Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/03677

 

2021 11 11 101/ШШ2021/03677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,

*******,*******,*******,*******,,,

,,,,

гуравдагч этгээд- Чингэлтэй дүүрэг,,,,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Уранбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг /ӨҮ-0976/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Оюунгэрэл, Д.Уранбаяр бид Арвайн үр ХЗХ-оос Д.Оюунгэрэлийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201048279 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Буман Өлзий хороолол найрамдал зам 762 байрны 501 тоотод байрлах, 34,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан. Дэлхий дахинд цар тахал гарсны улмаас эдийн засгийн хүнд байдалд орж зээлээ төлж чадаагүй. Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8-р сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/16224 дүгээр захирамжаар Д.Оюунгэрэл, Д.Уранбаяр нараас 53,213,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал авсан бөгөөд хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 52,600,000 төгрөгөөр үнийг тогтоосон тухай мэдэгдлийг 2021-06-21-ний өдөр хүлээн аваад уг үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манай байранд үнэлгээ хийлгэсэн байгаа, ингэж үнэлгээ хийхдээ холбогдуулан байрыг үзүүлэх гэтэл үнэлгээний компани ирж байрыг үзэж, танилцаагүй, тайлан дээрээ эзэмшигч нь хөдөө явсан гэж бичсэн нь худлаа. Манай байрны зах зээлийн ханш нь 60-70 сая төгрөг байгаа буюу хэт доогуур үнэлсэн байгаа тул гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээ хийлгэнэ гээд утсыг нь өгчих гэхэд өгөөгүй, гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ гарсан талаар утсаар мэдэгдсэн тул байрыг үзэж, харалгүйгээр үнэлгээ тогтоосон байгааг зөвшөөрөхгүй байгаа. Энэхүү үнэлгээ тогтоосон байранд бид амьдардаггүй, Даваадулам гэх хүнд түрээслэдэг. Шинжээчийн үнэлгээний тайланг 2021 оны 6-р сарын 21-нд мэдэгдсэн байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээч нь байрны дотор хэсгийг заавал үзэж харж үнэлгээ тогтоох байсан, ингэж үзээгүй тохиолдолд олон жил ашиглалтад орсон байртай харьцуулж байгаа нь үндэслэлгүй байна. Дүгнэлтийн 1, 8, 2-т биет үзлэг хэмжилт хийсэн талаар дурдсан байгаа боловч төсөөлөл таамаглалаар зураг авсан байх гэж хардаж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд төсөөлөл таамаглалаар үнэлгээ тогтоох, хуульд заасан зарчмаа баримтлаагүй, шинж байдал, засвар үйлчилгээний талаар үзээгүй байж таамаглалаар дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс хариуцагчаас өгсөн мэдээлэлд тулгуурлан үнэлгээ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. Бодитой дүгнэлт гараагүй тул үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Зах зээлийн үнэлгээг тогтооход 2014, 2016, 2019 оны байрыг харьцуулсан байгаа, шинжээч нь энэхүү орон сууцанд орж үзээгүй учир сайн гэж таамаглаж гаргасан байгаа, шинж байдлыг үзэж үнэлгээг тогтоох байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8-р сарын 27-ны өдрийн 16224 дүгээр захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулсан байдаг. Хариуцагч Д.Уранбаяр, Д.Оюунгэрэл нараас 53,198,200 төгрөг гаргуулж Арвайн үр хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг төлбөр авагч гаргаснаас шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, манай албанд ирснээр төлбөр төлөгч нарыг дуудаж уулзан тайлбар авсан.

Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Буман өлзий хороолол, найрамдалын зам 762-р байрны 501 тоотын орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хурааснаар төлбөр авагч, төлөгч нарт үнийн санал ирүүлэх мэдэгдэл өгсөн байгаа.

Төлбөр төлөгч нар албанд ирүүлсэн үнийн саналаа 280 сая төгрөг гэж өгснийг төлбөр авагч нь зөвшөөрөхгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2021 оны 6-р сарын 17-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн үнэлгээний тайлан үнэлгээ хийсэн үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны доторх зураг хөрөг бүгд тусгасан байгаа, өрөөний бүх зургууд тайланд тусгагдсан байгаа тул дотор нь орж үзээгүй байж дүгнэлт гаргасан гэх тайлбар нь үндэслэлгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул шинжээчийн дүгнэлт хуульд заасны дагуу гарсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нарын үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нотлох баримтгүй тайлбар гаргаж, хариуцагч байгууллагыг гүжирдэж болохгүй. Үнэлгээчин дотор нь нэвтэрч орсноор үнэлгээ гаргасан байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллаганы явцад хөрөнгөө 280 сая төгрөгөөр үнэлсэн хүсэлт гаргасан атлаа өнөөдөр шүүх хуралдаанд манай байр 60-70 сая төгрөгийн үнэтэй гэж яриад байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Дуудлага худалдааны санал болон дүн энэ хэрэгт хамааралгүй, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хуульд нийцсэн дагуу үнэлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тогтоогдохгүй байна. Шинжээч томилсон тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасныг дурдсан байх тул зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилготой, энэхүү орон сууц нь нийтийн зориулалттай орон сууц учир төрлийн шинжээр тодорхойлох хөрөнгө байгаа тул жишиг үнийн аргаар үнэлгээ тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй, хуулийг тайлбарлах эрх Улсын дээд шүүхэд байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, Д.Уранбаяр нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201048279 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Буман Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам 762-р байрны 501 тоотод байрлах, 34,6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/16224 дугаар захирамжаар уригдсан тал Д.Оюунгэрэл, Д.Уранбаяр нар өргөдөл гаргагч Арвайн үр ХЗХ-ны шаардсан 53,198,200 төгрөгийг төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол Д.Оюунгэрэлийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Буман Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам 762-р байрны 1-р орцны 501 тоот хаягт байршилтай, Ү-2201048279 дугаарт бүртгэотэй 34,6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.Оюунгэрэлийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, санзай 19-р хороонд байршилтай 000655933 гэрчилгээний дугаартай зуслангийн зориулалттай 700 м.кв газар, Д.Уранбаярын эзэмшлийн 000625569 гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүрэг, Санзай 19-р хороонд байршилтай зуслангийн зориулалттай 700 м.кв газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталгаажуулсан /хх-6-8/ байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10-р сарын 06-ны өдөр олгосон 01546 дугаартай гүйцэтгэх бичиг баримтад /хх-65/ үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, Д.Уранбаяр нар Арвайн үр хадгаламж зээлийн хоршоонд төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан.

 

Төлбөр төлөгч Д.Оюунгэрэл, Д.Уранбаяр нар дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201048279 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Буман Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам 762-р байрны 501 тоотод байрлах, 34,6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 202оны 01-р сарын 19-ний өдрийн 20380922/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж /хх-12-13/, 2021 оны 05-р сарын 25-ны өдрийн 20380922/02 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураасан /хх-14-15/ байх бөгөөд нэхэмжлэгч нар эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаагүй харин үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээч нь орон сууцыг ирж үзээгүй, үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журам зөрчсөн, зах зээлийн үнээс доогуур үнэлж, өмчийг үнэгүйдүүлсэн гэж гомдлын үндэслэлээ тодорхойлсон.

 

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06-р сарын 14-ний өдрийн 4-167/10767 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч нарт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдэл хүргүүлснээр нэхэмжлэгч Д.Уранбаяр, Д.Оюунгэрэл нараас 280.000.000 төгрөгийн, төлбөр авагч Арвайн үр ХЗХоршооноос шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2021-6-17-ны өдөр гаргасан байна.

 

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2021 оны 06-р сарын 17-ны өдрийн 6/104 дугаар тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох Файн эстимэйт ХХК нь дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 52,600,000 төгрөг болохыг тодорхойлсон байна /хх-82/.

 

Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 52,600,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах эрхтэй талаар хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч нарт 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн болох нь 4-167/11371 дугаартай албан бичгээр тогтоогдож байна /хх-101/.

 

Харин нэхэмжлэгч тал дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээч нь орон сууцыг ирж үзэж, шинж байдлыг хараагүй, үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журам зөрчсөн, зах зээлийн үнээс доогуур үнэлж, өмчийг үнэгүйдүүлсэн гэх тайлбар үндэслэлээ бодит зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй, үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын талаар гомдол гаргасан эсэх, тухайн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоосон, үнэлгээчин биечлэн үнэлгээний зүйлтэй танилцах үүрэгтэй гэх шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу нотлоогүй, нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хүчингүй болгуулах тухай үнэлгээний тайлан нь 2021 оны 6-р сарын 21-ний өдөр гарсныг нэхэмжлэгч нарт тухайн өдөрт нь танилцуулснаар нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг шүүх 2021 оны 7-р сарын 05-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн шуудангийн тэмдэгт 2021-06-25 гэж тэмдэг дарагдсан байна /хх-1-р хуудас арын нүүр, 39/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талуд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэгч нар хуулиар тогтоосон дээрх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд ийнхүү хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаантай байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч шинжээчийг томилох, тухайн шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар зохицуулагдсан.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, хуулийн 8.2-т санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж заажээ.

 

Тиймээс үнэлгээний тайланд үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, хөрөнгийн үнэлгээ хийсэн хугацаа болон тайлангийн он, сар, өдөр, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаархи үнэлгээчний мэдэгдэл зэргийг тусгана гэж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зохицуулсан тул тайлангийн 1.8.2-т үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэг хэмжилтийг 2021-06-20-ны өдөр гүйцэтгэсэн талаар дурдсан байна.

 

Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байхаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээний зорилго нь зах зээлийн үнэ цэнийг тогтоох зорилготой тул үнэлгээний тайлан гаргахад үүссэн нөхцөл байдлын талаар үнэлгээчин тайландаа тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлийг зөрчөөгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нар үнэлгээ тогтоосон дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд оршин сууж амьдардаггүй болохыг, Даваадулам гэх иргэн түрээслэдэг болохыг, үнэлгээний тайланд тусгагдсан фото зураг нь түрээслэгч айлын эд зүйлс мөн бишийг мэдэхгүй гэж шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Д.Уранбаяр тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нар шүүхэд гомдлын шаардлага гаргасан нэхэмжлэлдээ оршин суугаа хаягаа Баянзүрх дүүрэг, 26-р хороо,******* 830-р байрны 36 тоот гэж мэдүүлсэн, төлбөр төлөгчийн орон сууцыг битүүмжлсэн тогтоолд нэхэмжлэгч Д.Оюунгэрэл гарын үсэг зурж, хураах тогтоолд түрээслэгч Э.Даваадулам гэж гарын үсэг зурсан байна.

 

Тиймээс төлбөр төлөгч Д.Оюунгэрэл, Д.Уранбаяр нар шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч нар сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, Д.Уранбаяр нарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, Д.Уранбаяр нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Буман Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам 762-р байрны 501 тоотод байрлах, 34,6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2021/10822 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ