Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2022/00270

 

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00270

 

Д.О, Д.У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/03677 дугаар шийдвэртэй, Д.О, Д.У нарын нэхэмжлэлтэй, Н ш ш г г-холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Арвайн үр ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/16224 дүгээр захирамжаар Д.О, Д.У нараас 53,213,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн үнийн санал авсан бөгөөд хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 52,600,000 төгрөгөөр үнийг тогтоосон тухай мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан. Манай байрны зах зээлийн ханш 60-70 сая төгрөг байхад хэт доогуур үнэлсэн тул гомдолтой байна. Үнэлгээ тогтоосон уг байранд бид амьдардаггүй, түрээслэдэг. Шинжээч нь байрны дотор хэсгийг заавал үзэж харж үнэлгээ тогтоох байсан, ингэж үзээгүй тохиолдолд олон жил ашиглалтад орсон байртай харьцуулж байгаа нь үндэслэлгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан зарчмаа баримтлаагүй, шинж байдал, засвар үйлчилгээний талаар үзээгүй байж таамаглалаар дүгнэлт гаргасан.

Бодитой дүгнэлт гараагүй тул үнэлгээг зөвшөөрөхгүй. Зах зээлийн үнэлгээг тогтооход 2014, 2016, 2019 оны байрыг харьцуулсан байгаа. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ...Төлбөр төлөгч нар үнийн саналаа 280 сая төгрөг гэж өгсөнийг төлбөр авагч нь зөвшөөрөхгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн үнэлгээний тайланд үнэлгээ хийсэн үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны доторх зураг хөрөг бүгд тусгасан байгаа, өрөөний бүх зургууд тайланд тусгагдсан байгаа тул дотор нь орж үзээгүй байж дүгнэлт гаргасан гэх тайлбар нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шинжээчийн дүгнэлт хуульд заасны дагуу гарсан гэж үзэж байна. Мөн үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Арвайн үр ХЗХ-ны тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгөө 280 сая төгрөгөөр үнэлсэн атлаа одоо 60-70 сая төгрөгийн үнэтэй гэж яриад байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл гэж үзэж байна. Дуудлага худалдааны санал болон дүн энэ хэрэгт хамааралгүй, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хуульд нийцсэн. Шинжээч томилсон тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасныг дурдсан байх тул зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилготой. Энэхүү орон сууц нь нийтийн зориулалттай орон сууц бөгөөд төрлийн шинжээр тодорхойлох хөрөнгө байгаа тул жишиг үнийн аргаар үнэлгээ тогтоосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О, Д.У нарын хариуцагч Н ш ш г г-холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Буман Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам 762-р байрны 501 тоотод байрлах, 34,6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2021/10822 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Корона вирус халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул иргэд, хэргийн оролцогчид, шүүхийн ажилтан, албан хаагчдыг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд 2021.06.28-ны өдрөөс 2021.07.02-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн үйл ажиллагааг түр зогсоох, уг хугацааг дуустал хугацаанд шүүхэд хүлээн авах нэхэмжлэл, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хүсэлт, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын хүлээн авах өргөдөл, шүүхийн архиваас баримт хуулбарлан авах зэрэг хүсэлт, бичмэл нотлох баримтуудыг баталгаат шуудангаар хүлээн авах... гэсэн мэдэгдэл гарсан байсан бөгөөд бид нэхэмжлэл болон холбогдох материал, улсын тэмдэгтийн хураамжаа төлсөн баримтын хамт 2021.06.25-ны өдөр баталгаат шууданд хийсэн. Хуулийн хугацаа нь 2021.06.27-ны өдөр дуусах ёстой байсан бөгөөд шүүх хүлээж авах боломжгүй байсан тул шууданд хийсэн, хөөн хэлэцэх хугацаа дуусаагүй байсан. Иймд шүүхийн шийдвэрт заасан хуулиар тогтоосон хугацааг хэтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлд хавсарган өгсөн бүх л баримтууд 2021.06.25-ны өдрөөр баталгаажсан байгаа болно.

5б. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэх мэт хуулийн бусад олон зүйл заалтыг зөрчсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан.

5в. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээ хийхдээ хууль зөрчсөн байх тул эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдол гаргасан байхад холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй хэмээн нэхэмжлэлээс хальсан дүгнэлт хийсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байхад хугацаа хэтрээгүй гэж гомдол гаргасан байна. Түүнчлэн үнэлсэн хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууц бөгөөд доторх хөдлөх хөрөнгүүдийг үнэлэх гээгүй тул орох шаардлагагүй. Үнэлгээ хийх гээд очиход өөрсдөө зугатаад байдаг тул хөрөнгийн онцлог шинжид тааруулаад үнэлгээ хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянав.

 

2. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Д.О, Д.У нар нь хариуцагч Н ш ш г г-холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Оийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201048279 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Буман Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам 762-р байрны 501 тоотод байрлах, 34,6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээ гаргахдаа тухайн орон сууцанд орж үзээгүй тул бодитой үнэлгээ гараагүй гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх1-2, 139/

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ..шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шинжээчийн дүгнэлт хуульд заасны дагуу гарсан бөгөөд үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж маргажээ. /хх-61,140/

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ГХ2020/01546 дугаартай гүйцэтгэх хуудсыг /хх-65/ үндэслэн тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/16224 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

5. Талууд барьцаа хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн болон дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6/104 дугаар тогтоолоор шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргаангүй. Харин шинжээчийн үнэлгээ хууль зүйн үндэслэлтэй эсэх нь тэдгээрийн хоорондох маргааны зүйл болжээ.

6. Хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн дүнгийн талаар тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 6/104 дугаар тогтоол гарган, Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-78/ Улмаар шинжээчид хууль сануулж баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 80 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна. Шинжээч нь үнэлгээ хийхдээ харьцуулалтын аргыг ашиглан Д.Оийн өмчлөлийн орон сууцыг 52,600,000 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, Н ш ш г г-ирүүлжээ. /хх 81/

Дээрх үнэлгээний тайлангаас үзвэл, шинжээч нь орон сууцанд үнэлгээ тогтоохдоо зарын сайтуудаас үнэлж буй орон сууцтай ойролцоо байршилтай орон сууцны жишиг үнийн зах зээлийн судалгаа хийж, талбайн хэмжээ, орон сууцны давхар, өрөөний тоо, худалдах үнэ зэргийг харьцуулан дүгнэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцжээ.

Түүнчлэн шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө болох орон сууцанд очиж биет байдлаар нь үзлэг хийсэн тухайгаа дурьдаж, холбогдох фото зургуудыг тайландаа хавсаргасан /хх- 82-99/ байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч нар няцаах буюу шинжээч нь орон сууцанд очиж, үзэж харалгүйгээр дүгнэлт гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул энэ талаар гаргасан тэдний тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

7. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Д.О, Д.У нарт 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-167/11371 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх101-102/ тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргасан байхад анхан шатны шүүх хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж буруу дүгнэжээ. Энэ талаар гомдол үндэслэлтэй боловч уг алдаа нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй учир давж заалдах шатны шүүх дээрх байдлаар залруулан дүгнэх боломжтой гэж үзсэн болно.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/03677 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН