Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/03884

 

2021 11 25 101/ШШ2021/03884

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,,,,,

түрээсийн гэрээний хохиролд 106.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аманбек, түүний өмгөөлөгч Э.Билгүүн, гэрч Ё.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч 2020-11-06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний танил 2020 оны 5-р сарын сүүлээр Нарантуул зах дээр цайны газар зарна гэж байна авах уу гэхээр нь уг цайны газрыг очиж үзсэн ба өөр бусад хүмүүс ч авах гээд сонирхож байгааг хэлсэн. Би тэр хавьд ажилладаг хүмүүсээс үнэ ханшийг сонирхоход цайны газрын эрхийг 100 гаруй сая төгрөгөөр авдаг гэдгийг олж мэдсэн. Нарантуул худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мишээлтэй уулзахад тэрээр өргөтгөлийн 08 тоот цайны газар ашигтай байрлалтай, манай компани ойрын хугацаанд захын өргөтгөлийг буулгаж үйлчилгээний төв барих гэж байгаа, түрээслэгч нараа шинэ барилга ашиглалтад орохоор талбай өгнө, та нар түрээсийн гэрээ байгуулбал насны хоолтойгоо залгана, миний хэлснээр бүх гэрээ хэлцлийг хийнэ шүү гэсэн. Ингээд нөхөр Т.Батсайхантай зөвлөлдөхөд миний санааг зөвшөөрч Сидан ХЗХ-ноос өөрийн амьдардаг орон сууцаа барьцаалж 90,000,000 төгрөгийг зээлж, Нарантуул олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мишээлийн өөрийн данс руу 10,000,000 төгрөг, хэлсэн өөр данс руу 80,000,000 төгрөгийг миний нөхөр Т.Батсайхан нь өөрийн данснаас шилжүүлснээр 2020-6-03-ны өдөр 8 тоот нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн гэрээг байгуулж, цайны газраа хүлээн авсан.

Улмаар тус цайны газарт хүлээн авсныхаа дараа 10-аад сая төгрөгийн иж бүрэн засвар тохижилт хийж, гал тогооны тоног төхөөрөмж 6,000,000 төгрөгт худалдан авсан. Нарантуул худалдааны төвийн ажилтнууд 2020 оны 9-р сараас намайг янз бүрээр дарамталж сүүлдээ цайны газрын 2020-6-3-ны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус цайны газрыг 2020-11-6-ны дотор яаралтай чөлөөл гэж 2020-11-5-ны өдөр ДБ-40 тоот мэдэгдэл хүргүүлж, дарамталж буй учир аргагүй эрхэнд зөрчигдсөн эрхээ хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрсэн болно.

Мөн шүүхэд хандахад хүрсэн өөр нэг шалтгаан нь бид энэхүү цайны газрыг авахдаа Сидан ХЗХ-оос өндөр хүүтэй зээл авсан, мөн цайны газрын түрээсийн гэрээний хугацаа 2021-6-3-ны өдөр дуусах байхад хууль бус шаардлага тавьж, гэрээг цуцлах мэдэгдэл өгч байгаа нь бидний бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, Сидан ХЗХ-ны үндсэн зээл болон хүүг төлж чадахгүй болж, ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүй, барьцаанд буй өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө ч алдаж хохирч болзошгүй ноцтой хэмжээнд асуудал үүсээд байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг анхаарч ойлгоно гэдэгт гүнээ итгэж байна.

Миний бие нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн 8 тоот гэрээний 2.1, 2.2 дахь заалтыг биелүүлэхийг Нарантуул трейд ХХК-аас шаардаж, 2020-11-05-ны өдөр хохирол нэхэмжлэх тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн болно.

Иймд 2020-6-3-ны өдрийн 08 тоот нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн гэрээний хохиролд 106,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ /1-р хх-1-2/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Отгонжаргал нь нарантуул худалдааны төвд цайны газар түрээслэхээр иргэдэд өгсөн мөнгө, засвар хийсэн зардалд нийт 106 сая төгрөг нэхэмжилж байгааг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн Отгонжаргал нь нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн бөөний худалдааны төвийн гүйцэтгэх захиралтай байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Үндэслэл нь Нарантуул трейд ХХК нь үйл ажиллагаагаа ил тод шударгаар явуулах зорилгоор түрээсийн гэрээ байгуулах, түүнийг хянах, батлах журмыг гүйцэтгэх захирлын тушаалаар баталж дагаж мөрдөж байгаа. Энэхүү журмаар түрээсийн гэрээг менежер, зохион байгуулагч нар байгуулах бөгөөд түүнийг хянаж батлахыг гүйцэтгэх захирал эдэлдэг байгаа. Уг журмыг боловсруулан баталсан этгээд нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мишээл юм. Гэтэл тэрээр уг журмыг зөрчиж өөрт нь олгосон эрх мэдлийг урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож бусдаас авилга авах нөхцөлийг бүрдүүлж, энэхүү үйлдлээ нуун дарагдуулахын тулд менежер, зохион байгуулагчийн гарын үсгийг хуурамчаар зурсан байгаа. Өөрөөр хэлбэл Отгонжаргалтай байгуулсан түрээсийн гэрээнд Мишээл гарын үсэг зурсан байдаг.

Харин иргэн Отгонжаргал нь өөртөө давуу байдал олж авахын тулд нарантуул худалдааны төвд шударгаар хөдөлмөр эрхэлж байгаа 10,000 гаруй хүмүүсийг уландаа гишгэж, нэхэмжлэлдээ цайны газар ажиллуулах эрх авахдаа 100 сая төгрөг төлдөг талаар бичсэн байгаа тул өмчлөх эрх эд хөрөнгө аваагүй түрээсийн гэрээ байгуулах гэдгээ мэдэж байсан гэж үзэж байна. Мөн түрээсийн гэрээ байгуулахаас өмнө иргэд хооронд шилжүүлсэн мөнгө манай компанид ямар ч хамааралгүй, дансны хуулгад нэр дурдагдсан Б.Мишээл нь манай компаний худалдааны төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд мөн боловч нэхэмжлэгч Отгонжаргал нь иргэнд шилжүүлсэн мөнгөө манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Хуулийн этгээд түрээсийн гэрээ байгуулснаар хувь хүний данс руу мөнгө шилжүүлэх зүйл хийхгүй бөгөөд иргэн Отгонжаргалаас компанийн зүгээс нэг ч төгрөг орж ирээгүй, аваагүй. Тиймээс түүний мөнгөө шилжүүлсэн байдал нь Б.Мишээл, Зулбаатар, Отгонжаргал нарын хоорондын тооцоо, авилгал өгч авсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа тул энэхүү бусармаг этгээдүүд нь хувийн хэвшлийнхэнд халдах болоод байгааг анхаарч үзнэ үү.

Засварын зардлын тухайд нэхэмжлэгч талын үзэж байгаагаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж байгаа бол засвар хийх тохиолдолд заавал түрээслүүлэгчээс зөвшөөрөл авахыг түрээсийн гэрээний 6.2-т заасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Хариуцагч өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын 2020-6-3-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй буюу улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийгдээгүй байгаа нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус байна. Түрээслэх эрхийг худалдан авах тухай зохицуулалт байхгүй, түрээслэх эрх гэдэг нь худалдах худалдан авах харилцаанд оролцох боломжгүй буюу дамжуулан түрээслэх, худалдана гэдэг ойлголт байхгүй. Маргаан бүхий цайны газрын тухайд өмчлөх эрх нь хариуцагч Нарантуул трейд ХХК-нд байгаа. Компаний тодорхой нэг удирдлагад авилгал өгөх замаар нэхэмжлэгч өөртөө давуу байдал бий болгосон талаар сая итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлж байгаа боловч иргэний эрх зүйн маргаан эсэх, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа эсэхийг шүүх анхаарч үзэх ёстой. Түрээсийн гэрээ байгуулсан Б.Мишээл нь нарантуул худалдааны төвийн гүйцэтгэх захирал болохоос биш хариуцагч Нарантуул трейд ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэв.

Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь хариуцагч Нарантуул трейд ХХК-нд холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 08 дугаартай нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээс-ийн гэрээний хохиролд 106,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1-р хх-1-2/.

 

Дээрх шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг 2021 оны 5-р сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд ...нэхэмжлэлийн 90 сая төгрөг нь шилжүүлсэн төлбөр, бидний зүгээс засвар хийсэн байдал, шилжүүлсэн мөнгө, тоног төхөөрөмж худалдаж авсныг хохирол гэж үзэж, хохирлоо нэхэмжилж байгаа... гэж тайлбарласан /1-р хх-203/.

 

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...түрээсийн гэрээг худалдааны төвийн гүйцэтгэх захирал дангаар байгуулах эрхгүй, түрээсийн гэрээ байгуулахаар урьдчилгаа төлбөр авдаггүй, түрээсийн гэрээ байгуулахаас өмнө иргэдэд шилжүүлсэн мөнгийг компани аваагүй, уг гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлан, маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар иргэн Т.Батсайхан нь 2020-5-13-нд 5085222292 тоот данс руу 10,000,000 төгрөгийг Батсайханаас урьдчилгаа гэх гүйлгээний утгаар /1-р хх-13/, 2020-5-20-нд 5154048101 тоот данс руу 70,000,000 төгрөгийг Батсайханаас эрх шилжүүлэх төлбөр гэх гүйлгээний утгаар /1-р хх-14/,2020-5-22-нд 5154048101 тоот данс руу 7,500,000 төгрөгийг эрх шилжүүлэх үлдэгдэл гэх гүйлгээний утгаар /1-р хх-14/ тус тус шилжүүлсэн байх бөгөөд тухайн дансны эзэмшигч нь Б.Мишээл, А.Зулбаатар гэх иргэд болохыг Хаан банк ХХК тодорхойлсон /2-р хх-61/.

 

Харин нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь Нарантуул трейд ХХК-тай 2020 оны 6-р сарын 3-ны өдөр 08 тоот нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээс-ийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар түрээслэх, гэрээгээр тогтоосон түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүргийг хүлээсэн байна /1-р хх-21-22/.

 

Дээрх гэрээний дагуу 2020-6-29-нд 1,730,453 төгрөг, 2020-7-30-нд 1,744,209 төгрөг, 2020-8-31-нд 2,137,794 төгрөг, 2020-9-30-нд 2,188,982 төгрөг, 2020-10-31-нд 1,941,492 төгрөгийг төлсөн тухай Голомт банкны орлогын мэдүүлэг, Нарантуул зээлийн төв салбар гэх баримтад Голомт банк теллер 180 гэсэн тэмдэг дарж, гарын үсэг зурсан байх бөгөөд харилцагч нь ӨЦГ-008 гэж, харилцагч нэр Даваа Анар гэж бүртгэгдсэн баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн /1-р хх-15-19/ байх бөгөөд хариуцагч талаас тухайн цаг хугацааны түрээсийн төлбөрийн талаар маргаан гаргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Аливаа гэрээ, хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах ба Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж дүгнэхээр байх тул тухайн гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго, сэдлийн хувьд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тиймээс дээрх түрээсийн гэрээнд урьдчилгаа төлбөр төлөх талаар тохиролцоо хийгдээгүй байх тул иргэн Т.Батсайханаас 2020 оны 5-р сард 3 удаагийн зарлагын гүйлгээгээр бусад шилжүүлсэн 87,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Отгонжаргал 2020-6-3-ны өдөр байгуулсан 8 тоот түрээсийн гэрээний хохирол гэж шаардаж байгаа үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

 

Тухайн төлбөрийг шилжүүлсэн гэх иргэн Т.Батсайхантай нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь гэр болохыг нотолсон гэрлэлтийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан /1-р хх-6/ байх боловч иргэн Т.Батсайханыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, хэргийн 1-р хавтасны 134-р талд авагдсан итгэмжлэл нь 2021-3-30-ны өдрийн огноотой байхад иргэн Ч.Отгонжаргал нь 2020-11-6-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Ийнхүү тодорхойлон гаргасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгах нь шүүхийн үүрэг тул хуулийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар нэхэмжлэлд тусгахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар хуульчилсан.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой ба нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2-ыг ялган зааглаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар нэхэмжлэгч ямар шаардлага гаргах, улмаар шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг шийдвэрлэх боломжтой.

 

Тиймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байх, хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхийг тодорхойлохоос гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлагын дагуу мэтгэлцэх, шүүхийн шийдвэр тодорхой буюу ойлгомжтой, биелэгдэх боломж зэрэгтэй шууд холбоотой байдаг тул иргэн Т.Батсайханаас бусад руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний хохиролд шаардаж буй үндэслэл нь ойлгомжгүй байна.

 

Хариуцагч талаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийг хангаагүй, худалдааны төвийн гүйцэтгэх захирал түрээсийн гэрээг дангаар байгуулах эрхгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

Хуульд хэлцлийн хэлбэрийг амаар, бичгээр, үйлдлээр хийхээр заасан бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлнэ гэж заасан ба талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохирсон бол хуульд заасан хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зохицуулсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн нийт талбайн хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Нарантуул трейд ХХК-ийн нэрээр гарсан бөгөөд нэхэмжлэгчид түрээсэлсэн цайны газар нь 36 м.кв талбай тул тусдаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй гэж тайлбарласан.

 

Мөн зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгсөн ба нэхэмжлэгч нь эзэмшиж, ашиглаж, төлбөр төлөх үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул хуульд заасан хэлбэрээр гэрээ хийгээгүй нь талуудын хооронд хийгдсэн хэлцэл, хүсэл зорилгын илэрхийлэл болон тэдгээрийн нэгдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх зохицуулалт нь тухайн үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлийн гэрчилгээтэй байхыг ойлгох бөгөөд өмчлөгчөөр бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн тодорхой нэг хэсэг талбайг түрээслүүлж байгаа тохиолдолд хэсэг талбайн хэмжээгээр улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй.

 

Хариуцагч талын татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргасан Нарантуул трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02-р сарын 25-ны өдрийн 27 дугаар тушаалд гүйцэтгэх захирал Б.Мишээл гэж гарын үсэг зурсан, уг тушаалаар түрээсийн гэрээний жагсаалт болон хариуцах алба, нэгж, гэрээ хийх албан тушаалтныг хавсралтын дагуу баталсан /1-р хх-97-99/ энэхүү тушаал шийдвэр нь гадагш чиглэсэн харилцаанд хамаарахгүй.

 

Тиймээс иргэн Ч.Отгонжаргал нь түрээсийн гэрээг хариуцагч компаний ямар алба болон албан тушаалтантай байгуулахыг мэдэх боломжгүй бөгөөд 2020-6-3-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд Нарантуул трейд ХХК-ийн нарантуул олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мишээл гэж гарын үсэг зурсан /1-р хх-21/, түүнийг худалдааны төвийн гүйцэтгэх захирлаар 2017-7-26-ны өдрийн 03 тоот тушаалаар томилж /1-р хх-95/, 2020-8-03-ны өдрийн 03 тоот тушаалаар худалдааны төвийн гүйцэтгэх захирлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна /1-р хх-96/.

 

Тиймээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байдаг бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд адил эрх олгосон зохицуулалт үгүй бөгөөд уг заалтад агуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүд нь шаардах эрхийн үндэслэлийг буюу шаардах эрх бий болсон эсэхийг тогтооход шалгагдах ёстой, шаардах эрхийн урьдчилсан нөхцөл гэж тооцогддог тул хариуцагчийн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдээгүй ба эд хөрөнгөө хүлээлцээгүй болохыг, коронавирусын улмаас Монгол Улсын засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоосноор хоол үйлдвэрлэл зогссон, хүний тоо хязгаарлаж, ажиллах зөвшөөрөл гарах үед Отгонжаргал нь өргөтгөлийн 8 тоотын цайны газрыг ажиллуулаагүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь хохирол нэхэмжлэх тухай мэдэгдлийг хариуцагч Нарантуул трейд ХХК-нд шуудангаар хүргүүлсэн талаарх баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлснээр Монгол шуудангийн иргэнд очих баримтын огноо нь 2020-11-06 байх бөгөөд Ч.Отгонжаргалаас Нарантуул трейд ХХК-нд хаягласан байна /1-р хх-20/.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчээс өөрт учирсан гэх хохирлыг Нарантуул трейд ХХК-иас 2020-11-5-ны өдөр мэдэгдэл ирснээр дарамталж буй учир аргагүйн эрхэнд зөрчигдсөн эрхээ хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрсэн талаар нэхэмжлэлд дурдсан байна.

 

Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хохирлын хэмжээг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаснаар Хөрөнгө эстимэйт ХХК нь нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн 8 тоотын цайны газарт хийсэн засварын зардал, тухайн объектод байршуулсан тоног төхөөрөмжийн зардлын үнэлгээг 11,390,374 төгрөг гэж тогтоон, уг цайны газрын нийт талбайн хэмжээг 97,54 м.кв гэж дүгнэлтэд дурдсан байна /2-р хх-1-12/.

 

Гэвч талуудын хооронд байгуулсан 2020 оны 6 сарын 03-ны өдрийн 08 тоот гэрээний 6.1.1-д түрээслэгч нь нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн 8-р цайны газарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа явуулна гэж, 6.2.3-т түрээслэгч нь түрээсийн цайны газарт засвар, сайжруулалт тогтмол хийх үүрэгтэй бөгөөд уг ажлыг хийхдээ түрээслүүлэгчээс урьдчилан зөвшөөрөл авна, засвар, сайжруулалт хийхдээ аюулгүй байдлыг бүрэн хангаж, гарсан зардлаа өөрөө хариуцна гэж талууд тохирсон байх тул нэхэмжлэгч нь 8 тоотын цайны газарт засвар, сайжруулалтыг хийх талаар хариуцагчид урьдчилж мэдэгдсэн, талууд харилцан зөвшилцөж бичгээр баталгаажсаны үндсэн хийсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу салгаж үл болох засан сайжруулалтын зардлыг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь Нарантуул трейд ХХК-иас 8 тоотын цайны газарт хийсэн засвар, байршуулсан тоног төхөөрөмжийн зардал шаардсан шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 

Харин Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч компанийн түрээсийн объектод хийсэн салгаж болох засан сайжруулалтыг буцаан авах боломжтой гэж үзнэ.

 

Мөн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11-р сарын 178, 181, 194, 2020 оны 12-р сарын 226, 2021 оны 01, 27, 91, 104-р тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, энэ хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталж, 2021 оны 78, 115, 154, 176, 259 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосноор иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Тиймээс дээрх хугацаанд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйл болох нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн 8 тоотын цайны газрыг ажиллуулаагүй гэх хариуцагч талын татгалзсан тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Ё.Ундармаа нь хариуцагч Нарантуул трейд ХХК-нд ерөнхий нягтлан бодогч, санхүү бүртгэлийн албаны даргаар 2015 оноос ажиллаж, Ч.Отгонжаргал нь өргөтгөлийн хэсгийн 8-р цайны газрын үйл ажиллагааг 2020 оны 8-р сараас эхэлж явуулсан болохыг уг хэсгийг хариуцсан зохион байгуулагчаас түрээслэгч нь солигдсон эсэх талаар асууснаар сонсож, Ч.Отгонжаргалтай уулзаж тухайн компаний үндсэн хөрөнгө болохыг мэдэгдэж, худалдан авсан гэрээ хаана байгаа эсэхийг тодруулахад гүйцэтгэх захирал Мишээлд мөнгө шилжүүлж, гэрээ байгуулж, нийт 90 сая төгрөгөөр худалдан авсан талаараа хэлсэн, гэрээ байгаа гээд үзүүлээгүй. Ерөнхий нягтлан бодогч санхүү бүртгэлийн албаны даргын хувьд түрээсийн төлбөр тооцоотой холбогдуулан зохион байгуулагч нарыг санхүүгийн удирдлагаар хангаж ажилладаг тул тухайн байршил, өмч хөрөнгөтэй холбоотой шалгах үүрэгтэй тул зохион байгуулагчийн тодруулсан асуудлын дагуу нэхэмжлэгчтэй уулзаж удирдлагад мэдэгдсэн, түрээсийн гэрээний хуулбарыг үзэж хүчин төгөлдөр бус гэдгийг хэлсэн, тухайн объектыг чөлөөлөх талаар амаар болон бичгээр шаардлага тавиагүй, Ч.Отгонжаргалтай 2 удаа уулзаж, түрээсийн гэрээнд манай талаас 3 хүн оролцож гарын үсэг зурдаг болохыг, эрх шилжүүлэх талаар удирдлагаас асуухад тийм зүйл байхгүй гэж хэлсэн талаар, 8 тоотын цайны газар худалдаагүй болохыг хэлж, мэдэгдсэн.

 

Тухайн иргэнээс түрээсийн төлбөрийг бэлнээр авч байгаагүй, бүх төлбөр тооцоо харилцах дансаар хийгддэг. 8 тоотын цайны газар одоо болтол үйл ажиллагаа огт явуулаагүй байгаа, түүнд түрээсэлсэн 8 тоотын цайны газарт тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, компанид бүртгэлтэй түрээслэгч нь Даваагийн Анар гэж байгаа боловч яасан нь тодорхойгүй, гэрээ өөрчлөх талаар компанид мэдэгдээгүй. Түрээслэгч нартай байгуулсан гэрээ санхүү дээр бүртгэгдэж, шинэ түрээслэгчийн бүртгэл хөтөлдөг, төлбөр төлөх тухайд хэн ч төлж болдог тул бүртгэлтэй түрээслэгч Анарын зүгээс компанид ямар нэгэн хүсэлт гаргаагүй, одоогийн байдлаар түрээслэгчээр Анар гэж бүртгэлтэй байгаа, Анар нь дамжуулан түрээслэх талаар комданид мөн мэдэгдээгүй, 8 тоотын цайны газрын 2020 оны 11-р сарын түрээс төлбөр төлөгдөөгүй байгаа. Компаний зүгээс Ч.Отгонжаргалын үйл ажиллагааг огт хориглоогүй, зөрчилтэй гэрээ байгуулсан талаар, хууль бусаар түрээсэлсэн болон залилангийн асуудалд орсон талаар хэлсэн. Засгийн газраас хөл хорио тогтоосноос хойш ажиллаагүй, өргөтгөлийн хэсгийг нээхэд Ч.Отгонжаргал ирж цайны газраа ажиллуулаагүй, дотор нь эд зүйлээ орхиод явсан, манай тухайн цайны газрын объектыг хүлээж аваагүй, түлхүүрийг нь өгөөгүй байгаа. Шүүхээс шийдвэр гарахыг хүлээж, комисс томилж хүлээж аваагүй байгаа талаар мэдүүлсэн.

 

Дээрх гэрчийн мэдүүлэгт дурдсан нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр бэлнээр авч байгаагүй гэх тайлбар мэдүүлэг нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан 2020 оны 6-р сарын 29, 7-р сарын 30, 8-р сарын 31, 9-р сарын 30, 10-р сарын 31-нд төлбөр төлсөн талаарх баримтууд болон тухайн баримтад харилцагч нь ӨЦГ-008, Даваа Анар гэж бүртгэгдсэн баримтаар нотлогдож байна.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нарантуул трейд ХХК-иас түрээсийн гэрээний хохиролд 106,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Отгонжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийг хянан хэлэлцэхээр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан ирж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргаж, түүнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар гарын үсэг зурсан байх боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь шүүх хуралдаанд ирээгүй ба шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нь захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулаад ирсэн тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ дэмжихгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан иргэн Т.Батсайханы шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан А.Зулбаатараас гэрчийн мэдүүлэг авахуулах, тухайн гэрчийн оршин байгаа хаягийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэж зааснаар шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэсэн.

 

Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан гаргасныг хүлээн авах үндэслэлгүй болохыг тайлбарлахад шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүх хуралдааны танхимаас гарч явснаар хариуцагч талаас нэхэмжлэгч талын оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар шүүх хуралдаанд оролцох нь хэргийн оролцогчийн эрх тул эрхийг шүүх албадан хэрэгжүүлэх боломжгүй тул нэхэмжлэгч талын оролцоогүйгээр хариуцагч талын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Дээрх хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлан мэдэгдэж, шүүх хуралдааны ирцийг шалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан өгч татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан татгалзахгүй гэж хариулснаар хуульд заасан дэг, журмын дагуу шүүх хуралдаан даргалагч хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг тайлбарлахад хэргийн оролцогчид дахин тайлбарлах шаардлагагүй гэснээр хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргуулахаар гэрчээр А.Зулбаатараас мэдүүлэг авахуулах, тухайн иргэний оршин байгаа хаягийн талаарх лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан.

 

Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсан.

 

Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэх бөгөөд ингэж хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь, хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар нь хэлэлцэхээс өмнө шүүгчээс татгалзах татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзахгүй гэж хариулснаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан, хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүн таслах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзнэ.

 

Тиймээс шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад буюу хэргийг агуулгаар нь хэлэлцэж эхлэхээс өмнө татгалзахгүй гэж хариулсан бөгөөд энэ үед татгалзах хүсэлт гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6-д зааснаар шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 105-д зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсны дараа гаргасан татгалзлыг хуульд заасан дэг журмыг зөрчин мөн хуулийн 92-р зүйлд заасан үндэслэлд хамааруулан шийдвэрлэх боломжгүй буюу шүүгчийг татгалзах хэргийн оролцогчийн хүсэлт гаргах үе шат өнгөрснөөр хэргийн оролцогч дуртай үедээ эсхүл шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлд зааснаар татгалзан гаргах хүсэлт гаргавал шүүх хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх журамтай.

 

Мөн шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломж, нөхцлийг урьдчилан тогтоосон бөгөөд харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзсан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцдог тул хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлага, татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2020-11-6-ны өдөр төлсөн 687,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Нарантуул трейд ХХК-иас 106,000,000 төгрөгийг түрээсийн гэрээний хохиролд шаардсан нэхэмжлэгч Ч.Отгонжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ