Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 156/шш2020/00791

 

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00791

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00712/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, шүүгч Б.Марина, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Мөрөн сум, 2 дугаар багт оршин суух, Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр багт оршин суух, Б.Ч-т холбогдох 4 470 000 төгрөгийн үнэ бүхий 94 тооны хурга, 6 тооны ишиг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 7 895 000 төгрөгийн үнэлгээ бүхий 84 тооны бог мал болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 130 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Х.Тасхын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Дүүриймаа,

хариуцагч Б.Ч,

иргэдийн төлөөлөгч Д.Ганчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Ч манайд ирж та хонь харах уу, би танд сарын 500,000 төгрөг өгье, эсвэл сард 5 хургалах хонь өгье гэсэн. Би энэ талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж тохироод Ч-ын хонийг харахаар болсон. Ингээд бид аман гэрээгээр л хонио маллахаар тохиролцож Ч-ын 921 хонь, 131 ямаа, 8 үхэр, 16 адууг хөлсөөр харахаар тохиролцсон буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Б.Ч-ын хонь-921, ямаа-130, үхэр-8, адуу-16 нийт 1075 толгой малыг хөлсөөр малласан юм.

Би сарын хөлсөнд 500 000 төгрөг, мөн төлийн 20 хувийн авахаар амаар тохиролцсон. Цалинг өөрийн ХААН банкны 5949002287 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 250 000 төгрөгийг тус тус авсан. Бусад цалин хөлсийг бэлнээр авсан болно.

Уг 1075 толгой малаас хонь-24, ямаа-29, үхэр-5, нийт 58 толгой мал Б.Ч нь өөрийн хэрэгцээнд зарцуулсан.

Миний бие Б.Ч-ын малыг өвөл хариулж байгаад хавар төллүүлж өгсөн. Хавар мал төллөх үеэр би өвс тэжээл, дээвэр туурганы юм хэрэгтэй байна гэхэд Ч угсардаг хашаа, 4 ханатай гэр /ишиг, хурга хийх/ хэдэн шургааг авчирж өгсөн. Тухайн үед Ч цалин хөлсөө ямар ч асуудалгүй өгч байсан. Бидний дунд хэрэлдэж муудалцах зүйл гарч байгаагүй.

Бид хоёрын маргалдах болсон шалтгаан нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Чтай уулзсан. Уулзаад би нүүдэл хийх хэрэгтэй байна. Манай нутгаар өвөлжөө, хаваржаа муу байна, өвс ногоо сайтай газар буумаар байна гэхэд Ч тэр үед цөсний хагалгаанд орсон байсан. Би Ч-т хонь малынхаа тооцоог сайн хийгээд, хурга ишгээ имнэчихвэл би хонио аваад ногоолно гэж хэлээд тохиролцсон. Анх хонь хүлээж авахдаа ахынх нь бие тэнхээ гайгүй байгаад, хүүхдүүд зөвшөөрвөл чи надад төлийн хувь өгөх үү гэхэд Ч за тэгнэ, 20 хувиар хувилна гэж хэлсэн. Миний хувьд 8, 9 сард хурга ялгавал 30 хувиар хувилуулмаар байна, яг төлчин гэдгээрээ төлүүлбэл 20 хувиар хувилуулмаар байна гэж хэлж байсан юм. Тэгээд Ч ишиг хургаа ялгаад имээ хийхээр ирсэн. Анх ирээд ам зөрөөгүй. Хамгийн анхны тооцоо хийсэн тэмдэглэлээ харж байгаад бид тоогоо мөргүүлсэн. Мөргүүлэхдээ хонь, ямааны тоо яг таарч байна гээд бүх хониныхоо тоог мөргүүлсэн. Хургаа имнэхээсээ өмнө гараад 33 ишиг имнэсэн. Гэтэл надад ишиг имнэж өгөөгүй. Тэгээд би ишиг төллүүлсэн хувиа авмаар байна гэхэд Ч орж ирээд ишиг өгөх асуудал дээр уурласан юм уу, бүү мэд хонь малаа авна гээд уурласан. Тэгэхээр нь би тэг, тэг гэж хэлсэн. Тэгээд би хониныхоо тооцоог эргэж бодоход Ч танд 470 тооны хурга гарах юм байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би гайхаж байсан. Бид хоёр анх ярихдаа гарсан буюу бойжсон төлөө л хувилна гэж ярьсан. Түүнээс эхэлж ам зөрж өнөөдөр шүүх дээр ирэх хүртлээ маргалдсан. Миний хувьд хамгийн гол нь төллүүлсэн төлийнхөө хувийг авах гээд явж байгаа юм. Анх өөрөө хургаа тоолоод орж ирэхдээ 472 хурга, 33 ишиг тоолсон. Ер нь бол 2020 оны хавар 472 тооны эм хонь, 33 тооны эм ямаа төллөсөн.

Түүнээсээ хургаа хувилаад өгөх байхдаа гэхэд надад хувилж өгөөгүй. Уурлаж уцаарлаад байсан. Ч анх надад хонь өгөхдөө эр эмээр нь ялгаж өгөөгүй, би ч ялгаж аваагүй. Надад 472 хургалсан хонь, 17 сувиа эм хонь, 28 эр хонь, 472 хургыг 2 сарын 02-ны өдөр зүсэлж тоолж өгсөн. 21 эр хонь, эм хониноос нь илүү гарчхаад надаас хурга нэхээд байгаа юм уу, ердөө зохицохгүй юм яриад байх юм. Би Чт бүх хонио яг л тоо ёсоор нь тоолж шүдэлж өгсөн.

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Ч-т эм хонь-472, хурга-472, сувиа эм хонь-17, эр хонь-28, хурган төлөг-380, нийт-1369 толгой хонь, эм ямаа-33, ишиг-33, эр ямаа-18, сувиа ямаа-12, борлон-38, нийт 134 толгой ямаа, нийт 1503 бог мал, үхэр-3, адуу-16 толгойг тус тус хүлээлгэж өгсөн.

Иймд Б.Ч-аас 2020 оны төл болох 472 тооны хурганы 20 хувь болох 94 тооны хурга, 33 тооны ишигний 20 хувь болох 6 тооны ишгийг гаргуулж гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г.Бтэй 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амаар тохиролцож, эм хонь-523, хурга-368, эр төлөг-30, эр ямаа-29, эм ямаа-67, ишиг-36, нийт-1053 толгой бог мал, мөн 2 тугалтай үнээ, 3 бярууг сарын 500 000 төгрөгийн хөлсөөр маллуулахаар тохиролцсон юм. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл өөрийн хэрэгцээнд эр ямаа-8, эм ямаа-22, эр хонь-2, эм хонь-8, нийт 40 тооны мал хүнсэндээ хэрэглэсэн юм. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хурга, ишгээ имнэж тэмдэглэхээр очиход 513 эм хонь хургалахаас 431 хурга, 45 эм ямаа ишиглэхээс 31 ишиг байсан.

Бид хоёр мал гаргуулахаар тохиролцохдоо хонь, ямааны төлийг 100 хувь бойжуулбал 20 хувийг нь цалин дээр нь нэмж төл өгнө гэсэн. Гэтэл би малаа тоолж үзэхэд хурга, ишиг муу бойжуулсан байна, мөн эр хонь муу байна гэснээс болж надтай маргаж малын минь харахгүй гэхэд би чамд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл урьдчилж цалинг өгсөн учир цалингаа дуустал малыг минь харж бай гэсэн.

Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим Б нь хүү О гэгчээр хонь ямааг туулгаж ирэхэд нь би малаа тоолж аваагүй, харин хүү нь ядарсан хургатай 19 тооны манай хонинд үлдсэн. Аав ээж хоёр ирж уулзаж малыг хүлээлцэж өгнө гэж хэлээд яваад өгсөн ба 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б мөн 2 хүүгийн хамт малаа тоолж үзэхэд хурга 413, ишиг 31 байсан. Харин 71 хонь, 5 ямаа, хөх хүзүүтэй эр хонь дутагдуулсан.

Бийг нэхэмжлэл гаргасны дараа 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нутгийн 5 хүний хамт хурга, ишгээ ялгаж тоолоход 385 хурга, 31 ишиг байсан.

Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мал тоолоход дутагдаж байсанд уг асуудлын талаар утасдаад утсаа авахгүй, өөрийн биеэр гэрт нь очоод алга болсон малаа ойр хавиар хай гэхэд дуугарахгүй байсан. Тухайн үед би настай хүнтэй хэл ам хийгээд яах вэ? гээд хүн чанар гаргаж малаа нэхэлгүй орхисон юм.

Миний бие эрүүл мэнд муу байсан учир 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж 2020 оны 2, 4 дүгээр саруудад эмчлүүлж байсан учир малаа эргэж тойрч байгаагүй. Цалин хөлсийг бол цаг тухайд нь өгч байсан юм. Гэтэл миний хариуцуулж өгсөн малаас 71 хонь, 5 ямаа, 5 ишиг, эр хонь 1 толгойг дутагдуулсан атлаа одоо болохоор төл бүрэн бойжуулсан гэж 94 хурга, 6 ишиг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Ер нь бол 513 тооны эм хонь байсан юм. Миний хувьд малаа өөрөө гардаж малладаг байж байгаад ноднин бие тааруу болохоор Б гуай дээр очиж хонь харах уу гэж очиж уулзсан. Бид 2 сарын 500,000 төгрөгөөр тохирсон нь үнэн. Б ах гурван хүүтэй, гэхдээ манай малыг хүүхдүүд маань харахгүй би өөрөө харна гэхээр нь би Б гуайд найдаад хонио харуулах болсон юм. Хүүхдүүд оролцохгүй гэхээр нь л би Б гуайд өгсөн юм. Анх би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б гуайд малаа өгч явуулаад 2019 оны 5 сард хурга хөнгөлөхөд л тоолсон юм. Учир нь, би 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хагалгаанд орчихоод 5 сарын 01-ний өдөр хургаа имнэх гээд очихдоо хагалгаанд маань бохир орчихно гээд хурга, хонио нарийн тоолоогүй юм. Хургагүй хонь 27, 28, эр хонь 20-оод гээд нийт 50 гаран тооны сувиа хонь байсан юм. Нийт 513 хониос 26, 27 тооны хонийг хасаад 480 тооны хонь болсон байсан. Бид тохирохдоо төлийн хувийг 20 хувь өгнө гэж тохирсон. Гэхдээ энэ хугацаанд манай малыг Б гуайн хүүхдүүд харж байсан удаа байдаг. Энэ мэтийг бодоод байхад сүүлд алдагдал дутагдал гарсан байх магадлалтай л байгаа байх гэж бодоод байгаа юм. Үүнийг Б гуай ойлгохгүй байгаа юм уу бүү мэд. Бид хоёр тохиролцоогүй учраас 2019 оны 5 сарын 03-ны өдөр муудаад маргалдсан юм. Тэгэхэд Б гуай чи хонио авдгаараа ав. Би 50 төлийг ялгаж авна гэсэн юм. Тэгэхээр нь би та яагаад 50 төл авч үлдэх ёстой юм бэ гэхэд чи надад төлийн хувь өгнө гэсэн, намар авах төлийн чинь хувийн оронд шууд 50 хонь авч үлдэнэ гэхээр нь би үгүй гэсэн юм. Тэгэхээр нь надад хонийг маань ийш тийш нь болгох юм шиг санагдаад байхаар нь би маргааш нь аймгаас 2 хүн очиж аваад барьж байсан, гэр хонины хашаа, унуулж байсан морьд, 8 сарын 15-ны хүртэл хонийг чинь харна гээд авахуулж байсан мотоциклоо би бүгдийг нь буцааж авсан. Гэхдээ би Б ахыг настай хүн гэж хүндлээд дутаасан хонийг нь ганцыг ч нэхээгүй. Настай хүн будилаа биз, тэртээ тэргүй үхэж үрэгддэг мал гээд би огт тоогоогүй юм. Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ элбэж байгаад хонь, хургыг тус тусад нь тоолоход 71 хонь, 6 ямаа, 431 хурга байсан. 2019 оны 5 сарын 01-ний өдөр авсан гэхээр дөнгөж өчигдөр хургалсан хурга хүртэл дагаж очсон. Тухайн үед хонийг маань Б гуайн хүү өөрөө харуй бүрий шөнө авчирч өгөөд явсан нь үнэн. Тэр үед би шүүх цагдаа болно гэж бодоогүй учраас хаячихсан юм. Би Б ахыг хүндлээд нэг их асуудал үүсгээгүй. Гэтэл төлийн хувь өгөх болохоор 431 хурга гэхээр би Б ахад цөөхөн 10, 20 хурга өгөхөөр болчихож байгаа. Тэгэхэд Б ах өөрөө 10 хэдэн хургатай хонь авч үлдсэн гэж хүү нь надад хэлсэн. Тэгээд би буянаараа болог дараа гээд орхисон. Б гуай над руу утсаар тэдэн хонь үхсэн, тэдэн хонь алга болсон гэж ярьдаг байсан. Б ахыг өөрөө ярьдаг болохоор нь би амаар хасчихаад байсан юм. Тэгэхэд цагаан сараас хойш 3 сарын 8-ны өдрийн хооронд 8 эм хонь, 6 хурга үхсэн гэж хэлж бичүүлж байсан юм. Би яагаад ингэсэн юм бол гэж бодож байсан ч гол нь Б ахад их найдаж, итгэсэн. Тийм ч учраас би хонио тоолохгүй байгаад байсан юм. Ишигний хувьд 45 эм ямаанаас 33 ишиг авсан гээд байгаа. Тэр нь 20 хувиасаа хамаагүй дутаад явж байгаа юм. Хурганы хувьд 487 хонь хургалах байснаас 431 хурга намайг тоолоход байсан. Гэхдээ тэгж үхэхээр хариугүй муу хурганууд их очсон. Б ахын нэг алдаа нь намаржсан газраа өвөлжөөд, өвөлжсөн газраа хаваржсан тул бэлчээр муутай байсан хонь их ядарсан. Тийм учраас үхэл хорогдол их гарсан байх гэж бодоод байгаа. Миний бодохоор малчин хүн хүний мал харж байгаа ч гэсэн өөрийнхөө малыг харж байгаа юм шиг сэтгэлээр хандах ёстой. Гэтэл Б ахын хувьд 2019 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл малыг чинь харна гэж тохирчхоод наана нь малыг чинь харахаа болилоо гэсэн. Бидний хувьд гаргасан гол алдаа нь бичгээр гэрээ хийгээгүй дээ л алдсан юм. Би бичгээр гэрээ хийх талаар бодож байсан ч нутгийн тохитой, настай хүний сэтгэлд нь сэв суулгачхаж магадгүй гээд бичгээр гэрээ хийгээгүй. 2020 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл малыг чинь харж өгнө гээд мотоцикл авахуулчхаад том хүүдээ унуулаад эвдэлж хэмхэлсэн байсан. Энэ бүхэнд би юу ч хэлээгүй. Ер нь Б ах 8 сарын 15-ны өдрийг хүртэл манай малыг харсан бол тэр хониноос Б ах юу ч авахааргүй байсан. Газар нь улаан халцгай, хонинууд гэдэсгүй хэцүү байсан. Яг үнэндээ маргааш нөгөөдөргүй үхэх гэж байгаа хонь тоонд ороод ирсэн. Ирээд зөндөө хонь үхсэн. Тэрийг л Б ах ойлгохгүй надаас юм нэхээд яваад байгаа юм өөр хэлэх зүйлгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр малчин Г.Бийнд хурга, ишгээ имнэхээр очоод хурга ишгээ тоолоход 431 тооны хурга, 31 тооны ишиг байсан. Мөн зүсээр нэг эр хонь дутуу байсан. Ингээд миний бие Г.Бт хурга, ишиг дутуу байна гэж хэлэхэд би танайхаас 20 хувийн төл авахгүй, 40 хувийн төл авна гэж хэлэхээр нь анх тантай мал харуулахаар гэрээ хийхдээ хонь, ямааны төлийг бүрэн авсан тохиолдолд төлийн 20 хувийг өгнө гэж тохиролцсон юу яриад байгаа юм гэж хэлэхэд бидний дунд бага зэрэг үл ойлголцол үүссэн. Гэтэл Г.Б нь танай малыг харж чадахгүй малаа ав гэж надад хандан хэлсэн.

Миний бие тухайн үед малчин Г.Б-т хандаж та 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малыг маань харна гэж гэрээ хийгээд цалинг ч урьдчилан өгсөн. Мөн гэрээний хугацаа дуусаагүй байна. Танд ажлын хөлс болгож өгсөн мөнгөө танаас яаж олж авах вэ, тэгээд ч миний биеийн эрүүл мэндийн байдал тааруу саяхан хагалгаанд орсон 2 сар морь, мотоцикл унаж болохгүй байгаа гэдгээ хэлсэн чинь зөвшөөрөхгүй байхаар 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр очиж малчин Г.Б-т хэрэглүүлж байсан малын хашаа, 4 ханатай эсгий гэр, унуулж байсан 2 морь, ажлын хөлсөнд авч өгсөн Haojue маркийн мотоциклийг буцааж авсан. Тэр оройдоо Г.Бийн төрсөн хүү Б.О орой 18 цаг өнгөрч байхад манай хонь, ямааг тууж авч ирж өгөөд танай хониноос нялх хургатай, ядарсан зэрэг 19 тооны хонь манай хонинд үлдсэн аав, ээж 2 өөрсдөө ирж тантай уулзаж хонь, ямааг чинь хүлээлгэж өгнө гэж хэлээд манай хонь, ямааг гэрийн гадаа орхиод яваад өгсөн.

Маргааш нь буюу 2020 оны 05 сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл миний бие Г.Бийн утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд арга ядаад өөрөө 10-12 настай 2 хүүхдээрээ малаа хашуулж байгаад хонь, ямаагаа өөрөө тоолж үзэхэд 71 хонь, 5 ямаа дутахаар нь хурга, ишгээ ялгаж тоолоход 2020 оны 05 сарын 01-ний өдөр тоолоход 18 тооны хурга дутсан. Тухайн үед Г.Бийг эхтэй нь аваад үлдсэн байна гэж бодоод түүнээс лавлаж асуухаар түүн рүү утсаар залгахад мөн л утсаа авахгүй байхаар нь өөрийн биеэр түүнтэй очиж уулзаад 18 тооны хурга, 71 тооны хонь, 5 ямаа дутаж байгаа талаар хэлэхэд Г.Б нь огт тоохгүй байсан учир настай хүмүүстэй хэл ам хийгээд яахав гэж бодоод хүн чанар гаргаад явсан. Үүнээс хойш манай малаас дутаасан 76 тооны хонь ямааны талаар Г.Бт огт ам нээгээгүй орхисон.

Г.Б нь манай малыг харж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд 6 эм хонь, 8 төлөг, 1 борлон нийт 15 тооны бог мал үхсэн гэж утсаар хэлэхэд нь хонины тооноосоо би хасаж тооцсон гэхдээ тухайн үед үхсэн малын сэг зэм огт үзүүлээгүй тухайн үед миний бие хүн чанар гаргаад өнгөрсөн. Гэвч намайг элэг барин мал дээрээ очиж чадахгүй байгаа байдлыг минь ашиглан миний малыг завшиж байсан.

2020 оны 03 сарын 15-ны өдөр Г.Б, түүний эхнэр Нараа, хүү О нар нь манай гэрт ирээд 2020 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл хонь харах хөлсөндөө өөрөө унах гээд аваад байж байсан Haojue маркийн мотоциклийг гаалийн бичигтэй нь шинээр нь аваад явсан. Гэтэл миний бие Г.Бийг хонь, ямааг маань харахгүй гэхээр нь 2020 оны 05 сарын 01-ний өдөр Haojue маркийн мотоциклийг Г.Бээс очиж авсан. Мотоциклийг авах үед мотоциклийн консны гар хугархай, хянах самбар хагарсан, их гэрлийн хүрээ хагарсан, өвдөгний хамгаалалт нугарсан, маш гамгүй унаж дээрх эвдрэл, гэмтлийг учруулсан байсан боловч тухайн үед төлж өг гэж хэлээгүй за яахав дээ гээд өнгөрсөн.

Г.Ч миний бие тэдний гэр бүл, ар гэрийн байдлыг харгалзан хүн чанар гаргаж байхад намайг үл ойлгон намрын ид ажлын үеэр чирэгдэл учруулж, шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж байгаад маш их гомдолтой байна.

Миний бие Г.Бт 2020 оны 03 сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл 45 хоногийн цалин болох 700 000 төгрөгийг 2 хувааж бэлнээр өгсөн. /жич өмнөх саруудын цалинг байнга урьдчилж өгсөн/

Миний бие Г.Бт 2019 оны 10 сарын 15-ны өдөр 1053 тооны бог мал хүлээлгэж өгөөд 2020 оны 05 сарын 03-ны өдөр малаа хүлээж аваад 2020 оны 05 сарын 13-ны өдөр бог малаа тоолж үзэхэд хонь 65*100 000 төгрөг=6 500 000 төгрөг, төлөг 6*90 000 төгрөг=540 000 төгрөг, ямаа 5*100 000 төгрөг=500 000 төгрөг, борлон 3*60 000 төгрөг=180 000 төгрөг, ишиг 5*35 000 төгрөг=175 000 төгрөг, нийт 84 тооны 7 895 000 төгрөгийн үнэлгээ бүхий бог мал дутаасан мөн дээр нь Haojue маркийн мотоциклийн эвдрэл консны гар 15 000 төгрөг, хянах самбар 75 000 төгрөг, их гэрлийн хүрээ 40 000 төгрөг, нийт 130 000 төгрөг, нийт 84 тооны бог малын үнэ 7 895 000 төгрөг дээр эд хөрөнгөд учруулсан хохирол 130 000 төгрөгийг Г.Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Миний бие Б.Чын малыг нь хөлсөөр харахаар аман яриагаа тохиролцож, 2019 оны 10 сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг давсан ухаан баруун дор нутаглаж байхад нь эхнэр Нарантуяа, хүү О нарын хамт очиж малыг нь хүлээж авсан. Хүлээн авахдаа бог малыг нас хүйсээр нь ялгаж тоолоогүй хонь, ямааг нийлүүлээд тоог гаргасан. Хонийг Г.Б миний бие 921 хонь, С.О гэдэг хүн ямааг тоолж 130, Ч өөрөө хонь ямаа нийлсэн нийт тоог тоолоод 1051 өмнөх тоотой таарч байна гэж хэлээд хүлээлгэн өгсөн. Тэр үед төллөх хонь, төллөх ямааг тусгайлан тоолж өгөөгүй нийтэд нь тоолсон болно. Бид 3 хүлээж аваад, Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг Баруун хэрэм гэдэг газар өөрийн өвөлжөө, хаваржаанд маллаж онд оруулсан. 1051 тооны бог мал 8 үхэр, 18 адууг харахаар тохиролцохдоо хөлсийг нэг сарын цалин 500 000 төгрөгөөр бог малын төлийг 20 хувиар тооцож, төл өгөхөөр амаараа ярилцаж тохиролцсон. 2020 оны 04 сарын 28-нд Чтай аймгийн гэрт нь очиж биеийг нь асуухад хагалгаанд ороод 7 хонож байна, хөдөө явж болох уу хурга, ишгээ имнэе, бог малыг 2 суурь байгаа дээр нь нарийвчлан тоог нь гаргая гэж хэлэхэд Ч би удахгүй хурга, ишгээ имнэхээр очно гэсэн. Ч нь 500 гаруй эм хонь байгаадаа гээд нарийн тоогоо мэдэхгүй байсан. Хонь төллөөд дуусах үед 470 хонь хургалсан. Үлдсэн хонийг хүү О, эхнэр Нарантуяагийн хамт хонины эр охиныг үзэхэд 28 эр хонь, 17 сувай эм хонь, 380 хурган төлөг, 12 сувиа ямаа байсан. 2020 оны 04 сарын 29-ний өдөр аймаг дээрх гэрт нь очиход танай 28 эр хонь байна гэж хэлсэн. Хурга, ишиг имнэхдээ очоод ялгаж үзвэл болно биз дээ гэж хэлсэн. Ч нь 2019 оны 10 сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэл 30 тооны ямаа, 10 тооны хонийг хүнсэндээ хэрэглэсэн. 2020 оны 05 сарын 02-нд Ч эхнэр У, хүүхдүүд 2 туслахын хамт ирж тоолоод өөрөө хурга 472, ишиг 33, эм хонь 472, эм ямаа 33 гэж хурга, ишигний тоогоо тоолж гаргасан. Ч нь өөрөө тоолж имнэсэн. Мөн хонийг хашаанд нас хүйсээр ялгаж тоолоод эм хонь 472, сувай хонь 17, эр хонь 28, хурган төлөг 380, эм ямаа 33, сувай ямаа 12, эр ямаа 18, борлон 38, нийт 897 хонь, 472 хурга, 101 ямаа, 33 ишиг байна гэж тоолоод дэвтэртээ тэмдэглэн авсан.

Ч нь 33 ишиг имнэсэн ба имнэхдээ надад нэг ч ишиг имнэж өгөөгүй, төлийн хувь тооцоогүй. Яагаад төлийн хувь тооцоогүй вэ, төлийн хувиа яах гэж байгаа юм бэ? гэж асуухад ишгэнд хувь өгөхгүй, 30 хэдэн ишигнээс юуг нь авдаг юм гээд уурлаад загнасан. Б гуайтай зохицохгүй юм байна, хонио хурдан авъя гэж эхнэртээ хэлж байсан, хариуд нь би эзэн нь өөрөө малаа авъя гэж байгаа юм чинь ав ав гэж хэлсэн. Хонины тооцоо хийхэд хонины төл авсан хургаа хувилуулна гэж хэлсэн. Ч хэлэхдээ хурга 470 хүрч байвал хувилж өгнө гэсэн. Уас төлийн хувь гаргаж өгөөч гэж би хэлэхэд 472 тооны хонь төллөсний 20 хувь буюу 94 хурга, 33 ямаа төллөсний 20 хувь болох 6 ишиг хувилж өгч болох юм байна гэсэн. 2019 оны 10 сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл мал харах гэрээ хийгээгүй, амаар тохиролцсон. Цалинг урьдчилж аваагүй, хонь хүлээлгэн өгснөөс хойш дутуу цалин авсан. 2020 оны 05 сарын 03-ны өдөр Чын аймаг дээрх гэрт нь очиж уулзахдаа: хонио авах уу гэхэд 05 сарын 05-ны өдрийн дотор авна гэсэн. Гэрт очоод Ч бид хоёр төлийн хувь дээр тохиролцохгүй байсан. Ч нь та бид 2 тохиролцохгүй юм байна. Та Утай ярь гэсэн, миний бие Уас Б гуай нь ямар ч баримтгүй үлдэх хэцүү байна. 472 хурга, 33 ишиг бойжуулж өглөө, энийг баримт болгох арга юу байна вэ гэхэд, У та нотариатаар батлуулж болно гэхэд, Ч нь 2020 оны 05 сарын 04-ний өдөр өөрөө хүлээж авсан тооноос 8 сар хүртэлх хорогдлыг хасаж батлуулна гэж өөрийн эрх ашгийг давамгайлан үзээд тохиролцоогүй. Өөрөө малаа хүлээж авчхаад Б над дээр хорогдол гаргана гэж дээрэлхүү загнасан. 2020 оны 05 сарын 03-ны өдөр Ч, У 2 та хургаа авах үедээ очоод аваарай, манайх худал хэлдэггүй, хүнд өгөх юмаа өгнө, та 2 хүнд хулхидуулж хаширсан юм уу, бид хоёрт итгэ гэж хэлсэн.

2020 оны 05 сарын 04-ний өдөр Ч өөрөө эхнэр хүүхдийн хамт хонио хүлээж авсан. Энэ үйл явцыг ойролцоо хөрш нутагладаг,Э.Д, Ж.Э, Д.Д, С.Н нар мэдэж байгаа болно. Хонь хаваржин хөөцөлдөөд дугуй эвдэрсэн байна уу гэж асуухад, Ч дугуй зүгээр зүгээр эвдэрсэн ч яахав дээ гэж байсан. Мал хүлээлгэн өгснөөс хойш Ч манайх руу залгаагүй. 2020 оны 05 сарын 04-ний өдөр миний бие Чт эм хонь 472, хурга 472, сувай эм хонь 17, эр хонь 28, хурган төлөг 380, нийт 897 хонь, 472 хурга, эм ямаа 33, ишиг 33, эр ямаа 18, сувай ямаа 12, борлон 38, нийт 33 ишиг, 101 ямаа хүлээлгэн өгсөн. Тоолсон тэмдэглэлд гарын үсэг зуруулах гэхээр юуг нь зурдаг юм гээд зурахгүй байсан. Манай ялгаж үлдсэн хонинд хонио хар гэхэд, юуг нь хардаг юм гээд харахгүй байсан.

2020 оны 02 сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэл хонь гэнэт бэлчээрт татан, цагаан хорхойтон үхсэн. Тэр даруйд нь бөөнөөр үхэж байгаа талаар Чт халдварт өвчин байх вий эмч дууд гэж хэлсэн. 6 эм хонь хургалалтын хүндрэлээс хаг нь гарахгүй, сав нь гарсан, 8 төлөг цагаан хорхойтсон, 1 борлон самнасны дараа, ямаагаа самнахаа ирэхэд нь сэгнүүдийг бөөгнүүлсэн байсан. Энэ үхсэн малыг задлаад үз, бүтнээрээ байна гэж хэлэхэд яахав, яахав үхэх нь үхэг гээд байсан. Ойр нутаглаж байсан хүмүүс бүгд харсан байсан болно. Малын эмч Дэмбэрэлваанчигт мал гэнэт үхээд байна гэж хэлэхэд цагаан хорхой байж магадгүй гэж хэлсэн. Цагаан хорхойн эм тариа хэрэгтэй байна гэхэд, эм тариа авч өгөхгүй байсан. Хургалаад хаг нь унахгүй байгаа хонинуудыг Ч өөрөө харсан. Ч нь намайг өвчтэй байхад миний малыг завшсан гэж худлаа малын тоогоо бичиж 2020 оны 05 сарын 04-ний өдөр өөрөө эхнэр, хүүхдийн хамт малаа ирж хүлээж авчхаад гадаа хаяад явсан зэргээр худлаа хүнийг гүтгэн, нэр төрийг гутааж байна. Төлийн хувиа өгөхгүй хүний хөдөлмөрийг мөлжиж, санаатай худлаа гүтгэж байгаад гомдолтой байна. Иймд Б.Чын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Чт холбогдуулан 4 470 000 төгрөгийн үнэ бүхий 94 тооны хурга, 6 тооны ишиг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээний үүрэг болох 7 895 000 төгрөгийн үнэлгээ бүхий 84 тооны бог мал болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 130 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Чаас 94 тооны хурга, 6 тооны ишиг гаргуулахаар, харин хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Ч нь нэхэмжлэгч Г.Бээс 84 тооны бог мал болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 130 000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус тодруулсан.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хариуцагч Б.Чаас 86 хурга, 6 ишиг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 хургыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 84 тооны бог мал гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 130 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Бээс гаргуулан хариуцагч Б.Чт олгож шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч Г.Бээс хариуцагч Б.Чт холбогдуулан 94 тооны хурга, 6 тооны ишиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно..., 42 дугаар зүйлийн 42.1-д ...хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар.., хийнэ... гэж тус тус хуульчилжээ.

Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амаар хэлэлцэн тохиролцож, нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Чаас 921 хонь, 130 ямаа /сөрөг нэхэмжлэгч 132 ямаа/, 8 үхэр, 16 адуу хүлээн авч, уг аман хэлцлээр нэхэмжлэгч Г.Б хариуцагч Б.Чын дээрх тооны малыг хариулах, хариуцагч Б.Ч хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг нэхэмжлэгч Г.Бт 1 сарын 500 000 төгрөг төлөх, төлийн 20%-ийг өгөх зэрэг үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Ч нар энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

Харин талууд хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон төлийн 20%-ийн талаар маргах бөгөөд нэхэмжлэгч Г.Б тухайн жилд төллөсөн малын хэмжээгээр төлийн 20%-ийг гаргуулахаар, хариуцагчийн зүгээс тухайн жилд авах ёстой төлөө бүрэн тоогоор нь авч чадаагүй тул гэрээний дагуу тохиролцсон төлийн 20%-ийг төлөхгүй хэмээн татгалзаж, улмаар талуудын хооронд цаашид гэрээний үүргээ үргэлжлүүлэхээс татгалзаж, нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Чт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр малыг нь хүлээлгэн өгчээ.

Дээрх зохигчдын тайлбараас үзэхэд талууд гэрээнээс татгалзаж, нэг тал нь гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж, нөгөө тал нь цаашид хийх ажлаа гүйцэтгэхээс татгалзаж тохиролцсон хөлсөө шаардсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 362 дугаар зүйлийн 362.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б нь 2020 оны хавар 472 хурга, 33 ишиг төллөсөн, үүний 20%-ийг авна гэж шүүхэд өөрийн гараар бичиж нотариатаар батлуулсан гар бичмэл бүхий баримтыг хавсаргасан хэдий ч уг баримтыг хэн, хэзээ бичсэн нь тодорхойгүй, талууд мал хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зураагүй байх ба нэхэмжлэгч Г.Б 2020 оны хавар 472 хурга, 33 ишиг төллүүлснийг хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотолж чадаагүй.

Гэвч хариуцагч Б.Чаас шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлахдаа 431 хурга, 31 ишиг төллөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 362 дугаар зүйлийн 362.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хөлсөө хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

Түүнчлэн, энэ талаарх үйл баримт буюу Г.Б нь Б.Чын малыг малласны хөлсөнд нийт төллөлтийн 20%-ийг авахаар тохиролцож байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар шүүхэд гэрчээр асуугдсан Ж.Энхтөмөр, Э.Дашдорж, С.Наранцацрал, Б.О нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байна.

Мөн Г.Бээс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Чт мал хүлээлгэж өгөхдөө 8 хургыг өөртөө авч үлдсэн, уг 8 хургыг Б.Чын өөрт нь буцаан өгч болно хэмээн шүүх хуралдаанд тайлбарласныг дурдвал зохино.

Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 94 хурга, 6 ишиг гаргуулахыг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд буюу 431 хургын 20% болох 86 хурга, 31 ишигний 20% болох 6 ишигээр тооцож, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

2. Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Ч нь нэхэмжлэгч Г.Бээс 84 тооны бог мал гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Ч хавтаст хэрэгт Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 573 дугаартай албан бичиг, эмнэлгийн магадлагаа, 2020 оны гар бичмэл бүхий нотариатаар батлуулсан баримт, иргэн О.Эрдэнэбаатар, М.Дуламжав нарын иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үнэлгээний комиссын хохирлын үнэлгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтууд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй бөгөөд маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байна гэж үзлээ.

Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн 84 тооны бог мал гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ ...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г.Бийн хүү Б.О орой 18 цаг өнгөрч байхад хонь, ямааг тууж ирээд манай гэрийн гадаа орхиод яваад өгсөн. Маргааш нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Г.Бийн утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд арга ядаад 10-12 настай 2 хүүхдээрээ малаа хашуулж байгаад хонь, ямаагаа өөрөө тоолж үзэхэд 71 хонь, 5 ямаа дутсан. Энэ талаар Г.Бт хэлэхэд огт тоохгүй байсан... гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь 84 тооны бог мал дутагдуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, хариуцагч Б.Ч нь сөрөг нэхэмжлэлийн тайлбар, түүний үндэслэлээ нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж хуульд заасан өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд, сөрөг нэхэмжлэгч Б.Чын нэхэмжлэгч Г.Бээс 84 тооны бог мал гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Ч нь нэхэмжлэгч Г.Бээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 130 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас.. ..эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж зааснаар сөрөг нэхэмжлэгч Б.Ч гэм хорын хохирол шаардах эрхтэй байна.

Сөрөг нэхэмжлэгч Б.Ч нь ...Haojue маркийн мотоциклийг гаалийн бичигтэй нь шинээр авч, Г.Бт миний хонийг харахад нь ашиглуулж байсан. Гэтэл хонь, ямааг маань харахгүй гэхээр нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мотоциклийг Г.Бээс очиж авсан. Мотоциклийг авах үед мотоциклийн конусны гар хугархай, хянах самбар хагарсан, их гэрлийн хүрээ хагарсан, өвдөгний хамгаалалт нугарсан, маш гамгүй унаж дээрх эвдрэл, гэмтлийг учруулсан хэмээн 130 000 төгрөгний зарлагын баримт болон мотоциклийн эвдрэл, гэмтлийг харуулсан 2 гэрэл зургийг хавсаргаж тухайн Haojue маркийн мотоциклийн эвдрэл конусны гар 15 000 төгрөг, хянах самбар 75 000 төгрөг, их гэрлийн хүрээ 40 000 төгрөг, нийт 130 000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ч мотоциклийн эвдрэлд сэлбэгийн үнэ 130.000 төгрөгийн үнэлгээ бүхий сэлбэгийн баримтыг шүүхэд ирүүлсэн. Уг сэлбэгийн үнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргаагүй учраас нэхэмжлэгч Бээс 130.000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баярсайхан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч Б.Ч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоход татгалзах зүйлгүй гэснийг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 362 дугаар зүйлийн 362.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Чаас 86 хурга, 6 ишиг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 хургыг хэрэгсэхгүй болгож,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Г.Бээс 130 000 төгрөгийг гаргуулан хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Чт олгож, 84 тооны бог мал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чаас 80 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид,

Хариуцагч Б.Чын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Бээс 4 550 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Чт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН

ШҮҮГЧИД Б.МАРИНА

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ