж 78 толгой бог малыг 11300000 төгрөгөөр үнэлэхдээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4/05 дугаартай тогтоолоор батлагдсан малын жишиг үнийг /хх-6-7х/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа  “Фэйр валуэшн” ХХК-ийн малын үнэлгээг /хх-40х/ тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно”, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг нь хөрөнгийн үнэлгээний тайлан байна” гэж тодорхойлсон, хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан байна.

            Нэхэмжлэгчээс гаргасан “малын жишиг үнэ” нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нотлох баримт болохоос тухайн малыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ гэж үзэх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь “хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай” шийдвэрт заах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасан шаардлагыг зөрчсөн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэх журмыг хангаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн “нэхэмжлэгч нь 78 бог мал буюу 11300000 төгрөгийн хохирлыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээчнээр үнэлүүлээгүй байхад Өмнөдэлгэр сумын 2015 оны малын жишиг үнийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ШШ2020/00585 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.