Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/01345

 

2022 03 24 101/ШШ2022/01345

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,

13,580,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Одгэрэл, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал /ӨҮ-0607/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Одгэрэл нь Н.Баяндалайд холбогдуулан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс хариуцагч татгалзаж автомашиныг буцаан авсантай холбогдуулан автомашины үнэнд төлсөн 13,580,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Н.Баяндалайтай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 71-18 УНҮ улсын дугаартай, KIA К5 маркийн, цагаан өнгийн суудлын авто машиныг 17,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 6,000,000 төгрөгийг тухайн өдөр нь төлснөөр үлдэх төлбөрийг 22 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

 

Дээрх гэрээний үүрэгт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13,580,000 төгрөгийг өөрийн найз Г.Ганбаатарын Хаан банкны 5057376958 тоот данснаас шилжүүлсэн боловч хариуцагч Н.Баяндалай нь 2020 оны 7-р сард Г.Ганбаатарын хашаанаас надад худалдсан автомашиныг авч явсан байсан. Энэ талаар би 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн. Тухайн үед наадмын үер найз Г.Ганбаатар нь миний машиныг хэрэглэхээр 7 хоногийн хугацаатай надаас гуйж авсан байсан гэж тодорхойлсон.

 

Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгч Г.Одгэрэлтэй 71-18 УНҮ улсын дугаартай, KIA К5 маркийн, цагаан өнгийн суудлын авто машиныг 17,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 6,000,000 төгрөгийг авснаар үлдэх төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй, иргэн Ганбаатараас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлөгдөж байсан бөгөөд Г.Ганбаатар нь 2020 оны 7-р сард залгаж машинаа ав гэж хэлснээр заасан хаягаас очиж машинаа авахад эвдрэлтэй, асахгүй байсан тул чирж авч явсан, үүнээс хойш Г.Одгэрэлийг нэг жил гаруй хугацаанд хүлээгээд ирээгүй тул машины эвдрэлийг засварлаж 2021 оны 8-р сард машинаа бусдад зарсан. Мөн нэхэмжлэгч Г.Одгэрэлээс дээрх машины төлбөрт мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан худалдсан автомашинд учирсан хохиролд 5,470,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан 71-18 УНҮ улсын дугаартай, автомашиныг 2020 оны 7 дугаар сард очиж авахад эвдэрсэн, хогийн сав шиг болсон байсан тул чирж авчирсан, тухайн машины эвдрэл гэмтлийг засварлахад гарсан зардлыг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Н.Баяндалай нь надад худалдсан автомашинаа надад мэдэгдэлгүйгээр айлын хашаанаас түлхүүр нь байхгүй машиныг чирээд авч явсны дараа холбогдоход үлдэгдэл төлбөрийг бөөн авна гэж хэлсэн, тухайн үед автомашинд эвдрэл гэмтэл байгаагүй тул зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Г.Ганбаатарын Хаан банкны 5057376958 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

хариуцагчаас Н.Баяндалайн Хаан банкны 5065267179 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021-8-17-ны өдрийн 320,000 төгрөгийн зарлагын баримт, 2021-9-16-ны өдрийн 120,000 төгрөгийн зарлагын баримт, 2021-10-30-ны өдрийн 1,400,000 төгрөгийн зарлагын баримт, 2021-10-30-ны өдрийн 445,000 төгрөгийн зарлагын баримт, огноогүй 2,900,000 төгрөгийн зарлагын баримт, 23-49 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Г.Одгэрэл нь хариуцагч Н.Баяндалайгаас автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор автомашины үнэнд шилжүүлсэн 13,580,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Г.Одгэрэл, хариуцагч Н.Баяндалай нар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 71-18 УНҮ улсын дугаартай, KIA К5 маркийн, цагаан өнгийн суудлын авто машиныг 17,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 6,000,000 төгрөгийг тухайн өдөр нь төлснөөр үлдэх төлбөрийг 22 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчид автомашиныг шилжүүлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын байгуулсан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний агуулга, зорилго, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд зохигчид хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Тус гэрээг байгуулсан субъект болон гэрээний агуулга, гэрээний хэлбэр болон гэрээ байгуулах зорилго түүний илэрхийлэл буюу субьектив шинжийн хувьд хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгчийн шаардлага, тайлбараас үзэхэд худалдагч Н.Баяндалай нь худалдаж шилжүүлсэн автомашиныг түүнд мэдэгдэлгүйгээр авч явснаар гэрээнээс татгалзсан тул гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулна гэж тодорхойлохоор байна.

 

Хариуцагч талаас гэрээ байгуулагдсанаас хойш 13,580,000 төгрөгийг Г.Одгэрэлийн найз гэх Г.Ганбаатар гэх хүнээс шилжүүлж байсан, 2020-06-5-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч Г.Одгэрэл нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй, Ганбаатар ирж машинаа ав гэснээр очиж машинаа авсан гэж татгалзсан тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон нь ...нэхэмжлэгч Г.Одгэрэлтэй найз нөхдийн холбоотой, Н.Баяндалайгаас автомашиныг худалдан авахаар хамт очиж байсан, өөрийн Хаан банкны 5057376958 дугаарын данснаас нэхэмжлэгчийн худалдан авсан 7118 дугаартай автомашины төлбөрийг сар бүр Г.Одгэрэлийн хүсэлтээр шилжүүлж байсан, 2020 оны 7-р сард наадмын үер эгчийгээ нас барахад нь нэхэмжлэгчээс автомашиныг нь гуйж аваад Хөвсгөл аймаг руу яваад ирсний дараа машиныг нэхэмжлэгчид машиныг хүлээлгэн өгөөгүй, ажилдаа явсан эзгүй байхад Н.Баяндалай гэх хүн гэрт ирж машиныг түлхүүрийг хайгаад олдохгүй болохоор нь чирээд авч явсан байсан. Үүний дараа Г.Одгэрэл үлдэгдэл мөнгөө төлөөд машинаа авья гэхэд Н.Баяндалай нь өгөхгүй гээд байсан гэж мэдүүлсэн.

 

Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч нь ...Баяндалай багштай хамт ажилладаг, Баяндалайн эхнэрийн эгчийнх нь хүүхэд, Баяндалай түрээсэлсэн машинаа буцааж авч байна гэснээр хамт очиж нэг машин чирч авчраад Баяндалайн хашаанд оруулж байсан. цаг хугацаа нь 2021 оны 10-р билүү сайн санахгүй байна, машиныг чирэхэд руль нь дарагдах учир машиныг хаалга яаж онгойлгосон түлхүүр байсан эсэхийг сайн санахгүй байна, тэр чирч авчирсан машин одоо байгаа эсэх зарсан эсэхийг сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн.

 

Хэрэгт авагдсан хариуцагч Н.Баяндалайн Хаан банкны 5065267179 дугаартай данс руу гэрчээр оролцсон Г.Ганбаатарын Хаан банкны 5057376958 тоот данснаас 2018-12-24-ний өдөр 6,000,000 төгрөг, 2019-01-20-ны өдөр 500,000 төгрөг, 2019-02-20-ны өдөр 450,000 төгрөг, 2019-02-21-ний өдөр 50,000 төгрөг, 2019-03-24-ний өдөр 450,000 төгрөг, 2019-04-25-ны өдөр 400,000 төгрөг, 2019-04-27-ны өдөр 80,000 төгрөг, 2019-05-27-ны өдөр 500,000 төгрөг, 2019-06-23-ны өдөр 500,000 төгрөг, 2019-08-25-ны өдөр 350,000 төгрөг, 2019-09-23-ны өдөр 500,000 төгрөг, 2019-10-22-ны өдөр 300,000 төгрөг, 2019-11-23-ны өдөр 700,000 төгрөг, 2019-12-25-ны өдөр 500,000 төгрөг, 2020-02-21-ний өдөр 500,000 төгрөг, 2020-03-05-ны өдөр 500,000 төгрөг, 2020-04-03-ны өдөр 300,000 төгрөг, 2020-05-08-ны өдөр 500,000 төгрөг, 2020-06-05-ны өдөр 500,000 төгрөг, нийт 13,580,000 төгрөгийг 7118 ка5 зээл төлөлт, 7118 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Зохигчдын хэн алиных нь тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн автомашины үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлсэн болох нь гэрчээр оролцсон Г.Ганбаатар, хариуцагч Н.Баяндалай нарын дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд гэрээнд заасан урьдчилгаа 6,000,000 төгрөгийн төлбөрийг мөн Г.Ганбаатарын данснаас шилжүүлсэн байх тул хариуцагчийн татгалзсан тайлбар үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй, Ганбаатар гэх хүн утсаар ярьж ирж машинаа ав гэснээр 2020 оны 7-р сард 71-18 УНҮ улсын дугаартай автомашиныг буцаан авч бусдад худалдан борлуулсан болох нь хариуцагчийн тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул хариуцагч гэрээнээс татгалзсан байна.

 

Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгч Г.Одгэрэлийн нэрээр түүний данснаас ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй гэж татгалзсан тайлбар гаргаж байх боловч 2018-12-24-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээ-нд төлбөрийн үүргийг худалдан авагч биечлэн гүйцэтгэх эсэх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй байх боловч автомашины үнийг бүрэн төлснөөр автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй тул талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан, хариуцагч автомашинаа буцаан авсан, автомашины үнэнд нэхэмжлэгч 13,580,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, дансны хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Нэхэмжлэгчид 2018-12-24-ний өдөр худалдсан 71-18 УНҮ улсын дугаартай, К5 маркийн, цагаан өнгөтэй, суудлын автомашиныг засварлахад гарсан зардалд 5,470,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ нэхэмжлэгчийн найз Г.Ганбаатар ирж машинаа ав гэж утсаар хэлснээр 2020 оны 7-р сард очиж машинаа авахад эвдрэлтэй, асахгүй байсан тул чирж авч явснаар эд ангийг засварлаж, солиход гарсан зардлыг шаардаж байгаа гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж зохицуулсны дагуу хариуцагч нь хохирол шаардах эрхтэй.

 

Гэвч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулжээ.

 

Хэдийгээр хариуцагч гэрээнээс татгалзаж, хохирол шаардах эрхтэй боловч ч хохиролд 5,470,00 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа баримтаар нэхэмжлэгчид 2018-12-24-ний өдөр худалдсан 71-18УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр хариуцагч Н.Баяндалай нь 2021-08-02-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд 2021-08-02-ны өдөр УД солилттой шилжилт бүртгэл хийгдсэнээр 23-49 БНН улсын дугаартай болж, өмчлөгч нь Р.Батхүрэл гэж бүртгэгдээд 2022-02-25-ны өдөр Х.Цогбадрахын өмчлөлд бүртгэгдсэн байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргасан зарлагын баримтууд нь 2021-8-17, 2021-9-16, 2021-10-30, 2021-10-30-ны өдрийн огноотой байх бөгөөд эдгээр зарлагын баримтаар хариуцагч Н.Баяндалайгаас 5,470,000 төгрөгийн зардал бодитоор гарсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас автомашины үнэнд төлсөн 13,580,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй харилцаа нь маргаантай эрх зүйн харилцаа гэж үзэх бөгөөд аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлох учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэргийн оролцогчид нь хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 225,850 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 102,470 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баяндалайгаас 13,580,000 төгрөгийг гаруулж, нэхэмжлэгч Г.Одгэрэлд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 264 дүгээр 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Одгэрэлээс 5,470,00 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Н.Баяндалайн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,850 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 102,470 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяндалайгаас 225,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Одгэрэлд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ