Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00363

 

 

 

 

 

                                     Ч.Оын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03884 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Оын хариуцагч НТ ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 106,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аманбек, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 106,000,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2020 оны 5 дугаар сарын сүүлчээр Н зах дээр очиж цайны газар үзсэн. Нтөвийн гүйцэтгэх захирал Б.Мтэй уулзахад өргөтгөлийн 08 тоот цайны газар ашигтай байрлалтай, компани ойрын хугацаанд захын өргөтгөлийг буулгаж үйлчилгээний төв барина, түрээслэгч нарт шинэ барилга ашиглалтад орохоор талбай өгнө, түрээсийн гэрээ байгуулбал насны хоолтойгоо залгана, миний хэлснээр бүх гэрээ хэлцлийг хийх хэрэгтэй гэсэн. Нэхэмжлэгч “Сидан” ХЗХ-оос орон сууцаа барьцаалж 90,000,000 төгрөг зээлдэн авч, Н гүйцэтгэх захирал Б.Мданс руу 10,000,000 төгрөг, түүний хэлсэн өөр данс руу 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нөхөр Т.Бданснаас шилжүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, цайны газрыг хүлээн авсан. Тус цайны газар 10,000,000 орчим төгрөгийн иж бүрэн засвар тохижилт хийж, 6,000,000 төгрөгөөр гал тогооны тоног төхөөрөмж худалдаж авсан. Нтөвийн ажилтнууд 2020 оны 9 дүгээр сараас нэхэмжлэгчийг дарамталж түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус, цайны газрыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч цайны газрыг түрээслэхдээ “Сидан” ХЗХ-оос өндөр хүүтэй зээл авсан, түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусах байхад хууль бус шаардлага тавьж, гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч зээл болон ажилчдын цалин хөлсөө төлж чадахгүй, орон сууцаа алдахад хүрээд байна. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1, 2.2 дах заалтыг биелүүлэхийг НТ ХХК-аас шаардаж, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирол нэхэмжлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн гэжээ.

  2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн Нтөвийн өргөтгөлийн бөөний худалдааны төвийн гүйцэтгэх захиралтай байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус. НТ ХХК үйл ажиллагаагаа ил тод шударгаар явуулах зорилгоор түрээсийн гэрээ байгуулах, түүнийг хянах, батлах журмыг гүйцэтгэх захирлын тушаалаар баталж дагаж мөрддөг бөгөөд уг журмаар түрээсийн гэрээг менежер, зохион байгуулагч нар байгуулж, түүнийг гүйцэтгэх захирал хянаж, баталдаг. Тус журмыг боловсруулж баталсан этгээд нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.М мөн. Б.М журам зөрчиж өөрт нь олгосон эрх мэдлийг урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож бусдаас авлига авах нөхцөлийг бүрдүүлж, уг үйлдлээ нуун дарагдуулахын тулд менежер, зохион байгуулагчийн гарын үсгийг хуурамчаар зурсан. Түрээсийн гэрээ байгуулахаас өмнө иргэд хооронд шилжүүлсэн мөнгө компанид ямар ч хамааралгүй, Б.М нь хариуцагч компанийн худалдааны төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч нэхэмжлэгч  иргэнд шилжүүлсэн мөнгөө компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хуулийн этгээдтэй түрээсийн гэрээ байгуулснаар хувь хүний данс руу мөнгө шилжүүлэх зүйл хийхгүй. Компанид нэхэмжлэгчээс нэг ч төгрөг орж ирээгүй, аваагүй. Нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн байдал нь Б.М, А.З, н.Отгонжаргал нарын хоорондын тооцоо, авлигал өгч авсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Засвар хийх тохиолдолд заавал түрээслүүлэгчээс зөвшөөрөл авахыг гэрээний 6.2-т заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын байгуулсан түрээсийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийгдээгүй хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус байна. Тус цайны газрын өмчлөгч нь НТ ХХК бөгөөд түрээсийн гэрээ байгуулсан Б.М нь Нтөвийн гүйцэтгэх захирал болохоос биш хариуцагч НТ ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч НТ ХХК-аас 106,000,000 төгрөгийг түрээсийн гэрээний хохиролд шаардсан нэхэмжлэгч Ч.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,950 төгрөгийг орлогод үлдээж шийдвэрлэжээ.

  4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүх Ч.О нь Т.Бөмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн утгатай дүгнэлт хийсэн. Т.Б нь Ч.Оын өмнөөс үүрэг гүйцэтгэж төлбөр төлсөн нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд нийцсэн ба хэрэгт итгэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээ авагдсан. Цайны газар нь цахилгааны бүрэн монтажтай, ширээ сандалтай, хөргөгчтэй, 1, 2-р хоолны тогоо, плитка, халбага сэрээ гэсэн иж бүрдэлтэй байж цайны газар гэж нэрлэгдэнэ. 8 тоот цайны газар нь цахилгааны монтаажны зөрчилтэй хоосон талбай бөгөөд шууд ашиглах ямар ч боломжгүй байсан. Гэрээ байгуулаад засвар тохижилт хийх, ширээ сандал, аяга таваг худалдан авч тохижуулах 14 хоногийн хугацаа өгч, 14 хоногийн дараа түрээсийн төлбөр төлж эхэлсэн. Үүнийг тохижилт хийхийг зөвшөөрсөн гэж үзнэ. Хана, тааз шал муудсан хоосон талбайг цайны газар гэж түрээслэнэ гэдэг нь хоосон талбайг засаж тохижуулаад ашиглах юм. Шүүх цайны газар, иж бүрдлийн талаар ойлгоогүй. Нэхэмжлэгч НТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М, нягтлан бодогч  н.Ундармаа нарын үйлдлийг байгууллага нь хариуцна гэж маргасан, харин хариуцагч тал Б.М хариуцна, НТ ХХК хариуцахгүй гэж маргасан. Шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйл яагаад хамаарахгүй талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ зааж өгөх үүрэгтэй.

4.2 Нэхэмжлэгч санхүүгийн баримт, фото зураг гарган өгч шинжээч томилуулж, дүгнэлт гарсан. Шүүх нэхэмжлэгчийг ямар баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч НТ ХХК-ийн дансанд 8-р цайны газрын түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Түрээсийн төлбөрийг ямар нэрээр санхүүдээ бүртгэж авдаг нь нэхэмжлэгч талд хамаагүй, мэдэх боломжгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч Ч.Оын шилжүүлсэн мөнгийг Ч.О гэж санхүүдээ бүртгээгүй учир Ч.О биш харин байгууллагын дотоод тооцоондоо Дорж 3 гэж бүртгэсэн бол Дорж нэхэмжлэгч болно, С-8 гэж бүртгэсэн бол С нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Хэрэгт авагдсан Голомт банкны санхүүгийн баримт нь Банкны тухай хуулийг зөрчсөн баримт байна.

Түрээсийн төлбөрийг зөвхөн Н захад байрлах Голомт банкны салбарт тушаадаг ба өөр банкнаас түрээс төлөхийг зөвшөөрдөггүй, дансны дугаарыг нууцалдаг бөгөөд кассанд тушаасан цагаан цаасан баримт өгдөг. Уг баримт дээр мөнгө тушаагчийн нэр биш н.Анар гэсэн нэр байдаг ба үүнийг ямар учиртайг нэхэмжлэгч мэдэхгүй.  Ч.О төлбөрөө төлөөд цайны газрыг ажиллуулж байсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу НТ ХХК-ийг хариуцагчаар татсан. Гэтэл шүүх НТ ХХК-ийг хариуцагч биш гэж үзсэн нь хууль бус. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Ч.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг хязгаарласан ба мөн хуулийн 40.3 дах хэсгийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд НТ ХХК-ийн 08 тоот цайны газрыг түрээслэж байсан А.Зыг гэрчээр асуулгах хүсэлт гаргахад шүүх урьдаас гэрчийн мэдүүлэг ач холбогдолгүй гэж үзсэн нь хууль зөрчсөн. Гэрч А.З НТ ХХК-ийн 08 тоот цайны газрын эрхийг шилжүүлэн өгсний төлбөрт 77,500,000 төгрөг дансаар, 2,500,000 төгрөг бэлнээр авсан байхад хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн.

А.З гэрчийн мэдүүлэг өгснөөр  80,000,000 төгрөгийг Ч.О, н.Батсайхан нараас ямар зорилгоор авсан болон НТ ХХК-ийн 08 тоот цайны газрыг ажиллуулж байсан эсэх нь тодорхой болох байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй атал хариуцагч НТ ХХК-ийн дотоод журмыг зөрчсөн гэж тайлбарлах боловч уг журмаа шүүхэд гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн. НТ ХХК-ийн дотоод журмыг баталсан Б.М журмаа зөрчсөн эсэх нь НТ ХХК-ийн дотоод зөрчлийн асуудал. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот “Цайны газар ажиллуулах түрээсийн гэрээг хуульд нийцсэн хүчинтэй гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.О НТ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдтэй гэрээ байгуулсан гэж итгэж өмнөх түрээслэгчийн оруулсан хөрөнгө гэх эрхийг шилжүүлэн авахын тулд 90,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. 10,000,000 төгрөгийг эрх шилжүүлэх гэрээг баталгаажуулах субьект болох НТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мшаардсанаар төлсөн. Хэрэв түрээсийн гэрээг байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэдгийг мэдсэн бол Ч.О, түүний нөхөр Т.Б нар “Сидан” ХЗХ-оос 90,000,000 төгрөгийн зээл авч, өнөөдрийг хүртэл зээлийн хүүнд 20,000,000 төгрөг төлж хохирохгүй байсан. Нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу цайны газраа олон жил ашиглаж тогтвортой ажиллуулах учраас засвар тохижилт хийж, үйл ажиллагааны орлогоосоо зээлээ төлнө гэж тооцсон байсан. Хэрэв НТ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.М эрх мэдлээ хэтрүүлж компанийн менежер, байцаагчийн эрх хэмжээнд халдаж гэрээ байгуулсан бол энэ нь түрээслэгч, эрх шилжүүлэн авсан Ч.Оын буруутай үйлдэл биш.

5.2 Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх гэрээг хүчинтэй гэж дүгнэсэн атлаа гэрээнээс учирсан хохирол үүсээгүй гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Гүйцэтгэх захирал Б.Мхууль, журам зөрчсөн үйлдлийн үр дагаврыг Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн НТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй атлаа түрээсийн гэрээ, хохирлыг үндэслэлгүй гэж үзсэн нь утга авцалдаагүй дүгнэлт хийсэн.

5.3 Шүүх түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг түрээслэгчид шилжүүлэн өгсөн байна гэж дүгнэсэн атлаа түрээсийн гэрээг зогсоох мэдэгдлийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж чадаагүй, анхаарч ойлгоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн. Түрээсийн гэрээ 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан атал 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус учир байраа чөлөөлж авна гэж мэдэгдсэн мэдэгдлийг шүүгч уншиж ойлгосон гэдэгт эргэлзэж байна. Нэгэнт хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан байрыг чөлөөлөх мэдэгдлийг амаар болон бичгээр удаа дараа өгч байсан нь тогтоогдож байхад цайны газрыг түрээслэх эрхийг шилжүүлэн авсан болон засвар тохижилтын зардлыг гаргуулах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Ч.Отай байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус. Гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр шүүгчээс татгалзсан. Хэргийн оролцогч үнэн зөв мэдээлэл өгсөн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн яг аль хэсгийг зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдол гаргах ёстой. Хэрэгт хамааралгүй, нотлох баримтгүй үйл баримтууд ярьж байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Ч.О хариуцагч НТ ХХК-аас 106,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Ч.О 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Н өргөтгөлийн хэсгийн цайны газрыг 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээг Н гүйцэтгэх захирал Б.Мтэй байгуулж, 10,000,000 төгрөгийг Б.МХаан банкны 5085222292 тоот дансанд, 77,500,000 төгрөгийг А.Зын Хаан банкны 5154048101 тоот дансанд тус тус шилжүүлсэн, уг объектод засвар хийсэн үйл баримт тогтоогджээ./1хх9-14, 21-22/

4. Нэхэмжлэгчийн 106,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг тодруулах нь зүйтэй байх ба нэхэмжлэгч нь үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж байна. Тухайлбал, “хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан, түрээсийн гэрээг хариуцагч компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан, хүчин төгөлдөр хэлцэл тул Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэж, “ ... түрээсийн гэрээ цуцлагдсан үйл баримтыг зөвшөөрч байгаа, харин гэрээ цуцлагдсантай холбоотойгоор хохирлоо шаардана” гэж 2 өөр тайлбар гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээ байгуулсан гүйцэтгэх захирал Б.М компанийг төлөөлж түрээслэгчтэй гэрээ байгуулах эрхтэй этгээд биш, компанийн дотоод журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт шилжүүлсэн гэх мөнгө компанийн дансанд орж ирээгүй ..,” гэж татгалзсан. 

4.а. Талууд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа нөхцөлд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээнд түрээслүүлэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан Б.М нь хариуцагч компанийг төлөөлөн бусадтай гэрээ байгуулах эрхтэй байсан эсэх, компаниас түүнд гэрээ байгуулах итгэмжлэл олгогдсон эсэхийг тодруулах нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэхэд ач холбогдолтой.

4.б. Түүнчлэн түрээсийн гэрээний улмаас учирсан хохирлын хэмжээ, түрээсийн зүйлд хийсэн засан сайжруулалт, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгөд салгаж авч болох засан сайжруулалтын хэмжээний талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийх шаардлагатай.

5. Нэхэмжлэгч нь Б.Мхүсэлтээр эрх шилжүүлэх төлбөрт А.Зын данс руу  2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 70,000,000 төгрөг,  2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 7,500,000 төгрөг шилжүүлж, бэлнээр 2,500,000 төгрөг өгсөн гэж тайлбарлан, улмаар уг мөнгө ямар учиртай болох, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээтэй ямар хамааралтай болохыг тодруулахаар Б.М, А.З нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан.

А.З, Б.М нарыг гэрчээр асуух нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байхад шүүх хүсэлт гаргагч тал гэрчийн хаягийг шүүхэд гаргаж өгөөгүй, гэрчийн хаягийг олж тогтоох ажиллагаа нь шүүхийн гүйцэтгэх чиг үүрэгт хамаарахгүй, гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй .., гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэл муутай болжээ. /2хх55-58, 89-91/      

Дээрх гэрчүүдийн хаягийг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд дээрх нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, талуудын хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03884 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гарзгах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

                                 ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                                                      А.МӨНХЗУЛ