Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 226/МА2020/00027

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр          Дугаар 226/МА2020/00027                              Хэрлэн сум

 

Б-ийн нэхэмжлэлтэй,

Ч-т холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00027/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгч Б-, түүний өмгөөлөгч О.Дүүриймаа,

Хариуцагч Ч-, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 791 дугаар шийдвэртэй Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч-т холбогдох “4470000 төгрөгийн үнэ бүхий 94 тооны хурга, 6 тооны ишиг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 7895000 төгрөгийн үнэлгээ бүхий 84 тооны бог мал болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 130000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч-ын давж заалдах гомдлоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ч-ын 921 тооны хонь ямаа, 8 тооны үхэр, 16 тооны адуу, нийт 1075 толгой малыг хөлсөөр хариулж малласан. Бид сарын 500000 төгрөг, төлийн 20 хувийн хөлс авахаар амаар тохиролцсон. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ч-ын малыг хүлээж авахдаа нас хүйсээр нь ангилж тоолоогүй, хонь, ямааг нийлүүлээд тоог нь гаргасан. Цалинг өөрийн ХААН банкны 5949002287 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 07-нд 1000000, 2020 оны 6 дугаар сарын 01-нд 200000, 2020 оны 6 дугаар сарын 23-нд 250000 төгрөгийг тус тус авсан. Бусад цалин хөлсийг бэлнээр авсан. Уг 1075 толгой малаас 24 тооны хонь, 29 тооны ямаа, 5 тооны үхэр, нийт 58 тооны малыг Ч- өөрийн хэрэгцээнд зарцуулсан. 2020 оны хавар 472 тооны эм хонь, 33 тооны эм ямаа төллөсөн. 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ч-т 472 тооны эм хонь, мөн тооны хурга, 17 тооны  сувиа хонь, 28 тооны эр хонь, 380 тооны хурган төлөг, нийт 1369 тооны хонь, 33 тооны эм ямаа, мөн тооны ишиг, 18 тооны эр ямаа, 12 тооны сувиа ямаа, 38 тооны борлон, нийт 134 тооны ямаа, нийт 1503 тооны бог мал, 3 тооны үхэр, 16 тооны адуу зэргийг хүлээлгэж өгсөн. 2020 оны 5 дугаар сарын 27, 28-нд Ч- нь манайд ирэхдээ хонь дутсан гэж хэлээгүй. Надад бог малын төлийн 20 хувиар тооцож өгөөгүй. Иймд Ч-аас 2020 оны төл болох 472 тооны хурганы 20 хувь болох 94 тооны хурга, 33 тооны ишигний 20 хувь болох 6 тооны ишгийг тус тус нэхэмжилнэ. Ч- нь мотоциклоо өөрөө авсан. 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хонь цагаан хорхойтож үхэж байсан бөгөөд энэ талаар Ч- өөрөө мэдэж байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Ч- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Миний бие Б-тэй 523 тооны эм хонь, 368 тооны хурга, 30 тооны эр төлөг, нийт 921 тооны хонь, 29 тооны эр ямаа, 67 тооны эм ямаа, 36 тооны ишиг, нийт 132 тооны ямаа, нийт 1053 тооны толгой бог мал, 2 тооны тугалтай үнээ, 3 тооны бярууг сарын 500000 төгрөгөөр харуулахаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амаар тохиролцсон. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 8 тооны эр ямаа, 22 тооны эм ямаа, 2 тооны эр хонь, 8 тооны эм хонь, нийт 40 тооны мал хүнсэндээ хэрэглэсэн. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хурга, ишгээ имнэхээр очиход 513 тооны эм хонь хургалахаас 431 хурга, 45 тооны эм ямаа ишиглэхээс 31 ишиг байсан. Бид төл 100 хувь авсан тохиолдолд төлийн 20 хувийг цалин дээр нэмж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Б- нь төлийг 100 хувь төллүүлээгүй, дээр нь мал дутаасан байсан. Б-т энэ талаар хэлэхэд бидэнтэй маргаж цаашид малыг маань маллахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьдчилан төлсөн цалингийн хэмжээнд буюу 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малыг маань харж бай гэж хэлсэн. Гэтэл 202 оны 5 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим Б-ийн хүү О- малыг маань тууж ирээд “ядарсан, хургатай гээд нийт 19 тооны хонь манай хонинд үлдсэн, аав ээж хоёр ирж уулзаж малыг чинь хүлээлгэж өгнө гэсэн” гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед би малаа тоолж аваагүй бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Б-ийг хүлээгээд ирэхгүй болохоор нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Батжаргал, хоёр хүүгийн хамтаар малаа тоолж үзэхэд хурга 413, ишиг 31 байсан. Харин 71 тооны хонь, 5 тооны ямаа, хөх хүзүүтэй эр хонь зүсээр дутсан. Б-т мал дутсан талаар хэлэх гэхэд утсаа авахгүй байсан болохоор өөрийн биеэр гэрт нь очоод хэлээд “алга болсон малаа ойр хавиар эрж хайя” гэхэд огт дуугарахгүй байсан. Б-ийг нэхэмжлэл гаргасны дараа 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нутгийн 5 хүний хамт хурга, ишгээ ялгаж үзэхэд 385 тооны хурга, 31 тооны ишиг байсан. Б- миний хариуцуулж өгсөн малаас 71 тооны хонь, 5 тооны ямаа, 5 тооны ишиг, 1 тооны эр хонь дутагдуулсан атлаа одоо болохоор төл бүрэн бойжуулсан гэж 94 тооны хурга, 6 тооны ишиг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Б-т 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1053 тооны бог мал хүлээлгэн өгөөд 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр малаа хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тоолоход хонь 65х100000=6500000, төлөг 6х90000=540000, ямаа 5x100000=500000, борлон 3х60000=180000, ишиг 5х35000=175000 төгрөг, нийт 84 тооны бог буюу 7895000 төгрөгийн үнэлгээ бүхий бог мал дутсан. Мөн Б- нь миний “Haojue” маркийн мотоциклыг эвдэлж надад консны гар 15000, хянах самбар 75000, их гэрлийн хүрээ 40000, нийт 130000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд Б-ээс 84 тооны бог буюу 7895000 төгрөгийн үнэлгээ бүхий бог мал дээр эд хөрөнгөд учирсан хохирол 130000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

              Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 362 дугаар зүйлийн 362.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ч-аас 86 хурга, 6 ишиг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 хургыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б-ээс 130000 төгрөгийг гаргуулан хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ч-т олгож, 84 тооны бог мал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч-аас 80710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Ч-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 143350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б-ээс 4550 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч-т олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ч- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх надаас 86 тооны хурга, 6 тооны ишиг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, мөн миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 84 тооны бог мал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие Б-тэй 2019 оны 10 дугаар сарын 15-наас 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд малаа маллуулахаар, хөлсөнд нь сар бүр 500000 төгрөг өгөхөөр амаар тохиролцсон. Би Б-т 523 тооны эм хонь, 268 тооны хурга, 30 тооны эр төлөг, нийт 921 тооны хонь, 29 тооны эр ямаа, 67 тооны эм ямаа, 36 тооны ишиг, нийт 132 тооны ямаа, нийт 1053 тооны бог мал хүлээлгэн өгч, сарын хөлсийг 2-3 сараар урьдчилж өгсөн. 2020 оны 3 дугаар сард гэрээний хугацаа дуусах үед Б- нь “гэрээгээ сунгая, малыг чинь төллүүлье” гэсний дагуу 2020 оны 3 дугаар сарын 15-наас 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээ сунгагдсан. Б- 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цалин хөлсөө урьдчилж бөөнөөр нь авсан. Би Б-тэй төлийг 100 хувь авсан тохиолдолд төлийн 20 хувийг өгөхөөр тохиролцсон. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төл малаа тоолоход 431 хурга, 31 ишиг байсан. Би Б-т “төл муу төллүүлсэн байна, мөн эр хонь зүсээр дутаж байна” гэж хэлэхэд Б- уурлаж “танай малыг харахгүй” гэхээр нь тохиролцсон хугацаа буюу 2020 оны 8 дугаар сарын 15-ныг хүртэл малыг маань малла гэхэд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б-т хэрэглүүлж байсан эсгий гэр, мотоцикл, хонины хашаа зэргийг буцааж авсан. 2020 оны 5 дугаар сарын 03-ны орой Б-ийн хүү О- манай малыг тууж ирээд “ядарсан, хургатай гээд нийт 19 тооны хонь манайд үлдсэн, аав ээж хоёр ирж уулзаад малыг чинь хүлээлгэж өгөх байх” гэж хэлээд орхиод явсан. 2020 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл Б-ийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь малаа тоолтол хурга 413, ишиг 31 байсан бөгөөд 71 тооны хонь, 5 тооны ямаа, мөн хөх хүзүүтэй эр хонь зүсээр дутсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь бойжуулсан төлийн 20 хувийг авахаар тохиролцсон, энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзсэн нь гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь бодитой харьцуулж дүгнээгүй байна. Гэрч О- нь нэхэмжлэгчийн хүү учир эцгийнхээ талд мэдүүлэг өгсөн байх магадлалтай . Мөн гэрч Н, Д, Э нар нь Б- бид хоёрыг мал төллүүлэх тал дээр хоорондоо хэрхэн тохиролцсоныг огт мэдэхгүй, зайтай нутагладаг хүмүүс юм. Шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэрчид тавьсан асуулт нь эхлээд талуудын хороонд хөлсөөр мал маллуулах гэрээ хийгдсэн эсэх, хэрхэн тохиролцсон талаар мэдэх эсэхийг асууж тодруулалгүй шууд “хөлсөөр ажиллах гэрээний цалин хөлсийг хэрхэн тохиролцсон бэ” гэж хөтөлсөн асуулт тавьсан, гэрчүүд нь “...сарын 500000 төгрөг, төлийн 30 хувиар, 20 хувиар тохиролцсон, 470-аад хонь, 30 гаруй ямаа төллөсөн гэж ярьж байсан...” гэх мэтээр дам сонссон талаар мэдүүлсэн зэргээс үзэхэд эргэлзээгүй, үнэн зөв мэдүүлэг биш юм. Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй гэж үзэж байна. Шүүх гэрээний талаар нарийн тодорхой дүгнэлт хийгээгүй, миний тайлбарыг анхаарч үзээгүй атлаа 84 тооны бог мал гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, зөвхөн төлийн талаар хэрхэн тохиролцсон тухайд дүгнэлт хийж, тэр талаар мэдэхгүй гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж үзэж шийдвэрлэсэн, мөн “...талууд гэрээнээс татгалзаж, нөгөө тал нь цаашид хийх ажлаа гүйцэтгэхээс татгалзаж хөлсөө шаардсан нь Иргэний хуулийн 362 дугаар зүйлийн 362.1-д заасантай нийцсэн” гэж надаас 86 хурга, 6 ишиг гаргуулахаар шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б-, хариуцагч Ч- нар 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: “Хариуцагч Ч- нь нэхэмжлэгч Б-т 30 тооны хурга, 30 тооны ишгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр, хариуцагч Ч- нь мотоциклын эвдрэл гэмтлийн үнэ болох 130000 төгрөг, 84 тооны бог мал гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч Б- нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86470 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаас тус тус татгалзаж, нэхэмжлэгч Б-ийн хариулгад байгаа Ч-ын 8 тооны хургыг Ч- нь нэхэмжлэхээс татгалзаж, Б-т ажлын хөлсөнд өгөхөөр талууд харилцан тохилцов” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Ч-т холбогдуулан “4470000 төгрөгийн үнэлгээтэй 94 тооны хурга, 6 тооны ишиг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч- эс зөвшөөрч “хөлсөөр ажиллах гэрээний үүрэг болох 7895000 төгрөгийн үнэлгээтэй 84 тооны бог мал болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 130000 төгрөг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Ч- нь нэхэмжлэгч Б-ийн хариулгад байгаа 8 тооны хургыг ажлын хөлсөнд тооцож өөрт нь үлдээх, 30 тооны хурга /нийт 1350000 төгрөгийн үнэлгээ бүхий/, 30 тооны ишгийг /нийт 900000 төгрөгийн үнэлгээ бүхий/-ийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр, Ч- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа, Б- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86470 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас тус тус татгалзаж эвлэрлийн гэрээг байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ШШ2020/00791 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б-, хариуцагч Ч- нарын 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Зохигчид хяналтын шатны журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                    ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ                    

                                                                                                    Я.АЛТАННАВЧ